| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2021/03759/И |
| Дугаар | 184/ШШ2022/01355 |
| Огноо | 2022-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2022/01355
| 2022 04 26 | 184/ШШ2022/01355 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Х овогт Э-ын С /регистрийн дугаар:..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, .... байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт И-ын И /регистрийн дугаар:.../-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, Т ХХК /регистрийн дугаар: .../,
Автомашин буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагч И.И, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Снь хариуцагч И.Ид холбогдуулан автомашин буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2017 онд Т ХХКнаас 4 жилийн хугацаатай лизингээр Тоёота Приус 30 маркийн автомашин худалдаж авсан. Дээрх зээлээ хугацаандаа төлж байгаад 2019 оны 11 дүгээр сард И.И нь миний Т ХХКтай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдлийг төлж барагдуулан, тус автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хооронд амаар гэрээ байгуулагдсан. Үнийн дүнгийн хувьд ямар нэгэн маргаан үүсээгүй. 2018 онд зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөг байсан. Түүнээс хойших хугацаанд зээлийн хүү нэмэгдэж бодогдоно. Одоогоор тус зээлээс 10 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. И.И нь зээлийн гэрээний үүргээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй учраас тодорхой хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон байна. Энэ нь намайг найдваргүй зээлдэгч гэх ангилалд орох нөхцөл болсон. Мөн И.И нь одоо хүртэл зээлээ төлөхгүй байгаа учир хариуцагчаас Тоёота Приус 30 маркийн автомашиныг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч И.И нь автомашинд засвар хийсэн гэх тайлбар хэлдэг боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Хэрэв хариуцагч төлсөн мөнгөө буцааж авах зорилготой байсан бол сөрөг нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 сар явагдаж байхад хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч И.И нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: Би 2019 оны 08 дугаар сард Э.С-ындүү Э.Г-аасТоёота Приус 30 маркийн автомашиныг 9,500,000 төгрөгөөр авахаар тохирч, төлбөрийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авсан. Түүнээс 6,600,000 төгрөгийг нь төлөөд, зээлийг нь хаах зорилгоор банканд очтол 9 сая төгрөг биш, 13,400,000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байж таарсан. Би сар бүр 500,000 төгрөгийг Э.С-ын данс руу хийдэг байсан. Хэрэв анх тохирсон 9,500,000 төгрөгтөө машинаа өгнө гэвэл би үлдэгдэл мөнгөө өгч болно. Эсхүл миний төлсөн мөнгөнөөс 4,000,000 төгрөгийг өгвөл би машиныг өгч болно. Би тус автомашинд 2,000,000 гаруй төгрөгийн засвар хийсэн. Надаас нийт 9,000,000 орчим төгрөгийн зардал гаргасан байна. гэв.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С-дхолбогдуулан 4..-1.. УБО улсын дугаартай ZVW3012... арлын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг өөрийн бодит эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Т ХХК нь Э.С-тай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 10380...дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 14,850,000 төгрөгийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож фидуцийн гэрээ байгуулан, 4..-1.. УБО улсын дугаартай, ZVW30:..... гэсэн арлын дугаартай, Тоёота Приус 30 маркийн суудлын автомашиныг Т ХХКны өмчлөлд бүртгүүлсэн. Э.Снь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй буюу эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, 381 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 18-ны дууссан. Зээлдэгч үндсэн зээлд 8,181,143 төгрөг, хүүгийн төлбөрт 9,087,308 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,218 төгрөгийг тус тус төлсөн. Харин зээлийн үндсэн төлбөрөөс 6,668,856 төгрөг, хүү 2,623,002 төгрөг, нэмэгдүүлсэн хүү / зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлснээс буюу 2018 оны 02 дугаар сараас эхлэн / 261,402 төгрөг, нийт 9,553,262 төгрөгийг төлөөгүй байна. Иймд фидуцийн гэрээний 5.1.1-д заасны дагуу тухайн фидуцийн зүйлийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахын тулд маргаан бүхий автомашиныг Т ХХКны эзэмшилд шилжүүлж өгөхийг Э.С-аасшаардсан. Хөдлөх эд хөрөнгө нь зээлийн төлбөрт хүрэхгүй, эсхүл илүү гарсан ч хамаагүй худалдан борлуулснаар зээлийн гэрээ хаагдана гэсэн үг. Иймд манай талаас машинаа гаргуулахаар шаардаж байна. гэж тодорхойлсон.
4. Нэхэмжлэгч бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд Э.Снь Т ХХКтай зээлийн гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн Т ХХКны зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бие даасан шаардлагыг агуулгын хувьд зөвшөөрч байна гэв.
5. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
Э.С-ыниргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Т ХХКны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай тодорхойлолт, С.Сансарбатын Т ХХК дахь 10860... дугаартай харилцан дансны хуулга, .
6. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: И.Иы Хаан банк дахь 5055662385 дугаартай харилцах дансны хуулга, автомашины фото зураг.
7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10380...дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, Э.С-ынТ ХХК дахь 10380...дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлдэгч Э.С-ынзээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.С-ыннэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Т ХХК-ийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Э.Схариуцагч И.Ид холбогдуулж, худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардсан ба хариуцагч гэрээг цуцлахыг зөвшөөрсөн.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Т ХХК нэхэмжлэгч Э.С-тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээний үүргийг хамтад нь шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн эзэмшлийг Э.С-аасшаардаж, энэ үндэслэлээр зээл болон фидуцийн гэрээний үүргийг бүхэлд нь дуусгавар болгохоор хүсэл зоригоо илэрхийлсэн.
Гуравдагч этгээд Т ХХК-иас Ө.Ат олгосон 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн .... өдрийн итгэмжлэлээс үзвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох, өөрчлөх бүрэн эрх олгогдсон этгээд байна.
Дээрх байдлаар гуравдагч этгээд Т ХХК-ийн зүгээс фидуцийн гэрээний зүйл болох 4..-1.. УБО улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийг шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан маргааны зүйлд хамаатай шаардлага тул бие даасан шаардлага гаргасан болохыг шүүх баталсан.
3. Нэхэмжлэгч Э.Сболон хариуцагч И.И нар 2019 оны 8 дугаар сард 4..-1.. УБО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээг байгуулжээ.
Худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн үндсэн үүрэг болох төлбөр төлөх үүргийн талаар талууд маргасан. Тухайлбал, нэхэмжлэгч тал гэрээний үнийг тодорхойлохдоо: хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх үед Т ХХК-д Э.С-аастөлөх ёстой зээлийн үлдэгдлийн хэмжээгээр гэрээний үнийг харилцан тохиролцсон гэж тайлбарладаг. Хариуцагч тал нэхэмжлэгчийн энэ тайлбарыг эс зөвшөөрч: гэрээний үнийг 9.500.000 төгрөгөөр тохиролцсон гэж зөрүүтэй тайлбарлана.
Дээрх тохиолдолд, нэхэмжлэгч тал 4..-1.. УБО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ нь эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх үед Э.С-аасТ ХХК-д төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй тэнцүү байна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй. Энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй.
Иймд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзах эрхгүй юм. Харин хариуцагч тал гэрээг цуцлахыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан. Энэ тохиолдолд гэрээг ердийн журмаар цуцлах худалдагчийн саналыг худалдан авагч зөвшөөрсөн үндэслэлээр буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр гэрээ цуцлагдана.
4. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах саналаа нөгөө талдаа мэдэгдсэн, нөгөө тал зөвшөөрсөн бол мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээдэг. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч Э.Сгэрээний дагуу шилжүүлсэн 4..-1.. УБО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч И.Иаас буцаан шаардах эрхтэй байна.
5. Нэхэмжлэгч Э.Снь хариуцагч И.Итай гэрээ байгуулах үед тухайн хөрөнгийн өмчлөгч биш байсан болох нь Т ХХК-тай байгуулсан фидуцийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ нь өмчийн хэлцэл биш, үүргийн хэлцэл болохынхоо хувьд өмчлөх эрхгүй этгээд ч бусдын өмнө эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээж болдог. Иймд Э.Сболон И.И нарын хооронд байгуулагдсан харилцан хөрөнгө шилжүүлэх үүрэг үүсгэсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.
6. Худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулахдаа худалдагч Э.Снь өөрийн дүү буюу төлөөлөгч Э.Ганбатаар дамжуулж байгуулсан талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
Төлөөлөгч Э.Г нь Э.С-ынмашиныг зарж байгаа болохоо хариуцагч И.Ид мэдэгдсэн, И.И хожим Э.С-тай уг тохиролцоогоо баталгаажуулсан гэх талуудын тайлбараас үзвэл худалдах-худалдан авах гэрээний харилцаанд Э.Снь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу хожим хэлцлийг зөвшөөрөх байдлаар, төлөөлөгчөөр дамжуулж хэлцэл хийсэн гэж үзнэ. Иймд худалдах-худалдан авах гэрээний худалдагч нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Сбайна.
7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д: Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт нь нэг тал үүргийн гүйцэтгэлийг саатуулах Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан эрх, эсвэл мөн хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан шаардах эрхийг хойшлуулах хуулийн зохицуулалт биш байна.
Учир нь, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхийг нэг тал нөгөө талд мэдэгдсэнээр шууд хэрэгжүүлэх боломжтой.
8. Нэхэмжлэгч Э.Сболон И.И нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч шаардлагаа хэрэгжүүлэх боломжтой тул гэрээний дагуу шилжүүлсэн 4..-1.. УБО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг И.Иаас гаргуулан Э.С-долгох нь зүйтэй гэж үзлээ.
9. Гуравдагч этгээд Т ХХК 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Э.С-тай Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ийн гэрээ байгуулжээ.
Гуравдагч этгээд гэрээний хугацаа дууссан буюу үүрэг гүйцэтгэх хугацаа болсон гэх үндэслэлээр фидуцийн гэрээний зүйл болох 4..-1.. УБО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн бодит эзэмшлийг нэхэмжлэгч Э.С-аасшаардсан байна.
Нэхэмжлэгч Э.СТ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар тогтоогдсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т зааснаар өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар зааж болдог ба хөрөнгийг зээлдэгч Э.Сашиглаж байжээ. Зээлдэгч Э.Сфидуцийн гэрээний зүйл болох хөдлөх хөрөнгийг ашиглаж байхдаа И.Ид худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна.
Худалдах-худалдан авах гэрээний дагуу хөрөнгийн эзэмшлийг худалдан авагч И.Ид шилжүүлэн өгсөн боловч талууд гэрээний төлбөр бүрэн төлөгдөж дууссанаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон болох нь хариуцагч И.Иы: ... Э.Сах дээр очоод үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаад машинаа авъя гэхэд илүү төлбөр нэхсэн ... гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд худалдан авагч И.И нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар 4..-1.. УБО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болж чадаагүй ба уг хөрөнгийн өмчлөх эрх Т ХХК-д хэвээр хадгалагдаж байсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т: Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэж зааснаас үзвэл Т ХХК нь фидуцийн гэрээгээр олж авсан эрхээсээ татгалзаж үндсэн зээлийн үүргээ шаардах, эсхүл фидуцийн гэрээний үүргийг дангаар шаардах эрхтэй байна.
Гуравдагч этгээд Т ХХК зээлийн гэрээний шаардах эрхээсээ татгалзаж, уг үүргийг фидуцийн гэрээний зүйл болох хөдлөх хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар дуусгавар болгох тухай бие даасан шаардлага гаргасан.
Гуравдагч этгээдийн дээрх шаардах эрхийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шаардлагаа хэрэгжүүлэх боломжтой тул фидуциийн гэрээний тал болох Э.С-аасхөрөнгийг гаргуулан Т ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шаардах эрхтэй эсэхийг тогтоодог тул энэ үндэслэлээр 4..-1.. УБО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг И.Иаас гаргуулан Э.С-долгох, мөн Э.С-аасгаргуулан Т ХХК-д олгох талаар шийдвэр гаргасан болно.
11. Өмчлөгчийн шаардах эрхийг хууль тогтоогч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д тодорхойлсон байх боловч мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийн зохицуулалтыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан, бие даасан шаардах эрхийг агуулсан хэм хэмжээ гэж үзсэн болно.
12. Шүүх нэхэмжлэгч Э.С-ыннэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч И.Ид нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Түүнчлэн, хариуцагч И.Ид 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх үүргийг тайлбарлан өгсөн ба 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн.
Хариуцагч И.И дээрх хугацаанд сөрөг нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дангаар шийдвэрлэсэн болно. Иймд хариуцагч И.И нь худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон уг гэрээтэй холбоотой өөр бусад шаардлагыг нэхэмжлэгч Э.С-аасшаардаж шүүхэд хандахад энэ шийдвэр саад болохгүй юм.
13. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Сирээгүй боловч түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д: Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө. гэж заажээ.
Нэхэмжлэгч Э.Снь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандаж өмгөөлөгч С.Үлэмжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг бичгээр гаргасан байна. Энэ баримтын агуулгаас үзвэл нэхэмжлэгч өөрийгөө өмгөөлөгчөөр төлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэхгүй.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд хөрөнгийн зах зээлийн үнийн дүнг нэхэмжлэлийн үнийн дүн гэж үзэхээр заажээ. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардсан тул түүний үнийн дүнгээс тооцож тэмдэгтийн хураамж төлөх ёстой.
Нэхэмжлэгч тал гэрээний үнийг Т ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэлтэй тэнцүү гэж үзсэн. Энэ үнэ нь Т ХХК-ийн шаардсан 9,553,262.94 төгрөг болон хариуцагчаас өмнө нэхэмжлэгчид төлсөн 6.600.000 төгрөгийн нийлбэртэй тэнцүү гэж үзэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч нь 16,153,262.94 төгрөгөөс тооцож тэмдэгтийн хураамж төлөх ёстой.
Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар дутуу төлсөн 168,516 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж, улсын орлогод оруулна.
15. Гуравдагч этгээд Т ХХК бие даасан шаардлага гаргахдаа 238,003 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд нь бие даасан шаардлагаа өөрчилж эд зүйл гаргуулахаар шаардсан. Гуравдагч этгээд тухайн эд зүйлийг зээлийн үүргийн оронд шаардаж байгаа тул түүний үнийг зээлийн үүргийн хэмжээтэй тэнцүү гэж үзэх нь зүйтэй.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл /бие даасан шаардлага/ хангагдсан хэмжээгээр талуудад тэмдэгтийн хураамжийг хариуцуулдаг тул хариуцагч И.Иаас 238,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С-д, нэхэмжлэгч Э.С-аас167,802 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Т ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч И.Иаас 4..-1.. УБО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч Э.С-долгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар нэхэмжлэгч Э.С-аас4..-1.. УБО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж, Т ХХК-иас төлсөн 238.003 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.С-аасдутуу төлсөн 168.516 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, мөн 167,802 төгрөгийг гаргуулан Т ХХК-д, хариуцагч И.Иаас 238,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С-дтус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР