| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2022/00163/И |
| Дугаар | 103/ШШ2022/00200 |
| Огноо | 2022-05-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2022/00200
| 2022 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2022/00200 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1976 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 7 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овгийн Аваанайн Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оператор жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 3 тоотод оршин суух, Багануур ХК-д оператор жолооч ажилтай, Мончоон овгийн Жамъяансүрэнгийн Мөнх-Одод холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Бямбасүрэн, хариуцагч Ж.Мөнх-Од, нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч А.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний нөхөр Ж.Мөнхбаяр 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бусдын гарт амь үрэгдсэн. Талийгаачийн ажил явдлын үеэр ах дүү төрөл төрөгсөд нь хойтохын буянд зориулан 1.900.000 төгрөг цуглуулж талийгаачийн эгч Ж.Одмаа миний ХААН банкны 5012012406 дугаартай данс руу шилжүүлсэн, харин нөхрийн 12 жил ажилласан ТАМАХ хэсгийн хамт олон буяны ажилд зориулан 2 сая төгрөгийг талийгаачийн дүү Ж.Мөнх-Одын дансаар шилжүүлсэн. Буяны ажилд зориулж өгсөн энэ мөнгийг ар гэр бидэнд өгөх ёстой байсныг Ж.Мөнх-Од дамжуулж өгөлгүй үндэслэлгүйгээр өөртөө завшсан болно. Ж.Мөнх-Од тайлбар хийхдээ дээрхи мөнгийг эгч Ж.Одмаагийн дансанд хийж тусдаа буяны ажил хийсэн мэтээр ярьдаг бөгөөд ийм үйл явдал болоогүй, үүнийгээ нотлох баримтаар харуулаагүй болно. Ж.Мөнх-Одыг нэхэмжлэлийн шаардлагыг яагаад зөвшөөрөхгүй байгааг мэдэхгүй байна. Тухайн 2.000.000 төгрөг миний гар дээр ирэх ёстой. Энэ хүнд ямар ч ухамсар алга. Хувиараа уулзаж хэрүүл маргаан болж байснаас шүүхэд хандаж шйидвэрлүүлье гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ж.Мөнх-Од шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ах Ж.Мөнхбаяр бусдын гарт амь үрэгдсэн нь үнэн. Ах дүү төрөл төрөгсөд бид бүхний зүгээс талийгаачийн ажил явдалд зориулсан, хойтохын буяны мөнгийг ахын эхнэр Б.Бямбасүрэнд өгсөн. Харин Багануур ХК-ийн хэсгийн хамт олны өгсөн 2.000.000 төгрөгийг эгч Ж.Одмаагийн дансанд хийсэн. Эгч Ж.Одмаа нь миний ахын эхнэр А.Бямбасүрэнгийн 5012012406 тоот данс руу шилжүүлсэн байх. Ийм учраас миний зүгээс мөнгөний асуудалд хамааралгүй . Энэ асуудлаар ахин миний ахын ясыг өндөлзүүлэхгүй байхыг хүсье. Буяны ажлын үеэр Бямбасүрэн эгч бид нар таарамж муутай байсан. Мөнгийг уул нь Бямбасүрэнд өгнө гэж бодож байсан боловч бид хоорондоо муудалцаад манайхан тусдаа том эгч Одсүрэнгийнд буяны ажил хийсэн гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нөхөр Мөнхбаяр нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нас барсан, түүний хамт ажиллаж байсан Багануур ХК-ийн ТАМАХ хэсгийн хамт олноос хойтохын буянд нь зориулан өгсөн 2.000.000 төгрөг надад ирэх байсныг талийгаачийн дүү Мөнх-Од надад өгөхгүйгээр өөртөө завшсан гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч А.Бямбасүрэн шаардлагын үндэслэлээ нотолж гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, нэр бүхий хүмүүсээс буяны ажилд зориулан өгсөн 1.900.000 төгрөгийн баримтыг, хариуцагч Ж.Мөнх-Од нь өөрийн тайлбар, татгалзалаа нотолж 2 хувь гэрэл зураг, Жамъяансүрэнгийн Одмаагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгч А.Бямбасүрэнгийн хүсэлтээр ХААН банкнаас Жамъяансүрэнгийн Мөнх-Одын депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар шаардан гаргуулж авсан болно.
Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:
1 ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Бямбасүрэн нь хариуцагч Ж.Мөнх-Одод холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.Мөнх-Од нь 2.000.000 төгрөгийг өөрийн төрсөн эгч Ж.Одмаагийн данс руу шилжүүлсэн, мөнгийг буяны ажилд зарцуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.Бямбасүрэн нь хариуцагч Ж.Мөнх-Одын ах Ж.Мөнхбаяртай 1998 онд гэр бүл болж, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байгаад нөхөр Ж.Мөнхбаяр нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-6 дугаар тал/
Талийгаач Ж.Мөнхбаярын хойтохын буяны ажилд зориулан Багануур ХК-ийн ТАМАХ хэсгийн хамт олноос 2.000.000 төгрөгийг дүү Мөнх-Одынх нь ХААН банкны 5750494918 дугаартай дансанд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн, Ж.Мөнх-Одын данснаас Ж.Одмаагийн ХААН банкны 5144024090 дугаартай данс руу 07 дугаар сарын 28-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг шилжин орсон, Ж.Одмаагийн ХААН банкны 5144024090 дугаартай данснаас нэхэмжлэгч А.Бямбасүрэнгийн ХААН банкны 5012012406 дугаартай данс руу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1.900.000 төгрөг Буяны юм гэсэн утгатайгаар шилжин орсон болох нь Ж.Мөнх-Од, Ж.Одмаа нарын дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 22, 29 дүгээр тал/
Нэхэмжлэгч А.Бямбасүрэн нь Ж.Одмаагаас шилжиж ирсэн 1.900.000 төгрөг нь ТАМАХ хэсгийн хамт олны өгсөн 2.000.000 төгрөг биш, талийгаачийн ах дүү, төрөл төрөгсдийн цуглуулан өгсөн мөнгө гэж тайлбарлан, тайлбараа нотлох зорилгоор Баяраа том ах 200.000, Нэмэхбаяр 100.000, Х.Болдбаяр 200.000, Д.Алхбаяр 200.000, Алдаа ах 100.000, Энхбаяр 300.000, Лхагва, /Манлай эгч/ 200.000,Сайнаа ах 100.000, Хайдав 100.000, Ганбат 200.000, Отгонбаяр 200.000 төгрөг /1.900.000 данс/ гэж гараар тэмдэглэсэн баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 8 дугаар тал/
Хариуцагч Ж.Мөнх-Од нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа БНХК-ийн хэсгийн хамт олны мөнгийг эгч Ж.Одмаагийн дансанд хийсэн гэж мэдүүлсэн атлаа шүүх хурал дээр Одмаа эгчид мөнгийг бэлнээр өгсөн, надад тухайн үед бэлэн мөнгө байсан, буяны ажилд зориулан зэд бусад зүйл авсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарын дагуу дансны хуулгыг харахад 2,000,000 төгрөг Ж.Мөнх-Одын дансанд орсон боловч Ж.Одмаагийн дансанд 2,000,000 төгрөг ороогүй, Ж.Одмаагийн данснаас 2,000,000 төгрөг бус 1,900,000 төгрөг А.Бямбасүрэнгийн дансанд шилжсэн, 1,900,000 төгрөг нь ТАМАХ хэсгийн хамт олны өгсөн мөнгө гэдгийг нотлох баримтгүй, 2,000,000 төгрөгийг Ж.Мөнх-Од нь эгч Ж.Одмаадаа бэлнээр өгсөн, тухайн мөнгийг ах Ж.Мөнхбаярынхаа хойтохын буяны ажилд зарцуулсан гэдгээ баримтаар нотлоогүй, Улаанбаатар хотод тусдаа буяны ажил хийсэн гэж нотлох баримтаар 2 хувь гэрэл зураг өгсөн боловч тухайн зургийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр авахуулсан, ямар үйл явдал болж байгаа эсэх нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох, цуглуулах гэсэн үүргээ хариуцагч Ж.Мөнх-Од хэрэгжүүлж чадаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Ж.Мөнх-Од нь тухайн 2,000,000 төгрөгийг өөртөө үндэслэлгүйгээр олж авч завшаагүй гэдгээ баримтаар нотолвол хэн буруутай этгээдээс шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мончоон овгийн Жамъяансүрэнгийн Мөнх-Одоос 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овгийн Аваанайн Бямбасүрэнд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мөнх-Одоос 46.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бямбасүрэнд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ