Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЕСМТ сүмийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02693 дугаар шийдвэртэй ЕСМТ сүмийн нэхэмжлэлтэй хариуцагч “А” ХХК, А.Б нарт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 5 072 740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмаа, Д.Сарангэрэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн А.Б-тэй харилцан тохиролцсоны дагуу түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Москвагийн гудамж 5 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхрыг бүхэлд нь буюу 292.8 м.кв талбайг сарын 4 800 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 3.1-д заасны дагуу түрээслүүлэгч тал болох А.Б-д 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх буюу 4 800 000 төгрөгийг барьцаа болгон шилжүүлсэн. Цаашид уг байрыг түрээслэх боломжгүй болж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөр газар руу нүүх болсонтой холбоотойгоор гэрээний 4.4-т заасан үүргийнхээ дагуу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцлах болсон тухай 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр утсаар залгаж албан ёсоор мэдэгдэж, 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн. Учир нь түрээслүүлэгч А.Б нь оффистоо байхгүй, хөдөө ажлаар явсан байсан тул түлхүүрийг өөрийнх нь байгууллагын холбогдох хүнд хүлээлгэн өгсөн. Бид А.Б-өөс барьцаа мөнгө буцаан авах гэж утсаар залгасан боловч утсаа авахгүй, авахаараа хөдөө байна, завгүй байна гэх мэтээр олдохгүй байгаа тул А.Б болон “А” ХХК-аас түрээсийн гэрээний дагуу төлсөн барьцааны мөнгө болох 4 800 000 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү.

А.Б нь гэрээг цуцлах талаар хүлээн зөвшөөрч барьцаа мөнгийг байрыг чөлөөлж өгөх үед хүлээлгэж өгнө, одоо хөдөө сонгуулийн ажилтай байна гэж хэлсэн бөгөөд бид утсаар ярихдаа харилцан тохиролцсон учраас бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй. Бид тохиролцсон хугацаандаа байрыг хүлээлгэн түлхүүрийг өгч, барьцаа мөнгө авахаар залгаж уулзах гэтэл А.Б нь утсаа салгаад бидэнтэй уулзахгүй байсан тул оффисын үүдэнд сахиулаар ажиллаж байсан н.Онон гэх эмэгтэйд А.Б-д түлхүүрийг нь өгөөрэй гээд түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Маргааш нь утсаар асуухад түлхүүрийг А.Б-ийн туслах н.Туул гэх эмэгтэйд хүлээлгэн өгсөн тухай хэлсэн. Манай Бурханы сүм нь гэрээний 1.5, 5.2.1, 5.2.2, 5.2.5-д зааснаар түрээслүүлэгч А.Б-ийн зөвшөөрлөөр өөрийн үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн барилгын үндсэн хийц, засал чимэглэлийг өөрчилж гэмтээхгүйгээр зориулалтын тусгаарлах хана хийж өөрийн зардлаар обьектод урсгал засвар хийж эвдрэл, гэмтэлгүй цэвэрхэн ашиглаж, түрээсийн байрыг чөлөөлж өгөхдөө анх хүлээж авах үеийн байдлаар хэвийн үлдээсэн. Хэрэв манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэл гэмтэл гарсан гэж үзвэл хариуцагч А.Б нь Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш манай байгууллагад гомдол гаргах боломжтой байсан гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн гэрээний дагуу байрыг ашиглахдаа ЕСМТ сүм нь уг барилгад зориулалтын бус хана хийж, 4-5 цонхны шилийг хагалж, паркетан шалыг эвдэж хэмхэлсэн байсан бөгөөд түрээсийн гэрээгээ дуусгавар болгох талаар огт мэдэгдэлгүйгээр, түлхүүрийг огт хамааралгүй этгээд болох нэгдүгээр давхарт байрлаж байсан Ивээл супермаркетын худалдагчид өгсөн байсан. Гэрээг дуусгавар болгох талаар утсаар мэдэгдсэн зүйл байхгүй болно. Гэрээний 4.4-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар тохиролцсон бөгөөд цуцлах санал гаргасан тал 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийг хүлээсэн. Гэрээний 5.1.5-д заасны дагуу ЕСМТ сүм нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулж хийсэн өрөө тусгаарласан ханыг буулгаж аваагүй, хэвийн элэгдэл хорогдлоос гадна барилгын шалыг дахин ашиглах боломжгүйгээр гэмтээсэн, хананы зарим хэсэгт засвар хийхээс аргагүй байдалд оруулсан, цонхыг хагалж солихоос өөр нөхцөлгүй болгосон учир А.Б нь 5 072 740 төгрөгөөр засварлуулсан бөгөөд уг мөнгийг ЕСМТ сүмээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дүгээр зүйлийн 288.2.2-т заасныг баримтлан хариуцагч А.Б, “А” ХХК нарт холбогдох түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 4 800 000 төгрөг гаргуулах тухай ЕСМТ сүмийн нэхэмжлэл, хариуцагч ЕСМТ сүмд холбогдох хохиролд 5 072 740 төгрөг гаргуулах тухай А.Б-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөг, хариуцагч А.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан байх тул хариуцагч “А” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. Хариуцагч А.Б-д 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээг цуцлах талаар 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр утсаар залгаж албан ёсоор мэдэгдсэн. А.Б нь түрээсийн байранд засвар хийж дараагийн түрээслэгчид хүлээлгэн өгөхөөр барилгын “Өндөр түрүү” ХХК-д засвар хийлгэх тухай үнийн саналыг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр явуулсан байх бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдэл нь түрээсийн гэрээг цуцлах талаар мэдсэн гэх хангалттай нотлох үндэслэл болж байхад хариуцагчид бичгээр мэдэгдээгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Мөн шүүх хуралдааны явцад 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр А.Б-ийн гэрт ээжтэй нь болон “А” ХХК-д очиж түрээсийн байр болон түлхүүр хүлээлгэж өгөх гэж уулзсан бичлэгийг хэрэгт хавсаргахаар өгсөн боловч үнэлээгүйд гомдолтой байна. Уг бичлэгээр түрээсийн байр болон түлхүүрийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өгөх гэж удаа дараа оролдсон талаарх мэдээлэл бий. Шүүх хуралдааны явцад тус баримтуудад үзлэг хийлгэхгүй гэж хэлээгүй байхад шүүх “үзлэг хийлгэхгүй гэсэн тул үнэлээгүй” гэж дурдсан нь үндэслэлгүй. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч А.Б-д мэдэгдсэн боловч “А” ХХК-д мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх журмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч ЕСМТ сүм нь хариуцагч А.Б, “А” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 4 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1-2/ хариуцагч А.Б эс зөвшөөрч эд хөрөнгөд учирсан хохиролд 5 072 740 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж /хх.44-45/, харин хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч сүмийн туслагч Б.Гэрэлмаа, нягтлан бодогч Э.Номин, ажилтан Д.Эрдэнэтогтох нар “А” ХХК-ийн нягтлангуудтай уулзсан талаарх бичлэг бүхий флаш диск, тус бичлэг дээрх яриаг буулгасан баримт /хх.88-95/ болон хариуцагч А.Б-д байрыг суллаж өгсөн тухай мэдэгдсэн талаарх гар утасны зурвасыг хэвлэсэн байдлаар баримтжуулж /хх.81/ 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгжээ. Эдгээр баримтуудын хугацаа, агуулгаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх үндэслэлгүй байхад шүүх “хэргийн оролцогч флаш дискэнд үзлэг хийлгэхгүй гэсэн ба фото зураг, уулзалтын бичлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй” гэх үндэслэлийг зааж флаш диск болон холбогдох баримтыг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн, хэргийн оролцогчид шүүх хуралдаанаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаантайгаар гаргаж өгөх боломжгүй баримтыг шүүх хуралдааны үед гаргаж өгсөн тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй. Шүүх ийм эргэлзээтэй нөхцөлд шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх боломжоо хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар зохигчид хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хэрэгт цугларсан баримтуудыг танилцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх хэргийн материал танилцуулах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан дээрх зөрчлийг арилгахгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.БАТЗОРИГ

           

                                 ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ