Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/2018/02696

 

 

 

 

 

     2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/02696

                  Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С... тоотод оршин суух, Б... Г.. /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ..., өөрийн байр, Б..  УТҮГ-т холбогдох

 

            Цалин 4 655 875 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б ТӨААҮГ-ын захирлын 2018 оны 1 сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаал, 2018 оны 4 сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/45 тоот тушаалуудаар ажлаас үндэслэлгүй халагдсан юм. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Хан-Уул дүүргийн анхан шатны 2018.04.02-ны өдрийн ... дугаар шийдвэр, 2018.06.11-ний өдрийн ...тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.03-ны өдрийн 1399 тоот магадлалаар тус тус тогтоож, Б.Гг Б УТҮГ-ын санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэвч ажил олгогч Б УТҮГ нь өнөөдрийг хүртэл намайг ажилд аваагүй бөгөөд дарга нартай удаа дараа уулзсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Иймд 2018 оны 6 сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл буюу 2018 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 4 655 875 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Б УТҮГ-т даалгаж өгнө үү. Цалингаа өмнөх хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэрт бодогдсон хэмжээгээр тооцож нэхэмжилсэн байгаа гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч Б УТҮГ-т холбогдуулан 2018 оны 6 сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 655 875 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Б.Г нь Б ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/45 тоот тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ20198/01483 дугаар шийдвэрээр Б.Гг Б ТӨААТҮГ-ын санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1939 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба дээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 7-20/

 

Харин хариуцагч Б УТҮГ /хуучнаар ТӨААТҮГ/ нь дээрх хүчинтөгөлдөр шийдвэрүүдийг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.” гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй байна.

Гэвч хариуцагч байгууллага нь дээрх тушаалын дагуу Б.Гг уг ажилд нь авч ажиллуулахгүй, ажиллах нөхцлөөр хангахгүй, ажил үүргийг нь эрхлүүлэхгүйгээр нэхэмжлэлд дурдсан 85 хоног болж, улмаар энэ хугацааны цалин хөлсийг олгохгүйгээр хохироосон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласныг, хариуцагч тайлбар гаргаж маргаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр нь нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  

Дээрхээс дүгнэхэд Б.Ггийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо тус шүүхийн 183/ШШ20198/01483 дугаар шийдвэрээр ажлын нэг өдрийн цалинг 54 775 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцож, ажилгүй байсан 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 85 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 4 655 875 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд хариуцагчийн төлөөлөгч Б.Ариунбаяр гарын үсэг зурж, хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Б УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 655 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ггийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Б УТҮГ-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 89 444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ