| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 181/2018/02399/И |
| Дугаар | 004 |
| Огноо | 2018-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 004
С.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02277 дугаар шийдвэртэй С.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн барьцаанд Б.Б-гийн өмчлөлийн орон сууц, З.Лхагвабаярын өмчлөлийн авто зогсоолыг тус тус барьцаалсан. Гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан бөгөөд зээлийн хугацаанд хариуцагч нь нийт 7 240 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 10 000 000 төгрөг дээр хүү 1 800 000 төгрөгийг нэмэхэд 1 1 800 000 төгрөг болсон бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 7 240 000 төгрөгийг хасвал 4 560 000 төгрөгийн үүрэг үлдсэн. Иймд анх гаргасан шаардлагаа багасгаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэлд 4 560 000 төгрөг, алданги 2 280 000 төгрөг, нийт 6 840 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Үүрэг дуусгавар болсон хэлцлийн хувьд барьцаа хөрөнгийг чөлөөлж, өөр газарт барьцаалах замаар Б.Б зээл авах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл тул зээлийн гэрээний үүргийг энэ хэлцэлд үндэслэн дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрөө бүрэн төлж дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Б.Б-гийн өөрийн гаргасан гэх тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг анхаарна уу гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 6 840 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 246 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124 390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Б.Б миний гараар бичигдсэн гэх “хүсэлт бичиг гэгчийг хэргийн бусад баримтуудтай харьцуулан” бичгийн хэв, гарын үсгийн загвартай энгийн нүдээр харахад илэрхий зөрүүгүй байгаа зэрэг нөхцөл байдалд үндэслэж зохигчид “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-ийг зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэснийг нотлох агуулгаар биш барьцааны эрхийг дуусгавар болгож, дахин тухайн хөрөнгийг барьцаалах замаар бусдаас зээл авах зорилгоор хийсэн байна гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Б.Б миний гараар бичигдсэн гэх “хүсэлт” бичгийг бичгийн хэв, гарын үсгийн загвартай энгийн нүдээр харахад илэрхий зөрүүгүй байна гэж шүүх нь тусгай мэдлэг бүхий шинжилгээний байгууллагын тогтоох ёстой дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-ийг хуулийн хүчин төгөлдөр хэлцэл болохыг нотлогдсон байна гэсэн атлаа дараа нь үгүйсгэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь шүүх нэхэмжлэгч тал уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шаардаагүй шаардлагад дүгнэлт хийж хүчин төгөлдөр бус болсон 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, хүсэлт бичиг зэрэгт үндэслэж Б.Б надад хүү, алданги, төлбөр тооцсон нь хариуцагч миний эрх ашгийг ноцтой хохироож байна. Хариуцагч Б.Б би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохдоо шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотариатч н.Аззаяа болон Сүхбаатар дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-ийг нотлох баримтаар шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг бичгийн хэлбэрээр гаргасан. Гэтэл шүүгч миний хүсэлтийг “хэрэгсэхгүй болголоо” гэж хэлээд миний гараар бичсэн хүсэлтийг хэргийн материалд хавсаргахгүй буцааж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17 700 000 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 6 840 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж маргажээ.
2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дансны хуулга болон хүсэлт бичиг гэх агуулгатай баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүрэг дуусгавар болгох тухай 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба талуудад дээрх баримтуудыг шүүх хуралдааны явцад танилцуулсан нь тэмдэглэлд тусгагджээ. /хх32-36/
Эдгээр баримтууд нь талуудын маргааны гол зүйл болно. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” болон хариуцагч Б.Бгийн гаргасан “ББСБ-аас зээл гарсны дараа нэхэмжлэгч С.Мгийн зээлийг төлж барагдуулна” гэх агуулгатай хүсэлт бичиг зэрэг баримтуудыг талуудад танилцуулахдаа хариу тайлбар, няцаалт хийх боломжит хугацаа олгохгүйгээр шүүх эдгээр баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн, “дээрх баримтуудад зурагдсан хариуцагч Б.Бгийн гарын үсэг, бичгийн хэв нь нэхэмжлэлийн хувь гардуулсан болон эрх үүрэг танилцуулсан баримтууд, хариу тайлбарт бичигдсэн бичгийн хэв, гарын үсгийн загвартай энгийн нүдээр харахад илэрхий зөрүүгүй байх” талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь өөрт олгогдсон эрхийн хүрээнээс хальсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дах хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, талуудын хоорондын үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл бодитой хийгдсэн эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хандан өөр үүрэг хүлээх талаар хүсэлт гаргаж байсан эсэх үйл баримт хэрэгт ач холбогдолтой. Шүүх хуралдаан дээр хариуцагч нь уг хүсэлтийг гаргаагүй гэж маргаж байгаа тохиолдолд шүүхээс гарын үсгийн талаар шинжээч томилох эсэх талаар тодруулаагүй, өөрөө гарын үсгийн хэв маягийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.
Иймд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан дээрх зөрчлийг арилгахгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ