Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Л.Отгончимэг, 

Хохирогч М.Доржпалам,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Г.Баянбилэг,

Шүүгдэгч С.Цоож, Г.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүхбаатарын Цоож, Гонгорын Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн 201722000087 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 8-30 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 01 сар 07 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  Хариад Сүхбаатарын Цоож, регистрийн РУ91012535 дугаартай,

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж тэнссэн, 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Сум дундын 27 дугаар шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тайж Гонгорын Отгонбаатар, регистрийн РЮ74111111 дугаартай,

Шүүгдэгч С.Цоож, Г.Отгонбаатар нар нь тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхдаа буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бүлэглэн Мөрөн сумын 13 дугаар багийн 41-01 тоотод оршин суух М.Доржпаламын гэрээс хөөрөг, гаансны мөнгөн хэрэглэл, 2 ширхэг бедон, 2 ширхэг гар утас, гурил зэрэг эд зүйлийг хулгайлан авч 5.585.000 /таван сая таван зуун наян таван мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Цоож, Г.Отгонбаатар нар нь тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхдаа 2017 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бүлэглэн Мөрөн сумын 13 дугаар багийн 41-01 тоотод оршин суух М.Доржпаламын гэрээс хөөрөг, гаансны мөнгөн хэрэглэл, 2 ширхэг бетон, 2 ширхэг гар утас, гурил зэрэг эд зүйлийг хулгайлан авч 5.585.000 /таван сая таван зуун наян таван мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч С.Цоож шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 1 ширхэг бедон, 1 ширхэг утас авсан. Өөр юм аваагүй гэв.

Шүүгдэгч С.Цоожийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 02-р сарын хэдний өдөр байсныг нь би сайн санахгүй байна. Би өөрийн танил болох Тахир хочит Мөнхнасан ахтай Буманз бүжгийн газарт таараад бид хоёр хоорондоо ярилцаад 13 дугаар хороонд оршин суух Зандраагийн гэрт нь очихоор болоод 13 дугаар хороо руу явсан. ...Зандраагийн гэрт ороод бид нар нэг шил архи хувааж уусан. Тэгээд Отгонбаатар хоёулаа хальт гарчихаад ирье гээд бид хоёр Зандраагийн гэрээс хойшоогоо өгсөөд явж байтал Отгонбаатар айлын хашаа руу яваад орсон. Тэр айлын хашаа нь онгорхой байсан. Тэгээд би хашааных нь үүдэнд Отгонбаатарыг жаахан хүлээж байгаад гарч ирэхгүй болохоор нь араас нь яваад орсон. Тэр үед би Отгонбаатарын таньдаг айл нь юм болов уу гэж бодсон. Намайг Отгонбаатарын орсон айлруу яваад ороход Отгонбаатар уг гэрийн ертөнцийн зүгээр зүүн талын орны урд мөнгөн гаансны бололтой хэрэглэл барьчихсан зогсож байсан. Тэгээд би Отгонбаатарыг тухайн айлаас хулгай хийх гэж орсон юм байна гэдгийг нь мэдээд уг гэрийн баруун урд хэсэг байсан 2 ширхэг 10 литрийн бедон, баруун талын орон дээр байсан гар утас зэргийг аваад гэрээс гарсан. Тэгээд нэг их удалгүй Отгонбаатар араас шуудайтай гурил үүрчихсэн гарч ирсэн. Тэгэхээр нь би шууд зугтаасан. ... Зандраагийн баруун талд байрлах дэлгүүртэй айлын хашааг нь давж ороод тухайн айлын хүнийг цонхоор нь дуудаж харьцаад гаансны бололтой мөнгөн хэрэглэлийг 2 шил архинаас өгсөн. Бид гурав 0.5 литрийн нэг шил Монгол стандарт, нэг шил 0.75 литрийн стандарт нэртэй архи авсан. Тэгээд бид нар дэлгүүрээс авсан архиа аваад Зандраагийн гэрт очоод уугаад сууж байсан чинь цагдаа нар орж ирсэн. Тэгээд Данх Отгоог хайгаад байсан. Тухайн үед Отгонбаатар Зандраагийн гэрээс гараад явчихсан хашаа явсан гэдэг нь мэдэхгүй байсан. Би Отгонбаатарыг хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02-р сарын 02-ны өдөр охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэсэн. ...тэгээд Цоожтой тааралдаад айлд очихоор хамт явсан. Хойшоо өгсөж явахад нэг айл онгорхой байсан. Тэр айлаас гаансны хэрэглэл, гурил авсан, бусдыг нь Цоож авсан байх гэв.

Шүүгдэгч Г.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2017 оны 02-р сарын 02-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороонд байрлах Зам ангийн хажууд явж байгаад Цоожтой таарсан. Намайг Цоожтой уулзахад хоёулаа хамт айлд оччихоод ирье гэхээр нь би зөвшөөрөөд дагаад явсан. Намайг дагаад явсан чинь Цоож зам ангийн ертөнцийн зүгээр зүүн талд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ертөнцийн зүгээр урд талд цагаан өнгийн хаалгатай айлын хашаа руу Цоож яваад орсон. Би араас нь яваад орсон чинь уг хашаан дотор хоёр гэр байсан. Тэгээд бид хоёр ертөнцийн зүгээр баруун талынх нь гэр лүү явж орсон, тухайн гэрийн зүүн талын орон дээр нэг хүн хөнжил нөмөрчихсөн унтаж байсан. Би гэрт ороод гэрийн эд хогшлыг харсан чинь зүүн талын орон дээр унтаж байсан хүний тушаа дээд унинд гаансны мөнгөн хэрэглэл байхаар нь авсан. Харин Цоож бурхан тахил авдар савных нь тэр хавиар гүйгээд байсан. Тэгж байснаа хоёр ширхэг 10 литрийн бедон аваад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь гараад гүйсэн. ...Зандраагийн гэрт Цоож ороод Насанбаярыг та энийг дэлгүүрт барьцаанд тавиад өгөөч гэж гаансны мөнгөн хэрэглэлээ үзүүлээд Насанбаяр, Цоож бид гурав дэлгүүр лүү явсан. Тэгээд Зоригоо гэх хүний дэлгүүр дээр очсон чинь дэлгүүр нь хаасан байсан чинь Цоож, Насанбаяр хоёр хашааных нь хаалгаар ороод гэрийнх нь цонхыг тогшоод байгаа бололтой байсан. Тухайн үед би гэрийнх нь хашааны үүдэнд зогсож байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Цоож, Насанбаяр хоёр гаансны мөнгөн хэрэглэлээ 15.000 төгрөгөөр зарчихсан гээд гараад ирсэн. Тэгээд бид гурав гэрэлтэй цонх орж нэг шил 0.5 литрийн Стандарт нэртэй архи, нэг шил 0.75 литрийн Стандарт нэртэй архи аваад үлдэгдлээр нь нэг хайрцаг тамхи авсан. Тэгээд бид нар Зандраагийн гэрт нь очоод 0.75 литрийн стандарт архийг хувааж уусан. ... Цоож хоёр ширхэг 10 литрийн бедон болон гар утсыг Зандраад өгөөд байсан. Уг утаснууд одоо Зандраад байгаа байх....гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Хохирогч М.Доржпаламын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 02-ны орой манай хүүхдүүд хашаанд байх байшинруу тоглох гээд явсан, тэгээд би гэртээ ганцаараа үлдсэн. Би шөнө 01 цаг өнгөрч байхад өвчин намдаах эм уугаад унтсан. Тэгээд унтаж байхад манай хүүхдүүд намайг сэрээгээд бедон алга болчихсон байна гээд хэлсэн, дараа нь юмаа шалгасан чинь миний унтаж байсан орон дээр байсан хөөрөг, гар утас, орны дээр унинд өлгөсөн байсан гаансны хэрэглэл зэрэг алга болсон байсан. Хулгайд алдсан хөөрөг, гаансны хэрэглэл болохоор үе дамжиж ирсэн эдлэл байгаа юм. Харин гар утсыг манай охин надад авч өгсөн байсан. Нөгөө эсрэг талын орон дээр байсан гар утас Жимобайлын /ZX208/ 85.000 төгрөгийн утас байсан. Мөн хоёр ширхэг дээр үеийн бедон алга болсон. ... Содон шинж тэмдэг нь болохоор бөндий бөөрөнхий хэлтэй усан манан хөөрөг, бөөрөн дээрээ дугуй хар толботой намхан шүрэн толгойтой хөөрөг байсан. Харин гаансны хэрэглэлээс уут нь эрвээхэй хэлбэртэй мөнгөн хавчаар, мөнгөн цагираг алга болсон байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Ж.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 02 цаг өнгөрч байхад манай байшингийн цонхийг хүн 30-аад минут цохиод тогшоод байсан. Тэгэхээр нь би байшингийнхаа цонхоор хартал Насанбаяр гэдэг хүн зогсож байсан. Тэгээд яасан бэ гэсэн чинь манай ах хөдөөнөөс орж ирээд машиндаа өгөх зардлын мөнгөгүй болчихсон байна. Энэ гаансны хэрэглэл 15.000 төгрөгөнд тавиад маргааш буцаагаад авъя гэсэн. Тэгэхээр нь зардалгүй болсон юм бол тус болъё гэж бодоод Насанбаярт 15.000 төгрөг өгөөд явуулсан, ...Тэгээд маргааш өглөө нь төв орохдоо Насанбаяртай таарч мөнгөө авна гээд нөгөө барьцаанд авсан гаансаа машиндаа хийгээд явж байхад дэлгүүр дээр цагдаа нар ирээд гаансыг хурааж аваад явсан, ...би Насанбаяраас барьцааны 15.000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Т.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг хүмүүс Зандраа гэж дууддаг юм...2017 оны 02-р сарын 02-ны өдөр намайг Мөрөн сумын 10 дугаар хороонд байрлах эгчийнхээ гэрт оччихоод гэртээ ирсэн чинь манай гэрт Цоож гэх дээлтэй залуу, Тахир хочит Мөнхнасан, Насанбаяр, Отгонбаатар нар архи уугаад сууж байсан. Тэгээд би юун хүмүүс манайд ирж архи уугаад байгаа юм бэ гэсэн чинь Цоож гэх залуу уучлаарай гээд байсан. Намайг гэртээ ирэхэд оройн 22 цаг болж байсан. Тэр хүмүүс намайг ирэхэд 0.75 литрийн Стандарт нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Намайг ирснээс хойш Отгонбаатар нэг их удалгүй гараад явсан. Харин Цоож гэх залуу Насанбаяр хоёр 22 цаг өнгөрч байхад манайхаас хоорондоо маргалдаж байгаад хамт гараад явсан. Мөнхнасан манайд хоносон...Надад Отгонбаатар, Цоож хоёр юу ч өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч С.Цоож, Г.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.  

Шүүгдэгч нар нь “хохирогч М.Доржпаламын гэрээс хөөрөг, 1 ширхэг гар утас зэргийг аваагүй”, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь “Насанбаярыг хулгайн эд зүйлийг борлуулсан гэсэн зүйл ангийг сонсгох, хохирогч нарын хүүхдүүдээс хөөрөг байсан эсэхийг шалгах, мөн хамт тоглож байсан хүмүүсийг гэрчээр асуулгах зэрэг зайлшгүй ажиллагаа хийх шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх боловч хохирогч М.Доржпаламын гэрээс хөөрөг, гаансны мөнгөн хэрэглэл, 2 ширхэг бедон, 2 ширхэг гар утас, гурил зэрэг эд зүйл алдагдсан ба шүүгдэгч нар  дээрх эд зүйлийг өндөр настай М.Доржпаламын  дэргэд буюу унтаж байгааг далимдуулан авсан үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үйлдлийн талаар мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар батлагдсан гэж үзэн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад үнэлж, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Мөн хэрэг хэлэлцэх ажиллагаа шүүгдэгч нарын хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдсан болно.

Шүүгдэгч С.Цоож нь урьд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 07 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзах хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шийтгэх тогтоолуудын хуулбарууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 01 сар 07 хоногийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох,

Мөн шүүгдэгч Г.Отгонбаатар нь урьд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 2 жилийн хугацаагаар харгалзах хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шийтгэх тогтоолуудын хуулбарууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгч нарын хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан  оногдуулах хорих ялын дэглэмийг хөнгөрүүлж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Цоож, Г.Отгонбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүугдэгч С.Цоож, Г.Отгонбаатар нар нь хохирогч М.Доржпаламд 400.000 төгрөгөөр үнэлэгдсэн цагаан өнгийн металл бүхий эдэлгээнд орсон гаансны сэтгүүр, цагаан металл бүхий гаансны цохиур, 16см урттай, 0.8см өргөнтэй цагаан өнгийн металл гинж, 20.000 төгрөгөөр үнэлэгдсэн цагаан өнгийн шуудай бүхий шуудайны нүүрэн дээр Өег гэсэн нэр бүхий бичигтэй 20 кг гурил зэргийг буцаан өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хохирлоос хасч тооцон, шүүгдэгч С.Цоожоос 2.582.500 төгрөг, шүүгдэгч Г.Отгонбаатараас 2.582.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Цоожийн цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Отгонбаатар нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хариад Сүхбаатарын Цоож, Тайж Гонгорын Отгонбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Цоожид эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Гонгорын Отгонбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан С.Цоожид 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  51 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 07 хоногийн хорих ялаас заримыг буюу 1 /нэг/ жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Отгонбаатарын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас заримыг буюу 1 /нэг/ жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Цоожид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Отгонбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч С.Цоожийн цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Цоожоос 2.582.500 /хоёр сая таван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг, шүүгдэгч Г.Отгонбаатараас 2.582.500 /хоёр сая таван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Доржпаламд тус тус олгосугай.
  7. Эрүүгийн 201722000087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Отгонбаатар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Отгонбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч С.Цоожид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР