| 2022 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2022/00522 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,******* хороо, ****** хороолол, ****тоот хаягт байрлах ШДШ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрынд байрлах, НШШГГт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Ч, түүний өмгөөлөгч О.Б
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 1****** сарын 11-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ШДШ ХХК хариуцагчНШШГГт холбогдуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 1****** сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Төлбөр төлөгч Шижир далай ХХК-иас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2756 дугаартай шийдвэрийн дагуу 1 135 657 663 төгрөгийг төлбөр авагч Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Шүүхийн энэхүү шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн * хороо Чингэсийн өргөн чөлөө үйлдвэрийн баруун бүс-2 /17070/ 32 тоот хаягт байршилтай 1560 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн * хороо Чингэсийн өргөн чөлөө *** тоот байршилтай 1008 м.кв үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн * хороонд байрлалтай нэгж талбарын 8020/0052 дугаартай 2695 м.кв талбайтай хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шинжээчээр үнэлүүлэхэд 3 391 160 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2021 оны 1****** сарын 03-ны өдөр 4-178/21203 тоотоор надад мэдэгдсэн. Уг хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны байдлаар Хос стандарт ХХК үнэлгээний компаниар үнэлүүлэхэд дээрх үл хөдлөх хөрөнгийг 5 003 000 000 төгрөгөөр үнэлсэн юм. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр үнэлүүлсэн үнэлгээ нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ 1 611 840 000 төгрөгөөр хэт багасгаж үнэлсэн байна. Гэтэл шинжээч ямар үндэслэлээр уг үл хөдлөх хөрөнгийг багасгаж үнэлсэн нь тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй болсон гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч компанийн өмч болох үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг үндэслэлгүйгээр хэтэрхий багасгаж үнэлж өмчлөгчийн эрхийг доголдуулсан бөгөөд тухайн үнэлгээнд газрын үнийг оруулаагүй гэж үзэж байна. Иймд Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 1****** сарын 02-ны өдрийн 494 дугаартай тоотоор 3 391 160 000 төгрөгөөр дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018.12.10-ны өдрийн 2756 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.06-ны өдрийн 425 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019.06.14-ний өдрийн 942 дугаар тогтоолоор Ё.Ч, Ё.Ч, ШДШ ХХК-иас 1 135 657 663 төгрөгийг гаргуулж, Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн * хороо, Чингисийн өргөн чөлөө *** тоот хаягт байршилтай 1008 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай орон сууц, хан-уул дүүргийн Засаг даргын 2007.03.14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2 695 мкв талбайтай газрыг 2020.09.22-ны өдрийн 20290532/0* тогтоолоор битүүмжлэн 2021.10.05-ны өдрийн 20290532/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэхэд 5 300 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч 1 700 000 000 төгрөгөөр үнийн санал ирүүлэхэд мөн төлбөр төлөгчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгээр хандаж талууд харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн * хороо, Чингисийн өргөн чөлөө *** хаягт байршилтай 1008 мкв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Хан-Уул дүүрэг, * хороо, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэрийн зориулалттай орон сууц, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007.03.14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2 695 мкв талбайтай газрыг үнэлүүлэхэд 3 391 160 төгрөгөөр үнэлэгдсэнийг хуулийн хугацаанд мэдэгдсэн. Дээрх үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс 2021.10.18-ны өдрийн 053****** итгэмжлэл, 2021.11.03-ны өдрийн 4-178/2120* мэдэгдэл, 2020 оны Хос стандарт ХХК-ийн үнэлгээ, /хх-4-16/,
4. Хариуцагчаас 2019.12.27-ны өдрийн 00016 дугаар гүйцэтгэх хуудас, 2020.03.31-ний өдрийн 443****** шүүгчийн захирамж, 2018.12.10-ны өдрийн 2756 дугаар шийдвэр, 2019.12.27-ны өдрийн 18* шүүгчийн захирамж, 2019.03.06-ны өдрийн 425 дугаар магадлал, 2019.06.14-ний өдрийн 942 дугаар тогтоол, 2020.09.22-ны өдрийн 20290532/0****** эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.09.22-ны өдрийн 20290532/02 дугар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.09.22-ны өдрийн 20290232/0* эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.09.22-ны өдрийн тэмдэглэл, 2021.10.05-ны өдрийн 178/0****** мэдэгдэл, 2021.10.05-ны өдрийн 178/2 дугаар мэдэгдэл, 2020.11.04-ний өдрийн тэмдэглэл, 2021.10.05-ны өдрийн 20290232/05 эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.10.25-ны өдрийн тэмдэглэл, 2021.10.22-ны өдрийн 10/28****** шинжээч томилох тухай тогтоол, 2021.11.02-ны өдрийн баримт, 2021.10.22-ны өдрийн баримт, 2021.10.22-ны өдрийн тэмдэглэл, 2021.11.22-ны өдрийн 494 дүгээр хөрөнгийн үнэлгээ, 2021.11.03-ны өдрийн 4-178/2120* мэдэгдэл, 2021.11.03-ны өдрийн тэмдэглэл, 2021.11.11-ний өдрийн 4-178/2180* мэдэгдэл, 2021.11.08-ны өдрийн 12-90 дүгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Компани 5 003 000 000 төгрөгийн үнэ бүхий дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзэлгүйгээр үндэслэлгүйгээр багасгаж, газрын үнэлгээг дүгнэлтээд оруулаагүй тул 2021 оны 1****** сарын 02-ны өдрийн 494 тоот дүгнэлтээр Хөрөнгө үнэлгээний төв ХХК үнэлгээ гаргасныг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэхэд 5 300 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч 1 700 000 000 төгрөгөөр үнийн санал ирүүлэхэд мөн төлбөр төлөгчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгээр хандаж талууд харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн * хороо Чингэсийн өргөн чөлөө үйлдвэрийн баруун бүс-2 /17070/ 32 тоот хаягт байршилтай 1560 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн * хороо, Чингисийн өргөн чөлөө *** хаягт байршилтай 1008 мкв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Хан-Уул дүүрэг, * хороо, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэрийн зориулалттай орон сууц, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007.03.14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2 695 мкв талбайтай газрыг үнэлүүлэхэд 3 391 160 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг хуулийн хугацаанд мэдэгдсэн гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь гомдлоо 2021 оны 11 сарын 10-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.
Тус дүүргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2756 дугаар шийдвэрээр ШДШ ХХК, Ё.Ч, Ё.Ч нараас 1 128 855 436 төгрөг гаргуулж, Хаан банк ХХК-д олгож, үлдэх 127 170 989 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, * хороо, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэрийн зориулалттай орон сууц, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007.03.14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2 695 мкв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыгНШШГГ даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 36-47/
Тус газар 2019 оны 12 сарын 27-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2020 оны 9 сарын 22-ны өдрийн 20290532/01 тогтоолоор Хан-Уул дүүргийн * хороо Чингэсийн өргөн чөлөө үйлдвэрийн баруун бүс-2 /17070/ 32 тоот хаягт байршилтай 1560 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 20290532/02 дугаар тогтоолоор Хан-Уул дүүрэг, * хороо, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэрийн зориулалттай орон сууц, 20290532/03 тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007.03.14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2 695 мкв талбайтай газрыг тус тус битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 20290532/05 тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураах тухай тогтоол гарсан байна.
2021 оны 10 сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий хөрөнгүүдийг 5 300 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч Хаан банк ХХК-ийн төлөөлөгч зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 10/281 тоот тогтоолоор шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилжээ. /хх-ийн 58-59/
5. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээ тогтоосон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж, тухайн хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгосон Хос стандарт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байх бөгөөд уг тайланд тухайн хөрөнгийн үнийг 2020.04.16-ны өдрийн байдлаар 5 003 000 000 төгрөг гэж үнэлжээ./хх-ийн6-15/
Хэрэгт авагдсан баримтаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээний тайланг 2021.11.02-ны өдөр гаргаж, хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын, өртгийн хандлагын аргаар ойролцоо хөрөнгийг харьцуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 3 391 160 000 төгрөгөөр үнэлсэн хэдий ч дээрх үнэлгээ тогтоосон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан болон тайлангийн хавсралт зэргээр шүүх дээрх үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлангийн 4.1.4-д дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг буюу орон сууцны зориулалттай барилгыг 2 221 880 000 төгрөг, үйлдвэрийн зориулалттай барилгыг 1 169 280 000 төгрөг, нийт 3 391 160 000 төгрөг гэж, үүнээс газар өмчлөх, эзэмших эрхийг 1 598 100 000 төгрөг гэж тогтоосон байх ба дээрх хөрөнгүүдийн зах зээлийн бүгд үнэ цэнэ 3 391 160 000 төгрөг болов гэж дүгнэсэн боловч дээрх газар өмчлөх, эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хэрхэн тооцож, үнэлгээний дүнд оруулан тооцсон нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007.03.14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2 695 мкв талбайтай газар өмчлөх, эзэмших эрхийн үнэлгээг тайлангийн 4.1.1-д тооцож, зах зээлийн үнэ 1 598 100 000 төгрөгөөр тогтоосон хэрнээ дээрх барьцаа хөрөнгүүдийн нийт үнэд оруулан тооцсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 70/
Эдгээрээс үзэхэд үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч ШДШ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Хан-Уул дүүргийн * хороо Чингэсийн өргөн чөлөө үйлдвэрийн баруун бүс-2 /17070/ 32 тоот хаягт байршилтай 1560 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, * хороо, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэрийн зориулалттай орон сууц, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007.03.14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2 695 мкв талбайтай газар өмчлөх, эзэмших эрхийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч ШДШ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ШДШ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ