| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/00757/И |
| Дугаар | 102/ШШ2020/01223 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2020/01223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Бх ХХК
Хариуцагч: Ш.М
Хариуцагч: П.Б
Гэрээний үүрэгт 7.240.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, М.Б, хариуцагч П.Б, өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бх ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ш.М нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Бх ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдэж, мөнгийг зээлдэгчид баримтаар хүлээлгэж өгсөн. Зээлийн гэрээ байгуулахдаа Бх ХХК-ийн өмчлөлд 2005 онд үйлдвэрлэгдсэн .. УБМ улсын дугаартай тоёота естима маркийн тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн. Ш.М зээлийн гэрээний үүрэгт нийт 500.000 төгрөг төлсөн. П.Б гэрээний үндсэн оролцогч биш боловч Ш.Мыг зээлээ төлөхийг шаардахад хүү П.Б нь ээжийнхээ өмнөөс зээлийг төлнө гэдэг тул түүний тайлбарыг үндэслэн давхар хариуцагчаар татсан. Бид зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулахаар Ш.М гуайг хайхад Өмнөговь аймагт байна гэсэн сураг гардаг. Ш.М гуай өөрөө барьцаанд тавьсан машинаа унаж хэрэглэж байгаа бөгөөд машиныг зарж зээлээ төлнө гээд чимээгүй болсон. Зээлийн хугацаанд зээлдэгчийн төлсөн 500.000 төгрөгийг нэхэмжлэлийн үнээс хассан боловч хүү алданги бодохдоо хасаж тооцоогүй. Энэ нь шүүхийн эрх мэдлийн асуудал. Иймд хариуцагч Ш.М, П.Б нараас үндсэн зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 12 сарын хугацааны 2.160.000 төгрөг, алданги 2.580.000 төгрөг нийт 7.740.000 төгрөгийг нэхэмжилж үүнээс 500.000 төгрөгийг хасаж тооцон 7.240.000 төгрөг нэхэмжилнэ. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэв.
Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би ээжийнхээ өмнөөс зээлийг төлнө гэж хэлээгүй. Харин Бх ХХК-ийг дуудхад нь очиж уулзаж байсан нь үнэн. Очиж уулзахдаа ээжийгээ сүлжээ барихгүй газар Өмнөговь аймагт байгаа холбогдоход нь туслая гэж хэлсэн болохоос өмнөөс нь зээлийг төлнө гэж хэлээгүй. Би энэ талаар ямар нэгэн амлалт, бичиг хийж өгөөгүй. Надад холбогдох нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Ш.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ш.М нь Бх ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бх ХХК нь хариуцагч Ш.М, П.Б нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 7.240.000 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Ш.М нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Бх ХХК-тай 179 дугаартай зээл болон фидуцийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, фидуцийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд 2005 онд үйлдвэрлэгдсэн .. УБМ улсын дугаартай тоёота естима маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлжээ. Энэ үйл баримт нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл, фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зээлдэгчид мөнгө хүлээлгэж өгсөн кассын зарлагын ордер, эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудаар тогтоогдож, талууд маргаагүй байна.
Зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна .
Хариуцагч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний өмгөөлөгч нэхэмжилсэн үнийн дүнд барьцаанд байгаа автомашиныг өгөхийг зөвшөөрч тус тус тайлбарласан боловч зээлдэгчийн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу кассаас бэлэн мөнгө хүлээн авсан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, тэрээр гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх, зээлийн гэрээний 4.2-т заасан зээлийн хүү, үндсэн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй буруутай тул үндсэн зээл, хүү, алдангийг төлөх үндэслэлтэй. Гэрээний 2.3, 2.4-т зааснаар зээлдэгч зээлийн хүү, үндсэн төлбөрийг ажлын өдөрт багтаан төлөх, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийг эргэн төлөөгүй тохиолдолд зээл эргэн төлөгдөх сүүлчийн хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн төлөөгүй төлбөрөөс 0,5 хувийн алданги тооцон зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Гэрээгээр зээлдүүлэгч гэрээний 5-д зааснаар фидуцийн гэрээнд заасан хөдлөх эд хөрөнгийг бодитойгоор өмчлөл, эзэмшилдээ шижлүүлэн авах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, фидуцийн зүйлийн үнэ хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах эрхтэй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар П.Бийг татан оролцуулахдаа ээжийнхээ өмнөөс зээл төлөхийг зөвшөөрсөн гэх үндэслэлээр хариуцагчаар татсан гэж тайлбарласан боловч тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, П.Б гэрээний нэг тал биш байх тул түүнээс гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч тал үндсэн зээлийн нийт хүүнээс гэрээний хугацаанд хүүнд төлсөн 500.000 төгрөгийг хасч тооцолгүй хүү, алдангийг бодсон байх тул хүү, алдангаас энэ үнийг хасаж тооцох нь зүйтэй
Иймд хариуцагч Ш.Маас үндсэн зээл 3.000.000 төгрөг гэрээний хугацааны хүүнд /2.160.000-500.000=1.660.000/ 1.660.000 төгрөг, алданги 2.330.000 төгрөг нийт 6.990.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бх ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 250.000 төгрөг, хариуцагч П.Бид холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Маас 196.990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бх ХХК-нд олгож шийдвэрлэв.
Хариуцагч Ш.М өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлсэн тул түүний оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш.Маас 6.990.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бх ХХК-нд олгож, үлдэх 250.000 төгрөг, хариуцагч П.Б нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 2005 онд үйлдвэрлэгдсэн .. УБМ улсын дугаартай тоёота естима маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Маас 196.990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бх ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА