Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 33

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам                                                                                                                                                           

Шүүгдэгч Ч.Баасанжаргал нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойнхорын Баасанжаргалд холбогдох 201717000016 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар  сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

1984 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 33  настай, эрэгтэй, дээд  боловсролтой, мeханик инженер  мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-д автын механикч ажилтай,  ам бүл 3,  эхнэр хүүхдийн  хамт Улаанбаатар хот,  Баянгол дүүрэг 8 дугаар хороо,  11 дүгээр байрны 282 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /АО 84121416/ регистрийн дугаартай, Боржигон овгийн Чойнхорын Баасанжаргал.   

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ 

 

 Яллагдагч Ч.Баасанжаргал нь өөрийн эзэмшлийн “Hummer H-3” маркийн 39-39 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 01 дүгээр  сарын 05-ны өдрийн 11 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.Бадамдоржид жолоогоо шилжүүлсний улмаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрээн толгой” гэх  газарт М.Бадамдорж нь зам тээврийн осол гаргаж, дотор нь явсан зорчигч Т.Батсүрэн,  жолооч М.Бадамдорж нар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Ч.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2017 оны 01-р сарын 05-ны өдөр Шилийн богд ууланд гарчихаад явж байхад осол болсон.Тэр үед талийгаач нар хамт явж байсан. Би тухайн үед шинэ машин авсан байсан. Бадамдорж миний машиныг барьж үзье гэж гуйгаад байсан. Би чи архи уучихсан байна яах юм бэ гээд дургүйцсэн. Тэгээд явж байхад хэсэг адуу таарч бид нар адууны хажууд зургаа авахуулсан. Тэгэхэд Бадамдорж машины хаалган дээр зогсоод машин жолоодъё гээд гуйгаад байсан. Би зам гайгүй байгаа юм чинь гээд машинаа бариулсан чинь харамсалтай зүйл болсон гэв.

 

Хохирогч Б.Самбалхүндэв мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:  “... Манай төрсөн ах Батын Мөнхбаярын том хүү талийгаач Бадамдорж нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд хүний машин барьж яваад онхолдож ухаангүй байна гэдгийг  ааваас нь анх би сонссон юм. Тэгээд л  талийгаачийн эхнэр нь нялх хүүхэдтэй, аав нь намайг яв гэсэн болохоор би Өмнөговь аймгаас ирээд байна. Талийгаач Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 дугаар багт манай арын хашаанд амьдардаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр талийгаачийн хашаа эзгүй болохоор нь хүнээс асуухад эхнэр, хүүхдээ аваад Улаанбаатар хотруу явсан гэж дуулсан. Яг хэзээ Дарьганга сумруу ямар хүмүүстэй явсан болохыг нь мэдэхгүй байна. Би талийгаачтай хамт Дарьганга сум руу явсан хүмүүсээс Чинзаяа, Билгээ хоёрыг танина. Нэрийг нь бол мэдэхгүй урьд өмнө хамт “Оюу толгой”  компанид ажиллаж байсан нэг залуу бол байна лээ. Тэд нараас би ямар асуудал болсон талаар асуухад Бадамдорж хүний машин гуйж жолоодож яваад машинтайгаа онхолдсон гэж ярьж байсан. Тэгэхээр нь та нар архи дарс хэрэглэсэн үү гэхэд ямар ч гэсэн уугаагүй гэж бол худлаа хэлэхгүй гэж  байсан. Талийгаач маань даруу, төлөв зантай, аав, ээж болон надтай архи дарс хэрэглэсэн байдалтай таарч байгаагүй, хүнтэй муудсан гэж лав сонсоогүй. Их л даруу хүүхэд байсан” гэх  /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Хохирогч Т.Алтанхуяг мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:“... Манай төрсөн ах Түмэнбаяр овогтой Батсүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд дээр машинтай явж байгаад онхолдсон гэж тухайн өдөр 16 цагийн үед талийгаач ах Т.Батсүрэнгийн эхнэр О.Отгонзаяагаас сонссон юм. Тухайн үед манай ах 2016 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 03 цагийн үед гэрээсээ гарч явахдаа цэрэг алаг эрээн өмдтэй, дээгүүрээ куртиктэй, булган малгайтай, цүнхэн дотроо саарал өнгийн дээл, хөөрөг зэргээ аваад явсан гэж хэлсэн. Өөр надад нарийн мэдэх зүйл алга. Талийгаач маань их л тайван дөлгөөн зан ааштай, хааяа баяр ёслолын үеэр архи,пиво уусан байдаг ч хүнтэй муудаад байхыг нь хараагүй. Энэ талаар сонсоогүй”  гэх  /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Хохирогч Т.Алтанхуяг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Сүхбаатар аймгийн Дарьганга суманд авто ослоор нас барсан Т.Батсүрэн бол миний төрсөн ах юм. Уг хэрэгт хохирогчоор оролцож буй Түмэнбаяр овогтой Алтанхуяг миний бие жолоо шилжүүлсний улмаас гэж шалгагдаж байгаа Ч.Баасанжаргалд санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй болохыг энэхүү хүсэлтээр илэрхийлж байна гэжээ /хх-ийн 166-р хуудас/

Хохирогч Т.Батсүрэнгийн эхнэр О.Отгонзаяа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний нөхөр Т.Батсүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дарьганга сумын нутагт ажлын баг хамт олонтойгоо явж байгаад автын осолд орж нас барсан. Ч.Баасанжаргал нь жолоо шилжүүлсэн үндэслэлээр уг хэрэгт холбогдсон Ч.Баасанжаргалд миний зүгээс санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болохыг тодорхойлов гэжээ /хх-ийн 167-р хуудас/ 

          Хохирогч М.Бадамдоржийн эхнэр Л.Батцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь Самбалхүндэвийг эрүүгийн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйлгүй. Эрүүгийн хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно гэжээ /хх-ийн 157-р хуудас/

Гэрч Б.Орхонбат мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 04 цаг өнгөрөөгөөд ажлынхаа ах нартай хамт Улаанбаатар хотоос 3 машинтай Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд уул руу явсан юм. Замдаа бид нар авсан архи, пивоноосоо ууж явцгаасан. Би тэр үед архи, пиво уугаагүй. Тэгж явсаар орой 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд уулын тэнд байдаг талын агуйны дэргэдэх амралтын газарт очиж  амарцгаасан. Маргааш өглөө нь бид нар бүгдээрээ Шилийн Богд руу гарчихаад тэндээсээ Талын агуй руу очиж зургаа авахуулж нэг шил архи задалж уусан. Тэгээд л бид нар амралтын газраас орхисон эд зүйлүүдээ авчихаад шууд буцахаар явсан. Удалгүй замын ойролцоо хэдэн адуу байхыг хараад манай машины ах нар зургаа авахуулъя гээд очиж зогсоод машинаасаа бууж зургаа авахуулцгаасан. Тэгэхэд манай хоёр машин түрүүлээд явчихсан байсан. Бид нар зургаа авахуулж дуусаад машиндаа суухад талийгаач Бадамдорж ах жолоо бариад явсан. Тэр үед би жолоочийн арын суудал дээр сууж явсан. Миний баруун талд Хосжаргал ах, түүний цаана Баасанжаргал ах сууж явсан. Харин талийгаач Батсүрэн ах жолоочийн дэргэдэх суудал дээр сууж явсан. Тэгээд л машин дотор явсан хүмүүс тамхи татья гэхэд галтай хүн нэг ч байгаагүй болохоор урд явсан “Land-100” маркийн машиныг араас нь гүйцэж очиход талийгаач Батсүрэн гал авч буцаад машиндаа суугаад тамхи татацгаасан. Тэгээд л удалгүй гэнэт манай машин онхолдсон. Юунаас болж манай машин онхолдсон болохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаач Батсүрэн машинаас ойчоод газар дээрээ нас барсан байсан. Талийгаач Бадамдорж жолооны ард хамраас нь цус гараад жаахан амьсгаатай байсныг Хосжаргал, Баасанжаргал ах хоёр машинаас гаргаад газар хэвтүүлэхэд удалгүй нас барчихсан. “Белое озеро” нэртэй архи 15 шилийг, нэг хайрцаг 24 ширхэг лаазтай пиво авч явсан. Хамгийн сүүлд өглөө Талын агуй дээр гурван шил архи үлдсэн байсны нэгийг нь амралтын газрын айлд өгөөд, нэг архийг нь задлаж уугаад нэг архийг нь аваад явсан. Пивоноос ганц нэг  үлдсэн байсан. Тухайн үед би километрийн заалтыг хараагүй. Урд талын “Land-100” машинаас гал авчихаад явахдаа талийгаач Бадамдорж 60-70 орчим километрийн хурдтай явж байсан” гэх  /хх-ийн 33-р хуудас/

Гэрч Хосжаргал мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ “...2017 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 04 цагийн орчим ажлынхантайгаа цуглаж Улаанбаатар хотоос 3 машинтай 13-уулаа Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрхан руу явсан юм. Тэгэхдээ “Hummer Н-З” маркийн 39-39  УНК улсын дугаартай машиныг жолооч Баасанжаргал  Орхонбат, Төрболд, талийгаач Батсүрэн бид тав нэг машинд, “Lexus-470” маркийн 04-89 УНВ улсын дугаартай машиныг жолооч Отгонхишиг, Түвшинбаяр, Рамнайдорж, Энхбат нарын хамт нэг машинтай, “Land-100” маркийн 07-38 ӨМА улсын дугаарын машиныг жолооч нь талийгаач Бадамдорж, Батбилэг, Чинзаяа, Туулайхүү нарын хамт нэг машинтай явсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд уулын энгэрт нь байдаг гэр кемпэд бууцгааж амарцгаасан. Бид нар замдаа архи ууж явцгаасан болохоор яг очсон цагаа сайн мэдэхгүй байна. Үүрээр 06 цагийн үед бид нар босож Шилийн богд уул руу бүгдээрээ гарцгааж авчирсан идээ будаагаа өргөчихөөд уулнаас буугаад шууд Талын агуй руу очсон. Тэнд бид нар нэг шил “Белое озеро” нэртэй 0.75 литрийн архи хувааж уухдаа гэрэл зураг авхуулж 2 цаг орчим болоод буцаж кемпдээ очиж ачаагаа авчихаад шууд Дарьганга сумын төврүү явцгаасан. Тэр үед миний сууж явсан “Hummer Н-З” маркийн 39-39 УНК улсын дугаартай машиныг кемпээс хөдлөхөд Баасанжаргал өөрөө барьж явсан. Тэгэхэд жолоочийн дэргэдэх суудал дээр талийгаач Батсүрэн, баруун хойд талын хаалганы дэргэд талийгаач Бадамдорж сууж явсан, зүүн хойд талын хаалганы дэргэд Орхонбат би тэр хоёрын голд нь сууж явсан. Замдаа явж байхдаа машин дотор байсан тал шил архийг бид нар уугаад явсан. Тэгээд замд адуу таарахаар нь бид нар зогсож тэр адууны дэргэд зургаа авахуулцгаасан. Тэгэхэд нөгөө хоёр машин манай урд талд явж байсан болохоор түрүүлээд яваад өгсөн. Бид нар зургаа авахуулчихаад хөдлөхөд ...Нэг сэрэхэд манай машин хоёр талаас түс тас хийх чимээ гараад онхолдсон. Тэгэхэд миний баруун гар талд Баасанжаргал, зүүн гар талд Орхонбат сууж явсан. Бид гурав машинаас бууцгаахад жолоочийн дэргэдэх суудал хүнгүй байхаар нь машинаа тойрч үзэхэд машины цаана Батсүрэн шидэгдээд газар хэвтэж байсан. Харин жолоочийн суудал дээр талийгаач Бадамдорж сууж байсан ба хамраас нь их цус гараад байхаар нь Баасанжаргал бид хоёр талийгаач Бадамдоржийг машинаас гаргаад дээш нь харуулаад хэвтүүлсэн. Бид нартай хамт явсан хоёр машин түрүүлээд явчихсан байсан. Тэр үед морьтой хүн бид нарыг хараад ирэхэд нь эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч бид нарын утас цэнэггүй байна гэхэд за гээд явсан. Тэгэхэд мөн Орхонбат айл руу очиж нөгөө хоёр машинаа утсаар дуудуулахаар яваад ирсэн. Удалгүй эмнэлгийн машин ирж үзээд явсны дараа манай хоёр машин ирцгээхэд хүмүүс ярихдаа Бадамдорж машинтай гүйцэж ирээд “Land-100” машинаас гал асуугаад байсан гэхэд нь би тэр үед л Бадамдорж Баасанжаргал хоёр солигдож машин барьсан юм байна гэдгийг мэдсэн. Тухайн үед бид нар Талын агуй дээр архи уухад талийгаач Бадамдорж, Батсүрэн нар бол 1 шил архи задалж явуулахад ууж, бас пиво ууж байсан. Зарим нь пиво ууцгааж байсан. Харин Баасанжаргалыг архи уусан эсэхийг бол би хараагүй. Ямар ч гэсэн Баасанжаргал би жолоо барьж байгаа гээд намайг харахад бол уухгүй байсан” гэх  /хх-ийн 34-р хуудас/ 

Гэрч Д.Энхбат мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: “...Маргааш өглөө нь 06 цаг өнгөрөөж босоод бүгдээрээ Шилийн Богд уул руу гарч авчирсан идээ будаагаа өргөчихөөд бууцгаахдаа доод бэлд нь нэг шил архи задалж тэндээс зарим нь ганц нэг хундага татчихаад тэндээсээ шууд Талын агуй руу очиж зургаа авахуулсан. Тэгээд л гэр буудалдаа эргэж очоод цүнхтэй эд зүйлүүдээ аваад явахдаа гэр буудлыг ажиллуулж байгаа ахын гэрт хоёр талийгаачтай хамт орж нэг шил архи, чихэр жимстэй өгөөд тэгээд л явцгаасан. Тэр үед би “Lаnd-100” маркийн 07-38 ӨМА улсын дугаартай машины жолоочийн дэргэд сууж явсан. Тэгэхэд манай машиныг Туулайхүү жолоодож, ар талд Батбилэг, Чинзаяа, Төрболд гурав сууж явсан. Lexus-470 маркийн машиныг Отгонхишиг жолоодож, дотор нь Түвшинбаяр, Равнайдорж нар сууж явсан. Hummер Н-З маркийн машиныг Баасанжаргал өөрөө жолоодож дотор нь Хосжаргал, Орхонбат, талийгаач Бадамдорж, Батсүрэн нар сууж явсан. ...Хэдэн километр яваад салдаг замын дэргэд самбар өнгөрөөгөөд эргээд харахад арын Hummер Н-З маркийн машин самбарын өмнө зогсоод тэнд буугаад зургаа авахуулж байсан. Бид нар өндөр дээрээс хөдлөхийг нь хараад байж байтал удалгүй хөдлөөд явахдаа төв зам руу орохоор нь бид нар хөдлөөд явахад би зүүрмэглээд унтчихсан байсан. Тэгтэл манай машин зогсоход арын машинд сууж явсан талийгаач Батсүрэн ард сууж явсан нэгнээс нь гал аваад машин руугаа явахад манай машин хөдлөөд явсан. Тэгээд л явж байтал урд талд түрүүлээд явж байсан Lеxus-470 маркийн машин зогсохоор нь бид нар бас зогсоод бүгдээрээ машинаасаа бууж харагдаж байгаа адууны зүгрүү зургаа авахуулаад арын Hummer Н-З маркийн машиныг хүлээгээд байж байтал Төрболдын утас дуугарч машин унчихлаа гэж хэлэхээр нь бид нар буцаад явсан. Тэгээд очиход Hummer Н-З маркийн машин замын урд талд дөрвөн дугуй дээрээ зүүн тийшээ харчихсан байдалтай, талийгаач Батсүрэн замын урд талд дээшээ хараад хэвтчихсэн, Талийгаач Бадамдорж болохоор машины баруун урд талын хаалганы дэргэд дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Тэгээд л бид нарыг сандралдаад байж байхад эмч ирж хоёр талийгаачийг үзээд нас барсан гэж хэлсэн. ...Hummer Н-З маркийн машины жолоочийн талын хаалганы цонхны шил нь дээшээ болохгүй болохоор нь Баруун-Урт сумын төв дээр явж байхдаа скоч аваад би өөрөө скочдож хаасан. Өөр бол эвдрэл гэмтэл байгаагүй бүрэн бүтэн байсан. Би Баасанжаргалтай 2012 оноос хойш “Оюу толгой” ХХК-д хамт ажиллаж байгаа төрөл садангийн ямар нэгэн холбоо бол байхгүй” гэх  /хх-ийн 40-р хуудас/

Гэрч Э.Батбилэг мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: “...Дарьганга суманд байдаг Шилийн Богд уул руу гарахаар явцгааж орой 21 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Талын агуйн дэргэд байх гэр буудалд очиж тэндээ амарцгаасан. Гэр буудалд буучихаад хоол идчихээд ганц нэг хундага архи уучихаад түрүүлээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь 06 цаг өнгөрөөж босоод бүгдээрээ Шилийн богд уулруу гарч авчирсан идээ будаагаа өргөчихөөд бууцгаахдаа доод бэлд нь нэг шил архи задалж тэндээс зарим нь ганц нэг хундага татчихаад тэндээсээ шууд Талын агуй руу очиж зургаа авахуулсан. ...Hummer Н-З маркийн 39-39 унк улсын дугаарын машиныг Баасанжаргал өөрөө жолоодож дотор нь Орхонбат, Хосжаргал, талийгаач Батсүрэн, Бадамдорж нар сууж явсан. Тэгэхдээ хамгийн урд талд нь Lexus-470 маркийн 04-89 унв машин, голд нь манай машин, хамгийн ард Hummer Н-З маркийн машин явсан. Би жолоочийн арын суудал дээр унтаж явсан. Нэг нь цонх тогшоод намайг сэрээхээр нь цонхоо буулгаад харахад талийгаач Батсүрэн надаас гал өгчих гэхэд нь би асаагуураа өгчихөөд цонхоо буцаагаад хаахад машин хөдлөөд явсан. Тэгээд л жаахан явж байтал урд явсан Lexus-470 маркийн машин адуу явж байсан газар зогсож байхаар нь манай машин ард нь очиж зогсоод бүгдээрээ машинаас бууж зургаа авахуулах үед ард явсан Hummer Н-З маркийн машин ирээгүй л байсан. Бид нар зургаа авахуулчихаад зарим нь гадаа зарим нь машин дотроо сууж байсан. Тэгтэл Төрболд машин дотроос бууж ирээд нөгөө хэд онхолдчихсон байна хурдан явъя гэхээр нь бид нар буцаад явсан. Тэгээд очиход Hummer Н-З маркийн машин замын урд талд дөрвөн дугуй дээрээ зүүн тийшээ харчихсан, талийгаач Батсүрэн зам машин хоёрын голд дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Талийгаач Бадамдорж болохоор машины жолоочийн эсрэг талд газарт дээш хараад ухаангүй хэвтэж байсан. Тэгэхэд Хосжаргал, Баасанжаргал, Орхонбат нар ярихдаа талийгаач Бадамдорж машин барьж явсан, урд талын суудал дээр Батсүрэн сууж яваад онхолдчихсон гэж ярьж байсан. Яг юунаас болж онхолдсоныг нь би асуугаагүй. Тэгээд л бид нарыг сандралдаад байж байхад эмч эхэлж ирж хоёр талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Араас нь цагдаа ирээд бид нарыг Дарьганга сумруу очоод байж бай гээд явуулсан гэх гэх  /хх-ийн 44-р хуудас/

- Техникийн шинжээчийн  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот дүгнэлтээр:

- Жолооч М.Бадамдорж нь  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “б”-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 2.7 “а”- д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу  үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

- Тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч.Баасанжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “б”-д заасан “Жолооч тухайн тээврийн хэрэгсэлд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 53-54-р хуудас/

-Хэрэг учралын газарт  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-17 хуудас/

- Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл. /ХХ-ийн 56-58-р хуудас/

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 тоот дүгнэлт цогцосны гадна үзлэг хийсэн дүгнэлт  /ХХ-ийн 59-61-р хуудас/

- Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл  /ХХ-ийн 63-66-р хуудас/

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны 05 тоот цогцосны гадна үзлэг хийсэн дүгнэлт  /ХХ-ийн 67-69-р хуудас/

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны 11 тоот дүгнэлт  /ХХ-ийн 70-р хуудас/

-  Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны 10 тоот дүгнэлт  /ХХ-ийн 71-р хуудас/

-Ч.Баасанжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Ч.Баасанжаргал нь 2017 оны 01 дүгээр  сарын 05-ны өдрийн 11 тай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б-д  заасан заалтыг зөрчин   архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.Бадамдоржид жолоогоо шилжүүлсний улмаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрээн толгой” гэх  газарт М.Бадамдорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “б”-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 2.7 “а”- д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу  үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж, уг машинд  явсан зорчигч Т.Батсүрэн жолооч М.Бадамдорж нар нас барсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/, цогцосны хувцас, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-14-21, 24-25/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-27/, гэрч Б.Орхонбат, Хосжаргал, Д.Энхбат, Э.Батбилэг нарын  мэдүүлгүүд, шинжээчийн 05,06, 11,15 тоот дүгнэлтүүд, 75, 76 тоот дүгнэлтүүд шүүгдэгч Ч.Баасанжаргалын  мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.   

 Шүүгдэгч Ч.Баасанжаргалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул Ч.Баасанжаргалыг   согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд М.Бадамдоржид жолоогоо шилжүүлсний улмаас М.Бадамдорж нь зам тээврийн осол гаргаж зорчигч Т.Батсүрэн, жолооч М.Бадамдорж нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Ч.Баасанжаргал нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тодорхой албан тушаал эрхлэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тухайн зүйл хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрх  хасах ялыг дурдаагүй байх тул тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг хэрэглэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Баасанжаргал нь согтуурсан этгээд буюу амь хохирогч М.Бадамдоржид  жолоогоо шилжүүлсэнээс 2 хүний амь нас хохирсон болох нь  шүүгдэгч Ч.Баасанжаргалын “ тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хосжаргал, Орхонбат, талийгаач Бадамдорж, Батсүрэн нар архи, пиво уусан халамцуу байсан” гэх  мэдүүлэг болон 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлтэд  “ М.Бадамдоржийн цогцосноос авсан гэх цусанд 2.3 хувь промиль этилийн спирт илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахад Ч.Баасанжаргал нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,   гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,  55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч Ч.Баасанжаргал нь  цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор  бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Ч.Баасанжаргалд ял шийтгэл оногдуулахдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.Бадамдоржийн 958133 дугаарын жолооны үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээж, Ч.Баасанжаргалын 505628 дугаарын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Баасанжаргалд буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  297, 298  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                    

1. Шүүгдэгч Ч.Баасанжаргалыг согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсний

улмаас, хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баасанжаргалыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ч.Баасанжаргалд оногдуулсан 2 жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Ялтан Ч.Баасанжаргал нь  цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй,  хохирогч болон хохирогчийн төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1, 61.4-д заасныг журамлан Ч.Баасанжаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн  хугацаагаар хянан харгалзан, засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.Бадамдоржийн 958133 дугаарын жолооны үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээж, Ч.Баасанжаргалын 505628 дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Баасанжаргалд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ч.Баасанжаргалд  авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА