| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/01139/И |
| Дугаар | 101/ШШ2022/01254 |
| Огноо | 2022-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/01254
2022 03 21 101/ШШ2022/01254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б холбогдох,
... тоотод оршин байх 106 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох үндсэн, хариуцагчийн мөн хаягт оршин байх 106 м.кв талбай бүхий газраас нэхэмжлэгчийг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2013 оны 12 сард 5,000,000 төгрөгийн хэлэлцэл хийж газрыг худалдан авсан. 2013 онд Д.Бтай танилцахад өөрийн газраас зарна гэсэн, тэгээд түүний өмчлөлийн газраас 200 мкв талбай гэж гэж тохирч 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Д.Б нь уг газрынхаа бичиг баримтыг банкны барьцаанд байгаа 2016 оны 02 дугаар сард барьцаанаас гарна, тэгэхээр газраа хэмжүүлээд авч болно, барьцаанаас гарахаар нэрийг нь шилжүүлж өгнө гэдэг байсан. Охин Б.Б нь гэр бүлээрээ Замын-Үүдэд амьдардаг байсан түүнтэй утсаар ярьж асуухад наадах газар чинь аавын газар, надад хамаагүй гэж байсан. Энэ 106 м.кв нь албан ёсны шинжээчээр хийлгэж гарч ирсэн байгаа. Тэрнээс нь манайх урагшаа сунгасан болохоос биш хойшоо энэ айлын газар руу сунгасан зүйл байхгүй. 106 м.кв талбай жижиг газар байгаа. 5 ханатай гэр л багтаж байгаа. Тэрийг энэ хүмүүс манайхаас авсан гэж ойлгож байна. Геодезийн шинжээчийн дүгнэлтээр 106 м.кв гэж гарч ирсэн. Энэ хүний яриад байгаа 40 м.кв гэдэг нь өөрийнх нь аман яриа байгаад байгаа. Тухайн үед манай хашаа барьсан газарт амбаар байсан, дараа нь түүнийгээ буулгаад авсан одоо ч суурь нь байгаа. Би бас юмыг яаж мэдэхэв гээд энэ баримтууд дээр гарын үсэг зуруулж баримт үйлдсэн. Газар чинь таны нэр дээр үү гэхэд газрын албанаас асуу гээд кадастрын зураг нь өөрийнх нь нэр дээр л байсан. Хүүхдүүд болох Б.Т, Б.Б нарын нэр байгаагүй. Д.Бтай 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Тохиролцол гэсэн бичиг хийж, уг бичиг дээрээ 2 тал гарын үсэг зурсан бөгөөд ингэхдээ 12 сард барьцаанаас чөлөөлөгдөхөөр нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн. Дахин 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тохиролцол гэсэн бичгийг Д.Б гуай өөрөө бичиж өгсөн бөгөөд уг бичигтээ: Газрын гэрчилгээ банкны зээлийн барьцаанд байгаа тул 2016 оны 12 дугаар сард банкнаас чөлөөлөгдөхөөр Г.Нийн мэдэлд шилжүүлж өгөхөөр дахин тохиролцоо хийлээ гэж өөрөө бичиж өгсөн. Д.Б гуай бичиг баримтаа 2016 он хүртэл барьцаанд байгаа гэсэн тул түүнийг настай хүн болохоор нь итгээд хүлээгээд байсан, гэтэл одоо болохоор би мэдэхгүй, охин Б.Б мэднэ гээд газрыг нэр дээр шилжүүлж өгөхгүй намайг хохироож байна. Д.Б гуай анх надаас мөнгөө авахдаа чи газраа хэмжээд ав гэсний дагуу миний бие 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б ХХК-иар хэмжилт хийлгэн эргэлтийн цэгийг нь тогтоолгож авсан. 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Бд 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт үйлдэхэд газрын бичиг баримтыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд шилжүүлж өгнө гэж байсан. Манайх газраа урагшаа сунгасан, сунгасан газар нь эднийд хамаагүй, сүүлд ирсэн дүгнэлтээр ч тодорхой байгаа, хойш нь нэмж сунгасан юм бол байхгүй. Надтай 5,000,000 төгрөг л гэж тохироод авсан 15,000,000 төгрөг гэж тохироогүй, тэр үед ийм л үнэтэй байсан. Одоо өөр юм яриад байна. Тэгж яривал анх 2013 оны 12 дугаар сард 5,000,000 төгрөгөөр 200 м.кв газар надад худалдаж баримт үйлдсэн, тэгээд дараа нь болилоо энэ тэрээ гээд Б.Бурмаа нь маргаан үүсгээд байхаар нь за настай хүн гээд одоо байгаа 106 м.кв газраа л авья гэсэн. Эд нар намайг хашаа барьсныг өөрсдөө мэдэж байгаа, зэрэгцээд байж байгаа учраас мэдэж байсан. Ийм учраас намайг одоогийн эзэмшиж байгаа Баянзүрх дүүргийн .... тоотод байгаа 106 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд болон төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газраас 120 м.кв авна гээд байгааг зөвшөөрөхгүй. Анх Г.Н нь манай хашаанд байсан жижиг амбаарын 40 м.кв газрыг худалдан авахаар амаар тохиролцон, амбаарыг буулгуулаад уг газарт нүүж ирсэн. Гэтэл одоо 120 м.кв газрыг авна гээд байгааг зөвшөөрөхгүй. Газрын маргаан нь зөвхөн газрын хэмжээгээр маргаж байгаа зүйл биш гэж үзэж байна. Худалдсан гэдэг зүйл дээр маргаж байгаа. Газар бол үл хөдлөх хөрөнгө, өмнөх хуралдаан дээр бүх хуулийн заалтыг тайлбарлаж ярьсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Үл хөдлөх хөрөнгө, тэр тусмаа гэр бүлийн дундын эд хөрөнгийг худалдахад хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авах ёстой. Тэгтэл хамтран өмгөөлөгчийн хэн ч зөвшөөрөөгүй. Хэнд ч мэдэгдээгүй. Утсаар ярьсан гээд худлаа ярьж байна. Анх худлаа ярьж мэддэггүй, үнэнээ хэлдэг байсан. 40 м.кв гэдэг нь яагаад тохиролцол бэ гэхээр Г.Н өөрөө бичсэн 120 м.кв гэсэн бичгийг авч орж ирсэн. Тэгэхээр 120 м.кв биш, 40 м.кв гэсэн. Дээд шүүхийн тогтоолд дээр 40 м.кв гэж аль хэсгийн газар вэ гэж асуусан байгаа. Зураг дээр байгаа урд талдаа амбаартай хэсэг газрыг 5,000,000 төгрөгөөр авахаар ярьсан байгаа. Амбаарыг нь авахгүй гээд сүүлд буулгуулсан байгаа. Сүүлд кадастрын зургийг өөрсдөө дур мэдэж хийлгэсэн байсан. Үүн дээр худалдах, худалдан авах гэрээн дээр хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй. Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, Газрын кадастрын тухай хууль дээр хэн дуртай хүнийг авч ирээд хийлгэдэг зүйл биш, энэ газрыг өмчилж авна гээд хоорондоо тохирсон гэрээг газрын албанд өгөөд дүүргээр дамжуулан өгөхөөр дүүргийн газрын албан кадастрын зураг хийх хүнийг томилж өгдөг. Кадастрын зургийг хийлгэхдээ хөрш айлын зөвшөөрлийг заавал авсан байх ёстой. Ярилцлага гэсэн акт байдаг түүнийг хийгээгүй. Манайх 40 м.кв талбайг манай аав худалдсан гэж хэлдэг болохоос 40 м.кв-г худалдахыг зөвшөөрсөн гэдэг зүйлийг ярьсан зүйл байхгүй. Хоорондоо маргалдаад нүү гэхэд нь 5,000,000 төгрөгөөр худалдсан газраас минь хөөлөө гээд цагдаа дуудсан охиныг нь торгуулсан байдаг. Оршин байгаа газар нь үнэлгээ өндөртэй газар байгаа. Нэгдүгээрт хэмжээ тохироогүй. Хоёрдугаарт хууль журмын дагуу гэрээ хийгдээгүй. Өөрөө хэлж байсан яагаад нотариатаар гэрээ байгуулаагүй вэ гэхэд гэр бүлийн хүмүүсийн зөвшөөрөлтэй аваад ир гэсэн, зөвшөөрөл өгөөгүй тул би нотариатаар батлуулж чадаагүй гэдэг зүйлийг ярьж байсан. Нотариат хэдий баталсан ч газрын алба хүний газартай давхцалтай байна уу, үгүй юу гэдгийг суурийн судалгаагаар гаргаад ирвэл хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу өгдөг хуультай. 5,000,000 төгрөгийг бөөнд нь өгөөгүй, аав нь архи их уудаг согтуу байхад нь гарын үсэг зуруулаад байсан. Тийм байж гэрээ хүчин төгөлдөр гэж яриад байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Н нь анх эдний байшингийнх нь нэг өрөөг түрээсэлж амьдардаг байсан. Гараад жилийн дараа танай газрыг авья гэсэн тэгвэл амбаартай хэсгийг ав гэсэн. Хашаа барь гэж зөвшөөрөөгүй байхад хашаа барьсан. Хашаа барьснаас хойш цагдаа дуудаад энэ хүнийг торгуулсан байгаа. Г.Н анх газар авах хэлцлээ үндэслээд хашаалсан. Зөвшөөрлийг аваагүй учраас хүчин төгөлдөр гэрээ хийгдээгүй учраас тохиролцсон гэдэг нь хууль бус болно. Иймд Г.Нийг нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 106 м.кв талбайтай газраас албадан чөлөөлж өгнө үү газрыг нь буцаан өгөх юм бол өгсөн мөнгийг нь буцаан өгнө гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Үүнийг зөвшөөрөхгүй. Би анх авахдаа газрыг байшинтай нь 5,000,000 төгрөгөөр авсан. Би байшинг дангаар нь аваагүй. Хашаагаа сунгаад байшин барих мөнгө байхгүй байсан тул 5 ханатай гэр барьж суусан. Д.Б гуай орж ирээд байшингаа зарахаар болсон гэж хэлсэн. Би газартай хамт авсан гэхэд байшинг 1,500,000 төгрөгөөр худалдаж ав гэж хэлсэн. Бид нар 1,500,000 төгрөгийг өгч чадахгүй гэж хэлсэн. Эднийд 5,000,000 төгрөгийг зээлж аваад буцаагаад 7,000,000 төгрөг болгож өгч байгаа. Тэгээд байшинг буулгаад аваад явахаар нь аав, ээжийнхээ 5 ханатай гэрийг суурь дээр нь барьсан байгаа. 120 м.кв гэдгийг бид нар өөрсдөө дураараа кадастрын зураг хийлгэсэн. Албан ёсоор 106 м.кв гэж гарч ирсэн байхад 40 м.кв гэдэг зүйлийг яриад байгаа. Тухайн үед би урд талын гэрт айлд байсан. Нөгөө айл маань нүүдэл суудал хийгээд манайхыг яваарай гэсэн. Д.Б гуайтай тааралдаад зовлонгоо ярихад ах нь газраа зарах гэж байгаа. Манай газар дээр ирээд буучих, ахынхаа газрыг худалдаад авчих гэсэн, би орох оронгүй байсан. Танай гэрчилгээ хаана байгаа юм бэ гэхэд банканд тавьчихсан байгаа. Ах нь чамд аваад ирэх үү, чиний нэр дээр шилжүүлээд өгье гэсэн. Би тэр хүнд итгээд нотариатаар орж Тохиролцол хийсэн. Эхний тохиролцол дээр 8 сард 4,000,000 төгрөгийг өгсөн. Тэгэхэд би Б.Бтай ярьсан. 5,000,000 төгрөг болгож өгөхөд Б.Бийн гэрт орсон жоохон хүүхэдтэй байсан. Би нялх хүүхэдтэй явж чадахгүй нь гээд тэгээд аавыг нь дагуулаад явсан. Өөрсдөө мэдсээр байж мэдэхгүй гэж байна. Нөхөр бид 2 гараа хумслан байж 5,000,000 төгрөгийг өгсөн. 10 жилийн өмнөх 5,000,000 төгрөгөөр 0,7 га газар ч авахаар байгаа. 2 хүүхэд маань 14 дүгээр сургуульд явдаг ойрхон байсан болохоор жижиг ч гэсэн газрыг авья гээд авсан. Дараа нь ингэж ярьж байгаа нь харамсалтай байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед манай газар 3 хүний нэр дээр байсан. Мөнгөө өгөхөд гээд орж ирэхэд нялх хүүхэдтэй байсан гэдэг нь үнэн, би өгөхгүй гэж чи бид хоёрын хэрэлдсэн маргаан байдаг. Эхлээд 40 м.кв гэж байсан сүүлд 120 м.кв талбай болсон. Хашаа барихаа бид нарт хэлээгүй дураараа барьсан. Ямар ч хүн 3 өрөө байрны нэг өрөөг салгаж зарна гэж байхгүй. Тэгэхэд бүхэл бүтэн 3 хүний нэр дээр байгаа Г.Нээ гэж хэлж байхад аав чинь бүх зүйлийг мэддэг гэсэн биз дээ гээд байсан. Нялх нойтон хүүхэдтэй юм чинь гээд нэг удаа тохиролцъё гэж бодсон. Тэгтэл хүний шаардлагаас давсан манайх 436 м.кв талбайтай, гэтэл аавтай 200 м.кв-н гэрээг хийсэн байгаа. Би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Газраа өгөхгүй, танайхаас авсан 5 сая төгрөгийг чи өөрөө аавд өгсөн. Тэр 5,000,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг ч би өөртөө аваагүй. Чи одоо 3 хүний газрыг авчихаад би авсан, миний зөв гээд байгаа. Би тухайн үедээ хэлж байсан. Би өгөхгүй, өгөх дээрээ тулах юм бол хямдхан ч өгөхгүй, би өөрөө зовж олж авсан. Байшин барихын тулд Нарантуул зах дээр өдөр, шөнөгүй зогссон. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд, Баянзүрх дүүргийн ... 85 тоот газрын кадастрын зураг, Зохигчийн 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, мөн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 120 м.кв газрыг, мөн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 135 м.кв газрыг худалдан авах тухай Тохиролцол гэх баримт, 436.11 м.кв газрыг Д.Бд өмчлүүлэх шийдвэр, Б.Бийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 14-р хорооны Засаг даргын .... тоот тодорхойлолтыг /1-р хавтаст хэргийн 4-8, 2-р хавтаст хэргийн 134 дэх тал/, Хариуцагч Д.Б татгалзлаа нотлох үүргийн хүрээнд, тайлбар, Баянзүрх дүүргийн .... 85а тоотод орших 436,11 м.кв газрын гэрчилгээ, кадастрын зураг, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 120 м.кв газрыг худалдан авах тухай Тохиролцол гэх баримтыг /1-р хавтаст хэргийн 18-23, 53-60, 74 дэх тал/, Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, . 85а тоотод орших 436,11 м.кв газрын хувийн хэрэг, Үзлэгийн тэмдэглэл, 85 тоот газрын 85а тоот болж хаяг өөрчлөгдсөн тухай баримт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилж, шинжээч 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/204 тоот дүгнэлтийг /1-р хавтаст хэргийн 84-173, 191-198, 245-250, 2-р хавтаст хэргийн 1-5, 34-42 дахь тал/ тус тус хэрэгт нотлох баримтаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Д.Бд холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо... 85а тоотод оршин байх 106 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг, хариуцагч нь мөн хаягт оршин байх 106 м.кв талбай бүхий газраас нэхэмжлэгчийг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Зохигч хэн аль нь үндсэн, сөрөг нэхэмжлэлээс татгалзсан.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд
Нэхэмжлэгч нь маргаж буй Баянзүрх дүүргийн . 85а тоотод орших одоо амьдарч буй 106 м.кв талбай бүхий газрыг хариуцагчаас 2013 оны 08 дугаар сард 5,000,000 төгрөгөөр худалдан авсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлж газрын өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзсан үндэслэлээр тус газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан гаргажээ. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Маргаж буй тус 106 м.кв газрыг оролцуулан нийт 436.11 м.кв газрыг эзэмшиж буй этгээдэд нь төрөөс үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу хариуцагч Д.Б, иргэн Б.Т, Б.Т нар 2005 оны 08 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр анх удаа бүртгэгджээ. Түүний дараа улсын бүртгэл дэх өмчлөгчийн мэдээлэлд өөрчлөлт орж Б.Т хасагдаж, Б.Б 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус 436.11 м.кв газрын өмчлөгчийн мэдээлэлд өөрчлөлт орж Б.Т хасагдаж, түүнээс хойшхи хугацаанд маргаж буй газрын өмчлөгчийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй байна.
Зохигчийн маргаж буй Баянзүрх дүүргийн . 85 тоот хаягжилтийн мэдээлэл 2017 оны 08 дугаар сард өөрчлөгдөн 85а тоот болсон нь тус хорооны Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 26/43 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот албан бичгээр тус тогтоогдож байна.
Зохигч 2013 оны 08 дугаар сард маргаж буй газрыг буюу 200 м.кв талбай бүхий газрыг худалдах-худалдан авахаар амаар харилцан тохиролцож нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг хоёр хуваан хариуцагчид шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбараас 5,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй, харин 200 м.кв бус 40 м.кв газрыг худалдсан гэж газрын хэмжээний талаар зохигч маргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр маргаж буй 436.11 м.кв газраас 200 м.кв газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авсантай холбоотой мөнгө хүлээлцсэн баримтыг, мөн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 120 м.кв газрыг, мөн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 135 м.кв газрыг худалдан авах тухай Тохиролцол гэх нэртэй баримт үйлджээ.
Хариуцагч нь дээрх 436.11 м.кв газраас тодорхой хэсэг газрыг нэхэмжлэгчид худалдахаар 2013, 2015, 2016 онуудад хэлцэл хийж байх үед тус газрын хамтран өмчлөгчөөр гуравдагч этгээд Б.Б,.Т нар бүртгэлтэй байсан, хэргийн оролцогчийн тайлбар, нотлох баримтаар хариуцагч нь бусад өмчлөгч нараас зохих зөвшөөрөл авсан нь тогтоогдоогүй. Гуравдагч этгээдийн зүгээс зохих зөвшөөрлийг хариуцагч аваагүй, 106 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй “тухайн үед 5,000,000 төгрөг дээр нэмж 15,000,000 төгрөг өгвөл 106 м.кв газрыг шилжүүлэхийг зөвшөөрнө гэж хэлж байсан, энэ 5,000,000 төгрөг нь 40 м.кв газрын үнэ” гэх агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6616 дугаартай, 07 дугаар сарын 16-ны өдрийн 12949 дугаартай захирамжаар Б.Т, Б.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулжээ. Гуравдагч этгээдүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар хариуцагчийн талд оролцон нэхэмжлэлээс татгалзсан ба хариуцагчтай ашиг сонирхол нэгтэй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хариуцагч, гуравдагч этгээдийн хамтран өмчлөх 436.11 м.кв газраас 106 м.кв талбай бүхий газрыг 5,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах тухай нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Д.Б нарын хооронд хийсэн тохиролцоог үгүйсгэж, харин 40 м.кв газрыг худалдсаныг зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдийн шүүх хуралдааны явцад илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж хуульчилсан ба зохигчийн маргаж буй газар хоёр өмчлөгчтэй, гуравдагч этгээд Б.Б (2012 онд тус газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн) өмчлөгчийн хувьд тухайн газартай холбоотой асуудлаар аливаа этгээдэд шаардлага гаргах, татгалзлаа илэрхийлэх эрх бүхий этгээд юм. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу газар өмчлөгч нь бусад этгээдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчихгүйгээр өөрийн өмчлөлийн газраа захиран зарцуулах эрхтэй боловч Баянзүрх дүүргийн .... м.кв газар нь хариуцагч Д.Б, гуравдагч этгээд Б.Б нарын хоёр иргэний хамтран өмчлөх дундын өмчлөлийн газар учир хариуцагч Д.Б тус газрыг бүхэлд нь эсхүл хэсэгчилсэн байдлаар дангаар захиран зарцуулах эрхгүй.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасанчлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, .... 85а тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн .дугаартай, 436.11 м.кв газрын өмчлөгчид болох Д.Б, Б.Б нар нь тус газрыг бусдын өмчлөлд аливаа хэлбэрээр шилжүүлэх тохиолдолд тийнхүү шилжүүлэхээс өмнө бусад өмчлөгчдийн зөвшөөрлийг авсан байх, бусад өмчлөгч нь зөвшөөрсөн байх шаардлагатай. Хариуцагч зохих зөвшөөрлийг гуравдагч этгээдээс албан ёсоор аваагүй, зөвшөөрөл авсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй учир Баянзүрх дүүргийн .... 436.11 м.кв газраас 106 м.кв газрыг худалдах-худалдан авах тухай зохигчийн хооронд байгуулсан хэлцэл нь хууль зүйн үр дагаврыг үүсгэхгүй бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 /31.1.1.өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр/, 31.1.2 /газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар/-т заасан үндэслэлээр гуравдагч этгээд Б.Бийн газар өмчлөх эрх дуусгавар болоогүй байна.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, зохигчийн хооронд хийсэн 106 м.кв газрыг худалдсан тухай хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй, 5,000,000 төгрөг нь 40 м.кв газрын үнэ болохыг тайлбарлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд орших Д.Б, Б.Б нарын өмчлөлийн 436.11 м.кв газраас 40 м.кв газрыг хариуцагч 2013 онд 5,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдсаныг хожим хүлээн зөвшөөрсөн учир нэхэмжлэгч энэ хэмжээгээр уг газрыг өмчлөх эрхтэй. Мөн тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн явсан (2015 оны ярианы бичлэг гэх) ярианы бичлэгээр гуравдагч этгээд нь маргаж буй газраас 120 м.кв газрыг бус 30 м.кв газрыг хариуцагч, нэхэмжлэгчид худалдсан болохыг зөвшөөрч байсан, 5,000,000 төгрөгийн үнэд 30 м.кв газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн тухай ярианы бичлэг нотлох баримтаар хэрэгт авагджээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2013 оны намраас эхлэн маргаан бүхий газрыг хашаагаар тусгаарлан өнөөг хүртэл амьдарч байгааг хариуцагч, гуравдагч этгээд мэдэж байсан ч эрхээ зөрчигдсөн гэх үеэс эхлэн газрыг чөлөөлүүлэх эсхүл газрын хэмжээг 40 м.кв болгон багасгах, газрын хэмжээнд тохирсон үнэ нэмж төлөхийг шаардах зэрэг шаардлагыг нэхэмжлэгчид гаргаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Энэхүү байдал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд газар худалдах-худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл хэн алинд нь тодорхой байсныг, гуравдагч этгээдийн хувьд зохигчийн тус хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд хүргэж байна. Гагцхүү талууд газрын хэмжээ, үнийн талаар маргаж байсны улмаас хэдэн м.кв газрыг хэлцлээр шилжүүлэхийг тохиролцоогүй, хариуцагч (гуравдагч этгээд) худалдсан газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бус гэж маргаан үүсгэн чөлөөлөхийг шаардаагүй өнөөг хүрсэн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Д.Б нь өөрийн өмчлөлийн газраас 106 м.кв бус 40 м.кв газрыг нэхэмжлэгчид худалдсан талаар маргаагүй, мөн гуравдагч этгээд хамтран өмчилж буй газрын 106 м.кв бус 40 м.кв газрын үнэд 5,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсныг зөвшөөрч 40 м.кв газрыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... 85а тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 436.11 м.кв талбай бүхий газрын 40 м.кв газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Нийг тогтоож шийдвэрлэв. Хариуцагчийн хувьд бусад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, хууль зүйн үр дагавар үүсгэхгүй учир нэхэмжлэгч нь маргаж буй 66 м.кв талбай бүхий газрын хувьд өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхтэй нь тогтоогдоогүй ба нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... 85а тоотод оршин байх 106 м.кв газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн сөрөг шаардлага гаргах шаардах эрхийн хугацаа өнгөрсөн талаар нэхэмжлэгч тайлбарласан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хариуцагч сөрөг шаардлага гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... 85а тоотод орших 40 м.кв газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Нийг тогтоож, 66 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч нь одоогийн эзэмшиж буй 106 м.кв газраас 66 м.кв газрын хувьд хууль бус эзэмшигч болно. Энэ нөхцөлд хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, зохигчийн маргаж байгаа, нэхэмжлэгчийн эзэмшиж буй 106 м.кв газрын 66 м.кв газраас нэхэмжлэгчийг албадан чөлөөлж, 40 м.кв газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Зохигчийн маргаж буй газрын давхцлыг тодорхойлохоор шүүхийн журмаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилж, шинжээч 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А/204 тоот дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ. Дүгнэлтээр нэхэмжлэгч нь 158 м.кв газрыг хашаалан эзэмшиж байгаагаас 106 м.кв газар нь хариуцагчийн өмчлөлийн 436 м.кв газартай давхцаж байгааг, мөн тус 158 м.кв газарт гуравдагч этгээдийн өмчлөлийн ... дугаартай 140 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө (хувийн сууц) давхцалгүйг тогтоожээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж буй 158 м.кв газрын 52 м.кв газар нь зохигчийн хооронд үүссэн маргаанд хамааралгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр нь биелэгдэх бодит боломжтой байх шаардлагатай. Талуудын тайлбар, газрын кадастрын зураг, А/204 тоот дүгнэлтийн хавсралт зургаас үзэхэд нэхэмжлэгч нь 436.11 м.кв газрын урд (ертөнцийн зүгээр) талын хэсгийн 106 м.кв газрыг эзэмшиж байна.
Иймд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр нь тогтоож шийдвэрлэсэн 40 м.кв газрын байршлыг тогтоохдоо түүний одоо эзэмшиж байгаа 106 м.кв газрын (Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... 85а тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, 436.11 м.кв газрын урд талын хилийн цэс доторхи 106 м.кв газар) урд (ертөнцийн зүгээр) талын хэсгийн хилийн заагаас дотогш 40 м.кв талбайгаар хэмжин тогтооно. Харин нэхэмжлэгчийн хашаалан эзэмшиж байгаа, Ү-....дугаартай 436.11 м.кв газрын хилийн заагийн гадна орших 52 м.кв газар нь энэхүү 40 м.кв газартай давхцахгүй бөгөөд үл хамаарахыг шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд анхаарах нь зүйтэй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа 106 м.кв газрын хойд (ертөнцийн зүгээр) талын хэсгээс тооцон 66 м.кв талбайг албадан чөлөөлөх ажиллагааг явуулахыг анхаарах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг А/204 тоот дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшилд байгааг тогтоосон 106 м.кв газрын урд талын хэсгийн 40 м.кв газрыг нэхэмжлэгч Г.Н өмчилж, хойд талын хэсгийн 66 м.кв газрыг нэхэмжлэгч чөлөөлж хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Г.Н /АЭ79040662/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б /РЭ47100530/-д холбогдох иргэний хэрэгт Г.Нийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ..... 85а тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 436.11 м.кв газрын 40 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс 66 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Бын нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... 85а тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн . дугаартай, 436.11 м.кв газрын 66 м.кв газраас нэхэмжлэгч Г.Нийг албадан чөлөөлж, сөрөг нэхэмжлэлээс 40 м.кв газраас Г.Нийг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 94,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Баас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд, нэхэмжлэгч Г.Нээс 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Д.Бд тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ