| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/03209/И |
| Дугаар | 101/ШШ2021/04037 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2021/04037
2021 12 06 101/ШШ2021/04037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.К нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.У холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Кенжегүль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэн тохирч зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, сарын хугацаатай зээлдүүлсэн. Э.Ууганбаяр нь миний машин эвдэрчихлээ, ээжийн хадгаламжийн хугацаа сарын дараа дуусна. Тэр үед мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлсэн. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Э.Ууганбаяр нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байгаа тул 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.У нэхэмжлэлийн шаардлагын талаар бичгээр тайлбар гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Кенжегүль нь хариуцагч Э.Ууганбаярт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар шүүхэд гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Хариуцагчийн дээрх үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саатуулах, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Хас банк” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5в/3714 дугаартай албан бичиг, хариуцагч Э.Ууганбаярын эзэмшдэг Хас банк дахь 5001728201 дугаартай дансны хуулга зэргээс үзэхэд, нэхэмжлэгч Т.Кенжегүлээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгөөр 2 удаа, мөн оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг хариуцагч Э.Ууганбаярт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Талууд бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй буюу нотлох баримт, тайлбарыг шүүхэд гаргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, талууд хэлцэл хийж, зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй, зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр...” гэж тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах үндэсэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Э.У аас 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.К д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.У аас улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.К д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА