| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0709/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/749 |
| Огноо | 2024-10-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/749
2024 10 18 2024/ШЦТ/749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч М.Халиунжаргал,
хохирогч М.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........................ овогт Б.Мд холбогдох эрүүгийн 2411 00000 1054 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
........................ овогт Б.М, регистрийн дугаар .......................................,
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ХӨХ чулуут ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ....................................... гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Боржигон овгийн Б.М нь 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ..................................... эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 20 дугаар байрны 31 тоотын гадна талын вакум цонх, хаалганы бариул зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон процессын хувьд яллах дүгнэлтэд бичигдсэнээр болсон. Гэтэл би тухайн үед чулуу шидээд хүний эд хөрөнгийг хагалъя гэсэн хорон санаа сэдлээр чулуу шийдээгүй. Гэмт хэрэг болно гэдгийг одоо л мэдэж байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Хохирогч М.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед өөрөө жирэмсэн байсан болохоор их гомдоод бухимдалтай байсан. Хавтаст хэрэгтэй танилцах явцад шүүгдэгч нэлээн худал мэдүүлэг өгсөн байсан. Манай нөхрийг цохисон, хараалын үгээр доромжилсон сэтгэл санааны маш их хохиролтой байна гээд шүүгдэгч мэдүүлсэн байсан. Шүүгдэгч хийсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүйг сая мэдэж авлаа. Гэхдээ яагаад тийм мэдүүлэг өгснийг нь гайхаж байна. Хохирлоо нэхэмжилж байна” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Пын “...Манай гэр бүл 2024 оны 06 сарын 17-18-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 20 дугаар байрны 3 дугаар орц 1 давхрын 31 тоот хаягт нүүж ирсэн юм. Нүүж ирснээсээ хойш манайх байрандаа засвар хийгээд энэ оныхоо 06 сарын 24-25-ны өдрөөс засвар хийхдээ өрөм ашигласан юм. Манай байрны 4 дүгээр орцны 1 давхарт байдаг айлын хүмүүс өрөм дугарлаа гэж хана балбаад гэрийн гаднаас цонх балбаад байдаг юм. Миний санаж байгаагаар 2024 оны 07 сарын эхээр гэж санаж байна манай байранд засвар хийж байсан хүн нь хана өрөмдөж байгаад цаад айлынх нь арьзаатаг хэсгийн ханыг цуулж байсан юм. Тэрийгээ тухайн үедээ засаж янзлаж өгч байсан.Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 07 сарын 12-ны өдрийн 18 цагийн үед ариун цэврийн өрөөний шүршүүрний төмрийг хананд тогтоох зорилгоор өрөм ажиллуулахад нөгөө айлын нөхөр гэх залуу нь эхлээд цонх нүдээд байхаар нь манайх танайхыг цонх нүдэх болгонд хийж байгаа ажлаа зогсоодог, одоо 3 шүрүүп тогтоох гэж байна болихгүй ээ гэж хэлэхэд эхнэр нь гэх хүн ирээд манай гэрийн хаалгыг нүдээд байхаар нь би нээхгүй байсан чинь бүр чанга нүдээд байхаар нь хаалгаа нээхэд тэр хүн өөдөөс танайх ямар ядаргаатай айл вэ гээд өөдөөс орилоод хаалга хаалгахгүй хөлөөрөө таглаад зогсоод байсан цагдаа дуудчихсан гээд байхаар нь цагдаа ирэхээр учраа олъё гээд хөлийг нь холдуулаад хаалгаа хаачихсан юм. Тэр үед манай гэрийн хаалгыг нэг юмаар нүдээд байж байгаад цонхны доор ирээд хэрүүл хийгээд байхаар нь та нар ямар юм үзээгүй гуйлгачин шиг зантай юм бэ гэхэд эхнэр нь намайг элдэв үгээр хэл амаар доромжилж байгаад гэрийн цонх руу чулуу авч шидээд хагалчихсан юм. Тэгэхээр нь би гэрийнхээ хувцастай гараад очиход нөхөр гэх залуу нь намайг унтаж байгаа хүүхдийг минь хар гээд чирээд харин эхнэр нь миний баруун гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед нөхөр нь эхнэрээ салгасан. Манай гэрийн гадна бариулыг дотогш нь хуга дарчихсан байсан. Мөн вакум цонхыг минь хагалсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Гэрч Б.Б “...Манай гэр бүл Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 20-51 тоот хаягт 2024 оны 06 сард нүүж ирээд байрандаа засвар хийж эхэлсэн. Манай хажуу орцны айлын хүмүүс манайхыг засвар хийгээд өрөм дугаргахаар уурлаад байдаг юм. 2024 оны 07 сарын 12-ны өдөр эхнэр бид хоёр ванны өрөөндөө шүршүүр тогтоох гэж байхад хажуу айлын хүмүүс ирээд хэрүүл хийгээд хаалга үүд өшиглөөд цонх нүдээд байсан ба эхнэр нь манай гэрийн цонхыг чулуугаар хагалчихсан юм. Тухайн үед хүү минь уйлаад байсан тул би гэрээсээ гарч чадаагүй цонхоороо харж байхад хажуу айлын нөхөр нь гараас гэр лүү гээ чирээд, эхнэр нь хөл рүү нь өшиглөсөн. Байрны гадаа болсон зүйлсийг би сайн нарийн харж чадаагүй ээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
"Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний "...430.000 төгрөг" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 01 дүгээр тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Мн “... Манай гэр бүл Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 хороолол 20 дугаар байрны 4 дүгээр орц 1 давхрын 20-44 тоот хаягт амьдардаг юм. Манай зэргэлдээ хананы айл болох 3 дугаар орцны 1 давхрын айл 2024 оны 06 сарын дунд үеэс засварын ажил хийж эхэлсэн Би гэртээ өдөр бүр байдаггүй юм. Ямар ч байсан намайг гэртээ байх үед засвар хийгээд байдаг бусад үед хийдэг үгүйг нь мэдэхгүй байна. Яг хэдэн цагт засвар хийдгийг нь ч мэдэхгүй ямар ч байсан өдөр шөнө аль алинд нь хийж байдаг. Өнөөдөр буюу 2024 оны 07 сарын 12-ны өдриин 17-18 цагийн үед байх гэж бодож байна тухайн айл өрөм дугаргаад байсан юм. Эхлээд нөхөр О.Оргил /99727177/ гараад манай бага насны хүүхэд унтаж байна гээд шаардлага тавихаар гарахад нь тэр гэрийн эзэн гэх эмэгтэй нь манай нөхрийг чамд хамаагүй гэх мэтээр загнасан байсан. Тэгээд байж байх үед өрөм нь дахиж дугараад байхаар нь би жижиг өрөөнийхөө цонхоор хүүе ээ одоо боличихооч ээ гэж хэлэхэд болихгүй байхаар нь би очоод гадна талынх нь цонхыг нилээн удаан тогшиход хүн гарж ирэхгүй байсан ба тэдний байрны орцноос өөр хүн гарж ирэхээр нь гэрийн нь хаалгыг тогшиход гэрийн эзэн нь хаалгаа саваад яасан ядаргаатай хүүхэн бэ юм хийлгэхгүй юм гээд миний өөдөөс орилоод намайг юм хэлүүлэхгүй байж байгаад хаалгаа хаачихсан юм. Тэр үед нь би дахиж хаалгыг нь тогшиход ямар ядаргаатай гуйлгачин бэ гэх мэтээр хараагаад байхаар нь би хаалгыг нь хоёр удаа өшиглөсөн юм. Тэгээд гараад цонхны доогуур нь явж байх үед тэр эмэгтэй нь энэ гуйлгачин хүмүүсийн дэргэд амьдрахад яасан хэцүү юм гээд хаачихсан. Энэ маягаар 4 удаа цонхоо нээж хараачихаад хаагаад байсан юм. Тэгээд би гараад ир гэхэд гарч ирэхгүй байхаар нь газраас чулуу аваад цонх руу нь шидээд хагалчихсан юм. Тэгсэн тэр хүн нь гарч ирээд намайг гуйлгачингаар минь дуудаад орилоод байсан. Тэр үед нөхөр нь гэх залуу гадаа гарч ирээд ална, писта, гэх мэтээр хараагаад байсан. Тэр үед нь манай нөхөр гарч ирээд эхнэрт нь чи манай гэрт ороод өрөмнийхөө чимээг сонсоод үз гэж хэлэхэд манай нөхрийг хэд хэдэн удаа цохисон бужигнаад байсан тул хэдэн удаа яаж гэдгийг нь сайн санахгүй байна. Бас миний хурууг мушгиад үснээс зулгаагаад байхаар нь палаж руу нь өшиглөсөн. Биед нь бол хүрээгүй ээ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 35 дугаар тал/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дугаар тал/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч ................... овгийн Б.М нь 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Д.П эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 20 дугаар байрны 31 тоотын гадна талын вакум цонх, хаалганы бариул зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Пын мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...430.000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 01 дүгээр тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Б.М нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгчөөс “...Өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн буруутай үйлдэл бас байгаа нь харагдаж байна. Шүүгдэгч өөрийн хийсэн үйлдлийг гэмт хэрэг байна, Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байна гэдгийг ухамсарлаж ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.4 дэх хэсэг, 1.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч гэм буруудаа маргахгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөнийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна ...” гэсэн болно.
Шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “... Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ...” гэх үндэслэлээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Пд 430.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь дээрх хохирлыг хохирогчид төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................. овогт Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ