Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1046

 

  2024         11           21                                      2024/ШЦТ/1046     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/0997/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч  П.Отгонбаатар,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-д холбогдох эрүүгийн 2209021341669 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Улаанбаатар хот, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар;
  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар;
  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан О.А /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ю.С-г Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн дүү Ю.Ттэй уулзуулахыг шаардах, чи миний хүүхдийг аваад ир, ална шүү, миний хүүхдийг төрүүлэхгүй бол ална гэх зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүн болох хохирогч Ю.Сын хүү, нөхрийг ална, “надтай үзэлцвэл ганц бандиасаа сална шүү, чи ганц бандитай шүү, бандийг чинь ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд: “Тэр Т-гийн хүүхэд миний хүүхэд юм. Ю.С-н нөхөр нь өөрөө эхлээд намайг доромжилж, заналхийлсэн. Т миний хүүг аваад Герман руу нууцаар явсан. Миний өмнөөс өргөдөл өгөөд хүүг минь авч яваад хүүхдийн минь нэрийг сольсон байсан. Би өөрийнхөө хүүг авмаар байна гэхэд чиний хүүхэд биш гээд шинжилгээ өгөхгүй байгаа. Би Т-тэй уулзахаар “Монголд төрөөд миний хажууд байгаач” гэж хэлэхээр Ю.С-д очсон. Гэвч Т байгаагүй. Би жаахан халамцуу байсан бөгөөд Ю.С тэр чинь нөхөртэй хүн гээд маргаан эхэлсэн. Ю.С чиний хүүхэд биш гэхээр нь уурласан үедээ, согтуу утсаар ярьсан.гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ю.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тэр хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр миний аавын утсаар над руу ярихдаа ална, тална, шулна Ю.С пизда минь, өвчтэй нөхрийг чинь ална, хүүхдийг чинь ална, чамайг хүчиндэж ална гэх мэтээр дарамталсан би тэрийг бичлэг хийгээд гаргаж өгсөн. Т хаана байгааг хэл гээд би хэлэхгүй болохоор намайг тэгж хэлээд байсан. ...О.А нь дүүтэй маань уулзах гэж заримдаа согтуу ирнэ, тэр үед нь би согтуу хүн гэртээ оруулахгүй дүүтэйгээ уулзуулахгүй гээд явуулдаг байсан шалтгаанаас болж намайг болон нөхөр хүүхдүүдийг маань ална гэж удаа дараа заналхийлдэг болсон" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дахь тал),

Ю.С-н гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр *** тоотод нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг юм. Манай дүү Т Герман улсын иргэншилтэй тэндээ амьдардаг ба хааяа Монголд ирэх үеэр нь 10 жилийнх нь ангийн хүүхэд гээд О.А гэх залуу манай дүүтэй уулзана гээд манайхаар хэд хэдэн удаа орж гарч байсан. Манай дүү Т нь 2022 оны 06 сарын сүүлээр Монголд ирсэн байгаа юм. 2022 оны 08 сарын 02-ны орой 20 цагийн орчимд манай дүү Т над руу залгаад "та гарахдаа болгоомжтой гараарай нөгөө О.А чинь над руу утсаар яриад ална гээд" байна гэж хэлсэн тэгээд би 21 цагийн орчимд хөрш айлын Ц гэх хүнтэй хамт гэрээс гарсан ба гарахад О.А манай орцны гадаа байж байсан ба миний энгэрээс заамдаад танай гэрийнхнийг бүгдийг чинь ална чамайг бол араас чинь ална гэх зэргээр заналхийлсэн. Тэр үед Ц ах хажуугаас нь болиулсан. О.А миний утсыг булаах гээд байхаар нь булаацалдаж байх үед зугтаагаад явчихсан. Тэгээд би айгаад гэр лүүгээ буцаад орсон. Бас О.А 100-н айлд байдаг манай аавынд очиж Т-г Монголд ирсэн хаана байгаа вэ гээд асуусан байсан. Мөн аавын гар утсыг булаагаад зугтаасан байсан. Тэгээд шөнө 22 цагаас 04 цагийн хооронд О.А манай аавын дугаараас над руу тасралтгүй залгаад "чиний ганцхан амь байгаа чиний хүүхэд байгаа тэр хүүхдийг чинь би ална хүүхдээ харж яваарай гэр бүлээр чинь ална" гэх зэргээр заналхийлээд байсан. Би Т-тэй О.А-г уулзуулдаггүй болохоор надад өс санаад намайг занаад байна гэж би ойлгож байгаа. Жирэмсэн том гэдэстэй хүнтэй угаасаа уулзах шаардлага байхгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

Гэрч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр цагаас хойш манай аавын 96***, 86*** гэсэн дугааруудаас над руу байнга залгаж байна. Намайг утсаа авахад хүүхэдтэй чинь гэдсийг чинь ярж ална хүүг чинь ална, эгчийг чинь ална гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэх мэтээр хэлж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Плаш дискэнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 86-91 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч О.А нь согтуугаар 2022.08.02-ны өдөр хохирогч П.С-г Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь түүний дүү өөртэй нь урьд өмнө эр эмийн харьцаатай байсан Ю.Т-тэй уулзуулахыг шаардах, мөн миний хүүхдийг аваад ир уулзуулахгүй бол ална шүү гэх зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардах, түүнчлэн Ю.С-н хүүг ална, нөхрийг ална, өөрийг чинь араас нь ална, “надтай үзэлцвэл ганц бандиасаа сална шүү, чиний ганцхан амь бандийг чинь ална шүү, хүүхдээ харж яваарай, гэр бүлээр чинь ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлэх” гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч О.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.А нь бусдын эрх, эрх чөлөө, халдашгүй чөлөөтэй байх, амьд явах эрхэнд нь ноцтойгоор заналхийлж, айлган сүрдүүлж, ахуйд нь халдаж буй хүнлэг бус, хэрцгий догшин зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ю.С нь “орон нутагт хөдөө аймгуудаар 3-5 сарын хугацаагаар томилолтоор ажиллаж байгаа тул намайг оролцуулалгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд нэхэмжилсэн зүйлгүй. Мөн энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчаас шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч О.А нь “зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулж өгөөч” гэжээ.  

Шүүгдэгч О.А-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн урьд 3 удаа бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан гэмт хэргүүдэд шүүхээс торгох ял шийтгэгдэж байсан боловч дээрх байдлууддаа дүгнэлт хийлгүй дахин бусдын эрх, эрх чөлөө, халдашгүй чөлөөтэй байх, амьд явах эрхэнд нь ноцтойгоор заналхийлэн айлган сүрдүүлж, хохирогчдыг сэтгэл санааны дарамтанд оруулж ахуй амьдралд нь эрээ цээргүй халдсан гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О.А-г бусдыг тодорхой үйлдэлд хийхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр Заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д 04 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д 04 сарын хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд оногдуулсан ялын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд ахнааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.БОЛДБААТАР