Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б-ид холбогдох эрүүгийн 201722000259 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02 өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.Б-,

Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Э-тэй хонь нийлүүлсэн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хамар ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Э-тэй хонь нийлүүлсэн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хамар ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч М.Б-ийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: …2017 оны 05 сарын 01-ний өдөр манай ээж Б-ын бие тааруу байна гэхээр нь эхнэр Гэрэлтунгалагтай хамт Мөрөн сум руу явж ээж дээрээ оччихоод 2017 оны 05 сарын 03-ны өдөр Их-Уул сумын Асгат багт гэртээ харьтал манай хүү Д- нь надад Б.Э- ах хонь ямаатай нь манай хуц ухна нийлсэн чинь надад уурлаж манай хуц ухныг модоор шидэж хөөгөөд манайхыг өөр тийшээ нүүхэд яадаг юм гэж хэлж уурласан талаар хэлсэн. Тэгэхээр нь би Б-ыг гэрийнхээ гадаа байхаар нь Б.Э-ийг дуудчих гэж хэлсэн. Б.Э-ийг ирэхгүй болохоор нь дахин Б-од танай нялх ишиг байна гэж хэлсэн. Удалгүй Б.Э- морьтой манай гэрийн гадаа хүрч ирсэн. Хүрч ирэхээр нь би урдаас нь чи намайг зайлаараа гэж хөөдөг чи өөрөө харин малаа аваад зайлаараа гэж хэлсэн чинь Б.Э- миний урдаас чи өөрөө зайлахгүй гэж хэлэхээр нь Б.Э-ийн нүүр хэсэг рүү цохитол намайг барьж авсан. Намайг барьж авч тонгойхоор нь би мөргөсөн юм шиг байсан, хамраас нь цус гараад унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Б.Э-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2017 оны 05 сарын 02-ны орой хонио хариулж тогтоочхоод гэртээ харьж усруу орж үхсэн үхрээ уснаас гаргаж арьсыг нь өвчөөд гэртээ хоолоо идчихээд хонин дээрээ очтол М.Б- гэж хүний хариулж байгаа хуц, ухнатай манай хонь нийлсэн байсан. Би хуц ухнатай хонь нийлүүллээ гэж М.Б- ахын гэрт очтол Д-, Д- хоёр гэртээ байхаар нь хуц ухнаа харж чадахгүй хонь малтай нийлүүллээ малаа авч өөр газар хашаанд маллаж хариул гэж хэлсэн. Д- ч миний урдаас өөрөө хонио харахад яадаг юм гэж хэлсэн. Тэгтэл маргааш өглөө нь М.Б- ах намайг дуудаж байна гэж манай эхнэр Б- надад хэлсэн. Би орноосоо босоогүй байсан тул орноосоо босч аргамжаан дээрээс морио авчирч унаад М.Б- ахынд явж очтол М.Б- ах надруу уурласан. Хүүхэд дээрэлхээд чи өөрөө малаа аваад зайлаараа гэхээр нь би урдаас нь та өөрөө малаа аваад явахгүй юу гэтэл шууд хүрч ирснээ намайг цохиж, намайг барьж автал урдаас мөргөж үсдсэн, тэгээд байж байтал Гэрэлтунгалаг /Тунгаа/ эгч хүрч ирж болиулсан. ...Надад учирсан хохирлыг буюу хамраа эмчлүүлсэн эмчилгээний зардал мөнгийг М.Б- ах өгч барагдуулсан тул надад санал гомдол байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаартай:

  1. Б.Э-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.Э-ийн биед хамар ясны хугарал, тархи доргилт бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,

Хохирогч Б.Э- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч М.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Б.Э- нь шүүгдэгч М.Б-той сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч М.Б-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн М.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201722000259 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-ид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.ЭРДЭНЭ-ОЧИР