Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 00141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Н.Даваадорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нямдоржийн Даваадоржид холбогдох эрүүгийн 201722000266 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02 өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Гөрөөчин Нямдоржийн Даваадорж, 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЙ89052216 дугаартай,

Шүүгдэгч Н.Даваадорж нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс хөдөө гэрлүүгээ явж байх замдаа эхнэр Ц.Ууганчимэгийг загналаа гэх шалтгаанаар зодож түүний бие махбодид нь баруун зүүн, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Даваадорж нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс хөдөө гэрлүүгээ явж байх замдаа эхнэр Ц.Ууганчимэгийг загналаа гэх шалтгаанаар зодож түүний бие махбодид нь баруун зүүн, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Н.Даваадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: …Би Улаанбаатар хотоос машин аваад 2017 оны 05-р сарын 02-ны өглөө Гуртын гүүрэн дээр явж байгаад найзуудтайгаа тааралдсан, машин авч яваа юм байна гээд пиво уусан, машин барьж явсан Төрөө гэж ахдаа өгөх гэж авсан нэг шил архиа Тариалангийн төвд орж ирээд Төрөө ахынд очоод хувааж уусан. Манай эхнэр надтай хамт явсан төрсөн эгчийн хүүхэд Бямба-Очир руу Тариалангийн төвд айлд байна гэж ярихаар нь гахайн хонхорт очиж эхнэрээ машиндаа суулгаад хөдөө гэрлүүгээ явсан. Би эхнэртээ хүүхдээ орхиод юунд төв рүү орсон юм гэж хэлж байсан. Тэр үед их согтсон, ухаан орж гараад зарим юмыг сайн санахгүй байгаа юм. Би аавынд орж хоол идээд гэртээ ороод унтсан байсан, тэгсэн хүн татахаар нь сэрэхэд цагдаа нар ирсэн байсан. Тэгээд эхнэрээ хартал хоёр нүд нь хавдсан байна. Би эхнэрээ яаж цохисноо санахгүй байна... гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Ууганчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Би Тариалангийн төв ороод гурав хоноод байж байтал 2017 оны 05-р сарын 02-ны өдөр 11 цагийн үед нөхөр Даваадорж Улаанбаатараас Пронтер маркийн машин авчирсэн. Тэгээд хөдөө гэр лүүгээ явсан. Хамт манай нөхрийн эгчийн хүүхэд Бямба-Очир явсан. Тариалангийн төвөөс гараад морь барианы хажуугаар хурдтай яваад байхаар нь аяархан яваач гэсэн Даваадорж ямар ч юм хэлээгүй шууд нүүр лүү гараараа нэг удаа цохисон, тэгээд машинаа зогсоогоод дүү Бямба-Очирыг буу гээд Даваадоржийн хажуугаар зөрч орж ирээд миний үснээс чирч машинаас буулгаад нүүр нүдгүй гараараа цохиод байсан, гараараа хаасан чинь гараа ав гээд цохиод байсан. Тэгээд машинд суу гээд нуруу руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, намайг машинд суухад Бямба-Очир бас машинд суусан, тэгээд машинаа асаагаад гэрлүүгээ хурдаараа давхиад явсан, гэртээ очоод Даваадорж унтахаар нь би цагдаад мэдэгдсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 299 дугаартай:

  1. Ц.Ууганчимэгийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Ц.Ууганчимэгийн биед баруун, зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Ууганчимэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Н.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Даваадоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг 2 сар баривчлах ялын санал бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Ц.Ууганчимэг нь шүүгдэгч Н.Даваадоржтой сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000266 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Гөрөөчин Нямдоржийн Даваадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Н.Даваадоржид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201722000266 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Даваадоржид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.ЭРДЭНЭ-ОЧИР