| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/04898/И |
| Дугаар | 101/ШШ2022/00372 |
| Огноо | 2022-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/00372
2022 01 25 101/ШШ2022/00372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А
Хариуцагч: О.Л нар холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс хариуцагч нарыг албадан чөлөөлүүлэх, хариуцагч О.Лээс 1,578,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д би хөгшин эцэг, эх, хүчилтөрөгчийн дутагдалтай, тархины даралттай хүүхдээ салхинд гаргах зорилгоор 2021 оны 09 дүгээр сард хашаа байшин худалдана гэсэн зарын дагуу холбогдож Д.Атай уулзаж Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Эмнэлгийн . тоотод байрлах . нэгж талбарын дугаартай 194 мкв .газар, 88 м.кв талбайтай, 2 өрөө, хувийн сууц гарааш зориулалттай 2 ширхэг үл хөдлөх . хөрөнгийг Д.Агаас 21 сая төгрөгөөр худалдаж авсан. Тус газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад өмчлөгч Д.А нь тус газар болон хашаа байшин нь шүүхийн шийдвэр биелүүлэх газарт барьцаа хөрөнгөөр хураагдсан, худалдан борлуулах эрх нь хаагдсан байгаа бөгөөд шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дансанд төлбөрийг шилжүүлснээр өмчлөх эрхийг Н.Д миний нэр рүү шилжүүлж өгнө гэсэн. Ингээд би Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дансанд 19,690,000 төгрөгийг, бэлнээр 1,310,000 төгрөгийг бүрэн төлсний дагуу худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр рүү шилжүүлсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах үед нэг хүн өвлийн байшинд нь амьдарч байсан бөгөөд Д.Агаас уг хүний талаар тодруулахад энэ хүн болон бид нар удахгүй нүүнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл нүүгээгүй бөгөөд Д.А нь хашаа, байшинг суллаж өгөхгүй байна.
Би үл хөдлөх эд хөрөнгийг өмчилснөөс хойш хөрөнгөө эзэмшиж, ашиглахаар удаа дараа иргэн О.Аыг миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг шаардахад үл ойлголцол үүссэн бөгөөд О.А нь 2 ч удаа “Чөлөөлж өгнө” гэсэн амлалт өгсөн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөлгүй хохироож байна. Би О.Атэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, өр төлбөргүй. Би тус газар, хувийн сууцыг худалдаж авахын тулд Т ББСБ-аас зээл авч, уг зээлээ хашаа байшингаа түрээсэлж төлөхөөр төлөвлөсөн ба том байшингаа гарашын хамт 500,000 төгрөгөөр, жижиг байшингаа 200,000 төгрөгөөр тус тус түрээслэхээр тохиролцсон боловч О.А нь суллаж өгөөгүйгээс болж түрээсэлж чадаагүй. О.Аийн хууль бус үйлдлээс болж Т ББСБ-аас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч өөрийн унаж байсан Наrier маркийн автомашинаа зах зээлийн үнээс бага үнээр худалдан борлуулж зээлээ дарсан ба өнөөдрийн байдлаар 3,050,000 төгрөгийн хохирол учраад байна. Иймд О.А, Д.А нар, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн хууль бус эзэмшлээс миний газар болон үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь чөлөөлж өгнө үү гэжээ.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор надад учирсан бодит хохирол болох зээлийн гэрээний шимтгэлд төлсөн 84.000 төгрөг, нотариатад төлсөн 25.000 төгрөг, Зээлийн хүүнд төлсөн 49.600 төгрөг, транскапитал ББСБ-д цахим үйлчилгээний шимтгэлд төлсөн 20.000 төгрөг нийт 178.600 төгрөг, О.А нь 9-р сарын 21-ний өдрөөс эхэлж шаардсанаас хойш өнөөдрийг хүртэл 70 хоног амьдарч үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа учир бид 2 сарын түрээсийн төлбөрт 1.400.000 төгрөг, нийт 1.578.600 төгрөгийн хохирлыг О.Аээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 4 гудамж, 112 тоот өөрийн эзэмшлийн хашаа байшинг иргэн Н.Дд 2021 оны 10 дугаар сарын 21-нд зарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. О.А хашаа, байшинг хууль бусаар эзэмшиж байгаа. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 6 жилийн хугацаанд хашаа, байшинд суучихаад надаас бүтэн мөнгөө нэхэмжилж байгаа. Энэ хугацаанд О.А “Очир ундраа ББСБ” ХХК-д би төлнө гэж зээл авчихаад маш их хугацаа гаргасан. Тийм учраас Н.Дгийн нэхэмжлэлийн дагуу хашаа, байшинг Н.Дгийн эзэмшилд өгмөөр байна. О.А гэдэг хүн хашаа, байшинд хууль бусаар сууж байгаа. Миний зүгээс О.Аийг очиж гаргах боломж байхгүй, миний нэр дээр байсан учраас миний нэрээр нэхэмжлэл үүссэн. Нэхэмжлэлийн дагуу О.Аээс хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч О.А шүүхэд болон төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 4 сард Д.А, түүний ээж Д.Онартай анх танилцсан. Удалгүй бидний одоо амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 17-р хороо, . тоот хаягт байрлах хашаа, байшин, гараашийн хамт худалдана гэсэн учир нөхөр бид 2 нийт 25,000,000 төгрөгөөр зээлээр худалдаж авахаар тохиролцож, 2017.04.05-ны өдөр Д.Ад 12 сая төгрөг шилжүүлсэн. Тэд анх бидэнд хэлэхдээ тухайн хашаа, байшинг Д.О, Д.А нарын өмч бөгөөд үлдэгдэл 13 сая төгрөгөө төлөөд өмчлөлийн гэрчилгээний нэрээ шилжүүлж аваарай гэсэн. Тэгээд та нар хашаа, байшиндаа нүүгээд ор ор гэсний дагуу бид 2017 оны 4 сардаа нүүж ороод өнөөдрийг хүртэл амьдарч байна. Мөн түүнээс хойш мөнгө нэмж шилжүүлсээр нийт 18,625,000 төгрөг болсон. Сүүлийн мөнгийг шилжүүлээд удаагүй байхад Д.А, түүний ээж Д.Оюунчимэг нар нь “бидэнд мөнгө хэрэгтэй байна” гэсний дагуу 2018.07.10-нд 2,200,000 төгрөг, мөн хашаа, байшин нь гудамжны үзүүрт байрлалтай ба Баянзүрх дүүргийн газрын албанаас хашааны газрыг дотогш 1 метр чөлөөлөх шаардлага тавьснаар анх байснаас бага болсон учир ярилцаад Д.А хашаа, байшингийн үлдэх төлбөрөөс 1,175,000 төгрөгийг хасахаар тохиролцсон. Мөн Д.А, Г гэх хүүхдийг ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж 3,000,000 төгрөг авч бүтээж чадаагүй гэсэн ба тэр хүн нь манай хамаатан байсан учир Д.Агийн “бидэнд төлөх хашаа байшингийн мөнгөнийхөө үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нь тэр хүний дансруу шилжүүлчих” гэсний дагуу би Б.Н /Э.Г-ийн ээж/-д 3 сая төгрөг 2018.10.04-нд шилжүүлсэн. Ингээд би 23,825,000 төгрөгийг Д.А, Д.О нарт бүрэн төлж нэрээ шилжүүлж авахаар шаардахад Д.А 2 ч удаа хүүхэд төрүүлж “нялх биетэй байна, хүүхэд харах хүнгүй байна” гэх мэт шалтгаанаар хойшлуулж байсан.
Гэтэл 2020 онд “Очир Ундраа” ББСБ-с н.М гэх хүн гэрт ирж уулзан, Д.А нь тэднийд зээлээ төлөөгүй, зээлийн барьцаанд нь манай хашаа, байшин байгаа гэдгийг хэлсэн. Тэд өмнө нь банк бусаас зээл аваад төлөөд дуусгасан гэж надад хэлсэн болохоор би хашаа, байшингаа зээлийн барьцаанаас суллагдсан л гэж бодож байсан. Гэтэл 9 сарын эхээр гэнэт хашаа, байшин зарна гэсэн зарын дагуу ирж үзэж байна гэхээр нь би Д.Атай холбогдоход тэрээр “хашаа, байшин шийдвэр гүйцэтгэлээр хураагдаж, зарагдаж байгаа, би зарна гээгүй” гэж хэлсэн. Би хэдэн төгрөгийн ямар өр төлбөрт хураагдаж байгааг нь Д.Агаас асуухад надад тэр талаараа огт хэлэхгүй би таны өгсөн мөнгийг буцаагаад төлчихнө, гэхдээ 4 жил уг хашаа, байшинд амьдарсан түрээсийн төлбөр гэж сарын 300,000 төгрөгөөр тооцоод үлдсэн мөнгийг чинь” ярихаар нь би дургүйцэж маргалдсан. Анхнаасаа бид Д.А, Д.О нараас уг хашаа, байшинг зээлээр худалдаж, худалдан авахаар тохиролцсон болохоос биш энэ хашаа, байшингаа түрээсэлж амьдраагүй.
Д.Атай эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул 2021.09.22-ны өдөр би Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт очиж, хариуцсан шийдвэр гүйцэтгэгч н.Золжаргалтай уулзахад Д.А, Д.О нарын төлөх өр төлбөрийн барьцаанд байгаа хашаа, байшинг худалдаж байгаа талаар надад хэлээд та энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч биш гээд өөр мэдээлэл өгөөгүй. Үүний дагуу би 2021.09.28-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтэст гомдол гаргасан. Энэ явцад иргэн Н.Д нь намайг иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татсан байна. Намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад очиж уулзахаас өмнө хашаа, байшинг зарна гэсэн зарын дагуу үзэх гэж ирлээ гээд хүмүүс ирээд байсан. Тэр үеэр ч мөн нэхэмжлэгч Б.Д, нөхөр Б.Нийн хамт ирж үзэхэд нь “Д.Ад бид хашаа, байшингийнхаа мөнгийг бүрэн төлчихсөн тул зарахгүй, маргаантай шүү” гэдгийг тэдэнд маш сайн тайлбарлаж хэлж байсан. Иймд би уг хашаа, байшингийн үнийг бүрэн төлсөн, хууль ёсоор өмчлөх ёстой этгээд тул хашаа, байшинг чөлөөлүүлэхээр надад хандан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд: ХААН банкны ..тоот дансны хуулга, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод орших, нэгж талбарын ..., улсын бүртгэлийн ... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 194 м.кв талбайтай газар, мөн хаягт орших хоёр өрөө бүхий 88 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай хувийн сууц гараашийн гэрчилгээ, 2021.10.19-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргажээ. /хавтаст хэргийн 5-7, 66-69 дахь тал/ Хариуцагч тал татгалзлаа нотлох үүргийн хүрээнд: ХААН банкны .... тоот дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021.11.23-ны өдрийн 1814 тоот тогтоолыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргасан. /хавтаст хэргийн 85-92, 104-105, 114-115 дахь тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Б.Ариунтуяа, О.А нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод орших газар, хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх, хариуцагч О.Аээс үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 1,578,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.А өөрт холбогдох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хариуцагч О.А нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Зохигчийн маргаж буй Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ....тоотод орших, нэгж талбарын .... улсын бүртгэлийн .... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 194 м.кв талбайтай газар, мөн хаягт орших хоёр өрөө бүхий 88 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай хувийн сууц гаражын өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Д 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /хавтаст хэргийн 5-7 дахь тал/
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Агаас худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр 21 сая төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлан Д.А Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “... худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлээгүй, энэ үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Мөн маргааны зүйл болсон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.А эзэмшиж байгааг зохигч маргаагүй ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ... эрх нь зөрчигдсөн хэвээр байвал ... шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж зааснаар буюу О.А тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч Д.А нарын хооронд 2021 оны 09 дүгээр сард үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, тус гэрээгээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хариуцагч Д.А хүлээсэн нь нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Д.А нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр хариуцагч Д.Агаас шилжүүлэн авсан боловч гэрээний зүйл болох газар, хувийн сууц, гараашийн эзэмшлийг бодитой шилжүүлэн аваагүй, өмчлөх эрхийг шилжүүлэн авах үедээ хөрөнгийн бодит эзэмшлийг шилжүүлэхийг гэрээний нөгөө талаас шаардсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн үндэслэлээр хариуцагч О.Аийг үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хариуцагч О.Аийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх хангалттай үндэслэл, түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч нар тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших талаар хоорондоо эрхийн маргаантай тухай дурдаж хариуцагч О.А маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Агаас худалдан авахаар 2017 онд хэлэлцэн тохирч ХААН банкан дахь өөрийн ..., нөхөр Б.Д ... тоот дансаар дамжуулан мөнгө шилжүүлж байсан талаарх дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, 2017 оны 04 дүгээр сараас эхлэн тус 112/а тоотод орших газар, хувийн сууцыг эзэмшиж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан. /хавтаст хэргийн 85-92 дахь тал/ Хариуцагч Д.А, хариуцагч О.Аэд дээрх газар, хувийн сууцыг худалдахаар 2017 онд хэлэлцэн тохиролцож О.Аийг газар, хувийн сууцанд нүүж орохыг зөвшөөрсөн тухай, мөн тухайн үедээ мөнгийг цувуулан авч байсан гэх үйл явдлын талаар маргаагүй. Харин өнөөгийн байдлаар хариуцагч О.Аийн эзэмшилд байгаа маргаж буй 112а тоот газар, хувийн сууцны үнийг О.А, Д.Ад бүрэн төлсөн эсэх болон худалдах-худалдан авах гэрээнээс хэн аль нь татгалзах бол О.А нь эзэмшиж байх хугацааны хөлсийг Д.Ад төлөх эсэх, төлбөрийг хэрхэн тооцох асуудлаар хоорондоо маргаантай, нэг мөр болоогүйг хариуцагч талууд шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Маргаж буй газартай холбоотой асуудлаар хариуцагч Д.А цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ, тус 112а тоотод орших газар, хувийн сууцыг 2017 онд хариуцагч О.Аэд худалдсан, О.А газар, хувийн сууцны үнийг төлсөн эсэхтэй холбоотой маргаантай тухай мэдүүлжээ. /хавтаст хэргийн 105 дахь тал/
Хариуцагч О.Аийн хувьд хариуцагч Д.Атай хийсэн хэлцлийн болон түүний зөвшөөрлөөр тус үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа нь нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Д.Атай хожим хийсэн хэлцлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хариуцагч О.Аийг тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлж, шилжүүлэн өгөхийг шаардах эрхийг бий болгохгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшил, гэрээний үүргийг үндэслэн шүүхийн журмаар чөлөөлүүлэхийг хүсч хариуцагч О.Аийн хувьд өмчийн эрх зүйн, хариуцагч Д.Агийн хувьд үүргийн эрх зүйн агуулгаар тодорхойлсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд үүргийн эрх зүйн хүрээнд буюу хариуцагч Д.Атай байгуулсан гэрээний үндсэн дээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэрээгээр хүлээсэн үүргийн хувьд худалдагч Д.А нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, хөрөнгийн бодит эзэмшлийг худалдан авагч Н.Дд тухайн цаг хугацаанд хамтад нь шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд эд хөрөнгийг хожим шилжүүлэх бол энэ тухай гэрээгээр тохиролцон тодорхойлсон байх учиртай.
Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Д.А нар аман хэлцлээр тохиролцож маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар тохиролцсон, үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэний дараа хариуцагч О.А газар, хувийн сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэгч болон хариуцагч Д.А нар тайлбарлаж, хариуцагч О.А үгүйсгэж байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэж, 148.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заажээ. Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Д.А нар худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг хэрхэн шилжүүлэх, шилжүүлэхтэй холбоотой хариуцагч нар ямар үүрэгтэй болохыг илэрхийлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд зохигчийн харилцан зөрүүтэй тайлбарын аль нэгийг бодитой гэж үзэх, талууд үл хөдлөх эд хөрөнгийг нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчийн эзэмшилд шилжүүлэх нөхцөлийг гэрээгээр тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаас өмнө өөрийн биеэр очиж үзсэн гэх ба үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Д.Агийн эзэмшилд бус хариуцагч О.А эзэмшиж байсныг мэдсэн тухай шүүх хуралдаанд тайлбарлаж, маргаагүй. Тухайн үед нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсны дараа хариуцагч О.А чөлөөлж өгөхөөр тохиролцсон гэх боловч энэ талаарх тайлбараа нэхэмжлэгч, хариуцагч Д.А нар шүүхэд нотлоогүй байна. Мөн нэхэмжлэгч уг газар, хувийн сууцыг худалдан авах зорилгоор үзэхээр ирэхэд нь маргаантай тухай хариуцагч О.А шүүхэд тайлбарласан гэжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэхийг хариуцагч Д.Агаас шүүхийн журмаар шаардаж, хариуцагч Д.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн ч түүний хүсэл зориг, зөвшөөрлөөс үл хамааран биелэгдэх боломжгүй гэж үзэхээр байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх хийгээд эзэмшлийн талаар хариуцагч нарын маргаантай байдал нь хариуцагч Д.Агийн зөвшөөрлийг үгүйсгэх бөгөөд хариуцагч Д.А нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг хэд хэдэн этгээдтэй худалдах хэлцэл хийсэн, анхны худалдан авагчтай маргаан шийдвэрлэлгүй дараагийн худалдан авагчтай хэлцэл хийсэн нь тийнхүү анхны худалдан авагч буюу хариуцагч О.Аийг дараагийн худалдан авагч буюу нэхэмжлэгч Н.Дгийн өмнө тухайн маргаантай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшигч гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч Д.А нь эрхийн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсаны улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрчээ.
Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж хуульчилсан ба хариуцагч О.Аийн хувьд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод орших, нэгж талбарын ..., улсын бүртгэлийн ... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 194 м.кв талбайтай газар, мөн хаягт орших хоёр өрөө бүхий 88 м.кв талбайтай, улсын бүртгэлийн .... дугаартай хувийн сууц гаражийг өмчлөх, эзэмшихтэй холбоотой нэхэмжлэлээс татгалзсаныг үгүйсгэх үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч Д.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй, нэг хариуцагчийн зөвшөөрөл нь нөгөө хариуцагчийн хүсэл зоригоос шалтгаалж хариуцагч О.Аийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч О.Аэд холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн .....тоотод орших газар, хувийн сууцыг хууль бусаар эзэмшин үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 1,578,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх хариуцагч О.Аийг хууль бус эзэмшигч гэж дүгнээгүй учир энэ үндэслэлээр хариуцагч О.Аээс 1,578,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Энэ үндэслэлээр хариуцагч О.Лхагвжигжидийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, .... тоотод орших, нэгж талбарын ., улсын бүртгэлийн . дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 194 м.кв талбайтай газар, мөн хаягт орших хоёр өрөө бүхий 88 м.кв талбайтай, улсын бүртгэлийн . дугаартай хувийн сууц гараашийн хууль бус эзэмшлээс шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэх, мөн хариуцагч Д.Агийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч О.Аийн татгалзлаар үгүйсгэгдсэн тул нэхэмжлэгч Н.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Н.Д /ЗБ82072600/-ийн хариуцагч Д.А, хариуцагч О.А нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ..... тоотод орших газар, хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх, хариуцагч О.Аээс 1,578,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,407 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ