| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/03581/И |
| Дугаар | 101/ШШ2021/04049 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2021/04049
2021 12 06 101/ШШ2021/04049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А К ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А холбогдох
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Аствишн капитал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компанийн гүйцэтгэх захирал О.Оюунчимэг нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамжинд байрлах 35 дугаартай, 44 айлын орон сууцыг бүтээн байгуулж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан.
Энэхүү бүтээн байгуулсан орон сууцнаас А1 тоотод байрлах 8 м.кв талбайтай эд хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр шийдэж 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрийн компани болох “Аствишн капитал” ХХК руу шилжүүлсэн. Гэтэл тус орон сууцны хууль ёсны өмчлөгч нь байхад энэхүү байрыг хариуцуулж үлдээсэн хүнээс Д.Алимаа гэгч нь түлхүүрийг олж авч хууль бусаар өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Д.Алимаатай нэг биш удаа уулзаж орон сууцыг чөлөөлж өг гэх мэдэгдлийг амаар хэлсэн боловч үл тоож өөдөөс гарахгүй чадахгүй гэж, ухамсаргүй үйлдэл гаргаж байна.
Иймд “Аствишн капитал” ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамжинд байрлах 35 дугаар байрны А1 тоотод хууль бусаар амьдарч байгаа Д.Алимааг тус орон сууцнаас албадан нүүлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Алимаа шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй. Уг орон сууцанд жижүүр, үйлчилгээний ажил эрхэлдэг. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа орон сууцнаас албадан гаргах тухай нэхэмжлэл хууль бус. Нэхэмжлэлд дурьдсан 8 м.кв жижүүрийн өрөөг тус компани анх улсын комисст хүлээлгэж өгсөн байдлыг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. СӨХ уг өрөөг засан сэргээж, байрны камер, цахилгааны пускатель зэрэг орон сууцанд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг байршуулсан байдаг бөгөөд нийт оршин суугчдын эрх ашиг сонирхлыг хөндөж байна.
Тус жижүүрийн өрөө болон техникийн өрөөнүүдийг мэргэжлийн хяналтын зохих байгууллага нь үнэлж дүгнээд, компани гэрчилгээ гаргуулж өмчилсөн байдал нь компани болон СӨХ-ны аль аль нь өмчлөгч байж болохгүй гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл “Аствишн капитал” ХХК яаж, ямар үндэслэлээр гэрчилгээ гаргуулсан нь тодорхойгүй.
Д.Алимаа хариуцагч биш. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч,, Д.Алимааг А1 тоотод хууль бусаар амьдарч байна гэж хэлж байна. Иргэн Д.Алимаа бол СӨХ-ны ажилтан. Аствишн капитал ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Д.Алимаагийн хувьд ажлын байрны гүйцэтгэгчээр өнөөдрийг болтол явж байгаа. Аствишн капитал ХХК-ийн бичиг баримт болон нотлох баримтыг аваад үзвэл энэ байрны бүтэц, инженерийн шугам сүлжээ, анхны сүлжээг зөрчөөд өөрсдөдөө талбай гаргачихсан байх юм бол орон сууцны тухай хуульд заасан торгууль оногдуулах байдал харагдаж байгаа. Иргэн гэдэг нэрэн дор байр бариулж баахан орон сууц худалдаад өөртөө давуу байдал үүсгэсэн байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар зах зээлийн харилцаанд орж байгаа тохиолдолд өөрийн давуу байдлаа хууль бусаар ашиглаж болохгүй гэсэн зарчим алдагдаад байна. Д.Алимаа хариуцагч биш юм гэдэг дээр санал нэг байна. Хариуцагчаа буруу сонгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А К” ХХК нь хариуцагч Д.Алимаад холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 000886412 дугаартай гэрчилгээнээс үзэхэд, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204113506 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13340/ Дандарбаатар гудамж 35 байр а 1 тоот хаягт байршилтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч “Аствишн капитал” ХХК мөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус зааснаар, нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч нь тухайн хаягт амьдардаггүй, ажлаа хийдэг хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичлэг бүхий Си-Ди болон уг бичлэгт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13340/ Дандарбаатар гудамж 35 байр а 1 тоот хаягт байршилтай, ажлын байранд хариуцагч Д.Алимаа байрлаж, оршин сууж буй нөхцөл байдалтай байх бөгөөд уг өрөөнөөс гарахаас татгалзсан утгатай, “...чаддаг юм бол гаргаарай, ... би гараад явсан ч орох оронтой хүн..” гэх зэрэг яриаг бичлэг хийж буй хүнтэй өрнүүлсэн байх тул уг байранд амьдардаггүй, би хариуцагч биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болох нь тогтоогдов.
Хариуцагч Д.Алимаа нь дээрх ажлын байранд оршин суухдаа аливаа гэрээ, хэлцлийг үндэслэл болгоогүй буюу бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, оршин сууж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” 106.3.-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.Алимааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13340/ Дандарбаатар гудамж 35 байр а 1 тоот хаягт байршилтай, ажлын байрны зориулалттай үл хөд эд хөрөнгөөс албадан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алимаагаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Аствишн капитал” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
бу