Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1105

 

 

 

 

 

  

 

    2024        10           15                                   1105  

                                                                                               

                                                                                                                    

                                                                                                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-д холбогдох эрүүгийн 2406 00000 1877 дугаар хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Г, ... урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Г нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Баатархайханы задгай тоотод М.Г-ийг үл ялих зүйлийн улмаас маргалдан модоор толгой руу нь цохиж, түүний духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Г шүүх хуралдаанд “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 1 дэх хуудас/,

Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15:00 цагийн үед би гэрээсээ гараад хойшоо худаг руу явж байхдаа танил Х гэдэг залуутай таарсан. Тэгэхэд Х-г дагаад гэрт нь орсон. Тэгээд би ганц юм ууя гэхэд Х 0,75 литрийн архи 1 шилийг аваад Хгийн гэрт хувааж уусан. Тэгээд би тасраад нэг сэрэхэд  миний толгой хагарсан цус гарч байсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гэхэд мэдэхгүй гэсэн.” гэх мэдүүлэг,

 /хавтаст хэргийн 6-7 дахь хуудас/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9090 дүгээр: “1. М.Г-ийн биед духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 14-15 дахь хуудас/

 

Шүүгдэгч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “Миний бие Баянзүрх дүүргийн хяналтын прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцлаа, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 41-42 дахь хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/Хавтаст хэргийн 19 дэх хуудас/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 21 дэх хуудас/

 

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

/хавтаст хэргийн 24 дэх хуудас/

 

            Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 47-48 дахь хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

             Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Ч.Г нь 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Баатархайрханы задгай тоотод М.Г-тэй үл ялих зүйлийн улмаас маргалдан модоор толгой руу нь цохиж, түүний духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол төлбөр болох 170.000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

              Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Баатархайханы задгай тоотод М.Г-ийг үл ялих зүйлийн улмаас маргалдан модоор толгой руу нь цохиж, эрүүл мэндэд духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг минутын үед би гэрээсээ гараад хойшоо худаг руу явж байхдаа танил Х гэдэг залуутай таарсан. Тэгэхэд Х-г дагаад гэрт нь орсон. Тэгээд би ганц юм ууя гэхэд Х 0,75 литрийн архи 1 шилийг аваад гараад Х-гийн гэрт хувааж уусан. Тэгээд би тасраад нэг сэрэхэд  миний толгой хагарсан цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх5-7/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9090 дүгээр дүгнэлт /хх14-15/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

              Ч.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

              Иймд шүүгдэгч Ч.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Г нь хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчийн М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ч.Г нь хохирогч М.Г-д эмчилгээний зардалд 170,000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн, мөн хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, MRI зураг авахуулах 170,000 төгрөгийг Ч.Г төлсөн, одоо гомдол саналгүй” гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүхээс шүүгдэгч Ч.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэв.

Шүүгдэгч Ч.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.Г-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ч.Г гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ч.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ч.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Гэрэлд 170,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Н.ОДОНТУУЛ