Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 489

 

О.Е-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч О.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0549 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0659 дүгээр магадлалтай, О.Е-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0549 дүгээр шийдвэрээр: 1. Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.9, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.5, 27.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаал болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалыг Онцгой байдлын ерөнхий газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулах бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын үндэслэл болсон дотоод аудитын ажлын тайлан болон томилолтын илтгэх хуудаст дурдагдсан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчээс зөрчил тус бүрээр нь зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй талаар тайлбар авч, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл үйлдэх бөгөөд захиргааны акт гаргах 3 /гурав/ сарын хугацаа шүүхийн шийдвэрийг бичгээр гарснаас хойш тоологдохыг мэдэгдэж,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаал болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаал хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0659 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0549 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Е-ийн “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/682, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нөхөн гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Е эс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0549 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0659 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үнэлээгүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтад тулгуурласан, нотлох баримтад тулгуурлалгүй үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

- Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаалын тухайд:

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 1.3-т “Хүний нөөцийн мэдээллийн санд баяжилт хийх, Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргах, холбогдох газарт хүргүүлэх” гэж заасан.

Нэхэмжлэгчийн хувьд төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хариуцдаг бөгөөд харин төрийн албаны зөвлөл /өөрөөр хэлбэл Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл/ бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хариуцдаггүй болох нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байхад Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч нь 2014 оны төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргаж Төрийн албаны зөвлөлд хүргүүлээгүй, улмаар тус тайланг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хошууч Б.Батжаргал 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/11 дүгээр албан бичгээр хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

О.Е-ийн хувьд ОБЕГ-ын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаартай тушаал гарах үед эмнэлэгийн албан ёсны магадлагаатай /лист/ эмчлүүлж эзгүй байх хугацаанд уг сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан.

-  Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаалын тухайд:

Давж заалдах шатны шүүх энэхүү үйл баримтыг “нэхэмжлэгч нь дүрэмт хувцасны зөрчилтэй, хээрийн иж бүрдэл дутуу байсныг баримтжуулах ямар нэг нотлох баримт байхгүй гэж маргах боловч нэхэмжлэгчийн дээрх зөрчил нь анхан шатны шүүхэд гаргасан гэрчүүдийн тайлбараар нотлогдож байх тул уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй” хэмээн дүгнэжээ.

Нэхэмжлэгч тухайн зөрчлийг гаргасан болохыг баталгаажуулсан нотлох баримтыг гаргаж өгөхийг анхан шатны шүүхийн шатанд хариуцагч талаас шаардсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхжаргал нь “манайд баталгаажуулсан баримт байхгүй, тийм баримт гаргаж өгөх боломжгүй” хэмээн тайлбарлаж байсан бөгөөд хариуцагч тал уг тушаал гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах болохоос үндэслэлгүй гаргасан тушаалаа хамгаалах үүднээс гэрч асуулгаж баримтжуулж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Мөн нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд өөрийн цалингийн дансны хуулгыг гаргаж өгсөн бөгөөд уг дансны хуулгаас харахад нэхэмжлэгчийн цалингаас суутгал хийгдээгүй болох нь нотлогддог. Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй.

- 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/682 дугаар тушаалын тухайд

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч О.Е  нь дээрх журмыг зөрчиж, Онцгой байдлын ерөнхий газрын онцгой объект болох Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн болох нь Онцгой байдлын ерөнхий газрын Хуулийн зөвлөх, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Д.Даваасүрэнгийн “... О.Е  нь зөвшөөрөлгүй, дураараа Онцгой байдлын ерөнхий газрын онцгой объект болох Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн удирдлагын өрөөнд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг 24 минут, 52 секунтэд ороод 20 цаг 22 минут 28 секунтэд гарсан нь камерт бичигдсэн байсан” гэх илтгэх хуудас, Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлагч Д.Оюундарийн "2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэрэг хөтлөгч, дэд ахлагч О.Е-ийг зөвшөөрөлгүй оруулж, 2 цаг гаруй болсон ..." гэх тайлбар зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн.

Хэрэгт авагдсан тайлбар болон илтгэх хуудсыг дээрх нэр бүхий хүмүүс бичиж гарын үсэг зурсан боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд шүүх уг баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хэрэг юм.

  • 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалын тухайд:

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төргийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4.4-т: 60-70 хүртэл оноо авсан бол “В” буюу дутагдалтай. 7 дугаар зүйлийн 7.1-д: “D” буюу “Дутагдалтай” -албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах гэж тус тус заасан.

Дээрх журамд зааснаар D дүнтэй дүгнэгдсэн албан хаагчийг төрийн албанаас халах бус харин дутагдаж буй мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар сургалтад хамруулах арга хэмжээ авах атал журмаа зөрчиж, төрийн албанаас халж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үндэслэх хэсэгтээ дурдсан боловч удирдлагын зүгээс хэзээ үүрэг даалгавар өгсөн, өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн шалгасан нь тодорхойгүй.

2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалд заасан зөрчил болон уг зөрчилд хариуцлага хүлээлгэж буй хуулийн заалт тохирохгүй, нийцэхгүй тохиолдолд үндэслэлгүй шийдвэрт тооцогдоно.

Гэтэл Давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаартай тушаал нь Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримталсан нь буруу боловч энэ нь уг тушаалыг бүхэлд нь буруутгаж хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, тушаалд заасан Төрийн албаны тухай хуулийн 23, 25, 26 дугаар заалтыг зөрчилтэй холбож хэрэглэх ёстой байтал буруу гэсэн атлаа хүчингүй болгохгүй гэсэн дүгнэлтдээ хуулийн үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.5-д алба хаагчийн онцгой байдлын албанаас халахаар зохицуулсан бөгөөд 5.5-д “энэ журмын 5.5-д заасан зөрчил гаргасан албан хаагчдыг халах асуудлыг Онцгой байдлын ерөнхий газрын ёс зүйн албаны хурлаар хэлэлцэж шийдвэрлэх”-ээр журамласан хэдий ч хариуцагчийн зүгээс дээрх журамд заасны дагуу ёс зүйн хурлаар хэлэлцэлгүй төрийн албанаас халж шийдвэрлэсэн нь дээрх журмыг ноцтой зөрчсөн байхад энэ журмыг хэрэглээгүй.

Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0549 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0659 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн б/216 дугаар тушаалаар “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3...”-д заасныг тус тус баримтлан “...2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, 2015 оны 11-12 дугаар сард зохион байгуулагдсан ... түвшин тогтоох үзлэгээр “D” дүнтэй тус тус дүгнэгдэж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн, ажлын хариуцлага алдаж, (3 удаа) сахилгын шийтгэл хүлээсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.Е-ийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан, нэхэмжлэгчээс “...тушаалын үндэслэл болсон зөрчлүүдийг гаргаж байгаагүй, ... төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, О.Е  нь 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтээр “62.3 оноогоор D үнэлгээ”-тэй, 2015 оны 11-12 сард зохион байгуулагдсан Онцгой байдлын газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр “ерөнхий үнэлэлт- 69.5 оноогоор D үнэлгээ”-тэй, “сахилга хариуцлага, цэрэгжилт, ажлын үр дүнгийн үзүүлэлт- хангалтгүй”  дүгнэгдсэн, уг үнэлгээ дүгнэлттэй холбогдуулан, Захиргааны удирдлагын газрын даргаас “албан тушаал бууруулах” арга хэмжээ авах, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаас “сахилгын арга хэмжээ авах” саналуудыг тус тус гаргасан байна.

Түүнчлэн, Онцгой байдлын ерөнхий газрын даргаас Захиргааны удирдлагын газрын албан хаагчдын үйл ажиллагаанд 2016 оны 03 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд албаны шалгалт явуулж, албан хаагчдын 2015, 2016 оны 1, 2 дугаар сарын үйл ажиллагаанд шалгалт хийх удирдамж баталсны дагуу хийгдсэн албан шалгалтаар тус газрын хүний нөөцийн хэрэг хөтлөгч О.Е  нь “... /зохих/ журмын дагуу албан хаагчдын хувийн хэргийг хөтөлдөггүй, ... хувийн хэргийн нэгдсэн журнал бүртгэл байхгүй, ... хувийн хэргийн архивын сан хөмрөг ... тодорхой бүртгэлгүй, эмх цэгцгүй, ... албан хаагчдын хувийн хэргийг түүврээр авч үзэхэд ... бичилт, баяжилт хийгээгүй, ... хувийн хэргүүдийг товъёоглоогүй, хуудаснууд дугаарлалтгүй, ... хувийн хэргүүд холилдсон...” гэх зэргээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаагаа хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь тогтоогдсон, мөн, О.Е  нь “... хяналт шалгалтын ажлыг төвөгшөөсөн, үл хүндэтгэх хандлага гаргасан, харилцааны соёл, ёс зүйгүй авирласан, хяналт шалгалтын ажилд саад учруулсан” гэх үндэслэлээр “Онцгой байдлын ерөнхий газрын Ёс зүйн хурлаар хэлэлцэх, хариуцлага тооцох” саналыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаас гаргасан байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар уг албаны шалгалтын дүнг хэлэлцсэн, албаны шалгалтаар тогтоогдсон О.Е д холбогдох дээр дурдсан асуудлуудыг уг хурлаар хэлэлцээд “хариуцлага тооцох”-оор шийдвэрлэсэн, уг хуралд О.Е  өөрөө оролцсон, өөрт холбогдох шалгалтын дүнгийн талаар болон илэрсэн зөрчил дутагдалуудыг “гаргаж байгаагүй” талаар аливаа тайлбар, санал гаргаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2 дугаартай хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх тул “... зөрчил гаргаагүй, ... зөрчил гаргасан байдлыг хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж авсан зүйл байхгүй”, “...ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн ... гэх үндэслэл нь тодорхойгүй /нотлогдоогүй/”  гэх зэргээр гаргасан хяналтын гомдол үндэслэлгүй.  

Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Ёс зүйн хурлаар хэлэлцэж хариуцлага тооцох санал гаргасан байхад Ёс зүйн хурлаар хэлэлцүүлээгүй ... даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн нь /буруу/, ... шууд төрийн албанаас халсан...” гэх боловч маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч А.Есөн-Эрдэнийг “ёс зүйн зөрчил гаргасан” үндэслэлээр төрийн албанаас халаагүй, гаргасан саналын дагуу түүний ёс зүйн асуудлыг Ёс зүйн хурлаар хэлэлцүүлээгүй нь нэхэмжлэгч А.Есөн-Эрдэнийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “.../төрийн жинхэнэ албан хаагч/ удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн /бол төрийн албанаас халах/”-аар заасан, хариуцагчаас уг хуулийн заалтыг баримталж,  “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр А.Есөн-Эрдэнийг төрийн албанаас халсан, энэ нь дээр дурдсанаар тогтоогдсон учир уг хуулийн заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан “...D дүнтэй дүгнэгдсэн албан хаагчийг төрийн албанаас халах бус харин дутагдаж буй мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар сургалтад хамруулах арга хэмжээ авах атал журмаа зөрчиж, төрийн албанаас халж байгаа нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Мөн, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар Ч.Отгонцэцэг нарын нэр бүхий 4 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсны дотор “...төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хоцроосон” гэх үндэслэлээр О.Е-д “сануулах” сахилгын шийтгэл, мөн даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар Г.Ган-Эрдэнэ нарын 25 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсны дотор “...“Яаралтай цуглар” дохиогоор хоцорсон, дүрэмт хувцасны зөрчилтэй, хээрийн үүргэвчний иж бүрдэл дутуу” гэх үндэслэлээр Д.Содномрагчаа, О.Е  нарт “албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаалаар нэр бүхий 3 албан хаагчид  сахилгын шийтгэл ногдуулсны дотор “...онцгой обьект, шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд удаа дараа зөвшөөрөлгүй орсон” гэх үндэслэлээр О.Е-д “албан ажилдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах” сахилгын шийтгэл тус тус ногдуулсан, нэхэмжлэгчээс “...сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсныг мэдээгүй, ... дурдсан зөрчлүүдийг гаргаагүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын даргад хүргүүлсэн, Захиргааны удирдлагын газрын албан хаагчдын үйл ажиллагаанд хийсэн албан шалгалтын илтгэх хуудаст дурдагдсан дүгнэлтээс үзвэл, “хүний нөөцтэй холбоотой гарсан нийт тушаалуулын бүртгэлгүй, албан хаагчдын мэдээллийн (шагнал урамшил, шийтгэл) нэгдсэн сан байхгүй, ... албан хаагчдын хувийн хэргийг /зохих журмын дагуу/ хөтөлдөггүй, баяжилт хийдэггүй”-гээс дээрх албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал албан хаагчдын хувийн хэрэгт зохих ёсоор авагдаагүй, сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагч нэг бүрээр тушаал танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт байхгүй хэдий ч хэрэгт авагдсан бусад (гэрчийн мэдүүлэг) нотлох баримтаар, олон албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан уг тушаалуудыг “нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан” болох нь тогтоогдсон, түүнчлэн,  хэрэгт авагдсан Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод зааснаар “хүний нөөцийн хэрэг хөтлөгч” О.Е-ийн албан тушаалыг чиг үүрэгт “хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх, албан хаагчдын хувийн хэргийг хөтлөх, баяжилт хийх ажлыг биечлэн хийх” үйл ажиллагаа багтаж байсан зэргээс үзвэл, маргаан бүхий албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг “хүний нөөцийн хэрэг хөтлөгч” О.Е  “мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч О.Е  нь “төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргах, холбогдох газарт хүргүүлэх” албан тушаалын чиг үүрэгтэй байсан, “2014 оны төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргаж, тогтоосон хугацаанд Төрийн албаны зөвлөлд хүргүүлээгүй, улмаар тус тайланг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хошууч Б.Батжаргал 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/11 дүгээр албан бичгээр хүргүүлсэн”, “онцгой обьект, шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд зохих зөвшөөрөлгүй нэвтэрсэн” үйл баримтууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... /“яаралтай цуглар” дохиогоор хоцорсон, дүрэмт хувцасны зөрчилтэй, хээрийн үүргэвчний иж бүрдэл дутуу байсан/ зөрчлийг гаргасан болохыг баталгаажуулсан нотлох баримт байхгүй” гэх боловч тухайн зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргаагүй гэх, тухайлбал, “үүргэвчний иж бүрдэл бүрэн гүйцэд байсан” талаарх ямар нэг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй, хэрэгт тийм баримт авагдаагүй, мөн нэхэмжлэгчээс тухайн үед маргаагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх төрийн тусгай албан хаагчид сахилгын хариуцлага хүлээлгэх харилцаанд хэрэглэх ёсгүй Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг маргааны үйл баримтад хамааруулан хэрэглэж, дүгнэлт хийсэн нь буруу, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “... /.../хууль/ зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... төрийн жинхэнэ албан хаагчид/ төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах /сахилгын шийтгэл ногдуулах/”-аар заасан, 2015 онд 3 удаа сахилгын шийтгэл хүлээж, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн О.Е-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн б/216 дугаар тушаал дээрх хуулийн заалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийсэн атлаа “...маргаан бүхий Б/216 дугаар тушаалд ... Төрийн албаны тухай хуулийн ... 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримталсан нь буруу” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тушаалд заасан Төрийн албаны тухай хуулийн 23, 25, 26 дугаар заалтыг зөрчилтэй холбож хэрэглэх ёстой байтал буруу гэсэн атлаа хүчингүй болгохгүй гэсэн дүгнэлтдээ хуулийн үндэслэл бүхий тайлбар хийгээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй боловч, энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0659 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Ц.Энхбаяраас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА