Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч О.Батнасан,    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,  

Шүүгдэгч Б.Г,      

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,               

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн Г-т холбогдох 2428000000180 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан О.Б-той маргаж, улмаар дугуйн дорцовоор түүний толгой, гарын бугуй хэсэгт цохиж нүүр хэсэгт нь өшиглөж, тархины доргилт, толгойд шарх, зүүн бугуйнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Г-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр машинтайгаа явж байхад миний машины урдуур орж ирж маргалдсаны улмаас толгой дээрээ дугуйн дорцовоор 2 удаа, гарын бугуй хэсэгтээ 1 удаа цохиулсан. Мөн нүүрээ 2 удаа өшиглүүлсэн. Үүний улмаас би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Миний нийт нэхэмжилж байгаа нийт төлбөр 26.928.356 төгрөг. Үүнээс ор хоногийн төлбөр 200,000 төгрөг, Улаанбаатар  хот руу явж MRI авхуулсан  төлбөр 400,000 төгрөг, Улаанбаатар хот явсан шатахууны зардал 388,356 төгрөг, нэг сарын цалин 3,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 6,600,000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн олох ёстой байсан орлого 15,840,000 төгрөгийг хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг ... гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг Баянбогд хүнсний дэлгүүрийн хажуу талын эмийн сангаас юм аваад гараад иртэл саарал өнгийн “Приүс 20” загварын машин ухарч байсан ба би жолооч руу нь харахад жолооч нь машинаа зогсоох үед би араар нь гарах гэж байхад тухайн машины жолооч ухарч байхдаа миний баруун хөлийг зүүн хойд талын гупер хэсгээрээ шүргэх гэж байхад би хөлөө татаж авсан. Тэгээд тэр жолооч шууд хөдлөөд явсан. Би тухайн үед машиндаа суугаад араас нь гүйцэж очоод хажуугаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ жолоочийг нь харахад урд талын суудалд жолооч нь нэг ах, хажууд нэг эгч суугаад явж байсан ба би гүйцэж түрүүлээд урд нь гараад явсан. Тэгээд би машинаа 30 км цагийн хурдтай жолоодоод явж байхад араас нөгөө намайг шүргэх гэж байсан машин сигналдаад байхаар нь би урд нь удаан яваад байгаа юм байна гэж бодоод хурдаа нэмээд явахад миний араас гүйцэж түрүүлж ирээд урд гарч ирээд машинаараа хашиж намайг зогсоосон. Тэгээд тэр машины жолооч цонхоо буулгаад намайг яаж яваад байгаа пизда вэ гэхээр нь би өөдөөс нь та өөрөө түрүүн хүн шүргэчихээд өөрөө яаж яваад байгаа юм гэж хэлэхэд тухайн машины жолооч машинаасаа бууж ирээд миний машины хаалган дээр ирээд намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би бултаж байгаад хаалгаа нээгээд гарч очиход намайг цохих гээд дайраад байхаар нь би өөдөөс нь хоёр гурван удаа түлхсэн. Тэгтэл тухайн жолоочийн машинд явж байсан хоёр эмэгтэй зорчигч бууж ирээд чиний буруу шүү дээ лайв хийлээ гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэр үед тухайн машины жолооч машиныхаа багажийг нээгээд аяны сандал гаргаж ирээд намайг цохих гэж дайрахад би зугтаад зайгаа авсан. Тэгээд би чиний буруу шүү дээ гээд байсан хоёр эгчтэй юм яриад зогсож байхад тухайн машины жолооч миний хажуу талаас гэнэт дугуйн дорцовоор миний толгой хэсэгт цохисон ба миний нүүр хэсэгт өшиглөсөн. Би тухайн үед манараад доошоо суухад тухайн жолооч чиний машиныг чинь ч гэсэн шаачихна шүү гээд дорцовоо далайгаад зогсож байсан ба би босоод харсан чинь тухайн жолооч машиндаа суугаад зугтах гээд хөдлөх гэж байсан. Би шууд очоод жолооных нь хүрдийг бариад авахад миний өөдөөс хараагаад байсан. Тэгэхээр нь би тухайн жолоочийг цохих үйлдэл хийхэд оноогүй. Тухайн жолооч машинаас дахиад дугуйн дорцовоо барьж гарч ирээд миний толгой хэсэгт цохиод дахиад миний толгой хэсэгт цохих гэж байхад нь би зүүн гараараа хамгаалж гарын бугуй хэсэгтээ цохиулсан. Тэгээд нөгөө хоёр эмэгтэйд цагдаа дуудаач ээ гэж хашхирахад нөгөө жолооч зугтаагаад машинаа унаад явсан. ...миний толгой хагарч оёдол тавиулсан. Мөн гарын бугуй буюу бугалга хэсэгтээ цохиулсан ба одоогоор хавдартай байна. Одоогийн байдлаар толгой их өвдөж байна. Тухайн үед толгойноос их хэмжээний цус алдсан. ...Зохих эмчилгээний зардлаа төлүүлж авмаар байна. (хавтаст хэргийн 13 дахь тал)      

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг орчмын үед би хувиараа таксинд явж байсан. Өмнөговь аймгийн Хан-Уул гэр хорооллоос хүн аваад Өмнөговь аймгийн Даланзадгад сум Хан-Уул гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг “Тансаг” гэх дэлгүүрийн үүдэнд зогсож миний машинд зорчиж байсан хүн маань дэлгүүр рүү орсон байсан. Тэгээд машиндаа сууж байсан чинь хүн хашхирах чимээ гарахаар нь хартал “Тансаг” дэлгүүрийн хойд талын засмал зам дээр саарал өнгөтэй “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл урд талд нь зогссон, хойд талд нь “Нarrier” загварын тээврийн хэрэгсэл зогссон байдалтай байсан. Тухайн “Приус 20” машины жолооч бууж ирээд “Нarreir” машины жолооч дээр очоод цонхоор нь тухайн жолоочийг хоёр гурван удаа цохиод авсан ба буцаж эргэж явж “Приус 20” машиныхаа багаажнаас юу байсныг нь би сайн мэдэхгүй байна ямар ч байсан нэг юм аваад машинаасаа буугаад ирсэн байсан. Тухайн “Нarreir” машины жолоочийг цохих гээд далайхад “Приус 20” машины жолоочтой хамт явж байсан хоёр хүүхэн дундуур нь орж хорьсон. Тэгээд машиныхаа урд талаас нэг дорцов шиг төмөр зүйл гаргаж ирээд “Нarreir” машины жолоочийн толгойд нь хоёр гурван удаа цохисон. Тухайн “Нarreir” машины жолоочоос цус их алдаж байсан. Тэгээд приус машины жолооч нь машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь “Нarreir” машины жолооч очоод машиных нь түлхүүрийг авах гээд зууралдаад байсан ба авч чадаагүй нөгөө приус машины жолооч машинаа унаад учиргүй хаазлаад хамт явж байсан хоёр эмэгтэйгээ үлдээгээд яваад өгсөн. Тэгээд нөгөө Нarreir машины жолооч үлдсэн байсан хоёр эмэгтэйтэй хэрэлдээд байсан. Нөгөө зодуулсан harreir машины жолооч миний машины хажууд ирээд цагдаа дуудаад өгөөч эгчээ гэхэд нь би яг цагдаа дуудах гээд утсан дээрээ дугаарыг нь хийж байтал миний машинд зорчиж байсан үйлчлүүлэгч маань “Тансаг” дэлгүүрээс гарч ирсэн ба “Тансаг” дэлгүүрт энгийн хувцастай цагдаа байна гэж хэлэхэд нөгөө зодуулсан harreir машины жолооч “Тансаг” дэлгүүр рүү ороод би хүнээ хүргэж өгөх гээд хөдлөөд явсан. Ийм зүйл болсон.” (хавтаст хэргийн 22 дахь тал) 

Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...нөхөр Б.Г эгч Ц.Т нарын хамт нөхрийнхөө машинтай гэр рүүгээ явж байсан. Тэгтэл “Тансаг” дэлгүүрийн ард талын засмал замаар явж байтал хажуу талаар өнгийг нь сайн мэдэхгүй байна “Harreir” загварын тээврийн хэрэгсэл хурдтай хажуугаар гүйцэж түрүүлээд манай машины өмнө ороод хэт удаан яваад байсан. Тэгээд манай нөхөр гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь гарсан чинь зэрэгцэж хурдлаад манай машины өмнөөс нэг Портер машин гараад ирэхээр нь буцаад нөгөө “harreir” загварын машины ард ороод явж байгаад ахиад нөгөө “harreir” загварын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд өмнө нь гараад зогссон. Тэгээд манай нөхөр Ганболд яаж яваад байгаа муу пизда вэ гээд машинаасаа буугаад нөгөө “harreir” машины жолооч дээр очсон. Тэгээд би машиндаа үлдээд харж байтал нөгөө машины жолооч манай нөхрийн өөдөөс хариугаа авах гэж дагаж ирсэн юм түрүүн намайг дэлгүүрийн гадаа шүргээ биз дээ гэж хэлээд байсан. Тэгээд машинаас миний эгч болох Т бид хоёр буугаад очсон чинь манай нөхөр нөгөө жолооч хоёр хоорондоо муудаад нөгөө жолооч манай нөхрийг түлхэж унагахад манай нөхөр босоод машиныхаа араас эвхдэг сандал гаргаж ирээд нөгөө жолоочийг цохих гээд дайрахад эгч бид хоёр Г-ыг хорих үед нөгөө машины жолооч залуу юм барьж зодох гэлээ гээд байсан. Тэгээд манай эгч Т манай нөхрийг болиулаад машин руу аваад орсон. Тэгээд хөдлөөд явах гэж байтал нөгөө машины жолооч манай нөхрийн талын хаалга нь дээр ирээд манай нөхрийг хоёр цохиод авахаар нь манай нөхөр машинаасаа буугаад ар талын багаажнаасаа төмөр аваад нөгөө машины жолоочийг эхлээд цохих гэсэн чинь хий цохиод дараа нь дахиад толгойд нь цохингуут нөгөө машины жолооч яая гээд доошоо суунгуут нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Г машиндаа суугаад яваад өгсөн, эгч бид хоёр нөгөө машины жолоочтой үлдээд алхаад гэр рүүгээ харьсан ба тухайн зодуулсан залуугийн найз нь таараад эмнэлэг аваад явсан...” (хавтаст хэргийн 24 дэх тал)

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...манай хүргэн Г, миний төрсөн дүү Х нарын хамт “Баянбогд” дэлгүүрээс хүнс цуглуулаад гарсан. Тухайн үед “Баянбогд” дэлгүүрийн урд талын засмалаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй засмал зам дээр манай хүргэн Г тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд би тээврийн хэрэгслийн ард талд, манай төрсөн дүү Х жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад явж байсан. Гэтэл бид нарыг Тухайн үед “Баянбогд” дэлгүүрийн урд талын засмалаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй засмал зам дээр явж байх үед гэнэт хажуугаас “harrier” загварын тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлж, манай машины урд гараад маш удаан яваад байсан. Манай хүргэн Г тээврийн хэрэгслийн тоормосоо гишгээд араас нь явсан бөгөөд гэрт хүмүүс агаар салхинд хөдөө явах гээд хүлээж байсан тул хэсэг дагаж явж байгаад тухайн “harreir” загварын тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэхэд манай машиныг дагаад хаазаа нэмээд байсан тул Г тухайн тээврийн хэрэгслийн урд талд гүйцэж түрүүлээд зогссон. Тэгээд манай хүргэн Г тээврийн хэрэгслээсээ буугаад та одоо яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд harreir загварын тээврийн хэрэгслийн жолооч хариугаа авч байна пизда минь, намайг шүргээд зугтчихлаа гээд хоёр машины жолооч хоорондоо маргалдсан. Маргалдах явцдаа манай хүргэн Гыг хоёр гараараа түлхээд газар унагаасан. Тэгээд хоёр жолооч хоорондоо маргалдаад дийлдэхгүй байсан тул Г яв гээд машинтай явуулаад байж байхад цагдаа нар ирсэн. ...Тухайн үед Г аяны сандал аваад “harrier” машины жолооч руу далайсан, харин сүүлд харахад тухайн “harrier” машины жолоочийн энгэрийн өмнө талд цус болсон байсан. Тухайн үед Г нь “harrier” машиныг жолоочийг ямар зүйлээр биеийнх нь аль хэсэгт хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй байна. ...тухайн үед “harrier” машины жолооч үгийн зөрүүгүй чи намайг шүргээд мөргөөд явлаа би чамаас хариугаа авч байна гээд байсан.” (хавтаст хэргийн 28 дахь тал)

Хохирогч, яллагдагч нар нүүрэлдэж өгсөн мэдүүлэгтээ: “Асуулт: Хохирогч О.Б таны толгой хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед яллагдагч Б.Г нь юугаар цохисон бэ? Мөн хэдэн удаа цохисон бэ?

Хариулт: Яллагдагч Б.Г нь миний толгой хэсэгт дугуйн дорцовоор гурван удаа цохисон.

Асуулт: Яллагдагч Б.Г та хохирогч О.Б-ын толгой хэсэгт дугуйн дорцовоор 3 удаа цохисон үйлдэл хийсэн үү?

Хариулт: Би Б-ын толгой хэсэгт данхраадын ишээр 3 удаа цохисон. Би хохирогч О.Быг дугуйн дорцовоор цохиогүй данхраадын ишээр цохисон.

Асуулт: Хохирогч О.Б таны урд байгаа 40 сантиметр урттай дугуй хэлбэртэй саарал өнгийн төмөр нь яллагдагч Г таны биед гэмтэл учруулахдаа ашигласан төмөр мөн үү?

Хариулт: Үгүй биш байна. Яллагдагч Б.Г миний толгойг хар өнгийн махир дугуйн дорцовоор цохисон. Тэр дугуйн дорцовоор цохиулах үед миний толгойд хагас дугариг хэлбэртэй сорви үлдсэн. Тухайн сорви нь дорцовны махир хэсгээр цохиулснаас болж үүссэн.

Асуулт: Яллагдагч Б.Г таны урд байгаа 40 сантиметр урттай дугуй хэлбэртэй саарал өнгийн төмөр нь хохирогч О.Б-ын биед гэмтэл учруулахдаа ашигласан төмөр мөн үү?

Хариулт: Мөн байна. Би энэ төмрөөр хохирогч О.Бын толгой хэсэгт 3 удаа цохиж биед нь гэмтэл учруулсан.

Асуулт: Хохирогч О.Б таны биед гэмтэл учруулсан үйлдэл нь хаана болсон бэ?

Хариулт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... гэр хорооллын гудамжинд засмал зам дээр болсон асуудал.

Асуулт: Хохирогч О.Б танд нэмж ярих зүйл байна уу?

Хариулт: Яллагдагч Б.Г нь анхан шатны шүүх хурал болсны дараа манай авга ах болох Дарханбат руу согтуу утсаар залгаж дүүг чинь би дутуудуулчихсан байна, манай удмынхан бол Баян-Овоогийн толгой тасддаг удмынхан гэж дүүдээ хэлээрэй гэх мэтээр намайг заналхийлсэн байсан. Мөн манай ээж болон манай ажлын газрын дарга руу утсаар залгаж бүгдийг нь хэл амаар доромжилсон байсан. Миний биед гэмтэл учруулснаасаа хойш Г нь надаас уучлалт гуйгаагүй, мөн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зүйл ерөөсөө байхгүй байсан.” (хавтаст хэргийн 145-146 дахь тал)

Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би цагдаагийн газрын томилгооны дагуу гэмт хэргийн дуудлага мэдээлэлд ажиллаж байсан. Тухайн өдрийн 21 цагийн үед би дуудлагаар явж байгаад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Тансаг хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүх шаардлагатай болоод Тансаг дэлгүүр дээр ирээд гадаа хаалгаар нь орох гэж байтал уг дэлгүүрийн баруун хойд талд байх засмал зам дээр хурд сааруулагч өнгөрөөд саарал өнгийн “Harrier” загварын машин аваараа татаж зогссон байдалтай байсан. Тухайн замын урд талын шороон дээр 3-4 хүмүүс чанга дуугаар маргалдаад байсан. Тэгээд би Тансаг хүнсний дэлгүүр рүү орж хяналтын камерыг шүүж байх үед гаднаас нэг залуу тухайн дэлгүүрт орж ирсэн ба тухайн залуугийн толгойноос нь цус гарчихсан, гадуураа өмссөн хувцас нь нэлэнхийдээ цус болсон байдалтай орж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд өгөөч гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагын жижүүрийн утсанд дуудлага өгч зодуулсан залууг дагуулж дэлгүүрийн гадаа гарахад таксины жолооч гэх эмэгтэй зодуулсан залууг согтуу залуу зодчихоод машинаа унаад зугтчихлаа гэж надад хэлсэн. Тэгтэл тухайн хүн зодчихоод зугтсан залуугийн эхнэр гэх нэг эмэгтэй согтуу байдалтай зодуулсан залууг чи хүнд зодуулаад шантаачлаад сурсан пизда байна шүү дээ чи хэдэн төгрөг авах юм лалар минь гэж хэлээд зодуулсан залуугийн нүүр рүү алгадсан. Тэгээд цагдаагийн жижүүрийн машин ирээд зодуулсан залуугийн мэдээллийг аваад тэнд байсан хүмүүстэй уулзаж үлдсэн. Зодуулсан залуу толгой эргээд байна машинаа барьж чадахгүй байна гээд байхаар нь би зодуулсан залуугийн машиныг нь Тансаг дэлгүүрийн зогсоол дээр байрлуулж өгчихөөд өөрийг нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын БОЭТ-д хүргэж өгч ажлаа хийхээр явсан.” (хавтаст хэргийн 148-149 дэх тал) 

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баянбогд хүнсний дэлгүүрээс хөдөө явах гээд хүнсний зүйл цуглуулаад машинаа унаад Хан-Уул гэр хороололд байдаг гэр рүүгээ явж байтал араас нэг цагаан машин хурдтайгаар миний хажуугаар гүйцэж түрүүлээд миний урд бараг зогсонгоо алдсан. Тэгээд би араас нь хоёр удаа сигнал дарсан тэгтэл тэр цагаан машин миний урд маш удаан яваад байхаар нь би хажуугаар нь гүйцэж түрүүлэх гээд хурдаа авсан чинь тэр машины жолооч яг надтай зэрэгцээд хурдаа авсан. Тэгтэл миний урдаас машин гарч ирээд би эргээд хурдаа хасаад тухайн цагаан машины ард нь гарсан. Тэгээд би урдаас ирсэн машиныг өнгөрөөгөөд ахиад гүйцэж түрүүлэх оролдлого хийгээд тухайн цагаан машиныг гүйцэж түрүүлээд хашиж зогссон. Тэгээд би бууж очоод тухайн цагаан машины жолооч дээр очоод чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл тэр машины жолооч чи сая дэлгүүрийн гадаа намайг шүргэнгээ алдаад яваа биз дээ тэгээд би араас чинь элдэж ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдээд эхлэх үед тухайн машины жолооч бууж ирээд намайг түлхэж унагаасан ба тухайн үед миний нүдний шил газар унахад миний нүдний шилийг дэвсээд хагалаад хаясан. Тэгэнгүүт нь би босоод машиныхаа багаажнаас эвхдэг сандал гаргаж ирээд хоёр удаа далайсан. Тэгтэл миний өөдөөс хүүхэн шиг юм барилаа халз зодолдъё гээд байхаар нь би сандлаа буцааж багаажид хийчхээд цуг явсан хоёр эмэгтэйгээ суулгаад хөдлөх гэж байсан. Тэгээд намайг машиндаа суухад тухайн жолооч хаачих гээд байгаа юм гээд миний жолооч талын цонхон дээр ирээд хэд хэд намайг цохихоор нь би бууж очоод багажаа онгойлгоод данхраадын ишээр хоёр цохисон ба тухайн үед харанхуй байсан болохоор би аль хэсэгт нь цохисноо мэдэхгүй байна бодвол толгойд нь л байх. Тэгээд унахаар нь өшиглөсөн, тэгээд байж байтал надтай хамт явж байсан хоёр эмэгтэй салгасан. Тэгээд би машиндаа суугаад явсан.” (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Б-ын биед тархи доргилт, толгойд шарх, зүүн бугуйнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. О.Б-ын биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал) 

Б.Г-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 42-67 дахь тал)  

О.Б-оос гаргаж өгсөн нэхэмжилж буй хохиролтой холбоотой баримтууд болон амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар (хавтаст хэргийн 70-77 дахь тал)

Өргөмжлөл (хавтаст хэргийн 78 дахь тал)

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 81-83 дахь тал)

Худалдах худалдан авах гэрээ (хавтаст хэргийн 113-114 дэх тал)

Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 115-117 дахь тал)

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 84-85, 150 дахь тал)

Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 86 дахь тал)

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 153-156 дахь тал)

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 157-165 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.      

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс 26,928,356 төгрөг нэхэмжилсэн. Улсын яллагчийн зүгээс ор хоногийн мөнгө 200,000 төгрөг нь эрүүл мэндийн даатгалын сангаас учраас үүнийг хасаж, MRI авхуулсан төлбөр 400,000 төгрөг, Улаанбаатар хот явсан шатахууны зардал 388,356 төгрөг, нэг сарын цалин 3,500,000 төгрөг зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул хангах үндэслэлтэй гэж дүгнэж байна. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын тухайд гэмт хэргийн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс учирсан өвдөлт шаналал, хохирогч учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогч гэм буруугийн байдал, гэм хор учруулагчийн гэм буруутай үйлдлээ гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр гэм хорын хохирлыг тогтоолгох саналтай байна. Олох байсан орлого 15,840,000 төгрөг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Тиймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нь “...Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрхтэй. О.Б-ын хувьд гэмтлийн улмаас Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 10 хоног хэвтэн эмчлүүлсэн ба 200,000 төгрөгийн төлбөрийг өөрөө төлж барагдуулсан. Мөн хот руу явж MRI-д 400,000 төгрөг, шатахуунд 388,853 төгрөг зарцуулсан. ...“Өлзийт хөсөг” ХХК-д жолооч, менежер гэсэн ажил үүргийг гүйцэтгэдэг бөгөөд компанитайгаа тохиролцоод нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүйгээр цалингаа бэлнээр болон дансаар авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсны дагуу 3,500,000 төгрөгийн цалин олгогддог гэдэг нь тухайн компанийн тодорхойлолт, дансны хуулгаар тогтоогдсон. Мөн 2024 оны 07 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүртэл 1 сар 4 хоногийн хугацаанд О.Б эмнэлгийн байгууллагаар, 14 хоног гэрээр эмчилгээ хийлгэсэн байна ба 07 дугаар сард цалин хагас олгож, 08 дугаар сард цалин хөлс олгогдоогүй. Иймээс эмчилгээ хийлгүүлсэн хугацаа буюу 1 сар 4 хоногийн цалинг нэхэмжилсэн байгаа. Дугуйн дорцов ашиглан хохирол учруулсан нөхцөл байдал, эмчилгээ хийлгэсэн хугацаа, байнга утсаар сүрдүүлж хохирогчийг дарамтад байлгаж байгаа зэргийг харгалзан сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг 2-р зэрэглэлд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөг нэхэмжилж байгаа. Хэрвээ энэ хүний үйлдлээс болж манай үйлчлүүлэгч өнөөдөр гэмтэл шарх авч эмнэлгийн байгууллагаар хэвтэж эмчлүүлээгүй байсан бол олох ёстой байсан орлогоо олоод амьдрал ахуй нь дээшлэх боломж байсан. Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байсан тухайн цаг хугацаанд ажил эхлээд хийгдээд явж байсан. Энэ гэрээ хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байгаа. Энэ ажил 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусах байсан боловч энэ үйл явдлаас хойш энэ ажлаа хийж чадаагүй. Хэвтэн эмчлүүлсэн эмчилгээ хийлгэсэн хугацаагаараа олох ёстой байсан орлогоо тооцсон байгаа. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ийг хүртэл эмчилгээтэй байсан хугацаанд ажлын 22 хоног байна. Нэг өдөрт 300 ширхэг блок хийх байсан үүгээрээ тооцоход олох ёстой байсан орлого болох 15,840,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын зүгээс миний өөрийн буруугаас болж намайг зодуулсан гэж яриад байх шиг байна. Энэ хүн намайг дэлгүүрийн гадаа шүргээд явсан нь үнэн. Би энэ хүний өмнүүр нь орж хашиж зогсоогүй. Би замын хөдөлгөөний дүрмээрээ явж байсан. Миний өмнө хурд сааруулагч байсан учраас би хурдаа сааруулаад явсан. Энэ хүн миний урдуур машинаараа орж ирж хашиж зогсоосон. Тийм учраас энэ хүний буруу гэж бодож байна. Би өөрөө гүйж очоод зодуулсан юм шиг яриад байна гэх тайлбарыг,

Шүүгдэгч нь энэ хүүхдийг төмрөөр цохисондоо хүлцэл өчиж байна. Миний араас ирж маргаан үүсгээгүй бол ийм зүйл болохгүй байсан гэх тайлбарыг тус тус гаргав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Г нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан О.Б-той маргаж, улмаар дугуйн дорцовоор түүний толгой, гарын бугуй хэсэгт цохиж нүүр хэсэгт нь өшиглөж, тархины доргилт, толгойд шарх, зүүн бугуйнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), гэрч Д.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), гэрч Ц.Х-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), гэрч Ц.Т-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 84-85 дахь тал), эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 86 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 153-156 дахь тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 157-165 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын эрүүл мэндэд тархи доргилт, толгойд шарх, зүүн бугуйнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)-ээр тогтоогдож байна.      

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Гын хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нарын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 200,000 төгрөг, MRI зураг авхуулсан 400,000 төгрөг, шатахуунд зарцуулсан 388,356 төгрөг, олох байсан орлого 15,840,000 төгрөг, 01 сар 04 хоногийн цалин 3,500,000 төгрөг, нийт 26,928,356 төгрөг нэхэмжилсэн болно.    

Шүүх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 200,000 төгрөг, MRI зураг авхуулсан 400,000 төгрөг, шатахуунд зарцуулсан 388,356 төгрөг, ажилгүй байсан 01 сар 04 хоногийн цалин 3,500,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөг, нийт 9,768,356 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт илүү нэхэмжилсэн 1,320,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.              

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан байна.     

Мөрдөгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хоёрдугаар зэрэглэл (хавтаст хэргийн 83 дахь тал)-ээр тогтоосныг оролцогчид хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээ хийлгэсэн хугацаа, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэлээ.     

Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, илүү нэхэмжилсэн 1,320,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэдгийг тодорхойлоход хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас хохирогч ажлаас чөлөөлөгдсөн, бага цалинтай ажилд шилжсэн, группэд орсон зэргээс болж одоогийн авч байгаа цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин, олж байсан орлогоос буурсан зөрүүг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан “Өлзийт Хөсөг” ХХК-ийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, депозит дансны хуулга зэрэг хавтаст хэргийн 72-77, 115 дахь талд авагдсан бичмэл нотлох баримтуудаар хохирогч О.Б нь гэмт хэрэг гарснаас хойш 1 сар 4 хоногийн хугацаанд тус компанид жолооч, менежерийн ажил үүргийг гүйцэтгээгүй, эмнэлгийн байгууллагаар эмчилгээ, оношилгоо хийлгэсэн болох нь тогтоогдсон тул дутуу авсан цалин 3,500,000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 200,000 төгрөг, MRI зураг авхуулсан 400,000 төгрөг, шатахуунд зарцуулсан 388,356 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.             

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын зүгээс “Өлзийт хөсөг” ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд буюу ажлын 40 хоногт 1 ширхэг блокны үнийг 2,400 төгрөгөөр тооцож нийт 12,000 ширхэг блокийг нийлүүлэх ажилтай байсан боловч гэмт хэргийн хохирогч болж, эмнэлгээр үйлчлүүлсэн ажлын 22 хоногт энэхүү ажлаа хийж чадаагүй тул өдөрт 300 ширхэг блок гэж тооцож, нийт 6,600 ширхэг блокийг 2,400 төгрөгөөр үржүүлж олох байсан орлогод 15,840,000 төгрөг нэхэмжилнэ гэх тайлбарыг гаргав.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцуулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж олох байсан орлогыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн цаг, сард дандаа бороотой байсан тул өдөр болгон 300 ширхэг блок нийлүүлэх боломжгүй гэж мэтгэлцэв.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх замаар гэм хорыг арилгаж, зөрчигдсөн эрхийг сэргээхээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, тэрчлэн түүний эд хөрөнгийг алга болгосон ба гэмтээсэн бодит хохирлоос гадна олох ёстой байсан орлого хохиролд тооцогддог байна.

Гэмт хэргийн хохирогч болж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авснаас шалтгаалан олох байсан орлогыг дутуу олсон, эсхүл олж чадаагүй хугацааны орлогыг гэм буруутай этгээдээс хохирогч нэхэмжлэх эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа хохирогч өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүрэгтэй байна.    

Хохирогч О.Б болон “Өлзийт хөсөг” ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 2 сарын хугацаанд худалдагч тал болох О.Б-ын зүгээс нийт 12,000 ширхэг блокийг худалдан авагч талд нийлүүлэхээр харилцан тохиролцсон хэдий ч энэхүү чиглэлээр хохирогч өмнө үйл ажиллагаа явуулж, тогтмол орлого олж байсан, олсон орлогоо баталгаажуулж нийгмийн даатгалын шимтгэл болон орлогын албан татвар төлж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэрээнд заасан үнийн дүнг үндэслэн олох байсан орлогыг тодорхойлох үндэслэлгүй гэж дүгнэв. Иймээс хохирогчийн нэхэмжилсэн олох байсан орлого болох 15,840,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийн санкцтай хэрэг байгаа. Шүүгдэгч Б.Г-ын хувьд энэ гэмт хэргийг үйлдэхдээ эд зүйл ашиглаж хохирогчийн бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд нь тохирно гэж үзэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийн хувьд гаргах саналгүй гэх дүгнэлтийг, 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын зүгээс хэлэх зүйл байхгүй гэх, шүүгдэгчийн хувьд ажлаа хийж хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах боломж олгож торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн дугуйн дорцов ашиглан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

Бусад асуудлаар.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 40 см урттай дугуй хэлбэртэй саарал өнгийн төмрийг эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогчийн зүгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөртэй хэлбэр, дүрсийн хувьд тохирохгүй байгаа гэж мэтгэлцсэний дагуу шүүх оролцогчдын хүсэлтийг үндэслэн энэхүү асуудлыг шалгаж тогтоох зорилгоор хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн бөгөөд мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу туршилт хийж, данхраадын иш болон дугуйн дорцовоор цохиулсны улмаас үүсэх мөр, сорвины хэмжээ, хэлбэр, дүрсийг сэргээн тогтоож, гэрэл зургаар баталгаажуулсан байдал, хохирогчийн мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг дугуйн дорцов ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүхээс дугуйн дорцов ашигласан гэж дүгнэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн хувьд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай дугуй хэлбэртэй саарал өнгийн төмрийг буцаан авах хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг төмрийг устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.            

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Т овгийн Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-оос нийт 9,768,356 (есөн сая долоон зуун жаран найман мянга гурван зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлээс 1,320,000 (нэг сая гурван зуун хорин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олох байсан орлого 15,840,000 (арван таван сая найман зуун дөчин мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.        

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай дугуй хэлбэртэй саарал өнгийн нарийн төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

6. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ