| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2024/0301/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/301 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Б.Хосбаяр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Яллагдагч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч *******ийн цохиж хамар ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхины урд булан хэсгийн цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.2. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ажлаасаа буугаад 2 уут нүүрс машиндаа хийх гээд явж байтал манай харуул таараад наад нүүрсээ орхи гэхээр нь би ганц удаа авчихъя гэсэн чинь сүртэй юм гээд зогсож байтал Ш.Боронбай хажуугаас орж ирээд намайг боогоод унагаагаад цохисон тэгээд би та архи уух замаараа гэсэн чинь байр руу гүйж ороод архи тавчихад гарч ирээд би чамайг ална гээд дахиад цохиод би шоронд яваад ирсэн гээд намайг цохиод салахгүй байсан чинь манай гагнуурчин *******, ******* хоёр салгасан юм. … Би 200000 төгрөг авсан 10 хоногийн дараа Улаанбаатар хотоос эмч нар ирээд хагалгаанд ороод илүү гарсан зардлаа дахин авна" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 40 дэх тал),
2.3. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16:00 цагийн орчим харуулын ээлжтэй байсан тэгээд нүүрс гаргана гэхээр нь би гаргахгүй гэсэн чинь над руу дайраад намайг 1 удаа шанаадаад авсан тэгсэн Ш.******* ирээд тэр хоёр хоорондоо дээр доороо ороод ноцолдож байтал манай ажилчид ирж залгасан юм. Манай ажлын газрын залуу , нар байсан юм. Тэгээд салгахаар дахин ирээд над руу дайраад надаас салгахаар ******* руу дайраад байсан. Тэгээд тэр газар ноцолдож байгаад газар унаад босоод ирсэн чинь *******ийн хамраас цус гарчихсан байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
2.4. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 992 дугаартай “...*******-н биед гэмтэл учирсан байна. *******-н хамар ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхины урд булан хэсгийн цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******-н биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. *******-н биед учирсан дээрх гэмтлүүдээс хамар ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхины урд булан хэсгийн цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Харин баруун бугалгад цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 15-17-р хуудас),
2.5. Яллагдагч *******н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчим харуулын даргатай юм яриад алхаж байтал ******* бас нэг хүний хамт нүүрс авсан явж байхаар нь харуул яаж байгаа юм бэ гэхэд ******* юун сүртэй юм гээд маргалдаад байсан тэгэхээр нь би Б.Батсүхийг боль гээд таттал намайг хасаг гээд дайраад намайг хавирч унагаагаад дахиад харуул руу гүйхээр нь би дахиж очоод татаад бид хоёр газар унасан унахдаа ******* миний доор унаад би *******ийн дээр унасан тэгээд Батсүхийн хамраас цус гарсан чинь намайг цохилоо гээд цагдаа дуудна гээд маргалдаж байтал тухайн ээлжийн хүмүүс гарч ирээд салгасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),
2.6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал),
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.7. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
-Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “.... Ш.Боронбай хажуугаас орж ирээд намайг боогоод унагаагаад цохисон тэгээд би та архи уух замаараа яв гэсэн чинь байр руу гүйж ороод архи тавчихад гарч ирээд би чамайг ална гээд дахиад цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...нүүрс гаргана гэхээр нь би гаргахгүй гэсэн чинь над руу дайраад намайг 1 удаа шанаадаад авсан тэгсэн Ш.******* ирээд тэр хоёр хоорондоо дээр доороо ороод ноцолдсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
-Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 992 дугаартай “...*******-н биед гэмтэл учирсан байна. *******-н хамар ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхины урд булан хэсгийн цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-17 дахь тал),
-Яллагдагч *******н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Б.Батсүхийг боль гээд таттал намайг хасаг гээд дайраад намайг хавирч унагаагаад дахиад харуул руу гүйхээр нь би дахиж очоод татаад бид хоёр газар унасан унахдаа Б.Батсүх миний доор унаад би Б.Батсүхийн дээр унасан тэгээд Б.Батсүхийн хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч *******н нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон зэрэг үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.
3.2. Шүүгдэгч *******н шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...*******ийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч *******, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч *******н нь хохирогч *******ийн биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч *******н хохирогч *******ийн биед нь халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
4.3. Хохирогч *******ийн биед учирсан хамар ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхины урд булан хэсгийн цус хуралт гэмтлийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1 дэх заалтад зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
4.4. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.5. Шүүгдэгч *******н үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой буюу шүүгдэгч нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
4.6. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед “...******* надад 200000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардлаа дахин нэхэмжилнэ...” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Иймээс хохирогчийн цаашид гарсан эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүхээс шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******н хувийн байдлын хувьд 48 настай, эхнэрийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
2.3. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.
2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулав.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д сануулсугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК