Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 127/ШШ2022/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 116/2020/0004/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Х.Эрдэнэтуяа, шүүгч Б.Баярцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “МТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ДАЗД-д холбогдох

Гуравдагч этгээд: “ТО” ХХК болон АМГТГ

Нэхэмжлэлийн шаардлага: ДАЗД-ын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Г.Э, хариуцагч ДАЗД-ын ИТ П.Б, М.А, М.Н, гуравдагч этгээд “ТО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд АМГТ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, иргэдийн төлөөлөгч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МТ” ХХК нь анх ДАЗД-д холбогдуулан, аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

2. Нэхэмжлэгч “МТ” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 316 дугаар тогтоолын дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээг Газрын тосны газартай /хуучин нэрээр/  байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд Дорнод аймаг дахь “Баянтүмэн 17 дугаар талбай”-д газрын тосны хайгуул судалгааны ажлыг зохих төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсээр иржээ.

Хариуцагч ДАЗД- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/626 дугаар захирамж[1] гаргаж, “МТ” ХХК нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар, түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулан, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр ашиглаж байгаа 1 га газрыг чөлөөлөхийг даалгасан.

Уг захирамжийн талаар нэхэмжлэгч “МТ” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, А/626 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн. Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өөрчилж, А/626 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

Хариуцагч ДАЗД- нь мөн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А/280 дугаар захирамж[2] гаргаж, уг захирамждаа, “...газрыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор чөлөөлөхийг даалгасан аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамж, 1/84, 1/503 дугаарын албан мэдэгдлийг “МТ” ХХК-д хүргүүлсэн боловч үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй байгаа тул газрыг албадан чөлөөлөх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор зохион байгуулахыг Чойбалсан сумын Засаг даргад үүрэг болгосугай” гэжээ. 

Хариуцагчийн уг захирамжийн талаар нэхэмжлэгч “МТ” ХХК нь Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар захирамжаар[3] нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ДАЗД-д холбогдох дээрх хоёр хэргийг (116/2020/0004/3 индекстэй хэрэгт 116/2020/0015/3 индекстэй хэргийг) нэгтгэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн гаргасан 2019 оны А/626, 2020 оны А/280 дугаар захирамжууд нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

а/ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.4-д газрын харилцааны талаар аймаг, сумын Засаг даргын эдлэх бүрэн эрхийг заасан. Уг хуулийн 21.3.2-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг, 21.4.3-д зааснаар сумын Засаг дарга нь  21.3.2-д зааснаас бусад газрыг сумын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тус тус шийдвэрлэхээр заасан.

Иймээс хариуцагч нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар биш, Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газар ашиглуулах болон чөлөөлүүлэх асуудлаар 2019 оны А/626 дугаар захирамж гаргасан нь хууль бус.

б/ Хариуцагч нь маргаан бүхий актдаа, “МТ” ХХК нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар, түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулсан” гэсэн атлаа ямар захиргааны актыг үндэслэсэн нь тодорхойгүй байна.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д зааснаар “бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаардаг.

в/ Маргаан бүхий актад, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг зөрчсөн  гэдэг. Хайгуулын гэрээт талбайд өрмийн цамхаг түр хугацаанд байрлуулсан нь уг дүрэмд хамаарахгүй талаар эрх бүхий байгууллагуудын албан бичгүүд байгаа.

г/ ...хүчинтэй эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй 2019 оны А/626 дугаар захирамжийг үндэслэн, хариуцагч нь дахин 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэв.

4. Нэхэмжлэгч “МТ” ХХК болон гуравдагч этгээд “ТО” ХХК-ийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МТ” ХХК нь Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2010 онд байгуулан, гэрээт талбайд газрын тос хайх ажлыг хийж ирсэн. Чойбалсан сумын нутагт туршилт хийхээр өрмийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын компаниар хийлгэсэн. Уг ажиллагааг АМГТГ хянаж байгаа. Гэтэл ДАЗД- нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д хамаарна гэж үзэж, газар чөлөөлүүлэх тухай захирамж гаргасан.

Энэ нь үндэслэлгүй болох нь дараах эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан бичгүүдээс харагддаг. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/64 тоот албан бичиг, мөн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/1113 тоот албан бичгүүдэд тодорхой дурдагдсан.

Хариуцагч нь 2019 оны А/626 дугаар захирамжийг гаргахдаа, нэхэмжлэгч “МТ” компани нь ямар зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоосон зүйл байхгүй, ямар хуулийг хэрхэн зөрчсөн болохыг заагаагүй. 

“МТ” ХХК нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд газар эзэмшиж байгаа. Мөн тухайн газарт газар ашиглаагүй байна гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бий.

Газрын тосны өрмийн байгууламж хийх тоног төхөөрөмж Монголд байдаггүй. Нэхэмжлэгч нь Ашигт малтмал , газрын тосны газраар хянуулж, мэргэжлийн байгууллагаар өрмийн цамхаг хийлгэсэн. Гэвч аймгийн Засаг даргын захирамж гарснаар ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй. Газрын тосны хайгуулын өрмийн цамхаг барихад барилгын ажлын зөвшөөрөл авахгүй. Дорнод аймагт ийм зөвшөөрөл олгогдож байгаагүй.

Хариуцагчийн гаргасан хууль бус актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул эдгээр актуудыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагч ДАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч “МТ” ХХК нь 2018 оноос эхлэн хайгуулын үйл ажиллагаа хийж эхэлсэн. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт холбогдох зөвшөөрөл авалгүйгээр өрмийн цамхаг, кемп байрлуулсан. Нутгийн иргэдээс гомдол гаргасны дагуу хяналт шалгалт хийсэн. Газрын зөвшөөрөл авсан эсэхийг нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгахад зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон.Иймд газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Газрыг чөлөөлөөгүй тул албадан чөлөөлөх тухай А/280 дугаар захирамж гаргасан.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д зааснаар “бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” нь улсын тусгай хэрэгцээний газар хамаарна. Гэвч нэхэмжлэгчийн гэрээт талбай болох” Баянтүмэн 17” дугаар талбай нь улсын тусгай хэрэгцээнд авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлуулсан өрмийн цамхаг нь 30 метрийн өндөртэй тул Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн хавсралтын 18 дахь хэсгийн “Цамхаг, тулгуур, түшиц хана, түүнтэй адил байгууламж” ангиллын 3 дахь заалт буюу дунд төвөгшилтэй хэсэгт хамаарна.

Иймд уг цамхгийг барихдаа Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар аймгийн Засаг даргаас барилгын ажлын зөвшөөрөл авах ёстой байсан.

Нэхэмжлэгч “МТ” ХХК нь уг дүрэм манайд хамааралгүй гэж маргадаг нь үндэслэлгүй” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тосны хайгуул хийж газрын тосны нөөцийг тодорхойлох үндсэн зорилготой гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгааг бүрэн дэмжиж байна. Гэвч өрмийн цамхаг нь газрын гүн рүү 3 км өрөмдөх зориулалттай гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаагаас тухайн цамхаг  ямар хэмжээний төвөгшилтэй болох нь харагдаж байна. Үүнийг барих компани Монголд байхгүй гэлээ. Зураг төсөл, холбогдох зөвшөөрөл байхгүй байна.

Нэхэмжлэгчийн дурдаад байгаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гээд байгаа нь улсын байцаагчийн шийтгэлийн хуудастай холбоотой тусдаа, өөр маргаан” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг газрын тосны хайгуулын үйл ажиллагааг хааж боомилж байгаа зүйл байхгүй. Анхнаасаа хууль журмаа мөрдөөд явъя гэсэн чиглэлтэй байдаг. Хайгуулын үйл ажиллагаа явуулахад ажлын дараалал гэж байдаг. Түүнээс орон нутагт хамааралгүй гэж болохгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-д, газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулахаар заасан.

“Баянтүмэн 17 дугаар” талбай нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д заасны дагуу улсын тусгай хэрэгцээнд авагдаагүй тул газар ашиглуулах асуудал Газрын тухай хуульд заасны дагуу ердийн журмаар явагдах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь үүний дагуу газар ашиглах зөвшөөрөл аваагүй байна.

Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлуулсан өрмийн цамхаг нь “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн заалтад хамаарна гэж үзэж байна. Шинжээч нарын олонх нь ийм дүгнэлт гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэв.

8. Гуравдагч этгээд “ТО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Хариуцагч ДАЗД-ас гаргасан захирамжууд нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаа хийх зөвшөөрөлтэй манай компанийн үйл ажиллагаанд саадтай, хохиролтой байна. Хайгуулын гэрээт талбай улсын тусгай хэрэгцээнд авагдаагүй байна гэдэг. Энэ асуудлаар Засаг дарга өөрөө хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхээр байгаа. Манай компани Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхад хариуцагч нь эдгээрийг хайхарч үздэггүй. 

Хайгуулын өрмийг байрлуулахад барилгын зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарладаг. Гэтэл Дорнод аймагт байрлуулсан 232 өрөмд барилгын зөвшөөрөл олгосон зүйл байхгүй” гэв.

9. Гуравдагч этгээд АМГТ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 169 дүгээр тогтоолоор “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр газрын тосны хайгуулын ажил эрчимжиж, газрын тосны нөөц болон олборлолт нэмэгдэх, газрын тосны олборлолт нэмэгдсэнээр улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдаж, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах суурь тавигдах, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг тогтвортой хангах зорилттой.

 Дээрх зорилтын хүрээнд Дорнод аймгийн нутагт орших газрын тосны хайгуулын Баянтүмэн 17 дугаар талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлж, “МТ” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, мөн Засгийн газраас газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан газрын тос хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгааг АМГТ газраас ДАЗД-д байна мэдэгдэж ирсэн. Гэвч Засаг дарга 2019 оны А/626 тоот, 2020 оны А/280 тоот захирамжууд гаргасан.

Монгол Улс нь засаг захиргааны хувьд нэгдмэл улс. Гэтэл Засгийн газрын бодлого орон нутагт алдагдаж байна. Хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь улс орны эрх ашигт нийцэхгүй байна.

Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг холбогдох байгууллагууд болон бүх шатны Засаг дарга нарт даалгасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл хүртэл гарч байсан.

Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг баталсан. Уг журмыг газрын тосны салбарт хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгарч байгаа. Хайгуулын талбай нь том хэмжээний талбайг хамардаг, судалгаа шинжилгээний ажил олон жил хийгддэг зэргээс.

Газрын тосны хайгуулын гэрээт талбайг улсын тусгай хэрэгцээнд авах талаар ажлын хэсэг 2021 онд ажилласан. Эдгээр асуудал нь Газрын тухай багц хуулиар зохицуулагдана байх. Газрын тухай багц хууль УИХ-д өргөн мэдүүлэгдээд байгаа. Үүний дагуу Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан журамд өөрчлөлт орно байх.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Хариуцагчийн гаргасан шийдвэрийн улмаас “МТ” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа саатаж, хор хохиролтой байна” гэв.

10. Иргэдийн төлөөлөгч Б.Р шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаар тогтоолоор Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Баянтүмэн-17 дугаар” талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар /хуучин нэрээр/, “МТ” ХХК-ийн хооронд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталсан байна.[4]

3. Нэхэмжлэгч “МТ” ХХК нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Баянтүмэн-17 дугаар” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар АМГТГтай Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2018 онд шинэчлэн байгуулжээ[5].

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 452 дугаар тогтоолоор[6] Газрын тосны газар /хуучин нэрээр/ болон “МТ” ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “ТО” ХХК-д бүхлээр нь шилжүүлжээ. Уг тогтоолыг үндэслэн гурван талт гэрээг[7] “МТ ХХК, “ТО” ХХК, АМГТГ 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байна.

4. Нэхэмжлэгч  нь хайгуулын ажлын хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын тоног төхөөрөмж /1 ширхэг цамхаг, 11 ширхэг контейнер буюу зөөврийн сууц, 2 ширхэг генератор зэргийг/ байрлуулсан үйл баримт тогтоогдсон.

5. Хариуцагч ДАЗД- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/626 дугаар захирамж гаргаж, өрмийн цамхаг, бусад тоног төхөөрөмжийг байрлуулсан 1 га газрыг чөлөөлөх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор зохион байгуулахыг Чойбалсан сумын Засаг даргад үүрэг болгож, газар чөлөөлөхийг мөн “МТ” ХХК-ийн захиралд даалгасан байна.

6. Нэхэмжлэгч нь энэхүү захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү шаардлагадаа дараах үндэслэлүүдийг дурдаж байна:

а/Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актдаа, нэхэмжлэгч “МТ” ХХК ямар хуулийг хэрхэн зөрчсөн болохыг заагаагүй, зөрчил нь ямар баримтаар тогтоогдсон болохыг тусгаагүй гэж тайлбарласан ба энэ нь үндэслэлтэй байна.

Маргаан бүхий А/626 дугаар захирамжийн 1 болон 2 дахь заалтад, “МТ” ХХК нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар, түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулан, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг тус тус зөрчсөн” гэж заасан боловч дээрх хуулиудын аль заалтыг зөрчсөн болохыг тодорхой тусгаагүй байна.

б/Нэхэмжлэгч нь тайлбартаа, хариуцагч аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д зааснаар аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байтал үүнээс өөр газар буюу Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байх газрын асуудлаар захирамж гаргасан нь хууль бус гэжээ. Энэ талаар хариуцагч хариу тайлбар гаргахдаа, аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.7 дахь хэсэгт заасны дагуу хяналт тавьж, зөрчлийг арилгах арга хэмжээ авах  бүрэн эрхтэй гэж маргасан. Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй боловч эдгээр эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлж, шийдвэрлэх үүрэгтэй.

в/Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ, Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлуулсан хайгуулын тоног төхөөрөмж болох өрмийн цамхаг нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа бол, хариуцагч нь “ уг дүрмийн хавсралтын 18 дахь хэсгийн “Цамхаг, тулгуур, түшиц хана, түүнтэй адил байгууламж” ангиллын 3 дахь заалт буюу дунд зэргийн төвөгшилтэй хэсэгт хамаарна, иймээс Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу аймгийн Засаг даргаас барилгын ажлын зөвшөөрөл авах ёстой байсан” гэж маргаж байна. Гэвч хариуцагч нь энэхүү үндэслэлээ маргаан бүхий захиргааны актдаа тодорхой тусгаагүй, хуулийн зүйл заалтыг заагаагүй байна.

Нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн байрлуулсан цамхгийг хариуцагч нь  “дунд” зэргийн төвөгшилтэй барилга байгууламж”-д хамаарна гэж  тайлбарлаж байгаа ч үүнийг ямар баримтаар тогтоосон нь тодорхойгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахаасаа өмнө тухайн байгууламжийн зориулалт, хүчин чадал, өндрийг тогтоогоогүй байна.

Тиймээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий А/626 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй байна.

7. Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шинэчлэн найруулж баталсан Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д, “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараах байдлаар ангилна:

10.1.1.барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;

10.1.2.бага төвөгшилтэй барилга байгууламж;

10.1.3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж;

10.1.4.өндөр төвөгшилтэй барилга байгууламж;

10.1.5.онцгой төвөгшилтэй барилга байгууламж” гэж,

10 дугаар зүйлийн 10.2-д, “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэж заасан.

Үүний дагуу Барилга, хот байгуулалтын сайд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 218 дугаар тушаал гаргаж, “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг шинэчлэн баталсан байна.

.Уг дүрмийн хавсралтад “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, хийн барилга байгууламж” гэх тусгайлсан хэсэг байгаа бөгөөд энэ хэсгийн бага, дунд, өндөр, онцгой төвөгшлийн ангилалд газрын тосны хайгуул болон судалгааны ажлын үед ашиглах тоног төхөөрөмжийн талаар тусгагдаагүй байна.

8. Нэхэмжлэгчийн барьж байрлуулсан өрмийн цамхаг нь “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18-д заасан хэсэгт хамаарах эсэх асуудалд шинжээчээр томилогдсон 4 хүний нэг нь “хамаарахгүй” гэж, гурав нь “хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан байгаа ч шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрсдийн дотоод итгэлээр үнэлэн, “Хамаарахгүй” гэж дүгнэв.

9. Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан.

 Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10-д зааснаар Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь “хайгуул, ашиглалтын талбайд гүйцэтгэсэн газрын тос, уламжлалт бус газрын тосны геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг, хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааны анхдагч мэдээлэл, тайлан, материалыг хүлээн авах, хянах” үүрэгтэй байна.

Мөн Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.11-д зааснаар гэрээлэгч нь “хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад  /Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад/ гаргаж өгөх үүрэгтэй байна.

Гуравдагч этгээд АМГТГ болон нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д, төрийн захиргааны байгууллага болох АМГТГ нь “газрын тосны тухай хууль, стандарт, дүрэм, журам, заавар болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан, дэмжлэг үзүүлж, хяналт тавих үүрэгтэй” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д, гэрээлэгч нь “гэрээний биелэлтийг жил бүр гаргаж, төрийн захиргааны байгууллагаар дүгнүүлэх үүрэгтэй” гэж тусгасан болохыг дурдах нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг дурдаж, “бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаардаг” гэх тайлбарт хариуцагч хариу тайлбар гаргахдаа, “хуулийн ийм зохицуулалттай боловч “Баянтүмэн 17 дугаар” талбайг улсын тусгай хэрэгцээний газарт авах шийдвэр гараагүй тул нэхэмжлэгч “МТ” ХХК нь газар ашиглах зөвшөөрлийг Газрын тухай хуульд заасны дагуу ердийн журмаар авах шаардлагатай, энэхүү зөвшөөрлийг аваагүй” гэж тайлбарлаж байна.

11. Гуравдагч этгээд АМГТГ болон нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн хооронд шинэчлэн байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт “А”-д[8] гэрээт талбайн зураг, гэрээт талбайн байрлал байгаа ба нэхэмжлэгч “МТ” ХХК нь газрын тос хайх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг[9] 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр авсан байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д “Гэрээлэгч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний салшгүй хэсэг болох “А”, “Б” хавсралтаар тодорхойлсон талбайд тусгай зөвшөөрөл авсны үндсэнд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрх эдэлнэ” гэж заасан байна.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч “МТ” ХХК-ийг хайгуулын гэрээт талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа Газрын тухай хуульд заасан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх  зохицуулалтын дагуу газар эзэмших ёстой гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

12. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д зааснаар “бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна.

 Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг баталсан.

Эдгээр хууль, журмын дагуу “Баянтүмэн 17 дугаар” талбай нь улсын тусгай хэрэгцээний газарт авагдаагүй нь тогтоогдож байгаа ч үүнд зөвхөн нэхэмжлэгч “МТ” ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй юм.

13. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ДАЗД-ын 2019 оны А/626 дугаар захирамж нь хууль бус бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн  тул  захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь хариуцагч ДАЗД-ын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бөгөөд энэхүү захиргааны акт нь хариуцагчийн 2019 оны А/626 дугаар захирамжийг үндэслэн гарсан захиргааны акт байна. Тухайлбал, уг А/280 дугаар захирамжид “... газрыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор чөлөөлөхийг даалгасан аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамж, 1/84, 1/503 дугаарын албан мэдэгдлийг “МТ” ХХК-д хүргүүлсэн боловч уг шаардлагыг биелүүлээгүй байгаа тул газрыг албадан чөлөөлөх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор зохион байгуулахыг Чойбалсан сумын Засаг даргад даалгасугай” гэжээ.

Шүүхээс маргаан бүхий А/626 дугаар захирамжийг хууль бус гэж шийдвэрлэсэн тул энэхүү хууль бус захиргааны актыг үндэслэн гаргасан А/280 дугаар захирамж нь мөн хууль бус болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 4.1.14, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.3.1, 11 дүгээр зүйлийн 11.2.2,11.2.11, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ДАЗД-ын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДАЗД-ын ажлын алба-аймгийн Засаг даргын Тамгын газраас 140400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “МТ” ХХК-д  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Н.БАЛЖМАА

ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭТУЯА

       ШҮҮГЧ                            Б.БАЯРЦОГТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 хавтас 31 хуудас

[2] 2 хавтас 14 хуудас

[3] 2 хавтас 1 хуудас

[4] 1 хавтас 112 хуудас

[5]1 хавтас 11 хуудас

[6] 1 хавтас 187 хуудас

[7] 1 хавтас 188 хуудас

[8] 1 хавтас 23 хуудас

[9] 1 хавтас 190 хуудас