Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

0022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/01135

 

 

 

 

     2022          03         14                                         101/ШШ2022/01135             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Ганчимэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Т холбогдох,

Гэм хорын хохиролд 2,168,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2-нд шилжих шөнө модны 2-ын дунд замаар явж байгаад осолд холбогдсон. Би 3 дугаар эгнээнд зогсож байхад хариуцагч 1 дүгээр эгнээ рүү шууд дараад хүчтэй орж ирсэн. Тухайн үед цагдаа ирээд миний яриаг сонсоогүй. Уг нь тухайн үед би мөргүүлээд гулгасан гэж хэлсэн юм. Сүүлд миний зөв гэдэг нь тогтоогдсон тул хохирлыг хариуцагчаас хэрхэн барагдуулах талаар асуутал төлбөрийг төлөхгүй гэж өөрөө болон ээж нь яриад байсан. Хариуцагч тал таньдаг авто засвараар янзлуулаад өгье гэхэд нь надад тэр нь хохиролтой тул заавал үнэлгээгээр орох ёстой гэдгийг хэлсэн. н.П гэх хүний талаар мэдэхгүй. Хариуцагчийн ээжийнх нь хэлснээр тухайн машиныг аваад 7 хонож байгаа гэсэн гэв.

 

Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ГТ миний бие нэхэмжлэгч А.Эгийн нэхэмжилж байгаа 2,168,500 төгрөгийг өгч чадахгүй. Учир нь би дүрмийн дагуу эгнээ байраа эзлээд 1 дүгээр эгнээнээс 2, 3 дугаар эгнээ рүү ороод буцаж эргэх уулзвар дээр эргэх гээд зогсож байтал Toyota Prius20 маркийн ... улсын дугаартай машин 3 дугаар эгнээнээс тоормос гишгэхгүйгээр хүчтэй ирж мөргөсөн нь үнэн. Иймд миний машин болох Toyota Verossa  ..... улсын дугаартай машины хойд зүүн хонх, зүүн хойд хаалга, доод хормой, зүүн хойд багана хонхойж эвдэрсэн тул кузов авто засварт 3,500,000 төгрөгөөр янзална гэсэн. Иймд нэхэмжлэгч А.Эгийн нэхэмжилж байгаа мөнгийг өгч чадахгүй. Учир нь ээж маань хүнд өвчтэй, эхнэр маань жирэмсэн учир ажил хийх боломжгүй байгаа. Тиймээс болсон хэргийг маань үнэн зөв шийдэж өгөхийг хүсч байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Г.Т хохирлыг хувааж төлүүлэх нь зөв, гэм буруутай гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд, иргэн П.Номинцэцэгтэй байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээ, ......улсын дугаартай, Toyota Prius20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хэргийн газар үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хариуцагч Г.Тгээс авсан мэдүүлэг, хариуцагч Г.Тд шийтгэл оногдуулсан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3100020210073047 тоот Шийтгэлийн хуудас, С ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 237 тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Toyota Verossa маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргасан /хавтаст хэргийн 4-35 дахь тал/, хариуцагч Г.Т татгалзлаа илэрхийлсэн тайлбар гаргаж /хавтаст хэргийн 61 дэх тал/, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э, хариуцагч Г.Тд холбогдуулан тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон хохиролд 1,952,500 төгрөг, журмын хашааны төлбөрт 120,000 төгрөг, үнэлгээний хөлсөнд 96,000 төгрөг, нийт 2,168,500 төгрөгийг хариуцагчийн учруулсан гэм хорын хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн буруугаас осол гарсан, ээж хүнд өвчтэй, эхнэр жирэмсэн учир ажил хийх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн ..... улсын дугаартай, Toyota Prius20 маркийн тээврийн хэрэгсэлд нь хариуцагч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас түүний тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг арилгуулахаар мөнгөн хэлбэрээр шаардсан. Тус ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр иргэн П.Нг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Нэхэмжлэгч, иргэн П.Н нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Автомашин худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд гэрээний зүйл нь .... улсын дугаартай, Toyota Prius20 маркийн тээврийн хэрэгсэл байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй байна.

Зохигчийн шүүхэд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн ЗТО-676 тоот Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал дахь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хэргийн газар үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хариуцагч Г.Тгээс мэдүүлэг авсан тухай Баянгол дүүрэг ЗЦХ-ийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мөн хариуцагчид шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай “Шийтгэлийн хуудас”, мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай “Шийтгэлийн хуудас” зэрэг баримтаар хариуцагч Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Full зочид буудлын баруун талын замд Toyota Verossa маркийн ... улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч А.Эгийн өмчлөлийн Toyota Prius20 маркийн .. улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

            Нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохирлыг хариуцагчаас нэхэмжилж автомашинд учирсан хохирлоо хөрөнгийн үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-иар тогтоолгож, тус компанийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 237 тоот “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-г шүүхэд нотлох баримтаар гаргаж, тус тайлангийн хавсралтаар нэхэмжлэгчийн автомашинд 1,952,500 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.

Хариуцагч уг ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулж зам тээврийн осол гаргасан гэм буруугийн талаар маргаж, энэ тухай тайлбарыг шүүхэд гаргасан боловч 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн Шийтгэлийн хуудас, мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай Шийтгэлийн хуудсаар хариуцагчийн татгалзлаа илэрхийлсэн тайлбар үгүйсгэгдэж байна. Хариуцагч уг шийтгэлийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан, тус шийтгэлийг шүүхээс хүчингүй болгосон тухай үйл баримт хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдоогүй ба хариуцагч энэ талаар тайлбартаа дурдаагүй, зохих баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч Г.Тгийн зам тээврийн осол гаргахдаа эзэмшиж (жолоодож явсан) байсан Toyota Verossa маркийн ... улсын дугаартай суудлын автомашин нь иргэн Э.П-ийн өмчлөлд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хууль, дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан бол тухайн этгээд уг хохирлыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу осол болох үед тус тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан эзэмшигч болох хариуцагч Г.Тгээс хохирлоо арилгуулахаар нэхэмжлэгч шаардсаныг буруутгахгүй. Хариуцагч нь өөрийн эзэмшилд байсан тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсны хариуцлагыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Э дүгнэлдтээ “хариуцагч Г.Т-ээс хохирлыг хувааж төлүүлэх нь зөв, гэм буруутай гэж үзэж байна” гэжээ. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт  нь хэргийн бодит үйл баримтад тулгуурласан, хариуцагчийн гэм буруу хэргийн баримтаар тогтоогдсон учир дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Харин хохирлыг хариуцагчаар хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлт үндэслэлгүй ба хуульд заасны дагуу хариуцагч нь бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлоо бүрэн хариуцах үүрэгтэй.

Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээ 1,952,500 төгрөг, журмын хашааны төлбөр 120,000 төгрөг, үнэлгээний төлбөр 96,000 төгрөг, нийт 2,168,500 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба дээрх зардлууд нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон, автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой гарсан зайлшгүй зардалд хамаарна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн хариуцагч Г.Тгээс /1,952,500+120,000+96,000=2,168,500/ 2,168,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Эд олгох үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдааны товыг зохигчид 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн, хариуцагч товыг хүлээн авч тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Т –с 2,168,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Э -д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,646 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Тгээс 49,646 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

 

                        ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ