Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2020/02753

 

 

 

 

 

 

 

 

   2020              10             12

                                183/ШШ2020/02753

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Н

 

Хариуцагч: ИНЕГ

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 639 601 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Э.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие Э.Н  нь ИНЕГ даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/226 тоот тушаалаар тус газрын Нисэх  буудлуудын удирдах газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл би тус газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 тоот тушаалаар ажлаас халагдаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01380 тоот шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж, Иргэний нисэхийн Ерөнхий газрын иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/281 тоот ажилд авах тухай тушаалаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж Иргэний нисэхийн Ерөнхий газрын иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох хүртэл ажилгүй байсан 62 хоногийн цалинтай тэнцэх олговорт 11 639 601 төгрөгийг, мөн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагч ИНЕГ итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын, хөдөлмөрийн дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу тооцоод гарсан дүнд маргахгүй. Нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Харин нэхэмжлэгчийн тооцоолсны дагуу ажлын 62 хоног байгаа эсэхэд эргэлзээтэй байгаа тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н  нь хариуцагч И газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 639 601 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Э.Н ийг И газар Нисэх буудлуудын удирдах газрын Захиргаа, санхүү хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж байхад нь тус газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/46 дугаар тушаалаар И газар Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Хөгжлийн бодлого хариуцсан менежерийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд томилжээ.  

 

Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч, тус шүүхэд хандан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус тусын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01380 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Э.Н ийг И газар Иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 769 668 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан.

 

Хариуцагч дээрх шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон атал 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, И газар Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/281 дүгээр тушаалаар Э.Н ийг Захиргаа хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргаар томилсон байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байна.  

 

Иймд ажилд эгүүлэн тогтоосон 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгчийн ажилд томилогдсон өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын хоногийг тооцоход 46 хоног байх тул үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 өдрийн цалин болох 187 735,5 төгрөгөөр тооцож, 8 635 833 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3 003 768 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 184 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153 124 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 8 635 833 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 003 768 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 184 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153 124 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ