Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03491 дүгээр шийдвэртэй Н.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БЗД-н ЗД-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 24 113 790 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргаар томилогдож, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Намайг жирэмсний хүндрэлийн улмаас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цөөхөн хоног акттай байх хойгуур дүүргийн засаг даргын 6/20 тоот тушаалаар албан тушаал бууруулж, тус төвийн ахлах мэргэжилтэн болгосон. 2017 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж, намайг ажилд эгүүлэн тогтоож, 1 670 113 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу гүйцэтгэх хуудас бичин шилжүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тодорхой үр дүнд хүрэхгүй, шүүхийн шийдвэрийг биелээгүй. Иймд хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 24 113 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр Н.Э-ийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 1 670 113 төгрөгийг гаргуулан дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Э-ийн ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэртэй байхаар тогтоож бүтэц, орон тоог дүүргийн Засаг даргын захирамжаар шинэчлэн баталсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/317 дугаар тушаалаар В.Эрдэнэсувдыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар түүнийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар А.Мөнхгэрэлийг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсноос үзэхэд дүүргийн З.Д-д холбогдох хууль тогтоомжоор тус байгууллагын даргыг томилох эрх олгогдоогүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг үндэслэн томилох эрх бүхий этгээд болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг жинхэнэ хариуцагчаар татах нь зүйтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 23 984 444 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129 346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 277 872.22 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “хариуцагч нь БЗД-н ЗД-д холбогдох хууль тогтоомжоор тус байгууллагын даргыг томилох эрх олгогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлж байна. Жинхэнэ хариуцагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг татах нь зүйтэй гэж маргасан. Хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 8/36 дугаар В.Эрдэнэсувдыг ажлаас чөлөөлөх тухай, мөн өдрийн 8/37 дугаар А.Мөнхгэрэлийг ажилд томилох тухай тушаалын хуулбар авагдсан байна. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоог баталжээ. Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг санхүүжүүлэх төсвийн ерөнхийлөн захирагч нь дүүргийн З.Д болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон” гэж дүгнэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “В.Эрдэнэсувдыг ажилд томилох тухай” Б/317 дугаар тушаал, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “В.Эрдэнэсувдыг ажлаас чөлөөлөх тухай” Б/36 дугаар тушаал, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “А.Мөнхгэрэлийг ажилд томилох тухай” Б/37 дугаар тушаал зэргээс үзвэл дүүргийн З.Д шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Н.Э-ийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байгаа нь харагдаж байна. Гэтэл шүүхээс дүүргийн З.Д-г тус хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоог баталсан мөн төсвийн ерөнхийлөн захирагч гэх үндэслэлүүдээр хэлтсийн даргыг томилох эрх бүхий этгээд гэж дүгнэсэн нь алдаатай юм. Учир нь дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжаар батлагдсан тус хэлтсийн дүрмийн 3.6 дахь хэсэгт “Хэлтсийн үйл ажиллагааны зардлыг харьяа агентлаг хариуцна”, 4.1.2 дахь хэсэгт дүүргийн З.Д нь “Хэлтсийн дэд даргыг томилж, чөлөөлөх, хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг үнэлж дүгнэх” гэж заасан байдаг. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн нь “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж чөлөөлнө” гэж заасанчлан нэхэмжлэгч Н.Э-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох эрх бүхий этгээд нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд юм. Анхан шатны шүүхээс нэгэнт хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтад бодитоор үнэлэлт дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс хянаж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хариуцвал зохих жинхэнэ хариуцагчаар сольж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулан шийдвэрлэхдээ хугацааг буруу тооцсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Н.Э нь БЗД-н ЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 24 113 790 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага өөрчлөгдсөн, томилох эрх бүхий этгээд нь З.Д биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Э-ийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 1 670 113 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. /хх-13-22/

Дээрх шийдвэрээр нэхэмжлэгч Н.Э-ийн урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээг сард 831 510 төгрөг гэж тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээтэй холбоотой үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй боловч биелүүлээгүй, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, бүрэн биелэгдээгүй байгаа болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 15270 дугаартай албан бичгээр тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахаар тооцож шийдвэрлэсэн нь буруу болно.

Нэхэмжлэгч Н.Э-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэхдээ түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, холбогдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоох болон үндэслэх хэсгийн дүгнэлтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнөх хугацааны олговрыг гаргуулахаар шаардах эрхгүй болно. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх 21 сарын хугацаагаар цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 17 461 710 төгрөг /21*831 510 төгрөг/ болж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зохих өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд эрхлэх ажлынхаа хүрээнд тушаал гаргасан, уг албан тушаалтны ажиллах асуудал байгааг хариуцахгүй гэж сайдын 2016 оны 12 дугаар сарын 21, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тушаалуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийг ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03491 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “23 984 444” гэснийг “17 461 710” гэж, “129 346” гэснийг “6 652 080” гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “277 872.22” гэснийг “245 258.55” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                              ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ