Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0220

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Сундуйсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Саранчимэг, Т.Цэрмаа, Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Г.Батбилэгийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.12, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Батбилэгийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халах тухай” Б/223 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт: “Нэхэмжлэгч Г.Батбилэг нь Хамгаалалтын 1 дүгээр газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа “Эрхэм эрнест” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахгүйгээр цайны газар ажиллуулан 2013 онд 6,141,100, 2014 онд 6,000,000 төгрөг нийт 12,141,000 төгрөгийг бэлэн мөнгөөр авч, төсвийн данснаас гадуур зарцуулсан, мөн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4390111388 дугаарын шатахууны картыг “Петровис” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Шатахуун түгээх станц 6-аас 4 удаа уншуулж, 1,673,450 төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулан авсан, Хамгаалалтын 1 дүгээр газрын аж ахуйн үйлчилгээний автомашинд 2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад 3,126,893 төгрөгийн шатахууныг жишиг нормоос илүү тооцож олгосон болох нь шалгалтын танилцуулга, зөрчлийн жагсаалт, шатахуун зарцуулалтыг шалгасан баримт, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2361 дүгээр тогтоол, гэрч Г.Буянжаргалын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэжээ.

Төсөв, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын байцаагчийн эрхтэй хүн шалгахаар хуульд нарийвчлан зохицуулсан байдаг. Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалтын ажилтан Т.Цэрмаа, Х.Саранчимэг нар нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхгүйгээр хяналт шалгалт явуулж, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэг, 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Засгийн газрын 2002 оны 54 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм”-ийг тус тус зөрчсөн.

Хууль зөрчиж цуглуулсан танилцуулга, хүснэгтийг сахилгын шийтгэл ногдуулах гол баримт болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Шалгалтын танилцуулгыг надад танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй, шалгасан хүмүүс өөрсдөө гарын үсэг зураагүй баримтаар миний асуудлыг шийдсэн.

Эрх бүхий улсын байцаагч байсан бол албан ёсны хэвлэмэл хуудас дээр тамга, тэмдэг, гарын үсэгтэй, төсөв захирагч, нягтлан бодогчийн тайлбартайгаар хариуцлага тооцдог нь хуулийн дагуу тогтсон жишиг байдаг. Энэ бүх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан.

Дараах 3 зөрчилд хууль зүйн үндэслэлгүй буруутгасан талаар:

1. “Эрхэм эрнест” ХХК-тай урьд нь түрээсийн гэрээ байгуулах нь төсөв захирагчийн эрх хэмжээний асуудал бөгөөд цайны газрын түрээсийн мөнгийг урьд нь Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Бат-Өлзий бэлнээр авч байгууллага хамт олны үйл ажиллагаанд зарцуулсаар ирсэн. Намайг Хамгаалалтын 1 дүгээр газрын ахлах нягтлан бодогчоор томилогдсоны дараа удирдлагаас үүрэг өгч цайны газрын түрээсийн мөнгийг байгууллага, хамт олны үйл ажиллагаанд зарцуулж байх ажлыг хариуцуулсан. Тийм учраас цайны газрын түрээс 2013 онд 6,141,100 төгрөг, 2014 онд 6,000,000 төгрөг нийт 12,141,000 төгрөгийг бэлнээр авч байгууллага хамт олны үйл ажиллагаанд зарцуулсан, тэдгээр санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүх болон мөрдөн байцаах байгууллагад гаргаж өгсөн. Энэ мөнгийг хувьдаа ашигласан эсэхийг мөрдөн байцаах байгууллага шалгаад ашигласан болох нь нотлогдоогүй учир нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 530 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

2. Намайг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр данс андуурсан гүйлгээ 1,673,450 төгрөг төсвийн дансанд биш, шатахууны дансанд орж ирэхээр нь эзэн шалтгааныг нь олж тогтоохоор бэлнээр нь гаргуулан авсан явдалд буруутгасан, тухайн үед шалгалтын хүмүүст өөрийн зүгээс мэдэгдэн хүлээлгэж өгсөн, нууж дарагдуулсан зүйл байхгүй. Энэ мөнгийг хувьдаа ашигласан болох нь нотлогдоогүй учир нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 530 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

З. Миний зүгээс тус газрын аж ахуйн үйлчилгээний автомашины шатахууны лимитийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан төсвөөс дур мэдэн илүү тооцож олгосон зүйл огт байхгүй.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Автомашины тоо, хоногийн гүйлтийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 157 дугаар тушаалын хавсралтаар тус газрын санхүү аж ахуйн үйлчилгээнд явах машины шатахууны лимитийг том оврын микробусаар тогтоосон байдаг.

Дээрх тушаалд заасны дагуу Хамгаалалтын газрын дарга буюу төсөв захирагч санхүү аж ахуйн үйлчилгээндээ том оврын микробус буюу мазда маркийн машинаар шатахууны лимитийг сар бүр графикаар батлан өгч байсан. Түүний дагуу батлагдсан төсвийн хэмжээнд шатахууныг зарцуулж ирсэн учир намайг буруутгах үндэслэл байхгүй, холбогдох хууль журмыг зөрчөөгүй.

Авто  машины  хүрэлцээгүйгээс  тухайн  байгууллагын  удирдлагын  зүгээс аксент маркийн автомашиныг санхүү аж ахуйн үйлчилгээндээ явуулсан, батлагдсан шатахууны лимитийг хэтрүүлэхгүй, хэрхэн яаж зарцуулах нь төсөв захирагчийн эрх хэмжээний асуудал юм.

Прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2361 дугаартай тогтоолоор шатахуун ашигласан гэх асуудлыг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон, зөрчил гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Сахилгын шийтгэл ногдуулсан /2015.04.28/-аас хойш 2015 оны 12 дугаар сарын 02-нд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулж, прокурор 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2361 дугаартай тогтоолыг зөрчлийг нотлох баримт болгож дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, ажлаас халсан тушаал гарснаас хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсний дараа гарсан прокурорын тогтоолыг зөрчлийг илрүүлсэн, нотолж буй баримтаар үнэлэх боломжгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол” сахилгын зөрчил гэж үзэхгүй.

Шатахууны асуудал дээр Эдийн засгийн шинжээч Ц.Энхмаагийн гаргасан 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эдийн засгийн шинжилгээний комиссын протоколоор гарсан хохирол байхгүй. Мөн ажлын тооцоогоо   дуусгасан “тойрох” хуудсаар ямар нэгэн өр төлбөр гараагүй.

Шатахуунаас байгууллагад хохирол учраагүй, шатахууныг хувьдаа ашигласан зүйл байхгүй.

Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/223 дугаар тушаалаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, цагдаагийн ахмад Г.Батбилэгийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.9, 40 дүгээр зүйлийн 40.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, учирсан хохирлыг төлүүлж, цагдаагийн ахмад цолыг хураахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс “дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халах тухай” Б/223 дугаар тушаалын нэхэмжлэгч Г.Батбилэгт холбогдох хэсэг Төрийн албаны тухай хуулийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Тодруулбал,

Нэхэмжлэгч Г.Батбилэг нь Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын ахлах нягтлан бодогчоор 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 837 дугаар тушаалаар Улаанбаатар хотын цагдаагийн газарт Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор тус тус томилогдон ажиллаж байсан байх ба Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын ахлах байцаагч Х.Саранчимэг, Т.Цэрмаа нар нь тус газрын даргын баталсан удирдамжийн дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулсан байна.

Нэхэмжлэгчээс “төсөв, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын байцаагчийн эрхтэй хүн шалгахаар хуульд нарийвчлан зохицуулсан. Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалтын ажилтан Т.Цэрмаа, Х.Саранчимэг нар улсын байцаагчийн эрхгүйгээр хяналт шалгалт явуулж хууль зөрчсөн” гэж маргах боловч Цагдаагийн албаны тухай /2013 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтныг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргах явдалтай тэмцэх, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхаас гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ” гэж заажээ. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллага нь Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлэх бүрэн эрхтэй байна.

Хариуцагчаас энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан нь Цагдаагийн албаны тухай /2013 оны/ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д тус тус нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч Г.Батбилэгийн “дээрх хяналт шалгалтаар намайг “Хамгаалалтын 1 дүгээр газрын сул объектыг “Эрхэм эрнест” ХХК-д түрээсийн гэрээ байгуулахгүйгээр цайны газрын зориулалтаар түрээслүүлж, төлбөрийг бэлэн мөнгөөр авч төсвийн данснаас гадуур зарцуулсан”, “тус газрын дансанд орсон 1,673,450 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шатахууны картнаас бэлэн мөнгөөр гаргуулан авч, өөр дээрээ байлгасан бөгөөд өөр ажилд шилжихдээ энэ талаар тайланд тусгалгүй авч явсан, шалгалтын үеэр илрэхэд бэлнээр гаргаж өгсөн”, “аж ахуйн үйлчилгээний автомашины лимитийг жишиг нормоос илүү тооцон 3.1 сая төгрөг завшсан” гэх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй” гэх давж заалдах гомдол дараах байдлаар үндэслэлгүй байна. Учир нь

Хамгаалалтын 1 дүгээр газрын цайны газрыг бусдад түрээсийн гэрээ байгуулахгүйгээр түрээслүүлж, 2014 оны төлбөрт 6 сая төгрөгийг бэлэн мөнгөөр авч, төсвийн данснаас гадуур зарцуулсан гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч Хамгаалалтын 1 дүгээр газрын цайны газрыг “Эрхэм эрнест” ХХК-д түрээсийн гэрээ байгуулахгүйгээр түрээслүүлж, 2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны нийт 6 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг тус компанийн захирал Г.Буянжаргалаас бэлэн мөнгөөр авсан талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч үүнийг “Хамгаалалтын 1 дүгээр газрын удирдлагаас өгсөн чиглэл, хяналтын дор цайны газраа түрээслүүлж, олсон орлогыг байгууллагын хэрэгцээнд зарцуулах шийдвэр өгсөн. Уг мөнгийг хувьдаа ашиглаагүй, байгууллагад зарцуулсан болох нь тогтоогдсон” гэж тайлбарлажээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар тус газрын удирдлагаас Г.Батбилэгт түрээсийн орлогыг байгууллагын хэрэгцээнд зарцуулах талаар чиглэл өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5-д “Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна...”, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тушаалаар баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 12-д “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулна”, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6-д “Төсвийн байгууллагын үндсэн болон туслах үйл ажиллагаа /бусад орлого/-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана”, 3.8-д “Мөнгөн кассын нярав нь анхан шатны орлого, зарлагын баримтыг үндэслэн мөнгөн кассын гүйлгээг хийнэ”, 7.2-т “Мөнгөн кассын нярав бэлэн мөнгөний гүйлгээ тус бүрийг кассын дэвтэрт бүртгэж, ...” 7.4-т “Нягтлан бодогч нь ... бэлэн мөнгөөр хийгдсэн зарлага, санхүүжилтийн тайланг төлбөрийн картын дансны хуулгын хамтаар хавсаргаж ирүүлнэ”, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар баталсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам”-ын 4.1-д “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч дор дурдсан үүрэг хүлээнэ”, 4.1.8-д “Анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, тооллого тооцооны бүх баримтыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтөлж, эмхлэн цэгцэлж, бүрэн гүйцэд бүрдэлтэйгээр архивт актаар шилжүүлэх” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн эд хөрөнгийг холбогдох журамд заасны дагуу зөвхөн бичгээр байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр түрээслүүлэх бөгөөд түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулахаар байна. Мөн төсвийн байгууллага орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаах, бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн тохиолдолд кассын дэвтэрт бүртгэхээс гадна  ахлах нягтлан бодогч анхан шатны бүх баримтыг архивт шилжүүлэх зохицуулалттай байна. Гэтэл нягтлан бодогч Г.Батбилэг нь түрээсийн төлбөрийг бэлэн мөнгөөр хүлээн авсан төдийгүй зарцуулсан баримтаа архивт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь дээр дурдсан хууль, журамд нийцэхгүй юм.

Хэдийгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 530 дугаар тогтоолоор Г.Батбилэгийн дээрх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч энэ нь түүний үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй болохыг тогтоосноос бус түүнийг албан үүргээ гүйцэтгэхдээ дээрх хууль тогтоомж, холбогдох журмыг зөрчсөн зөрчлийг гаргаагүй болохыг тогтоогоогүй.

Хамгаалалтын 1 дүгээр газрын дансанд орсон 1,673,450 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шатахууны картнаас бэлэн мөнгөөр гаргуулан авч, өөр дээрээ байлгасан бөгөөд өөр ажилд шилжихдээ энэ талаар тайланд тусгалгүй авч явсан, шалгалтын үеэр илрэхэд бэлнээр гаргаж өгсөн гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгчээс “н.Гансүх гэгчээс данс андуурч “Петровис” ХХК-ийн картын данс руу 1,673,450 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, учир шалтгааны олохоор шилжүүлсэн мөнгийг бэлэн мөнгөөр авсан. Эзэн шалтгаан нь тодроогүй, надад бэлнээр хадгалагдаж байсан” гэж тайлбарлах боловч Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.5-т “Төсвийн байгууллага бэлэн мөнгөөр болон арилжааны банкны төлбөрийн картаар зарлага хийхдээ зарцуулалтын эрхийн хүрээнд зөвшөөрөгдсөн төсвийн хуваарийн дагуу гүйцэтгэх...”, 3.1-д “Төсөвт байгууллага нь Төрийн сангийн бүртгэлийн данснаас байгууллагын төлбөрийн картын дансаар дамжуулан бэлэн мөнгийг байгууллагын касст хүлээн авч зориулалтын дагуу зарцуулах үүргийг хүлээнэ”, 7.4-д “Нягтлан бодогч нь төсвийн гүйцэтгэлийн болон өглөг, авлагын сар бүрийн мэдээ, тайланг харилцагч Төрийн санд гарган ирүүлэхдээ МГТ1 маягтаар тухайн сарын эцсийн өдрөөр тасалбар болгон бэлэн мөнгөөр хийгдсэн зарлага, санхүүжилтийн тайланг төлбөрийн картын дансны хуулгын хамтаар хавсаргаж ирүүлнэ”, 7.5-д “Төсөвт байгууллагын арилжааны банк дахь төлбөрийн картын дансны орлого, зарлагын гүйлгээ, дансны хуулгатай тулгаж, түүнд тавих өдөр тутмын хяналтыг байгууллагын ерөнхий нягтлан бодогч болон санхүүгийн хэлтсийн дарга хариуцан гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар зайлшгүй бэлнээр гүйлгээ хийх шаардлагатайгаас бусад тохиолдолд төсвийн байгууллагын данснаас бэлэн мөнгөөр зарлага хийх ёсгүйгээс гадна бэлэн мөнгийг зөвхөн кассын нярав хүлээн авч зарцуулах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нягтлан бодогч Г.Батбилэг нь Хамгаалалтын 1 дүгээр газрын дансанд андуурагдаж орсон гэх 1,673,450 төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулан авч, өөртөө байлгасан нь дээрх журмын заалтуудыг зөрчжээ.

Аж ахуйн үйлчилгээний автомашины лимитийг жишиг нормоос илүү тооцон 3.1 сая төгрөг завшсан гэх зөрчлийн тухайд:

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас хийсэн хяналт шалгалтаар нэхэмжлэгч Г.Батбилэг нь Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шатахууны 439029653 дугаартай картнаас 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 3223450 төгрөгийн шатахууныг завшсан зөрчил гаргасныг илрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Үүнээс гадна хэдийгээр цаг хугацааны хувьд маргаан бүхий актыг гарснаас хойш гарсан боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2361 дүгээр тогтоолоор түүний гаргасан зөрчил давхар нотлогдсон байна. Тодруулбал, дээрх прокурорын тогтоолд зааснаар Г.Батбилэг нь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгч нь энэхүү тогтоолд гомдол гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.Батбилэг нь “ажлаас халсан тушаал гарснаас хойш 1 жил, 8 сарын хугацаа өнгөрсний дараа гарсан прокурорын тогтоолыг зөрчлийг илрүүлсэн нотолж буй баримтаар үнэлэх боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж давж заалдах гомдолдоо дурджээ. Гэвч нэхэмжлэгчийн 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 12 сар хүртэл үргэлжилсэн дээрх зөрчлүүдийг 2015 оны 02 дугаар сард явуулсан хяналт шалгалтаар илрүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 /Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй/-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Г.Батбилэг нь Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 /Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ/, 13.1.1 /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, 13.1.9 /албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх/, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 /Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь дараахь эрх, үүрэгтэй байна/, 19.1.2 /батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах/-т тус тус заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.З-д заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дахь заалтын “... 2.6.1.3, ...” гэснийг “... 26.1.3, ...” гэж өөрчилж, “... Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 19.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1 ...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН