| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/04859/И |
| Дугаар | 101/ШШ2021/04257 |
| Огноо | 2021-12-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2021/04257
2021 12 17 101/ШШ2021/04257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дагаврыг арилгуулах буюу 7,685,004 төгрөгийг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн газар, хилийн чанад дахь өмчийг удирдах газраас буцаан гаргуулж Ч.Батсайханд олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хөдөө албан ажлаар явж байхад миний Хаан банкны 5125069158 тоот данснаас 7,685,004 төгрөг гэнэт суутгагдсан. Ийнхүү суутгаж авсны дараагаар миний бие учрыг тодруулахад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Золжаргалын мэдэгдлээр суутгал хийсэн болохыг хожим мэдэж авсан. Миний нэр дээр гарсан ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй, өр төлбөр байхгүй, намайг дуудаж уулзаж ямар нэгэн ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулалгүйгээр гэнэт данснаас суутгал хийх учир байхгүйг мэдэж байсан учир яаралтай хөдөөнөөс ирж Б.Золжаргалтай уулзсан.
Гэтэл ОХУ-ын Москва хотын Басман дүүргийн шүүхийн нэгэн шийдвэрт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж, гүйцэтгэх хуудас хууль бусаар олгосныг мэдсэн. Мэдмэгцээ захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан шүүгчид хандан гаргасан. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн захирамж, 0286 дугаартай гүйцэтгэх хуудсыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09965 дугаартай захирамжаар хүчингүй болгосон.
Иймд дээрх захирамж, гүйцэтгэх хуудсын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дагаврыг арилгуулах буюу 7,685,004 төгрөгийг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн газар, хилийн чанад дахь өмчийг удирдах газраас буцаан гаргуулж Ч.Батсайхан надад олгуулахыг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.5 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрөө хүчингүй болгоод хүчингүй болсон шийдвэрээ ахлах шийдвэр гүйцэтгэгч нь гаргаад төлбөр төлөгчийн эрхийг хангах боломж байсан. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүчингүй болсон баримтууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Хагас жилийн хугацаанд ингэж яваад байх шаардлага байхгүй байсан. Шийдвэр гүйцэтгэх баримт бичиг хагас жилээр байсан. Хууль нь байгаад байхад ажлаа хийхгүй байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын Москва хотын Басман дүүргийн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2-4174/19 дугаар шийдвэрээр Ч.Батсайханаас 7,577,591 төгрөгийг гаргуулж, ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн газар, хилийн чанад дахь өмчийг удирдах газарт олгох шийдвэр, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2021/03978 дугаар захирамж, 286 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ч.Батсайханд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх талаар утсаар мэдэгдэж, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 21260413/162 дугаар төлбөр төлөгчийн данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор төлбөр төлөгчийн харилцах данснаас төлбөрийн мөнгийг бүрэн төлүүлж төлбөр авагчид олгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 9965 дугаар захирамжаар дээрх 101/ШЗ2021/03978 дугаар захирамж, 286 тоот гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг үндэслэн төлбөрт гаргуулсан 7,685,004 төгрөгийг буцаан олгох талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн газар, хилийн чанад дахь өмчийг удирдах газарт 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4-160/12345 тоот, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-162/15994 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлээд байна.
Мөн шүүгчийн захирамжийг тодруулахаар 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4-162/18265 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргалд хандахад төлбөр төлөгч болон түүний хөрөнгөнд холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй талаар хариуг ирүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19.3-т Энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцтэгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байх тул албадан гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх шүүгчийн захирамжгүйгээр явуулах боломжгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батсайхан нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дагаврыг арилгуулах буюу 7,685,004 төгрөгийг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн газар, хилийн чанад дахь өмчийг удирдах газраас буцаан гаргуулж Ч.Батсайханд олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл болсон шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас хүчингүй болсон хэдий ч 7,685,004 төгрөгийг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн газар, хилийн чанад дахь өмчийг удирдах газраас буцаан гаргуулахад гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох хуулийн зохицуулалттай тул албадан гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх шүүгчийн захирамжгүйгээр явуулах боломжгүй байна гэх тайлбарыг шүүхэд гаргасан.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Ч.Батсайханаас 7,577,591 төгрөгийг гаргуулж, ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн газар, хилийн чанад дахь өмчийг удирдах газарт олгохоор шийдвэрлэсэн ОХУ-ын Москва хотын Басман дүүргийн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2-4174/19 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2021/03978 дугаар захирамж, мөн өдрийн 0286 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.
Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд тухайлан заасан дараахь ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай буюу холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн:
14.1.-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна.,
14.2.-т Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө.,
14.3.-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ.,
14.4.-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно.,
14.5.-д Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.,
14.6.-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.,
14.7.-д Мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж, мэдэгдэх хуудсаар хүлээлгэж байгаа үүргийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлан өгнө. гэж тус тус заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн эсэхээ хариуцагч нотлоогүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21260413 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ч.Батсайханы дансанд халдах хүртлээ төлбөр төлөх хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгчид өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.-д Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. гэж зааснаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2021 ны 6 дугаар сарын 02-ны өдөр Ч.Батсайханы эзэмшдэг Хаан банк дахь 5125069158 дугаартай данснаас 7,685,004 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэхээр авч, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21/06/339 дугаартай тогтоолоор Ч.Батсайханд холбогдох 21260413 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл болсон гүйцэтгэх баримт бичиг буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2021/03978 дугаар захирамж, мөн өдрийн 0286 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2021/09965 дугаар захирамжаар, тус тус хүчингүй болгосон байх бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ талаар төлбөр авагчид мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авчээ.
Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрт олгосон 7,685,004 төгрөгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Худалдаа хөгжлийн банк дахь НШШГГ нэртэй 409061666 тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор буцаан шилжүүлэх тухай мэдэгдлийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-1621/15994 тоот албан бичгээр төлбөр авагч ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн газар, хилийн чанад дахь өмчийг удирдах газарт Мэдэгдэл хүргүүлсэн байна.
Гэвч хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.-т Энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно. гэж заасныг баримтлан, гүйцэтгэх баримт бичиггүйгээр төлбөр авагчийн данснаас дээрх төлбөрийг буцаан гаргуулах ажиллагааг гүйцэтгээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана:, 29.1.1.-д гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан, 29.5.-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрээр төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгоно. гэж тус тус зааснаар, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, явуулсан арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т тус тус заасныг баримтлан, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21260413 дугаар тогтоолоор үүсгэж 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21/06/339 дугаар тогтоолоор дуусгавар болгосон Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, төлбөр авагч ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн газар, хилийн чанад дахь өмчийг удирдах газарт шилжүүлсэн 7,685,004 төгрөгийг буцаан гаргуулж төлбөр төлөгч Ч.Б д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 910 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд төлүүлж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 208,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА