Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/00487

 

 

 

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/00487

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг *** хороо, ****** тоотод оршин суух НН.О /РД: УК****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** хороо,******* хотхон, **** байр ** тоотод оршин суух С.Т /РД:ТД**/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 56 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгийн төлөөлөгч Д.Н

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

/Хариуцагч С.Төд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

Нэхэмжлэлийг 2021 оны *** сарын 03-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч С.Төд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, хүүгийн 16 000 000 төгрөг, нийт 56 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие С.Тийн хүсэлтээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж 40 000 000 төгрөгийг нотариатчийн дэргэд ********* Хаан банкны данснаас шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч С.Т нь элдэв шалтаг хэлж өнөөдрийг хүрсэн бөгөөд С.Т нь гэрээгээр эргэн төлөх хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, авсан зээл, хүүг төлөхгүй байна. Иймд зээлдэгч С.Төөс зээлийн үндсэн төлбөр 40 000 000 төгрөг, хүү алданги 16 000 000 төгрөг, нийт 56 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Гэрээгээр тохирсон 1 сарын хүү нь 2 000 000 төгрөг бөгөөд үүнийгээ 9 сараар тооцож, хүү алдангийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2021.03.30-ны өдөр өөрийн ****** тоот дансаар хамаатны дүү болох Н.Оаас сарын 5 хувийн хүүтэй 40 000 000 төгрөг авсан нь үнэн болно. Өөрийн хийж байгаа бизнес үйл ажиллагаанд уг мөнгийг оруулаад ковид-19 хорио цээр, мөн зарим түншлэл болсон хүмүүст хулхидуулсан. Тухайн мөнгийг Н.От өгч чадахгүй хэмжээнд хүрсэн. Нийт 8 сарын хүү болох 16 000 000 төгрөг, үндсэн мөнгөний хамт 56 000 000 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Мөнгөө авч чадахгүй 4 хүнд хариуцлага тооцуулахаар шүүхийн байгууллагад хандаад байгаа бөгөөд уг үйл явц шийдэгдтэл хүүгээ зогсоож мөн хүүний мөнгийг багасгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Өөр дээрээ өмгөөлөгч аван энэ асуудлыг хурдан шуурхай шатанд явуулах учраас энэ байдлыг минь харгалзан авч үзэж хүлээцтэй хандахыг хүсэж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2021.10.15-ны өдрийн 1528 дугаар итгэмжлэл, Н.Оын Хаан банкны дансны хуулга, 2021.03.30-ны өдрийн 0269 дүгээр зээлийн гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 48 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 8 000 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

  1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг зээлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд зээлийн төлбөрийг гэрээнд заасан хүү, алдангийн хамт гаргуулна. гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2021 оны 3 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч С.Т нь нэхэмжлэгчээс 40 000 000 төгрөгийг 2021 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлдэж авсан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 5/

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 40 000 000 төгрөг, үндсэн хүү 2 000 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2021 оны 4 сарын 30-ны өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч С.Т нь дээрх гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй болох зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна.

 

4. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 40 000 000 төгрөг, зээлийн хүү 2 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Нөгөөтэйгүүр, Талуудын байгуулсан гэрээний 2.5-д зээлдэгч нь гэрээний хугацаанд мөнгийг төлөхгүй хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алданги төлнө. гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн хэдий ч дээрх зээлийн гэрээний хугацаанд дэлхий нийтэд үүссэн COVID-19 цар тахал үүссэн нөхцөл байдалтай давхцсан, улмаар хариуцагч С.Т нь зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаараа маргаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж зааснаар алдангийн хэмжээг багасгаж, алдангийг 6 000 000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 48 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, **** зүйлийн 115.1, 115.2.2, 116, 1** зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Төөс зээлийн гэрээний үүрэгт 48 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.От олгож, илүү нэхэмжилсэн 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Оын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 437 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Төөс улсын тэмдэгтийн хураамжинд 397 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ