| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03767/И |
| Дугаар | 183/ШШ2022/00508 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2022/00508
| 2022 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2022/00508 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** хороо, **** хотхон, **** тоотод оршин суух Б овогт Э.О /РД:УХ***/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** хороо, **** хотхон, **** тоотод оршин суух Б овогтЧ.А /РД:ЦЖ**/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг***хороо ******** гудамж-3 НШШГГд холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, * хороо, ** чөлөө, **** тоот хаягт байрлах ЖЭБК ББСБ ХХК
2021 оны 10 сарын 12-ны өдрийн 11/28 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч нарын төлөөлөгч А.Т, түүний өмгөөлөгч М.Ш,
хариуцагчийн төлөөлөгч Ц.Б,
гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Бг,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны ** сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.О, Ч.А нар хариуцагч НШШГГт холбогдуулан 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 11/28 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Тус шүүхийн 1238 дугаар шийдвэрээр Э.О, Ч.А нараас ББСБ ХХК-нд 240 418 515 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Б шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн * хороо, ***** ****** гудамж,*** тоот хаягт байрлах 180 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгчийн санал хүсэлтийг огтхон ч хүлээж авалгүйгээр хэт хурдан хугацаанд дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулан өгсөнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл бидний зүгээс олон боломжит хувилбараар төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгчтэй тохиролцохыг оролдож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг удаадаа хойшлуулах тухай хэлэлцэх гэсэн боловч албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг даруй хийж байгаад, түүнчлэн шүүхийн шийдвэрийг өөрсдөө төлж дуусгах санхүүгийн эх үүсвэр байгаа гагцхүү бага зэргийн хугацаа гаргаж өгөх талаар илэрхийлсээр байтал шийдвэр гүйцэтгэгч хүлээж авалгүй, 2021.10.12-ны өдрийн 11/28 тоот тогтоолыг үйлдэж, төд удалгүй 2021.10.14-ний өдрийн 4-140/19509 мэдэгдлийг гардуулан дуудлага худалдаанд яаралтай оруулсанд нэхэмжлэгч бидний зүгээс гомдолтой байна. Тухайн үйлдэл нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх зарчмын агуулгад харшилж байна гэж үзэж дээд шатны албан тушаалтанд гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй тул нэхэмжлэл гаргаж байна гэв.
2. Хариуцагч НШШГГрын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 дугаар шийдвэрээр хариуцагч Э.О, Ч.А нараас 238 995 388 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянзүрх дүүргийн * хороо, Цайз 13291 ****** гудамж, 39/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллага 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажиллагааг эхлүүлж хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл төлбөр төлөгч нарын зүгээс барьцаа хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн 1510 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг. бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. 2020 оны 02 сарын 17-ны өдөр шүүхээс захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 2021 оны 10 сар хүртэл бүтэн 1 жил 8 сарын хугацаа авч үнэлгээн дээр маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй талаар 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Гэтэл одоо анхны дуудлага худалдаанд орох болоход дахин гомдол гаргаснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Ийнхүү удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл, хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Төлбөр төлөгч нар нь хуульд зааснаар үүргээ биелүүлэх ёстой. Албадан дуудлага худалдаанаас өмнө өөрсдөө санал гаргах эрхтэй, түүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгчийг хүлээнэ, хурдан оруулахгүй гэдэг зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор ... албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна, 168.2-т Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж заасан тул шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу ажиллагаагаа явуулсан байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч нарт шуудангаар хүргүүлсэн, өөрсдөө мэдсэн талаараа нэхэмжлэлдээ ч дурдсан байна, иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.О, Ч.А нар нь манай ББСБ ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ0300170Ю8 дугаартай зээлийн гэрээ байгуулж 150 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.5% хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 дугаар шийдвэрээр хариуцагч Э.О, Ч.А нараас 238 995 388 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянзүрх дүүргийн * хороо, Цайз 13291 ****** гудамж, 39/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГт 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажиллагааг эхлүүлж хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл төлбөр төлөгч нарын зүгээс барьцаа хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн 1510 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. 2020 оны 02 сарын 17-ны өдөр шүүхээс захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 2021 оны 10 сар хүртэл бүтэн 1 жил 8 сарын хугацаа авч үнэлгээн дээр маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй талаар 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Гэтэл одоо анхны дуудлага худалдаанд орох болоход дахин гомдол гаргаснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Ийнхүү удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл, хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гацааж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэлд ...албадан дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгчийн санал хүсэлтийг огтхон ч хүлээж авалгүйгээр хэт хурдан хугацаанд дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулан өгсөнд гомдолтой байна, ...дуудлага худалдаанд яаралтай явуулсанд гомдолтой байна гэжээ. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгчийг хүлээнэ, хурдан оруулахгүй гэдэг зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг
тогтоосноос хойш 2 сарын дотор ... албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна, 168.2-т Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж заасан тул шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу ажиллагаагаа явуулсан байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч нарт шуудангаар хүргүүлсэн, өөрсдөө мэдсэн талаараа нэхэмжлэлдээ ч дурдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 онд эхэлснээс хойш 3 жилийн хугацаа авч, өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөхгүй, санаатай саад учруулж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цаашид үргэлжлүүлэх боломж олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс 2021.10.14-ний өдрийн 4-140/19509 дүгээр мэдэгдэл, 2021.10.12-ны өдрийн 11/28 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.10.26-ны өдрийн 21/4 дүгээр гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол, 2021.11.01-ний өдрийн 04/2526 дугаар гомдолд хариу өгөх тухай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, 2022.02.17-ны өдрийн итгэмжлэл /хх-5-10, 173/
5. Хариуцагч талаас 2019.09.07-ны өдрийн 10139 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 2019.05.29-ний өдрийн 1238 дугаар шүүхийн шийдвэр, 2020.02.17-ны өдрийн 2657 дугаар шүүгчийн захирамж, 2019.09.17-ны өдрийн 19291020 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2019.09.27-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, 2019.12.17-ны өдрийн 19291020/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019.12.27-ны өдрийн 19291020/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019.09.07-ны өдрийн гүйцэтгэх хуудас, 2019.12.30-ны өдрийн 4/29148 үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2020.01.09-ний өдрийн 20/31 дүгээр хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020.01.23-ны өдрийн 56 дугаар шинжээч томилох тухай тогтоол, 2020.01.15-ны өдрийн хүсэлт, 2020.01.14-ний өдрийн баримт, 2020.11.22-ны өдрийн 20/01 дүгээр хөрөнгийн үнэлгээ, 2020.01.23-ны өдрийн 4/2240 дүгээр мэдэгдэл, 2020.01.23-ны өдрийн хүсэлт, 2020.01.10-ны өдрийн 1/36 дугаар эрх түдгэлзүүлсэн тухай албан бичиг, Э.Огийн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ, 2020.12.17-ны өдрийн 4/4252 дугаар мэдэгдэл, 2020.02.04-ний өдрийн 2/8 дугаар тогтоол, 2020.05.29-ний өдрийн 1510 дугаар шийдвэр, 2020.08.07-ны өдрийн 1728 дугаар магадлал, 2021.09.21-ний өдрийн 1072 дугаар тогтоол, 2021.04.05-ны өдрийн хүсэлт, 2021.10.14-ны өдрийн 4-140/19509 дүгээр мэдэгдэл, 2021.10.12-ны өдрийн 11/28 дугаар тогтоол, 2021.10.29-ний өдрийн тэмдэглэл, 2021.10.20-ны өдрийн гомдол, 2021.11.08-ны өдрийн 12/* тогтоол, 2021.10.26-ны өдрийн 21/** тогтоол, 2021.11.11-ний өдрийн 4-140/21733 дугаар мэдэгдэл, 2021.02.17-ны өдрийн 1/90 дүгээр итгэмжлэл, 2021.12.14-ний өдрийн 1-140/500 дугаар итгэмжлэл, /хх-24-149, 152/
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.12.13-ны өдрийн 21/1872 дугаар итгэмжлэл, /хх-21, 150/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Бидний зүгээс олон боломжит хувилбараар төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгчтэй тохиролцохыг оролдож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг удаадаа хойшлуулах тухай хэлэлцэх гэсэн боловч албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг даруй хийж байгаад, түүнчлэн шүүхийн шийдвэрийг өөрсдөө төлж дуусгах санхүүгийн эх үүсвэр байгаа гагцхүү бага зэргийн хугацаа гаргаж өгөх талаар илэрхийлсээр байтал шийдвэр гүйцэтгэгч хүлээж авалгүй, 2021.10.12-ны өдрийн 11/28 тоот тогтоолыг үйлдэж, төд удалгүй 2021.10.14-ний өдрийн 4-140/19509 мэдэгдлийг гардуулан дуудлага худалдаанд яаралтай оруулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй.гэж маргажээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Төлбөр төлөгч нарын зүгээс барьцаа хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн 1510 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2 шатны шүүх хэвээр үлдээсэн. 2020 оны 02 сарын 17-ны өдөр шүүхээс захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 2021 оны 10 сар хүртэл бүтэн 1 жил 8 сарын хугацаа авч үнэлгээн дээр маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй талаар 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Гэтэл одоо анхны дуудлага худалдаанд орох болоход дахин гомдол гаргаснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Ийнхүү удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл. хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гацааж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. гэжээ.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Тус шүүхийн 2019 оны***сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 дугаар шийдвэрээр Э.О, Ч.А нараас 239 995 388 төгрөг гаргуулж ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, * хороо, Цайз 13291 ****** гудамж, 39/4 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 180 мкв талбай бүхий газрын худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-25-29/
Төлбөр төлөгч Э.О, Ч.А нар 239 995 388 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 449 435 төгрөгийг тус тус төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 9 сарын 07-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна./хх-ийн 24, 32/
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, * хороо, Цайз 13291 ****** гудамж, 39/4 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 180 мкв талбай бүхий газрыг 2019.12.17-ны өдрийн 19291020/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 19291020/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, 2019 оны 12 сарын 300-ны өдрийг 4/29148 дугаар албан бичгээр талуудад үнийн санал хүргүүлэхэд талууд үнийн санал ирүүлээгүй бөгөөд 2020 оны 01 сарын 09-ний өдөр төлбөр авагч ББСБ ХХК-ийн төлөөлөгч Ч.Чинбатын шинжээч томилуулах тухай хүсэлтийг үндэслэн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 56 тоот тогтоолоор шинжээч томилжээ./хх-ийн 35-45/
Дээрх тогтоолоор Баян модот ХХК нь 2020 оны 01 сарын 22-ны өдрийн ҮЗХҮ-20/01 тоот дүгнэлтээр барьцаа хөрөнгийг үнэлэхдээ өртгийн хандлагын, орлогын хандлагын аргаар нийт 209 232 200 төгрөгөөр үнэлжээ. /хх-49-61/
Нэхэмжлэгч Э.О, Ч.А нар нь дээрх үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 29-ний өдрийн 1510 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх-ийн 69-90/
Үүний дараа тус газраас 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 11/28 дугаар анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар шинжээчийн тогтоосон үнэ болох 209 232 200 төгрөгийн 70 хувь болох 146 462 540 дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2021 оны 10 сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байх ба уг тогтоол болон мэдэгдлийг төлбөр төлөгч Э.О, Ч.А нарт 2021 оны 10 сарын 14-ний өдөр 4-140/19509 дүгээр мэдэгдлээр хүргүүлсэн байна.
2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/* Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар шинжээчийн тогтоосон үнэ болох 209 232 200 төгрөгийн 50 хувь буюу 104 616 100 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2021 оны 11 сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байх ба уг тогтоол болон мэдэгдлийг төлбөр төлөгч Э.О, Ч.А нарт 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 4-140/21733 дугаар мэдэгдлээр хүргүүлсэн байна.
6. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрт үндэслэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой бөгөөд 2019.12.17-ны өдрийн 19291020/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 19291020/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа хийгдсэн гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасны дагуу төлбөр төлөгч нар нь санал гаргаагүй байхад анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан боловч төлбөр төлөгчийн саналыг хүлээж аваагүй байхад анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан журмын дагуу гомдлоо гаргаж, шийдвэрлүүлсэн байх ба 2021.11.01-ний өдрийн 04/2526 дугаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо тус шүүхэд 2021.11.10-ны өдөр буюу 14 хоногийн дотор гомдлоо гаргасан байна. /хх-ийн 8/
Дээрхээс дүгнэхэд 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 11/28 дугаар тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоож, уг тогтоолоор зарлагдсан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны дуудлага худалдааг явуулсан ажиллагаа нь хуульд нийцээгүй байх тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, уг ажиллагаануудыг хуульд нийцүүлэн явуулах зүйтэй гэж шүүх дүгнэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б нь 2021.12.13-ны өдөр тус шүүхэд СД-д үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан байх боловч шүүх хуралдааны явцад үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэр хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГрын 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 11/28 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Одхүү нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1* зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ