| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03439/И |
| Дугаар | 183/ШШ2022/00243 |
| Огноо | 2022-02-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2022/00243
| 2022 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2022/00243 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, *, * төвийн * тоотод байрлах М ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *дүгээр хороо, * давхар, * тоот хаягт оршин суух Т.А /РД:ВЖ********/-д холбогдох
Дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн 9 350 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Гүйцэтгэсэн ажлын дутуу хөлс 4 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д, түүний өмгөөлөгч М.М,
хариуцагч Т.А, түүний өмгөөлөгч Б.Г,
гэрч С.Г, Б.С
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Т.Атай 2021.08.09-ний өдөр 21/16 тоот дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Т.А нь Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *төслийн орон сууцны *давхрын нийт 16 айлуудын нийтийн эзэмшлийн талбай, хонгилд гэрээний 1.1-д заасан заслын ажлуудыг захиалагчийн бараа, материалаар 2021.08.09-ний өдрөөс 2021.10.15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, М ХХК гэрээнд заасан хугацаанд тохирсон хөлс болох 60 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Гэрээний дагуу М ХХК нь урьдчилгаа төлбөр 2021.08.09-ний өдөр 5 000 000 төгрөг, 2021.08.30-ны өдөр 15 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг төлсөн. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, 2021.8.30-ны өдөр сургууль хичээл эхлэх гээд байна гэж гуйсаар байгаад 15 000 000 төгрөгийн урьдчилгаа авснаас хойш барилгын талбайд олон хоногоор ирэхгүй алга болж, ажлаа цалгардуулж, гэрээнд заасан тоонд хүрэхгүй цөөн тооны ажилчдыг барилгын талбайд ажиллуулсан, хугацаанд нь шатны ажлуудаа хийдэггүй зэрэг зөрчил гаргасан. Хариуцагчид энэ талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул 2021.09.24-ний өдөр гэрээг цуцалж, энэ тухай Т.Ад 2021.09.27-ны өдөр албан шаардлагадаа мөн дурдсан. Т.А нь гэрээ цуцлах үеийн байдлаар 10 650 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байдаг. Иймд хариуцагч Т.Агаас урьдчилж илүү төлсөн төлбөр болох 9 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.А болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021.08.09-ний өдөр 21/16 тоот дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Т.А нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******төслийн орон сууцны 3 давхрын нийт 16 айлуудын нийтийн эзэмшлийн талбай, хонгилд гэрээний 1.1-д заасан заслын ажлуудыг захиалагчийн бараа, материалаар 2021.08.09-ний өдрөөс 2021.10.15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, М ХХК гэрээнд заасан хугацаанд тохирсон хөлс болох 60 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Гэрээний дагуу М ХХК нь урьдчилгаа төлбөр 2021.08.09-ний өдөр 5 000 000 төгрөг, 2021.08.30-ны өдөр 15 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн хийж, хүлээлгэж өгөх боломжтой байсан. Олон хоногоор ажлыг цалгардуулсан зүйл байхгүй бөгөөд М ХХК нь хийгээгүй ажлын хөлсийг урьдчилж төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Би хийсэн ажлаа инженер н.Мад хүлээлгэж өгөөд дараагийн ажлаа эхэлж хийж байсан бөгөөд хүнд ажлуудыг нь бараг хийчихсэн байсан. *******төслийн орон сууцны засварын гэрээт ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд би гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авсан, бид 2020 оны 10 сарын 15-ны өдөр гэрээгээр тохирсон ажлаа хийж дуусгаад хүлээлгэж, өгөх боломжтой байхад 26 хоногийн өмнө гэрээг үндэслэлгүй цуцалсан хирнээ илүү төлсөн төлбөр гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт биднийг гэрээний үүргийг хэрхэн зөрчиж, ямар ажлыг дутуу хийснийг нотолсон баримт байхгүй бөгөөд Т.Агийн ажлын дүгнэлт гэсэн баримт нь зөвхөн нэг талын буюу М ХХК-ийн өөрсдийн гаргаж өгсөн баримт тул үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Т.Агийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-ийн захирал Д.Бай Арцатын аманд байрлах өөрийн хувийн хаусын дотоод заслын ажлыг 4 500 000 төгрөгөөр тохирч урьдчилгаанд 1 000 000 төгрөгийг, мөн Буянт ухаа дахь Ла Колина Тауны барилгад дотоод заслын ажлыг 3 000 000 төгрөгөөр хийхээр тохирсон урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг авсан. Тухайн үед би *******төслийн ажлыг авсан бөгөөд 3 газар зэрэг ажиллаж байсан. Инженер Мтай гэрээ байгуулсан боловч гэрээний 1 хувийг өгөөгүй бөгөөд ийм асуудал үүснэ гэж бодоогүй. Миний хувьд Буянт ухаа дахь Ла Колина Тауны ажлыг бүрэн хийсэн бөгөөд энэ талаар захирал Д.Б хэлсэн ба очиж үзнэ гэж хэлсэн. Хувийн хауст багахан газрын обой наах болон гражийн хана будах ажил үлдсэн. Энэ нь шал цутгасны дараа хийгдэх ёстой байсан ба обой нь бас дууссан. Надаас шалтгаалсан ажил биш байсан. Гэвч эдгээр ажлынхаа хөлсний үлдэгдэл 4 500 000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ Арцатын хаус, La Colina төслийн заслын ажлын үлдэгдэл хөлс нийт 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-аас нэхэмжилсэн байдаг. Эдгээр заслын ажлуудыг Т.А нь гүйцэтгэж, үр дүнг М ХХК-д хүлээлгэн өгөхөөр, М ХХК нь тохирсон хөлс мөнгийг төлөхөөр амаар харилцан тохиролцсон нь үнэн. Гэхдээ Арцатын амны таун хаусын заслын ажлын хөлсийг 3,500,000 төгрөгөөр тохиролцсон байхад 4.500,000 төгрөг хэмээн 1 сая төгрөгийг илүү зохиож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь дотоод заслын 2 ажлыг доор дурдснаар дутуу хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөлгүй мөн л ажлыг хаяж явсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэл нь Т.Атай 2021.08.09-ний өдөр байгуулсан 21 16 дугаартай Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах Барилга мега стор төвийн Шинэ 32 төслийн 3 давхрын бүх орон сууц, нийтийн эзэмшлийн талбай болон шатны хонгилын дотор заслын ажлын гэрээтэй холбоотой байхад хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл Хан-Уул дүүрэгт байрлах хаус ба барилгын төсөлтэй холбоотой буюу үндсэн нэхэмжлэлтэй хамт тооцогдох боломжгүй шаардлага байхад шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.1-д заасныг зөрчиж байна. Яармагийн Арцатад хувийн хаусны дотор заслын ажлыг 3 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, ажлын хөлснөөс 1 000 000 төгрөгийг Т.А нь өөрийн хаан банкны дансаар 2021.07.31-ний өдөр авч, ажлаа эхлүүлсэн. Гэвч уг ажлаа дутуу хүлээлгэж өгөлгүй орхиод явсан, түүний дутуу үлдээсэн ажлыг гүйцэтгэх, шаардлага хангаагүй ажлуудыг засуулах зэрэг ажлыг бусдаар гүйцэтгүүлэхээр 2021.12.22-ны өдрийн 21/61 тоот хамтран ажиллах гэрээг Н.Отгонбортой байгуулж, үлдэгдэл бүх ажлыг 2,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байдаг. Түүнчлэн Т.А нь уг төсөлд цонх суулгалт болон амлагааны ажлыг бусдаар гүйцэтгүүлэхээр өөрийн дансаар 1 944 000 төгрөгийг М ХХК-аас авсан боловч уг ажлыг мөн л чанарын шаардлага хангаагүй, дутуу гүйцэтгэсэн байдаг. Иймд Т.А нь Арцатын хувийн хаусны дотор заслын ажлыг дутуу хийсэн, гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй. Ажлаа хаяаад явсан тул хариуцагч хийгээгүй ажлынхаа хөлсийг нэхэмжлэгчээс нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн 16-р хороонд La Colina төсөлд 1-5 давхрын шатны хонгилын өнгө будаг сэртээх. сайжруулах, жижиг хэмжээний заслын ремонтын ажлуудыг 3,000,000 төгрегөөр хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, ажлын хөлснөөс 2,000,000 төгрөгийг 2021.08.09-ний өдөр хариуцагч нь дансаар шилжүүлэн аваад мөн л гүйцээлгүй дутуу орхнж ажлаа хаяж явсан. Тус ажлыг М ХХК өөрсдийн үндсэн ажилчдаар гүйцэтгүүлж дуусгасан. Хариуцагч Т.А нь дээрх ажлыг хийж дуусгаагүй, ажлын үр лүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч нь хийгээгүй ажлынх нь хөлсийг хариуцагчид төлөх үндэслэл байхгүй болно. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 сарын 09-ний өдрийн №21/16 Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, Богд банкны харилцагчийн дансны хуулга, М ХХК-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, М ХХК-иас Т.Ад 2021.09.20-ны өдрийн 282 тоот албан шаардлага, БМС төв шинэ төсөл бригадын ажлын бүртгэл, цагийн бүртгэл, 2021.09.27-ны өдрийн 295 дугаар М ХХК-иас Т.Ад хүргүүлсэн албан шаардлага, Т.Агийн ажлын дүгнэлт, 21/28,21/32,З/16, 21/40, 21/35, 21/39, 21/36, 21/43,21/33, 21/37, 21/31, 21/55 дугаар Ажил гүйцэтгэх гэрээнүүд, гэрээний нэмэлтүүд /хх-ийн 74-118 тал/, 21/55 тоот дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, М ХХК-ийн Богд банк, Хаан банк харилцагчийн дансны хуулгууд, шилжүүлгийн мэдээлэлүүд, М ХХК-ийн гаргасан ажлын гүйцэтгэлүүд /хх-ийн128-159/, 21/61 тоот хамтран ажиллах гэрээ, М ХХК-ийн Хаан банкны дансны хуулгууд, 3-р давхрын заслын ажлын гэрээний нэгтгэл /хх-ийн 166-174/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр С.Г, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Б.С нарыг шүүх хуралдаанд оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Т.Ад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 9 350 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг, хариуцагч Т.А хийсэн ажлын дутуу авсан хөлс 4 500 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал ...хариуцагч Т.А нь барилгын талбайд олон хоногоор ирэхгүй алга болж, ажлаа цалгардуулж, гэрээнд заасан тоонд хүрэхгүй цөөн тооны ажилчдыг барилгын талбайд ажиллуулсан, хугацаанд нь шатны ажлуудаа хийдэггүй зэрэг зөрчил гаргасан. 2021.09.24-ний өдөр гэрээг цуцалж, энэ тухай Т.Ад 2021.09.27-ны өдөр мэдэгдсэн, ...ажлаа дутуу орхиж хаяж явсан тул уг дутуу ажлуудыг өөр хүмүүсээр гүйцэтгүүлж, их хэмжээний зардал гаргасан. Иймд гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн төлбөр 9 350 000 төгрөгийг буцаан гаргуулна гэснийг,
хариуцагч тал ... гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн хийж, хүлээлгэж өгөх боломжтой байсан. Олон хоногоор ажлыг цалгардуулсан зүйл байхгүй бөгөөд М ХХК нь хийгээгүй ажлын хөлсийг урьдчилж төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Би хийсэн ажлаа инженер н.Мад хүлээлгэж, өгөөд дараагийн ажлаа эхэлж хийж байсан бөгөөд хүнд ажлуудыг нь бараг хийчихсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ ...М ХХК-тай тохиролцож, 3 ажлыг зэрэг хийсэн бөгөөд Буянт ухаа дахь Ла Колина Тауны ажлыг бүрэн хийсэн бөгөөд энэ талаар захирал Д.Б хэлсэн ба очиж үзнэ гэж хэлсэн. Хувийн хауст багахан газрын обой наах болон гражийн хана будах ажил үлдсэн. Энэ нь шал цутгасны дараа хийгдэх ёстой байсан ба обой нь бас дууссан. Надаас шалтгаалсан ажил биш байсан. Гэвч эдгээр ажлынхаа хөлсний үлдэгдэл 4 500 000 төгрөгийг төлөөгүй тул дутуу авсан ажлын хөлсөө гаргуулна. гэж тайлбар гаргасныг, нэхэмжлэгч М ХХК ...хариуцагч Т.А нь ажлаа гүйцэд хийгээгүй, уг хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй хирнээ ажлын хөлс нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. гэж тус тус маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Т.А нарын хооронд 2021.08.09-ний өдөр 21/16 тоот дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч Т.А нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******төслийн орон сууцны 3 давхрын нийт 16 айлуудын нийтийн эзэмшлийн талбай, хонгилд гэрээний 1.1-д заасан заслын ажлуудыг захиалагчийн бараа, материалаар 2021.08.09-ний өдрөөс 2021.10.15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, М ХХК гэрээнд заасан хугацаанд тохирсон хөлс болох 60 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ./хх-ийн 8-14/
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч М ХХК нь заслын ажлын урьдчилгаа төлбөрт 2021 оны 08 сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөг, 2021 оны 8 сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг Т.Агийн ХААН банкны дансаар тус тус шилжүүлсэн болох нь, түүнчлэн хариуцагч Т.А нь 2021 оны 9 сарын 24-ний өдрийг хүртэл барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гүйлгээ хийсэн баримтуудаар болон нэхэмжлэгч талаас ирүүлсэн цагийн бүртгэл гэх баримтуудаар тогтоогдож байх ба асуудлаар талууд маргаангүй байна. /хх-ийн 15-16, 25/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.
Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт 2021.09.20-ны өдөр Т.Ад хүргүүлсэн 282 тоот албан шаардлага, БМС төв шинэ төсөл бригадын ажлын бүртгэл, цагийн бүртгэл, 2021.09.27-ны өдрийн 295 дугаар М ХХК-иас Т.Ад хүргүүлсэн албан шаардлага, Т.Агийн бригадын ажлын дүгнэлт зэргийг тус тус ирүүлж, хариуцагч Т.Аг гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчиж, улмаар барилгын талбайд олон хоногоор ирэхгүй алга болж, ажлаа цалгардуулж, гэрээнд заасан тоонд хүрэхгүй цөөн тооны ажилчдыг барилгын талбайд ажиллуулсан, хугацаанд нь шатны ажлуудаа хийдэггүй зэрэг зөрчил гаргасан тул талуудын байгуулсан гэрээний 7.3-д заасан Захиалагч тал Иргэний хуулийн 355.2-т зааснаар гүйцэтгэгч талын хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан давтан зөрчил гаргасан бол ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй., гэрээний 7.4-т гэрээнд заасан ажил хугацаандаа дуусахааргүй байвал аль ч тал гэрээг цуцлах санал гарган цуцлах эрхтэй. гэж зааснаар гэрээ цуцлах мэдэгдлийг 2 удаа хүргүүлж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж тайлбарлаж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч М ХХК нь хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж, үлдэгдэл ажлыг 18 хүнтэй тус тусад нь гэрээ байгуулж, гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 49 023 000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 166-174/
Хариуцагч Т.А нь *******төслийн орон сууцны засварын гэрээт ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд би гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авсан, бид 2020 оны 10 сарын 15-ны өдөр гэрээгээр тохирсон ажлаа хийж дуусгаад хүлээлгэж, өгөх боломжтой байхад 26 хоногийн өмнө гэрээг үндэслэлгүй цуцалсан хирнээ илүү төлсөн төлбөр гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт биднийг гэрээний үүргийг хэрхэн зөрчиж, ямар ажлыг дутуу хийснийг нотолсон баримт байхгүй бөгөөд Т.Агийн ажлын дүгнэлт гэсэн баримт нь зөвхөн нэг талын буюу М ХХК-ийн өөрсдийн гаргаж өгсөн баримт гэж тайлбар гаргажээ.
Иргэний хуулийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй., 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэж заажээ.
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч М ХХК нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, илүү төлсөн мөнгөө гаргуулна гэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т.Агаас гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийг шаардах эрхтэй хэдий ч хариуцагчийг ямар хэмжээнд тухайн ажлыг гүйцэтгэсэн талаар дүгнэсэн баримтгүй, түүнчлэн илүү төлсөн төлбөрийг ямар баримтад үндэслэн нэхэмжилж байгаа талаараа нотлоогүй байна.
Нэхэмжлэгч тал Т.Агийн бригадын ажлын дүгнэлт, ажлын бүртгэл гэх баримтыг хавтаст хэргийн 24, 25 дугаар талд ирүүлсэн байх ба уг баримтад БМС төв шинэ төсөл 3 давхрын заслын бригадын ажлын бүртгэл гэх баримтуудаар гэрээт ажлын нийт хөлсийг тооцохдоо нийт ажилласан хүний тоог, ажилласан цагаар тооцож, ажлын хөлсийг 10 650 000 төгрөгөөр тогтоож, түүнчлэн үлдэгдэл ажлыг 18 хүнтэй тус тусад нь гэрээ байгуулж, гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 49 023 000 төгрөгийг төлсөн зэрэг баримтыг гаргаж, илүү төлсөн төлбөрөө гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, дээрх баримт нь зөвхөн нэхэмжлэгч талын цагийн бүртгэлд үндэслэж, цалин хөлс тооцох байдлаар гаргасан баримт байх ба талуудын байгуулсан гэрээний 1.1-ээр тохирсон дотор заслын ажлын гүйцэтгэл болон хийсэн ажлын үр дүнг тооцсон гэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
Харин хариуцагч Т.Агийн нэхэмжлэгч М ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 4 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр хариуцагч Т.А нь Буянт ухаа дахь Ла Колина Тауны заслын ажлыг болон М ХХК-ийн захирал Д.Батбаярын хувийн хауст заслын ажлыг тус тус хийж өгөхөөр тохирч, улмаар ажлын хөлсний урьдчилгаанд 3 000 000 төгрөг авсан асуудлаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар Т.А нь хийсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй хэдий ч гэрээгээр тохирсон ажлыг хүлээлгэж өгсөн талаараа баримтаар нотлоогүй байгаа нь мөн хуулийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэсэнтэй нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Дээрхийг нэгтгээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Агаас 9 350 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг, хариуцагч Т.Агийн нэхэмжлэгч М ХХК-иас дутуу хөлс 4 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 550 төгрөгийг, хариуцагч Т.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ