Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/40

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор У.Анхжаргал

                                                     Шүүгдэгч А.Б      

                                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар

                                                       Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор эрүүгийн 2026000000129 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигоны халх овогт А.Б

 

А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн орчимд иргэн Н.Ц-н толгойн тус газар нь өшиглөж тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дагзны баруун ар дунд хэсэгт хуйхан доор цус хуралт гэмтлийг үүсгэж алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Боржигоны халх овгийн А.Б-г хүнийг алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-н нэхэмжилсэн 11051925 төгрөгийн нэхэмжлэлээс 3703150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 1660927 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 5687848 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д 6000000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөр төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын     02-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад 8 жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэхээр их гэмшиж байна. Иймдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг хохирлын баримт харгалзахгүйгээр төлж, уучлалт гуйж гэм буруугаа ойлгож байна. Шүүх хуралдааны үед 6000000 төгрөг төлж, мөн шүүх хуралдааны дараа үлдэгдэл 5000000 төгрөгийн хохирлыг барагдууллаа. Гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж хуульчилсан байна. Миний бие нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байна. Иймд надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, ялыг багасгаж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт холбогдсон Адилбишийн Бд холбогдох хэрэгт давж заалдах гомдол гаргахгүй. А.Б-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлсэнд татгалзаагүй болно гэжээ. 

 

Прокурор У.Анхжаргал шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч танилцлаа. ...Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байна. Учир нь гэрч Ч.Б-н мэдүүлэгт “...Б, Ц-г гэв гэнэт босож ирээд, баруун хөлөөрөө өшиглөөд авсан. Ц ах хойшоо саваад ойчсон, тэгээд босож ирээгүй...”, гэрч Л.С-н мэдүүлэгт “...Б юу юугүй гэнэт босож ирээд ...Ц-г баруун хөлөөрөө өшиглөсөн чинь Ц газар ойчоод тэгээд хөдлөөгүй...”, гэрч Т.Ж-н мэдүүлэгт “...талийгаач С-г “Мэнд мэдэхгүй байна уу” гээд гэрийн зүүн талаас баганын хойгуур чигээрээ очоод, баруун хөлөөрөө баруун дагзны орчимд нь 1 удаа өшиглөчихсөн...” гэх, гэрч Л.О-д, Ц.Г нарын мэдүүлэг болон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Талийгаач Н.Ц нь гавал тархины битүү гэмтэл болох аалзан хальсан доорхи тархмал цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан. Тухайн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” зэргээс үзэхэд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тул А.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...Гэрчүүдийн мэдүүлэг, 50 дугаартай шинжээчийн дүгнэлтээр дараах дүгнэлтэд хүрч байна. Шүүгдэгч А.Б нь өөрийн гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, хохирогч нь түүний ялын төрөл хэмжээнд гомдол саналгүй гэсэн тайлбарыг шүүхэд гарган өгсөн байна. Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан шударга шүүхээр шүүлгэх, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй Эрүүгийн хуульд заасан 6.7 дугаар зүйлд заасан хуулийг хэрэглэж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд А.Б нь гэмт хэрэг хийсэн буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэдийгээр А.Б үйлдлээс болж хүний амь хохирч эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоож шийдвэрлэх ёстой гэж заасан байна.

Гэрч Л.О, Ц.Г нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.Б үйлдэл нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.Б нь амь хохирогчтой хэрүүл маргаан хийсэн мөн амь хохирогч нь гэнэт чамтай харьцахгүй гээд буруу хараад суугаад А.Б ах өшиглөснийхөө дараа гадаа гараад суусан. Би араас нь гараад та хүн алчихлаа гэхэд гэнэт гүйж ороод талийгаачийг сэгсрээд байсан гэх үйлдэл нь шууд санаатай үйлдсэн үйлдлийг үгүйсгэж байна. А.Б маргаанаас болж үйлдэл гаргасан хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хүний аминд хүрнэ гэдгээ мэдэлгүй үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. А.Б тухайн үед өмсөж байсан гутал нь эсгий ултай түрүүтэй гутал, мөн хүнтэй маргалдчихаад баруун хөлөөрөө өшиглөөд зүгээр гараад явсан үйлдэл нь шууд хүний аминд хүрчихнэ гэсэн бодол санаагүй үйлдэл гэж дүгнэж байна. Шүүхийн шинжилгээний дүгнэлтэд гипертрофик, артериосклероз буюу тархины судасны нарийсах, хатуурал өвчтэй гэсэн дүгнэлтийг харгалзаж үзэх нь зүйтэй. Иймд өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Прокурор У.Анхжаргал шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдолд гаргасан тайлбартаа: ...Гэрчүүдийн мэдүүлгээс зэргээс үзэхэд шүүгдэгч А.Б-н үйлдэл нь хүний амьд явах, халдашгүй байх эрхийг зөрчиж амь хохирогч Н.Ц-н эсрэг хүч хэрэглэж, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, улмаар амь биед нь халдаж буй хууль бус, санаатай үйлдэл, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, шударга ёсны заримд нийцэхгүй байна.

Иймд шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Прокурор У.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдсэн үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн зүйл заалтуудыг буруу ойлгосон байна. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчдээ энэ талаар тодорхой тайлбарлаж өгөх ёстой байсан. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь үндэслэлгүй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол  мөн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэсэн байна. Хүний амь нас хохирсон бөгөөд оршуулгын зардлаас эхлээд хор уршиг учирчихсан байгаа. Тухайн хор уршгийг нөхөн төлсөн талаар өмгөөлөгчийн гомдол дээр дурдсан байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нөхцөл байдал мөн байна гэж үзэж байгаа нь буруу буюу уг зүйлд өөрт нь болон ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон болон байнгын эрхшээл дарамтад оруулсан тохиолдолд биеэ хянаж чадахгүйн улмаас болж хүнийг алсан бол гэж заасан байдаг. Харин энэ хэргийн тохиолдол нь тийм  биш бөгөөд өмнөх өдрөөс нь эхлээд маргалдсан байдаг. А.Б нь айлын найранд очихдоо л уурлаж бухимдсан байдалтай байсан. Хохирогчийг мэндлээгүй гэх шалтгаанаас өшиглөсөн. Амь хохирогчийг цохихдоо ямар гуталтай байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хохирогчид хохирол, хор уршиг учрах боломжтой байсан гэдгийг шүүгдэгч мэдэж байсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтээр шууд үхэлд хүргэх боломжтой гэж дүгнэсэн. Энэ дүгнэлттэй аль аль тал нь бүрэн гүйцэд танилцсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу хэргийг прокурорын хяналтын шатанд шалгагдаж байхад ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлынх нь үндэслэл нь тодорхойгүй гэж үзэхээр байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШШТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй буюу шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эдлэх ялаас багасгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Прокуророос дүгнэлтээ тайлбарлахдаа хүний амь насанд хүрсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хуулийн зохицуулалт байхгүй гэж хэллээ. Хуульд тийм тийм үг, үсэг байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт хорих ялын дээд хэмжээ 12-оос 15 жил байхаар заасан бол хэрэглэж болно гэж заасан байдаг. Ялын хэмжээг бууруулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй нь өөрөө гэмт хэргийн субьектив талын санаа зорилго байдаг. Шүүгдэгч нь хүнийг зодож болохгүй гэдгийг мэдсээр байж өөрийн уур бухимдалдаа хөтлөгдөн арай ч тийм зүйл хийчихгүй байлгүй дээ гэж бодсон үйлдлийнх нь улмаас хүнийг шууд санаатай алах гэмт хэрэгт яллаж байгаа нь буруу юм. Гэсэн хэдий ч шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй уялдаж холбогдож байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-т заасан үйлдэл, эс үйлдэхүй байна гэж үздэг. Энэ байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт гаргаж өгөхийг хүсэж тус гомдлыг гаргасан. Иймд гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Боржигоны халх овогт Адилбишийн Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13-аас 14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цөөн мод” гэх газар иргэн Н.Ц-н толгойн тус газар нь өшиглөж тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дагзны баруун ар дунд хэсэгт хуйхан доор цус хуралт гэмтлийг үүсгэж алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, гэрч Ч.Б, Л.С, Т.Ж, Л.О, Ц.Гончигсүрэн, Х.Д, Т.Д, насанд хүрээгүй гэрч С.Х нарын мэдүүлгүүд, шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт, 0000223759/10 дугаартай хохирогчийн нас барсны гэрчилгээ болон хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн А.Б-г  хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх, түүний өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн хүний амь насыг болгоомжгүйгээр алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгчийг тооцож анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь хүний амь насыг болгоомжгүйгээр алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч А.Б анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар А.Б 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.