| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/04222/И |
| Дугаар | 101/ШШ2021/03813 |
| Огноо | 2021-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2021/03813
2021 11 22 101/ШШ2021/03813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.С
Хариуцагч: “ЧЭК ” ХХКд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний алданги 2,963,500 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, хариуцагч “ЧЭК ” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.
Энэхүү гэрээний 2.6-д Ажил гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэнэ. Гэрээний 5.4-т Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасан.
“ЧЭК ” ХХК нь тус орон сууцаа гэрээнд заасан хугацаанаас 10 сараар хэтрүүлж 2020 оны 11 дүгээр сарын 01-нд нэхэмжлэгч би байрандаа орсон.
Иймд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 10 сар буюу 305 хоногийн алданги 2,963,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “ЧЭК ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Д.С тэй 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай компани захиалан бариулах гэрээг байгуулаагүй. Уг байр нь бартерын байр бөгөөд “Андын зам констракшн” ХХК-ийн өмч болно. “Андын зам констракшн” ХХК-иас иргэн Э.Оюунтуяад 2019 оны 3 дугаар сарын 19-нд гэрээг шилжүүлсэн. Иргэн Э.Оюунтуяа 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэн М.Гантөмөрт гэрээг шилжүүлж худалдсан. Иргэн М.Гантөмөр нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.С т гэрээг шилжүүлсэн тул иргэн Д.С нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагатай гэрээ байгуулсан гэдэг нь үндэслэлгүй болно.
Манай компани нь залуу гэр бүлийг дэмжих үүднээс тухайн байруудыг зах зээлийн ханшаас бага м.кв-ыг нь 1,090,000 төгрөгөөр хөнгөлөлттэй үнээр борлуулсан.
Нийт захиалагч нартай захиалан бариулах гэрээг байгуулахдаа гэрээний 5.4-т Гүйцэтгэгч захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасан нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа тул нэхэмжлэлд тусгасан хугацаа үндэслэлгүй.
Уг байр нь 2020 оны 9 дүгээр сарын 22-нд Улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авч айлуудыг оруулсан.
Гэрээнд заасан хугацаанаас 3 сар 22 хоног хоцорсон шалтгаан нь Монгол Улсад болон дэлхийн хэмжээнд үүссэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан хил хаагдаж, бараа материалын хомстол үүссэн гэх мэт шалтгаануудаас болсон.
Манай компани Үндэсний худалдаа Аж үйлдвэрийн танхимд 2020 ны 6 дугаар сарын 02-ны өдөр хандаж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 02/331 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” гаргуулж авсан.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “ЧЭК ” ХХК холбогдуулан, Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 2,963,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №2019/03/11-8 дзугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан болох нь хэрэгт авагдсан, “...2019.03.11-ний өдрийн №19/03/11-08 дугаартай гэрээний дагуу захиалсан Sky residence A блок 1 орж 13 давхар D тип орон сууцны төлбөр бүрэн дууссан тул Д.С ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Скай вип констракшн” ХХК-д М.Гантөмөр, Д.Даваадаорж, Д.С нарын гаргасан хүсэлт, Sky residence A блок 1 орж 13 давхар D тип орон сууцыг захиалан бариулах захиалагч М.Гантөмөр, Д.С нартай тус тус байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №2019/03/11-8 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-нүүд зэрэг нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №2019/03/11-8 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний 2.6-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан гүйцэтгэнэ” 5.4-т “Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө.” гэж тус тус заасныг үндэслэж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрандаа орсон хэмээн нийт 305 хоногийн алданги 2,963,500 төгрөгийг хариуцагчаас шаардсан.
Гэрээний 5.4 дэх заалтаас үзэхэд, ажил гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр зохицуулсан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6.-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги...” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан “Орон сууц хүлээлцэх акт”-аас үзэхэд, талууд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдэж орон сууцыг захиалагч хүлээн авсан байх бөгөөд “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний 2.6-д заасан хугацаа 11 хоног хэтэрсэн нь уг гэрээний 5.4-т заасан 6 сарын хугацаанаас хэтрээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Мөн түүнчлэн, хариуцагч нь Үндэсний худалдаа Аж үйлдвэрийн танхимд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хандаж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 02/331 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” авсан байх бөгөөд “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний 4.1.4-т Ажил гүйцэтгэгч нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд заасан үүргээ бүрэн буюу зарим хэсгийг биелүүлж чадаагүй бол үүссэн нөхцөлд хамаарах хуулийн заалтын дагуу хохиролгүй болгохоор харилцан тохиролцсоныг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ЧЭК ” ХХК-д холбогдох, Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 2,963,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.С ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,366 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА