| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2024/1064/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1104 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1104
2024 10 15 1104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
улсын яллагч А.Марал,
бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н,
хохирогч Ч.Ж,
шүүгдэгч А.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Лд холбогдох эрүүгийн 2403 00492 0655 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Л.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Л нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овооны замд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 45 минутын үед “Тоёота Витц” маркийн ... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Ж, Ж.Ү нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Эмнэлгийн төлбөр болох 1,070,000 төгрөг төлсөн. Энэ ослоос хойш би машин жолоодохоо больсон. Цаашид тээврийн хэрэгсэл жолоодохгүй.” гэв.
Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 6 дугаар сарын 24-ний өглөөний 11 цаг өнгөрч байхад над руу “хүүхэд, нөхөр чинь осолд орчихлоо” гэж утсаар танихгүй хүн залгаж хэлсэн. Би тэр үед дөнгөж сувиллаас гараад гэр рүүгээ харих гэж явж байсан. Миний охин 10 настай. Зүүн эгэм, баруун шилбэ нь хугарсан. Одоо охин маань өвдөг болон шагай нь өвдөөд байгаа гэж хэлдэг. Гэвч эмнэлэгт үзүүлж чадаагүй байгаа. Охины маань хөлийг хадсан байгаа. Мөн охины маань сэтгэл санаа нь тогтворгүй, машинаас айдаг болчихсон.” гэв.
Хохирогч Ч.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүүхдээ сургалтын төвөөс нь аваад Чулуун овооны нутаг дэвгэрт байдаг “Номин” худалдааны төвийн баруун талын явган хүний гарцаар гарч байхдаа осолд орсон. Эхний эгнээ замыг гарч байхдаа цаанаас машин ирж байгааг би харсан. Тэгээд хоёр дугаар эгнээ зам руу орох гэж байхдаа машинд мөргүүлээд үнасан. Унаад харахад хүүхэд маань хажууд уйлж байсан. Би босох гэсэн боловч босож чадахгүй байсан. Тэгээд хүмүүс ирж түргэн дуудсан. Гэтэл жолооч А.Л машин дотроо нэлээн сууж байгаад гарч ирсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Дуудлагын лавлагааны хуудас,
/хавтаст хэргийн 2 дахь хуудас/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хавтаст хэргийн 3-6 дахь хуудас/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 7 дахь хуудас/
Хохирогч Ч.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчим охин Ж.Ү-ыг сургалтын төвөөс аваад Баянзүрх дүүрэг орох гээд явж байсан замын эсрэг талаас автобусанд суух гээд зам хөндлөн гарах санаатай явган хүний гарцаар гараад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй гарсан, хойноос урагш чиглэлийн автомашин зорчих хэсгийг гараад цааш урдаас хойшоо чиглэлтэй явган хүний замаар гарах гэж байгаад автомашины хөдөлгөөнийг харахад хөдөлгөөн байхгүй алсаас нэг машин ирж байсан, тэрнээс өөр машин байхгүй болохоор охиноо зүүн гартаа хөтлөөд гарцаар гарж явтал нэг хоёр дугаар эгнээний гол хэсэгт гэнэт машин мөргөсөн, тэгээд нэг сэрэхэд газарт унасан байсан, босох гэхэд босож чадахгүй байсан, охиноо харахад миний хажууд уйлаад хэвтэж байсан, би охиноо “миний охин битгий хөдлөөрэй, аав нь босож чадахгүй байна” гээд байж байтал удалгүй цагдаа, түргэн ирээд эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Одоогоор миний биед учирсан гэмтэл хөл хугарсан, сүүжний далбаа нь цуурсан, аарцагны яс цуурсан, нурууны доод үе гэмтэлтэй гээд одоогоор босож чадахгүй байгаа. ...Би энэ ослоос өмнө биедээ ямар нэгэн гэмтэл бэртэл авч байгаагүй. Хөл хугарсан, сүүжний далбаа нь цуурсан, аарцагны яс цуурсан, нурууны доод үе гэмтэлтэй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байгаа, эм эмчилгээ болон эрүүл мэндэд учирсан хохирол болон ажилгүй үеийн цалин хөлс, бусад гарсан зардлуудыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 11 дэх хуудас/
Бага насны хохирогч Ж.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би аавтайгаа хамт явж байгаад машин мөргүүлсэн. Миний хөл хугарсан, зүүн эгэм хугарсан, биед зулгаралт шарх үүссэн. ...Миний бие эдгэж байгаа. ...Тиймээ аавтайгаа хамт явган хүний замаар гарсан. ...Гомдолтой байгаа, хөл дээрээ босож явж чадахгүй байгаа.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 16 дахь хуудас/
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8618 дугаар “1. Ч.Ж-ийн биед баруун умдаг ясны дээд, доод салааны хэлтэрхий үүсгэсэн зөрсөн, ууцны 1-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал, баруун тохой, баруун чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 23-24 дахь хуудас/
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8620 дугаар “1. Ж.Ү-ын биед зүүн эгэм ясны дунд 1/3-н зөрөөтэй далд, баруун шаант, тахилзуур ясны хөндлөн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 28-29 дэх хуудас/
“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 189 дүгээр дүгнэлт,
/хавтаст хэргийн 36-41 дэх хуудас/
Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
/хавтаст хэргийн 46 дахь хуудас/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл,
/хавтаст хэргийн 53 дахь хуудас/
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Баасанхүүгийн гаргасан 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1388 дугаар “Toyota Vitz маркийн ... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх дүрмийн зүйл заалт зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Явган зорчигч Ч.Ж, Ж.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчөөгүй байна.” гэх мөрдөгчийн магадлагаа,
/хавтаст хэргийн 66 дахь хуудас/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар,
/хавтаст хэргийн 80-81 дэх хуудас/
Бага насны хохирогч Ж.Ү нь Оюуны чадамж сургалтын төвд 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1 сарын хугацаатай англи хэлний сургалтад суралцаж байсан нь үнэн гэх тодорхойлолт, гэрээ байгуулсан тухай тэмдэглэл,
Хохирогч Ч.Жболон бага насны хохирогч Ж.Ү нар нь сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа тухай хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч А.Л нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Чулуун овоо Номин худалдааны төвийн баруун замд “Тоёота Витц” маркийн ... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний “1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, “16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх дүрмийн заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Ч.Ж, бага насны хохирогч Ж.Ү нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол хор уршгийн талаар хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын зүгээс 476,666 төгрөгийн хохирлыг баримт гаргаж өгч шүүгдэгч А.Л-гаас нэхэмжилсэн ба шүүгдэгчийн зүгээс хохирогч нарын хохирол 1,000,000 төгрөгийг өгсөн. Улсын дээд шүүхийн тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх талаар гаргасан жишиг аргачлалын дагуу хохирогч Ч.Ж болон бага насны хохирогч Ж.Ү нарын сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тус бүр 15 дахин нэмэгдүүлж, шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулан хохирогч нарт олгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Л нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоо, “Номин” худалдааны төвийн баруун талын замд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 45 минутын үед Тоёота Витц маркийн ... УБГ улсын дугаар тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч бага насны хохирогч Ж.Ү, хохирогч Ч.Ж нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч А.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч А.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, түүний гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Л нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоо, “Номин” худалдааны төвийн баруун талын замд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 45 минутын үед “Тоёота Витц” маркийн ... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Ж, бага насны Ж.Ү нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дуудлагын лавлагааны хуудас /хх2/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-6/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх7/ хохирогч Ч.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...охиноо зүүн гартаа хөтлөөд гарцаар гарж явтал нэг хоёр дугаар эгнээний гол хэсэгт гэнэт машин мөргөсөн, тэгээд нэг сэрэхэд газарт унасан байсан, босох гэхэд босож чадахгүй байсан, охиноо харахад миний хажууд уйлаад хэвтэж байсан, би охиноо “миний охин битгий хөдлөөрэй, аав нь босож чадахгүй байна” гээд байж байтал удалгүй цагдаа, түргэн ирээд эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн.” гэх /хх11/, бага насны хохирогч Ж.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би аавтайгаа хамт явж байгаад машин мөргүүлсэн. Миний хөл хугарсан зүүн эгэм хугарсан биед зулгаралт шарх үүссэн.” гэх мэдүүлгүүд /хх16/, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8618, 8620 дугаар дүгнэлтүүд /хх23-24, 28-29/, Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх46/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Баасанхүүгийн гаргасан 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1388 дугаар магадлагаа /хх66/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх80-81/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Л нь хохирогч, бага насны хохирогч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ж, бага насны хохирогч Ж.Ү нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар хохирогч Ч.Ж, бага насны хохирогч Ж.Ү нарын эмчилгээний зардалд 476,666 төгрөг гарсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-аар /хх80-81/ Гуравдугаар зэрэглэл гэж тус тус тогтоосон, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дөрөв дэх хэсэг “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д зааснаар нөхөн төлбөрийг шүүгдэгчийн харааны бэрхшээлтэй, группэд байдаг, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 660,000 төгрөгөөр бодож хохирогч тус бүрд 9,900,000 төгрөг /660,000х15/ нийт 19,800,000 төгрөгийн /9,900,000+9,900,000/ хохирлыг хохирогч Ч.Ж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нарт олгох үндэслэлтэй байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь “Оюуны чадамж” сургалтын төвийн тодорхойлолт, суралцагчтай байгуулах гэрээ 4 хуудас баримтыг гарган өгч, 1 удаагийн бүтэн биеийн шинжилгээний үнэ 980,000 төгрөг, 1 удаагийн MRI бүтэн биеийн үзлэгийн үнэ 1,500,000 төгрөг, 1 удаагийн сувиллын зардал 1,000,000 төгрөг, хүүхдээ асарсан хугацааны орлогын дундаж цалин 12 сая төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр 300,000 төгрөг зэргийг, хохирогч Ж нь 4 сарын цалин 4 сая төгрөг, хүү Ж.Ц аавыгаа хэвтэрт байх хугацаанд асарсан хугацааны цалин 3,500,000 төгрөг, MRI үзлэг 1 удаагийн үнэ 1,820,000 төгрөг, 1 удаагийн бүтэн биеийн үзлэг 980,000 төгрөг, рашаан сувилалд явах зардал 2 сая төгрөг, эхнэрээрээ асруулсан 3 сарын цалин 4,300,000 төгрөг, нийт 23,800,000 төгрөгийг тус тус шүүгдэгч А.Л-гаас нэхэмжилсэн.
Дээрх нэхэмжлэлтэй холбоотой бичмэл нотлох баримтаа хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт, мөн хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тэдний эрүүл мэнд бүрэн сайжраагүй болох нь тогтоогдож байх тул хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох А.Л-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зорчих эрх хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох, хорин ялын санкцтай гэмт хэрэг. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч А.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч А.Л-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүхээс шүүгдэгч А.Л-д Эргүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.Л нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Харин шүүгдэгч А.Л-гийн торгох ялаар шийтгэж өгнө үү гэх хүсэлт, мөн улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь, шүүгдэгч А.Л нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгч сард группийн мөнгө 540,000 төгрөг авдаг, харвасны улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн хохирлыг бүрэн төлөөгүй байх тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч А.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.Л нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-гаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нийт 19,800,000 төгрөгийг гаргуулан 9,900,000 төгрөгийг бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-д, 9,900,000 төгрөгийг хохирогч Ч.Ж-д тус тус олгосугай.
6. Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, хохирогч Ч.Ж нар нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох А.Л-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ