| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/03067/И |
| Дугаар | 183/ШШ2018/00018 |
| Огноо | 2017-12-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2018/00018
| 2017 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2018/00018 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 0дүгээр хороо, 0дугаар байр, 00 тоотод оршин суух, Х овогт Б О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүрэг, 00 дугаар хороо, 00 байранд оршин суух, Бовогт Р Э /РД:/-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 2 305 723.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.У, хариуцагч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Р.Этай байр хөлслүүлэхээр гэрээ хийж 1 жил 12 сар амьдрах хугацаандаа байрны түрээсийн мөнгө 1 050 000 төгрөг, байрны дулаан, ус ашигласан 890 018.43 төгрөг, СӨХ-ийн төлбөр 90 000 төгрөг, цахилгаан ашигласан 27 830 төгрөг, интернетийн төлбөр 45 875 төгрөг, нойлын суултуур шинээр сольсон 160 000, угаалгын машины засвар 45 000 төгрөг, нийт 2 305 723.43 төгрөгний алдагдалд оруулж хохироосон тул иргэн Р.Эаас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Риймаа овогтой Эрдэнэсувд миний бие Б.Оийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч чадахгүй болно. Учир нь урьдчилгаанд авсан мөнгийг 500 000 гэжээ. Миний бие 800 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдлийг дансаар шилжүүлэхээр тохиролцсон. Мөн (суултуур) анх ороход суултуурын арын бочки нь эвдэрхий байсан. Мөн угаалгын машин эвдэлсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь угаалгын машиныг нь ажиллуулж үзээгүй бөгөөд өөрсдөө угаалгын машинтай. Мөн байрны дулаан ашиглалтын мөнгийг С-ын нягтлан бодогчтой уулзаж, төлбөрийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон болно. Цахилгаан, интернетийн үнийг 8 сарыг дуустал бүтнээр нэхэмжилсэн байна. Манай 8 дугаар сарын 15-ны өдөр өөр байранд нүүж орсон тул бүтнээр төлбөр хийх боломжгүй. Учир нь өөрсдөө миний нялх хүүхдүүдийг шөнийн 10 цагт таавчигтай, нимгэн хувцастай нь гудамжинд хөөн гаргаж цоожны голыг сольсон байсан. Иймд бүтэн төлбөр хийх учиргүй гэж үзэж байна. СӨХ-ийн төлбөрийн хувьд дарга болон үйлчлэгтэй нь тохиролцож 6, 7 дугаар саруудын төлбөрийн үйлчлэгчийн угаалгын хөлс болох 7 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Учир нь цахилгаан шатны засварын асуудлыг шийдүүлэхээр удаа дараа шаардлага тавьж байсан. Цахилгаан шат ажилд орсон 8 дугаар сарын мөнгөний тал төлбөрийг хийнэ” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Р.Эад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт болон ашиглалтын зардалд нийт 2 305 724 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хөлслөгч Р.Э орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөхгүй байсан учраас гарах шаардлага тавьж 2017 оны 9 сард орон сууцыг суллаж өгсөн, тус орон сууцыг хөлслөх хугацаандаа түрээсийн төлбөр 1 050 000 төгрөг, дулаан ус ашигласны зардал 618 647 төгрөг, алданги 271 370 төгрөг, СӨХ-ны төлбөр 90 000 төгрөг, цахилгааны төлбөр 27 830 төгрөг, интернетийн төлбөр 45 875 төгрөг, 00-ын суултуур зассан төлбөр 160 000 төгрөг, угаалгын машины засвар 45 000 төгрөг нийт 2 305 723 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь түрээсийн төлбөрт би нэхэмжлэгчийг гадагшаа явах өдөр нь 300 000 төгрөг өгсөн, 9 сар хүртэл уг орон сууцанд амьдраагүй 8 сар тал амьдарсан тул мөн 300 000 төгрөг төлөхгүй түрээсийн төлбөрт үлдэх 450 000 төгрөгийг төлнө, лифт ажиллаагүй тул СӨХ-ны төлбөр 90 000 төгрөгийг төлөхгүй, 8 сард хагас сар амьдарсан тул интернетийн төлбөр 50 хувийг төлнө, 00-ийн суултуур угаасаа эвдэрхий байсан, угаалгын машиныг хэрэглээгүй тул зөвшөөрөхгүй, ашгилалтын зардал 618 647 төгрөгийг төлнө, алданги 271 370 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Р.Этэй 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлслүүлэгч нь Х дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр байр 00 тоот хаягт байрладаг 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэг сарын 500 000 төгрөгөөр хөлслөх, хөлслөгч нь төлбөрийг 3 сараар нь тооцож урьдчилан төлөх, гэрээний хугацаанд гарах орон сууцны ашиглалтын зардал, СӨХ-ийн төлбөр, цахилгаан, интернетийн зардлыг төлөх нөхцлийг харилцан тохиролцож, талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан зохицуулалттай нийцэж байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. /х.х-ийн 7-9 дүгээр тал/
Хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт 300 000 төгрөг төлсөн, орон сууцыг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр суллаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул орон сууц хөлсөлсний төлбөрт нэхэмжилсэн 1 050 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хариуцагч Р.Э нь орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцыг ашиглаж байх үеийн буюу 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар саруудын ус дулааны зардалд 618 647 төгрөг, ашиглалтын зардал төлөөгүйгээс үүссэн алданги 271 370 төгрөг, интернетийн төлбөрт 45 875 төгрөгийн зардал гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч төлөх үндэслэлтэй байна. /х.х-ийн-19, 20 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар талууд өөрсдийн тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд, СӨХ-ны төлбөр 90 000 төгрөг, цахилгааны төлбөр 27 830 төгрөг, 00-ын суултуур зассан төлбөр 160 000 төгрөг, угаалгын машины засвар 45 000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдож нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 322 830 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч Р.Эаас орон сууц хөлсөлний төлбөр 1 050 000 төгрөг, ашиглалтын зардал 890 018 төгрөг, интернетийн төлбөр 45 875 төгрөг нийт 1 985 888 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 322 830 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Эаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 1 985 888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 322 830 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 51 842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оөөс 46 724 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ