Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,                 

Улсын яллагч Б.Төрболд,                                                           

Иргэдийн төлөөлөгч Я.О,            

Шинжээч П.Б, Б.Э /цахимаар/,   

Гэрч Б.Ү /цахимаар/, А.П /цахимаар/,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О,

Түүний өмгөөлөгч Д.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Б, Э.Б /цахимаар/,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д  холбогдох  2323000000012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын ..... 1 дүгээр багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт ....-ын Д, регистрийн дугаар .......

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д нь Завхан аймгийн .... сумын нутаг дэвсгэр .... захад 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хоолойн тус хэсгийг хутгаар зүссэн” гэх шалтгаанаар иргэн Д.Б-ийн толгойн тус газарт архины шилээр цохиж амь насыг хохироосон гэмт хэрэг холбогджээ. Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр  зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүдэгч Б.Д нь Завхан аймгийн ..... сумын нутаг дэвсгэр, ..... захад 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.Б-тэй маргалдан улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж амь насыг хохироосон хэргийн үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ын “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай төрсөн эгч Б надад Ба хүнд зодуулаад хүнд байгаа гэж хүмүүс яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумынхаа хэсгийн төлөөлөгч Бу гэх хүнээс тодруулж асуух үед хэцүүхэн юм дуулгах нь хүүхдээ түр гаргачих хоёулаа уулзаадахъя гэж хэлсэн. Тэгээд надад нөхөр чинь талийгаач болчихсон байна гэж хэлсэн. Намайг харах үед манай нөхрийн баруун чихний ар чамархай хэсэгт шалбараад цус гарсан байдалтай, нүүрийнхээ зүүн хацар, шанаа хэсгээр хэд хэдэн газар шалбарсан, эсгэсэн юм шиг шархтай, баруун бөөрний хэсэгт хөхөрсөн байсан. Мөн талийгаачийн нуруу хэсгийг харахаар хажуу тийш харуулах үед ам хамраас нь цус асгарсан. Өөр ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41 дугаар хуудас/,

- Гэрч Г.Бу-н“...Намайг дуудлагаас ажил дээр ирэх үед хоорондоо зодолдсон гэх хүмүүс ирчихсэн яаралтай тусламжийн өрөөнд байсан. Тэгэхээр би зодолдсон гэж ирсэн хүмүүс болохоор нь сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж дуудсан. Тэгсэн чинь тухайн хүнийг архины шилээр цохисон гэх залуу намайг цагдаад битгий хэл, мэдэгдэж болохгүй хүн байгаа юм гэж надад хэлж байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч орж ирээд тухайн хүнийг аваад гарсан. Харин би архины шилээр цохиулсан гэх хүний биед үзлэг хийхээр өрөөндөө үлдсэн. Тэгээд тухайн хүний биед үзлэг хийх үед даралт нь баруун талдаа 120/80, зүүн талдаа 110/70, зүрхний цохилт 73-76 хооронд, хүчилтөрөгч нь 96-97 хооронд байсан. Мөн баруун чихний дээд чамархай хэсэгт зулгарсан шархтай бага зэргийн цус шүүрсэн өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би тухайн хүнд баруун чихний ард чамархайн хэсэгт байх шарх дээр нь цэвэрлэгээ хийж боолт хийсэн. Цус тогтоох 100 гр дусал болон цус тогтоох тариа зэргийг судсаар, өвчин намдаах тариаг булчинд хийсэн. Тэгээд амин үзүүлэлтийг хянаж байгаарай гэж сувилагчдаа хэлээд гарсан. Тэгээд намайг 00 цаг өнгөрөөд гэрээсээ эмнэлэг дээр ирэх үед тухайн хүн байхгүй байсан. Би юу болсон талаар сувилагчаасаа асуух үед би дээр хоёр давхарт тариа хийчхээд буугаад иртэл гараад явчихсан байсан гэж хэлсэн. Хоолойд нь хутга тулгасан тэгэхээр нь архины шилээр цохисон гэж тухайн шилээр цохисон гэх хүн надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/,

- Гэрч Б.Ү-ын “...Тухайн өдөр орой 21 цаг 50 минутын үед манай сумын Э гэх залуу эрүүл мэндийн төв дээр хүн үзүүлэх гэсэн юм та гараад үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би яачихсан хүн юм гэж асуух үед Э архи уугаад зодолдсон хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд сумынхаа хэсгийн төлөөлөгч болон цагдаа руу залгаж мэдэгдсэн. Э-т оруулж ирээд үзүүлээдэх гэж хэлсэн. Тэгсэн Э өөр нэг залуугийн хамт үзүүлэх хүнээ хоёр талаас нь өргөөд орж ирсэн. Тэгээд хүлээн авах өрөөний орон дээр хэвтүүлээд би монитороо залгаад амин үзүүлэлтүүдийг үзэж байх үед манай эмчлэгч эмч Бу орж ирсэн. Манай эмч бид хоёр тухайн үед монитор багажаар амин үзүүлэлтүүд буюу артерийн даралт, зүрхний цохилт, халуун, хүчилтөрөгчийн хангамж, дундаж даралт зэрэг үзүүлэлтүүдийг үзсэн. Тухайн үед дээрх үзүүлэлтүүд хэвийн тогтвортой байсан. Тэгээд тухайн хүнд манай эмчлэгч эмч Бу үзлэг хийж эмчилгээ заасан. Бу эмч бид хоёр тухайн хүний толгойн баруун чихний дээд талд байх бага зэргийн цус шархыг цэвэрлэж боолт хийж өгсөн. Тэгсэн тухайн эмчилгээ хийлгэж байсан Ба гэх хүн боолтоо авч шидээд хөлөөрөө орны толгой болон цонх руу өшиглөөд байсан. ...Шингэн залгаж өгсний дараагаар манай эмчлэгч эмч Бу хүүхдээ хөхүүлэхээр гэр лүүгээ явсан. Тэгээд би тухайн Ба гэх хүний залгасан шингэнийг дуустал нь хажууд сууж байгаад 22 цаг 55 минут орчмын үед шингэн хийж дууссан. Ба нь шингэн хийж байх хооронд унтаад өгсөн байсан. Тэгээд би 2 давхарт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн цагийн тариа хийхээр мөн дуудлагаар ирсэн байсан хүнд хүчилтөрөгч залгахаар 2 давхарт гарч ирээд ойролцоогоор 10-15 минут орчим болоод хүлээн авах өрөөнд орж иртэл ямар ч хүн байхгүй байхаар нь би гадаа гараад харсан. Гадаа ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд би эмчлэгч эмч рүүгээ болон сумынхаа цагдаа руу залгаж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 дугаар хуудас/,

- Гэрч Б.Э-ын “...Би Д, Л, /Ж/, Б нарын хамт 4-лээ уруудаад голын араар явсаар байгаад .... сумын нутаг .... багийн нутаг талын гурван улаан гэх газар отрын гэрт ирсэн. Тэгээд Л, /Ж/ ортол тухайн гэр дотор Л /Ж/, амь хохирогч Ба, Н, Э, Х, Б зэрэг хүмүүс хамт байсан. Тухайн үед Б, Д нар миний машинд гадаа үлдсэн байсан. Тэгээд бид нар 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэгээд би тухайн гэр дотор түрүүлээд унтаад өгсөн. Намайг унтах үед Л /Ж/ амь хохирогч Д.Ба, Н, Э, Х, Б нар архи тойруулаад сууцгааж байсан.  Маргааш өглөө нь намайг сэрэх үед бүгдээрээ босоод ирчихсэн байсан. Н, Ба нар унаж явсан морио Э, Х, Б нарт өгөөд эмээлүүдээ аваад миний машинд суусан. Харин Э, Х, Б нар адуу руугаа явахаар явцгаасан. ...Тэгээд бид нар миний машиныг асаагаад сумын төвийн Г гэх айлд ирээд Н, Б, Д.Ба болон Б.Д нар машин дотор маргалдаад байсан. Тухайн үед би юунаас болж маргалдаад байгааг нь мэдээгүй. Машинаас бууж маргалдаарай гэж хэлээд замын хажууд зогсож байтал араас нэг машин хүрээд ирсэн. Тэгсэн амь хохирогч Д.Ба, Б.Д, С.Л нар буугаад тухайн машинтай хүнтэй уулзсан. Тэгэхээр нь би Н, Б нарын хамт тэр 3-г үлдээчхээд хөдлөөд явчихсан. Тэгээд 1 км гаран явж байтал Н нөгөө 3-г буцаж очиж авна гээд буцаахаар болсон. Буцаад тухайн газар иртэл Б.Д миний машины урдаас алхаад ирсэн. Тэгэхээр нь Б.Д-г машиндаа суулгаад бор ногоон УАЗ-469 машины хойноос очоод юу болсон талаар асуусан. Тэгтэл манай сумын Захиргааны жолооч П ax Б.Д, Д.Ба хоёр зодолдохоор нь салгасан гэж хэлсэн. Тэгсэн С.Л /Ж/ П ахын машинаас гарч ирээд миний машинд суусан. Тэгээд Ба хаана байгаа талаар асуухад Д хойно үлдсэн гэж хэлсэн. Бид нар машинаа эргүүлтэл бид нарын байсан газар гэрлээр дохисон. Тэгэхээр нь яваад очтол Ба-н баруун чихний хойно чамархай хэсгээс цус гарсан байсан. Тэгэхээр нь бид нар Ба-г суулгаад эмнэлэг дээр ирсэн. Ба-г эмнэлэгт үзүүлж байх үед би эмнэлгийн гадаа сууж байсан. Тухайн үед Ба-тэй хамт Н, Л /Ж/, Б, Д нар хамт орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа үзүүлчихлээ гээд гарч ирсэн. Тэгсэн манай сумын хоёр цагдаа ирсэн. Тэгэхээр нь би зугтаагаад эмнэлгийн баруун гар талын хаалгаар гараад холоос хараад зогсож байсан. Тэгээд цагдаа нар явахаар нь би эмнэлгийн үүднээс машинаа аваад шууд гэр лүүгээ явахаар сумаас гарсан. Тэгээд би замдаа Г гэх айлд ороод Н руу залгаад Ба-ийг юу болж байна гэж асуусан. Тэгсэн чинь Н надад гайгүй байна чи буцаж ирээд аваадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г гэх айлаас гараад сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт голын араас ирж авсан. Намайг ирж авах үед Г гэх хүнээр Н, Б, Ба, Л /Ж/, Д 5 гол дээр хүргүүлж ирсэн. Тухайн үед Д, Ба-ийг үүрээд миний машины урд суулгасан. Тэгэхээр нь би тэд нараас эмчээс нь асуусан юм уу? гэж хэлэхэд Д надад эмчээс нь асуусан чинь өвчин намдаах тариа хийсэн бас нэг шингэн хийсэн гайгүй гэж хэлсэн гэж байсан. Тэгээд бид нар ... сумын .... багийн нутаг цагаан толгой гэх газар байх манай гэр лүү очсон. ...Бид нарыг манай гэрт очих үед 02 цаг өнгөрч байсан манай гэрт манай эхнэр Н байсан. Тэгээд миний машинаас Д, Н бид 3 Ба-ийг өргөж оруулж ирээд манай гэрийн баруун хаяанд газраар унтуулсан. Тэгээд бид нар бүгд амарсан. Намайг өглөө 08 цагийн үед босоход манай эхнэр босчихсон Н, Б, Ба, Л /Ж/, Д 5 унтаж байсан. Намайг босоод удаагүй байхад миний араас Н, Б, Д, Л /Ж/ нар боссон. Харин Ба хурхираад унтаж байсан. Тэгэхээр нь би толгой дээр нь алчуур норгоод тавьсан. Тэгсэн удалгүй бөөлжих гэж байгаа юм шиг огиулах гээд чичигнээд байсан. Тэгсэн Д, Л /Ж/, Н нар бөөлжиж чадахгүй байна гээд хажуулдуулж байгаад буцаагаад хэвтүүлсэн. Тэгээд удалгүй  амьсгаа авч чадахгүй байгаа юм шиг амьсгал нь давхцаад байх шиг байхаар би Д-г сонсоод үзээдэх гэж хэлсэн. Тэгсэн чинь Д зүрх нь цохилохгүй байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд Д гараад хүнтэй утсаар яриад орилоод уйлаад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-64 дүгээр хуудас/,

- Гэрч А.П-ийн “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би орой 22 цаг орчмын үед  ногттой морио хайгаад сумаас ертөнцийн зүүн хойд талд голын ард явж байтал Ланд-80 маркийн машин зам дээр зогсож байсан. Тэгээд би тухайн машины араас очтол шууд хөдлөөд явчихсан. Тухайн үед хоёр залуу газар хэвтчихсэн харин нэг залуу машиндаа суух гээд араас нь гүйгээд чадалгүй үлдсэн. Тэгээд тухайн үед машинаас хоцорч үлдсэн залуу болох Д намайг та намайг тэр машины араас хүргээд өг гэж хэлсэн. Би тухайн үед чадахгүй ээ энэ хэвтэж байгаа хоёр хүнээ ав саяны явсан машинаа буцаагаад дууд гэж Д гэх залууд хэлсэн. Тэгсэн Д утсаар яриад удалгүй тухайн түрүүлээд явсан машин эргэж хараад ойролцоогоор 1км гаран зайд гэрлээ урдаас тусгаад зогсчихсон байсан. Тэгээд би Л /Ж/ гэгчийг өөрийнхөө машинд суулгасан. Тухайн үед Д, Ба нар миний машинд суух гээд миний машины зүүн гар талд зогсож байсан. Тэгээд би жолооныхоо хүрд дээр сууж байтал гадаа Д, Ба нарын дуу нь өндөрсөөд маргалдаад байсан. Би явах гээд яараад машинаасаа буутал миний машины зүүн жолооч талд Д.Ба гэгч дээлээ тайлаад тавьчихсан өөрөө миний машины ар талд Б.Д-н хүзүү хэсэгт нь бор иштэй жижиг хутга тулгачихсан байсан. Тэгээд би Д.Ба-ийн гараас нь барьж аваад тэр хоёрыг салгасан. Тэгсэн тухайн үед миний үгэнд ороод салцгаасан. Тэгээд би Д.Ба-ийг яг машинд суулгах гээд аваад явж байтал Б.Д миний хажуугаар орж ирээд шил архиар Д.Ба-ийн толгойн баруун хэсэгт цохиод авсан. Тэгсэн Д.Ба газар унасан. ...Тэгэхээр нь Д-г машиндаа суулгаад Л /Ж/, Д нарыг тухайн Ланд-80 машин дээр нь хүргэж өгөөд тэр хүнээ очиж аваарай хөлдөж үхнэ шүү гэж хэлээд би буцсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

- Гэрч С.Л-ийн “...Бид нар архиа ууж дуусаад бүгд машиндаа суугаад дэлгүүр ороод 3 шил архи аваад сумын төвөөс гарах гээд явж байхад би унтсан байсан. Машин зогсохоор нь сэрэхэд ...  дээр тамгын газрын жолооч ахтай уулзаж байсан. Тэнд 1 шил 0.75 литрийн архи уух гээд задалсан. Би тухайн архинаас уугаагүй бие засах гэж буугаад буцаад машинд суух гэтэл Б машины хойд суудал дээр хөндлөн хэвтсэн байхаар нь тамгын газрын жолооч ахын машинд ороод унтчихсан. Тэгсэн тамгын газрын жолооч ах намайг сэрээгээд нөгөө хэд чинь явах гэж байна босоорой гэхээр нь би боссон чинь урдаас нэг машин гэрлээ тусгасан байдалтай зогсож байхаар буугаад хартал Э-ын машин байсан. Машинаас буухад тамгын газрын жолооч ах, Д 2 машины хажууд зогсож байсан. Д бид 2 Э-ын машинд суухад Д Ба-тэй зодолдоод Ба миний хоолойг хэрчих гэж байна гээд хүзүүгээ үзүүлэхэд эрүүнийх нь доод хэсэг бага зэрэг зүсэгдчихсэн байсан. Бид Д-аас юунаас болж маргалдсан мөн талийгаач Ба-ийг хаана байгаа талаар асуухад Д ертөнцийн зүгээр баруун талд байгаа гээд заахаар нь заасан зүгт машинтайгаа талийгаачийг хайгаад явж байтал бид нарын урд гэрэл гарахаар яваад очтол талийгаач асаагуурын гэрэл тусгачихсан зогсож байсан. Талийгаачийг машинд суулгаад гэрэл тусгаж хартал баруун чихний ар хэсгээс цус гараад тогтсон байхаар сумын төв орж эмнэлэгт үзүүлэхээр явсан. Сумын төвийн эмнэлэг дээр очоод талийгаачийн шархыг цэвэрлүүлж боолгуулаад даралтыг нь үзүүлсэн чинь эмч оёо тавиулах шаардлагагүй биеийн байдал нь хэвийн байна гэхээр гадаа гараад сууж байтал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хамт алхаад ирж байхад Э машинаа хаяад зугтаагаад яваад өгсөн. Бид нартай хэсгийн төлөөлөгч гэх залуу уулзаад та нар явж болохгүй өглөө цагдаагийн хэсэг дээр ирж мэдүүлэг өгнө гэж хэлээд эмнэлэг рүү яваад орсон. Эмнэлгийн гадаа Б, Н, бид 3 сууж байхад хэсгийн төлөөлөгч гарч ирээд та ороод Ба ахын хөл гарыг нь бариадах тариагаа хийлгэхгүй цонх хагалчих гээд байна гэхээр нь эмнэлэг рүү орж Ба ахын хөлийг гарыг нь барьж тайвшруулсан. Мөн тухайн үед бид нарт хэсгийн төлөөлөгч дахин явж болохгүй талаар хэлээд хэсгийн төлөөлөгч гараад явсан. Үүний дараагаар Д бид 2 эмнэлгээс гадаа гарч үүдэнд нь сууж байхад эмч та нар амрах айл байвал явцгаа гэж хэлсэн. Дараа нь эмнэлгээс Б, Н 2 гарч ирээд эмч Ба ахын биеийг гайгүй байна явж болно гэсэн гэж хэлээд Н, Э руу залгахад утсаа авахгүй байсан. Удалгүй Э Н руу буцааж залгахаар Ба ахын бие нь гайгүй байна гэр лүүгээ явъя гэхэд сумын төвийн дээд талд байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Н-гийн хамт найз Г-д алхаж очоод эмнэлэгт нэг аx маань байгаа толгой хагалуулаад оёо тавиулах гэсэн чинь гайгүй байна тэрийг аваад бид нарыг Э руу хүргээд өгөөч гэхэд тэгье гээд түүний приус маркийн авто машинаар эмнэлэг орж Ба ахыг авахаар очиход Д, Ба ахыг үүрсэн Н, Б 2 хажуу талаас нь түшсэн гарч ирсэн. Бид нар Г-ийн машинд суугаад Э руу хүргүүлээд Э-ын машинд суугаад Г буцаад явсан. Би машин руу ороод унтчихсан байсан. Би даараад сэрэхэд Э-ын гадаа машин дотор нь унтаж байсан. Би машинаас буугаад Э-ынд ороход Д, Э, түүний эхнэр Н нар унтаагүй харин талийгаач Ба, Б хоёр гэрийн баруун талд унтаж байсан. Би Н-ийн хажуугаар орж унтаад өглөө 09 цагийн үед боссон. Намайг босоход бүгд боссон талийгаач Ба ах хурхираад унтаж байсан. ...Тэр үед талийгаач Ба ах бөөлжих гээд огиулаад байхаар нь Д, Б 2 бөөлжсөндөө хахчихна гээд цээжнээс нь түшээд урагшаа тонгойлгосон чинь ногоон шар юмаар жоохон бөөлжсөн. Бөөлжиж дууссаны дараа тэр 2 хойш нь буцаагаад хэвтүүлсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байтал цариа нь хөхрөөд сонин болчихсон. Тэгтэл Э наад хүн чинь өнгөрцөн байх шиг байна гэхэд Д зүрхэн дээр нь чихээ тавьж чагнаж үзээд амьсгалахгүй байна гэсэн. Д гараад аав, ээжтэйгээ болон нагац ахтайгаа утсаар яриад би хүн алчихлаа та нар хүрээд ирээч гээд уйлаад байсан. Удалгүй нагац ах нь залгаад юу болоод байгаа талаар асуухаар нь би болсон процессыг хэлэхэд сумын төвөөс цагдаа болон Эмнэлэг явуулъя гэж хэлсэн. Тэгээд удалгүй 13 цагийн үед ..... сумын цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,

- Гэрч Э.Н-гийн “...Тэгтэл машины гадаа Б.Д тамгын газрын жолооч ах 2 зогсож байсан. Б бид 2 машинаас буугаад Б.Д, С.Л хоёрыг машиндаа суулгаад явах гэсэн чинь Б.Д, Д.Б-тэй зодолдоод, Д.Б миний хоолойг хэрчих гээд байхаар нь би шилтэй архиар толгой руу нь цохичихлоо гэсэн. ...Талийгаачийг машинд суулгаад гэрэл тусгаж хартал баруун чихний ар хэсгээс цус гараад  байхаар сумын төв орж эмнэлэгт үзүүлэхээр явсан. ...Бид нар цаашаа Э-ынх руу шууд явсан. Э-ын гадаа очоод талийгаач Ба ахыг Д, Б 2 өргөж Э-нд оруулж гэрийн баруун талд хэвтүүлсэн. Бид нар унтаад өглөө 09 цагийн үед боссон. Намайг босоход  талийгаач Ба ах хурхираад унтаж байсан. ...Талийгаач Ба ах бөөлжих гээд огиулаад байхаар нь Д, Б 2 бөөлжсөндөө хахчихна гээд цээжнээс нь түшээд урагшаа тонгойлгосон чинь ногоон шар юмаар жоохон бөөлжсөн. Бөөлжиж дууссаны дараа тэр 2 хойш нь буцаагаад хэвтүүлсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байтал царай нь хөхрөөд сонин болчихсон. Тэгтэл Э наад хүн чинь өнгөрсөн байх шиг байна гэхэд Д зүрхэн дээр нь чихээ тавьж чагнаж үзээд амьсгалахгүй байна гэсэн. Д гараад аав ээжтэйгээ болон нагац ахтайгаа утсаар яриад би хүн алчихлаа та нар хүрээд ирээч гээд уйлаад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Г-ын “...2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан чинь гаднаас Э, Л 2 зүс танихгүй 4 залуугийн хамт манайд орж ирсэн. Тэгээд тэр хэд 2 шил архи уучхаад О-х руу явсан. Маргааш орой нь 00 цагийн үед гэртээ унтаж байсан чинь Л, Н 2 цонх нүдэхээр нь хаалга тайлж өгсөн. Тэгсэн чинь Л Э алга болчихлоо гарч хайж олъё гэсэн. Тэгээд бид 3 гараад сургуулийн урд явж байсан чинь Н-гийн утас руу Э залгасан. Тэгээд хөдөө айлд байна гэсэн. Тэгсэн чинь Н голын ард хүрээд ир бид хэд голын ард Г хүргүүлээд яваад очъё гэсэн. Тэгээд бид хэд эмнэлэг рүү яваад очсон чинь эмнэлгийн хажууд байдаг халуун усны үүдэнд тэр хэд байж байсан. Тэгээд талийгаач Д.Ба-ийг 2 талаас нь өргөөд миний машинд суулгасан. Тэгээд би тэр 5-г голын ард Э-т хүргэж өгчхөөд гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-р хуудас/,

- Гэрч Э.Н-ийн “...Намайг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө ... сумын ... багийн нутаг .... гэх газар гэртээ ганцаараа байх үед шөнө 02 цаг өнгөрч байх үед манай нөхөр Б.Э нь С.Л болон танихгүй 4 залуугийн хамт гэртээ ирсэн. Тэгсэн нэг бор өнгийн үстэй дээлтэй хүнийг хоёр нь өргөөд дамжилж орж ирээд бүгдээрээ манайд унтацгаасан. Би өглөө 08 цаг өнгөрч байх үед боссон. Намайг босох үед бүгд унтаж байсан. Би цай чанаад байж байтал манай нөхөр Б.Э босож ирсэн. Удалгүй араас нь бүгдээрээ боссон. Тэгсэн шөнө өргүүлж орж ирсэн бор дээлтэй хүн хурхираад унтаад байх шиг байсан. Удалгүй нөгөө хүн чичигнээд нэг сонин байсан. Тэгээд толгой дээр нь алчуур норгож тавиад байсан. Би тухайн үед мориндоо явах гээд гэрээс гарсан. Тэгсэн намайг морио ойртуулаад шонгоос уяад зогсож байх үед Б.Д гэх залуу утсаар яриад уйлаад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-88 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.Б-ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 000000011 дугаартай “...амь хохирогч Д.Ба нь гавал яс баруун чамархайн хэсгээс гавлын орой хэсэг рүү чиглэсэн шугаман хугарал. Тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа. Тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдэд няцрал цус хуралт гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.” гэх дүгнэлт /2-р  хх-ийн дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 691 дугаар “...Завхан аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, ахмад П.Б-ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан №000000011 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гавлын баруун чамархай яснаас зулай руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн эдийн голомтлог няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархайн урд хэсэг, хөмсөгний гадна булан, хацар, чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт өнгөц зулгаралт, шархнууд гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 11, 12-р хавирганы булчин, ташаан толгойн дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гавал тархины битүү гэмтлийн улмаас үүссэн тархины хатуу хальсан дээрх цус хураа нь аажим нэмэгдэж, тархи дарах хүртэл идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжтой ба энэ нь хүн бүрт харилцан адилгүй байна. Алдаж байгаа цусны эрчим, гэмтсэн судасны байдал зэргээс хамаарч хэдий хугацаанд амьд явах эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийн үед 1,2,3-р шатлалын эмнэлгүүд цаг алдалгүй зохих тусламжийг үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 142-146-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 05-11-р хуудас/,

- Цогцост үзлэг болон задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-22-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан ажлын хэсэг 11 сантиметр, бариул хэсэг нь 10,2 сантиметр, нийт урт нь 21,2 сантиметр урттай бор өнгийн хутга 1 ширхэг, хөх өнгийн “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шилний хагархай хэсгүүд 13 ширхэг, 12,5 сантимерт урттай хүрэн бор өнгийн тэлээний тасархай зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 27-р хуудас/,

- Гэрч А.П-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /бичлэг бүхий/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 193-199-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д нь хүнийг архины шилээр цохиход хүний амь нас хохирч болохыг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгосон атлаа  уг хор уршгийг хүсэж зориудаар Д.Ба-ийн амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.Д ууж байсан архитай шилээрээ амь хохирогчийн толгой тус газар цохисон үйлдэл болон хохирогч Д.Ба гавал яс баруун чамархайн хэсгээс гавлын орой хэсэг рүү чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдэд няцрал цус хуралт гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан нь шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Ба-ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “амьд явах”-эрхийг зөрчиж түүнийг архины шилээр шууд санаатай цохисон үйлдлийн улмаас  Д.Ба-ийн амь хохирсон нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй  байна.

Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, бие биенээ хүндлэх, хоорондын харилцаа хандлага, шүүгдэгчийн уурласан үедээ биеэ барьдаггүй зан чанар, хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгч Я.О-ийн “Амь хохирогч Д.Ба нь Б.Д-н хоолойд хутга тулгаж сэтгэл санааг нь цочролд оруулсны улмаас гэмт хэрэг гарсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Б, Э.Б нар нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ хэргийн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс зүйлчлэлийн хувьд Б.Д нь хоолойдоо хутга тулгуулсны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдлын улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү “  гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд дээрх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:  

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгоно.

Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг ба энэ үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюул ямагт бага байдаг байна.

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг дүгнэхэд амь хохирогч Д.Ба, шүүгдэгч Б.Д нар нь хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгчийн хоолойд амь хохирогч Д.Ба хутга тулгасан нөхцөл байдал тогтоогддог боловч тэднийг А.П салгаад маргаан дууссаны дараа буюу Д.Ба-ийг машинд суулгахаар явж байх үед шүүгдэгч тэдний араас нь очиж хохирогчийн толгойн баруун чамархайн хэсэг рүү архитай шилээр цохиж амь насыг нь хохироосон байна.

Тухайн хэрэг гарах үед хэдийгээр хохирогчийн зүгээс шүүгдэгчийн биед халдах явдал болсон хэдий ч энэ нь тодорхой хугацаанд үргэлжилсэн бус 1 удаагийн шинжтэй үйлдэл байсан бөгөөд хохирогчийн дээрх үйлдлийг А.П таслан зогсоосноос хойш шүүгдэгч нь буцан ирж хохирогчийн толгойд архитай шилээр цохиж байгааг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл уг үйл баримт хоромхон зуурын хугацаанд болоогүй бөгөөд хохирогч шүүгдэгчийн хоолойд хутга тулгасан үйлдлийг А.П таслан зогсоож амь хохирогч Д.Ба машинд суухаар явж байх үед түүний хойноос очиж архитай шилээр толгой руу нь цохиж буй үйлдэл нь өөрийн хийж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Х.О болон түүний өмгөөлөгч Д.Э нар “...Талийгаачийн буяны ажилд зарцуулсан зардал, малаа хүнээр маллуулсан хөлс, адуу малаа өөрөө эргэж малласан, хариулсантай холбоотой гарсан шатахууны зардал болон алдсан 12 тооны үнэ, алдсан адуу малаа ирж хайхад гарсан шатахууны зардал нийт 34,714,888 /гучин дөрвөн сая долоон зуун арван дөрвөн мянга найман зуун наян найм/ төгрөг, сэтгэл санааны хохирол 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөг нийт 133,714,888 /нэг зуун гучин гурван сая долоон зуун арван дөрвөн мянга найман зуун наян найм/ төгрөг нэхэмжилж байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... иргэний нэхэмжлэлийн үндэслэл түүний нотлогдсон байдлыг  харгалзан бүгдийг , эсхүл хэсэгчлэн  хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслэсэн байх ёстой.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг шинжлэн судлаад талийгаачийн буяны ажилд зарцуулсан 11,892,979 /арван нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун далан ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин малаа хүнээр маллуулсан хөлс, адуу малаа өөрөө эргэж малласан, хариулсантай холбоотой гарсан шатахууны зардал болон алдсан 12 тооны адууны үнэ, алдсан адуу малаа ирж хайхад гарсан зардал нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоогүй авсан бараа материалын үнэ болон хэзээ, хэдэн төгрөгөөр юу худалдан авсан болох нь тодорхойгүй баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй байна.

Иймд малаа хүнээр маллуулсан хөлс, адуу малаа өөрөө эргэж малласан, хариулсантай холбоотой гарсан шатахууны зардал болон алдсан 12 тооны үнэ, алдсан адуу малаа ирж хайхад гарсан шатахууны зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоогүй авсан бараа материалын үнэ болон хэзээ, хэдэн төгрөгөөр юу худалдан авсан болох нь тодорхойгүй баримтууд болох нийт 22,821,909 /хорин хоёр сая найман зуун хорин нэгэн мянга есөн зуун ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирол 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийн нэхэмжилсэн байна.

Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар  Иргэний  хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг  “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэсэн өөрчлөлтийг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэсэн нэмэлтийг тус тус оруулсан байна.

Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш дагаж мөрдөнө гэж заасан ба  Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө “ гэж зааснаар  дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2023 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр байна.

Уг хэргийн үйл баримт нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон бөгөөд хэрэг болох үед Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь заалт болон бусад заалт хүчин төгөлдөр болоогүй байсан байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж 5.3-т “гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж тус тус заасан бөгөөд сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах зохицуулалт Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлыг 99,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хохирол болох 11,892,979 /арван нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун далан ес/ төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хохирол төлсөн баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

                              Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүгдэгч Б.Д сэтгэцийн хувьд ямар нэг сэтгэцийн өвчингүй, гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 113-114-р хуудас/-ээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд тулгуурлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн хөнгөрүүлэх нөхцөл байна гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг санамсар болгоомжгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул үүнийг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах боломжгүй юм. Мөн шүүгдэгч Б.Д нь хохирогчид эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлсэн боловч үүний үр дүнг үл хайхран эмнэлгээс дур мэдэн авч явж буй үйлдлийг эмнэлгийн туслалцаа үзүүлсэн гэж үнэлэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Д урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хувийн байдалд харгалзан үзсэн.  /1-р хх-ийн 135-р хуудас/

 Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нөхцөл байдал хангагдсан байх тул дээрх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүх уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.  

Шүүх шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 296 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд  оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д-гаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 11 сантиметр, бариул хэсэг нь 10,2 сантиметр, нийт урт нь 21,2 сантиметр урттай бор өнгийн хутга 1 ширхэг, хөх өнгийн “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шилний хагархай хэсгүүд 13 ширхэг, 12,5 сантимерт урттай хүрэн бор өнгийн тэлээний тасархай зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Б.Д-д өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт ....-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-н 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 296 хоногийг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Д-д өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д шүүхээс тогтоосон 11,892,979 /арван нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун далан ес/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 22,821,909 /хорин хоёр сая найман зуун хорин нэгэн мянга есөн зуун ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

7. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгч Б.Д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 11 сантиметр, бариул хэсэг нь 10,2 сантиметр, нийт урт нь 21,2 сантиметр урттай бор өнгийн хутга 1 ширхэг, хөх өнгийн “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шилний хагархай хэсгүүд 13 ширхэг, 12,5 сантимерт урттай хүрэн бор өнгийн тэлээний тасархай зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ

                                                             ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

                                                                          З.НАНДИНЦЭЦЭГ