| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/04224/И |
| Дугаар | 183/ШШ2020/03186 |
| Огноо | 2020-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2020/03186
| 2020 12 15 | 183/ШШ2020/03186 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....... тоотод оршин суух Д овогт А-гийн А/РД:0000000гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 000000000тоотод оршин суух Бовогт П-гийн Г /РД:0000000/-т холбогдох,
орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4.468.170 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч П.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д/ШТЭҮД:0000/, гэрч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн А.аминий бие өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 68 дугаар байрны 9 тоот дахь орон сууцыг аав Д.А-гаар дамжуулан иргэн П.Г-т 2018 оны 09 дүгээр сарын 01-нйи өдөр орон сууц хөлслөх гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, жилийн 9.800.000 төгрөгөөр хөлслүүлсэн. П.Г-гт гэрээний хугацааг 1 жилээр буюу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэрээндээ төлбөрийг 9 сарын 1, 11 сарын 1, 1 сарын 1, 3 сарын 1-ний өдрүүдэд 2.000.000 төгрөг, 5 дугаар сарын 1-ний өдөр 1.800.000 төгрөгийг тус тус төлж байхаар тохирсон. Д.Гтус орон сууцыг хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар хөлсөлж байсан ба 2020 оны 2 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө өгөхгүй болсон. Аав Д.Атөлбөрийг шаардан авдаг байсан төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаад, хэлээд ч өгөхгүй сүүлдээ ярьж ойлголцохоо больсон. Улмаар 3, 4 дүгээр саруудын түрээс болон ашиглалтын зардал буюу цахилгаан, дулаан, СӨХ-ны төлбөрийг төлөөгүй хуримтлал үүсгэсэн. Аргаа бараад чөлөөлж өгөхийг гуйсан боловч хэл амаар доромжлоод түлхүүрийг хүлээлгэж өгөхгүй явсаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байрны хажуу дэлгүүрт орхисон байсныг хүлээж авсан. Одоо орон сууц хөлслөх гэрээний 2019 оны дутуу төлбөр болох 1.000.000 төгрөг, 2020 оны гэрээний 3, 4 дүгээр саруудын төлбөр болох 2.000.000 төгрөг, дулааны төлбөр 619.452 төгрөг, цахилгааны төлбөр 11.472 төгрөг, СӨХ-ны төлбөр 265.250 төгрөг, юнивишны төлбөр 71.996 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. П.Гг анх ороод хананы обой сольсон гэж 1.000.000 төгрөгийг төлбөрөөс хасаж байсан ба одоо бид байранд засвар хийж зардал мөн 1.000.000 төгрөг болоод байна. Ингээд төлбөрийн дутуу болох 3.000.000 төгрөг дээр ашиглалтын зардлууд болох 968.170 төгрөг, засварын зардал 1.000.000 төгрөг, нийт 4.968.170 төгрөг болж байгаа ба үүнээс барьцаа болох 500.000 төгрөгийг хасаад нийт 4.468.170 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд П.Г-оос орон сууц хөлслөх гэрээний үүргийн дагуу 4.468.170 төгрөгийг гаргуулж, иргэн А.анадад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.441 төгрөгийн хамтаар олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Гшүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: П.Г миний бие Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 68 дугаар байрны 09 тоот хаягт байрлах 94 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг орон сууц хөлслөх гэрээ нэртэй боловч агуулгын хувьд тодорхой ажил үйлчилгээ явуулах, өөрөөр хэлбэл өдөр өнжүүлэх үйлчилгээ /хүүхэд харах/ зориулалтаар ашиглахаар Д.Агэдэг хүнтэй харилцан тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэрээ хийж ажиллахаар болсон. Тус жилийн түрээсийн төлбөрт 9.300.000 төгрөг, барьцаа болгож 500.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Тус байрны засвар маш муу байсан тул бид харилцан ярилцаж засвар хийхээр болж, тухайн засварын зардлыг Д.Ань гаргаж, засвар хийж чадахгүй, та нар өөрсдөө хий гэсэн. Тэгээд бид засвар хийж тухайн байрыг ашиглахаар харилцан тохирсон. Байрны засварын зардал болох 1.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж өгөхөөр Д.Амгалантай тохиролцсон. Тус байрны 2 өрөөнд 2 өөр айл хөлслөн суудаг байсан буюу удаан хугацаанд хөлсөлж байсан нь өнгө үзэмж муу болсон, обой нь урагдсан, тааз хар байсан. Би тухайн үед засвар хийхэд 1.400.000 төгрөгийн засвар хийсэн. Үүнээс ажлын хөлсөнд 300.000 төгрөг өгсөн. Бусад зардал нь обой, зураг, хана таазны замаск, эмульс, гэрэл зэрэг зүйлд зарцуулсан. Улмаар дахин гэрээг сунгаж, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллахаар сунгасан. Тухайн жилийн төлбөрт 9.800.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1.800.000 төгрөгийг тус тус 5 хуваан өгөхөөр тохиролцон гэрээг сунгасан. Гэрээгээр тохирсон төлбөрөөс Д.А-ийн Хаан банкны 0000000тоот дансанд: 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус төлсөн. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1 сарын хугацаатай сурагчийн амралт эхэлсэн. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хичээл ороход 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш олон улсад гарсан коронавирусийн улмаас бүх сургууль, цэцэрлэг онцгой байдал зарлан хаагдаж, давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Д.А-тай утсаар ярьж, 3 сард өгөх ёстой төлбөрөө өгч чадахгүй байгаа тухайгаа хэлэхэд одоо ийм байдалтай ажиллаагүй байхад би юу авах вэ гэсэн. Цааш жаахан харж байгаад болох байлгүй дээ гэсэн. Үүнээс хойш коронавирус улам ихсэж, онцгой байдлын дэглэмд шилжин карантийлсэн. Энэ хүнд нөхцөлд ажиллах боломжгүй болоод Д.А-д хэлээд тооцоогоо нийлэхээр болсон. Тухайн байранд ажил үйлчилгээ явуулахгүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой нүүсэн тул Д.А-нтай утсаар ярьж, түлхүүр өгөх гэсэн боловч дулааны төлбөр төлөгдөөгүй гэсэн шалтгаанаар түлхүүр аваагүй байж байгаад тооцоогоо нийлсэн. Тухайн үед Хангай хотхоны тэнд очиж Д.Аболон эхнэр хоёртой хамт уулзаж тооцоо нийлээд байрны мөнгөн дээр маргаан гарсан боловч бид төлбөрийн тооцоо хийснээр ойлголцолд хүрч тохиролцсон. Энэ үед түлхүүр авч очоогүй ба дараа нь Д.Ахэлэхдээ байрны түлхүүрээ очиж авч чадахгүй байна, доор гаражийн манаачид өгчих, ах нь байраа хүнд үзүүлж хөлслүүлэх юм гэж хэлсэн. Би ажилтай явж байсан болохоор эхнэрт хэлээд гаражийн манаачид оруулаад өгөхөд би авахгүй, шинэ манаач гээд авахгүй гээд байна гээд Д.Амгаланд утсаар ярьж хэлэхэд дэлгүүрт үлдээчих гэж хэлснээр түлхүүрийг дэлгүүрт үлдээсэн. Дээр дурдсанчлан байрыг хүлээлгэж өгөхгүй удаасан асуудал байхгүй бөгөөд тэнд хүн амьдардаггүй, хүүхэд харах үйл ажиллагаа зогссон, хоосон байсан. Зуны 3 сар ажил үйлчилгээ бүр явуулдаггүй. Харин Д.Аах өөрт нь түлхүүр байсан юм шиг байсан. Яагаад гэвэл биднийг байхгүй үед байрандаа орж гардаг байсныг мэдсэн. Тэрээр байрандаа орж зураг аваад байраа зарна гэсэн зар тавьсныг хараад мэдсэн. Улмаар өөрт нь хэлэхэд тэгээд яадаг юм гэсэн хариулт өгч байсан. Би А.агэдэг хүнтэй уулзаж байгаагүй, ажил үйлчилгээ явуулах зорилгоор тухайн 3 өрөө байрыг ашиглах гэрээг түүнтэй байгуулаагүй ба гэрээн дээр хамтран өмчлөгч гэж бичсэн байсан ч байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр нь байдаг эсэхийг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл Д.Ань гэрээ хийхдээ байрны гэрчилгээг үзүүлээгүй болно. Би түрээсийн төлбөрт нийт 6.000.000 төгрөг төлсөн байсан. Нэг сарын түрээсийн төлбөр 816.666 төгрөг гарснаас 9, 10, 11, 12, 1, 2, 3 дугаар сарууд нийт 7 сарын төлбөр төлөгдөж, энэ нь 5.716.662 төгрөг болсон. Үүнийг төлсөн 6.000.000 төгрөгөөс хасахад 283:338 төгрөг үлдсэн. Бидний хэлцэлд гараж ороогүй бөгөөд Д.Аах гаражаа өөр хүнд түрээслүүлдэг байсан. Байрны төлбөр дээр гаражийн халаалт 17.992 төгрөг х 7 сар=125.944 төгрөг, СӨХ-ны төлбөр дээр гаражийн манаач зардал 14.300 төгрөг х7 сар=100.100 төгрөг, нийт 238.338 +125.944 +100.100=509.382 төгрөг илүү төлөлттэй байсан. Дээр нь барьцаа болох 500.000 төгрөг нэмэгдээд 1.009.382 төгрөг болсныг байрны төлбөр төлөөд дуусгая гэснээр төлбөрийн асуудал дууссан. Иймд гэрээгээ дүгнэж, төлбөр тооцоог бүгдийг дуусгасан байхад надтай гэрээ байгуулж тохиролцоогүй, гэрээгээ дүгнэж тооцоо нийлэн тохиролцоогүй А.агэдэг хүний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбар, гэрч Ч.Б-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.ань хариуцагч П.Г-оос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4.468.170 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.
Хариуцагч П.Г нь өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд нэхэмжлэгч А.А-ийн эцэг гэх Д.А-тай харилцан тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 68 дугаар байрны 09 тоот хаягт байрлах, 94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслөх гэрээ байгуулсныг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дахин 1 жилийн хугацаагаар сунгажээ.
Дээрх орон сууц хөлслөх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд зэрэгт дүгнэлт хийвэл хариуцагч П.Г, нэхэмжлэгч А.А-гийн эцэг Д.А-ын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Дээрх орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагч П.Ганзориг нь хөлсөлж буй орон сууцанд хүүхэд харах үйлчилгээ явуулж байгаад, орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцалж, орон сууцыг хүлээлгэн өгсөн байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.
Харин нэхэмжлэгч А.ань өөрийн аав Д.А-гаар дамжуулан хариуцагч П.Ганзоригт орон сууцыг хөлслүүлсэн боловч хөлс болон ашиглалтын зардал төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 болон 2020 оны төлбөрийн үлдэгдэл 2.500.000 төгрөг, засварын зардал 1.000.000 төгрөг, ашиглалтын зардал 968.170 төгрөг, нийт 4.468.170 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч П.Ганзориг нь нэхэмжлэгч А.агэх хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй, харин Д.Агэж хүнтэй харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулан, хүүхэд харах үйлчилгээ явуулж байгаад коронавирус өвчний улмаас тогтоосон хөл хорионы улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гэрээг цуцалж, орон сууцыг хүлээлгэн өгч, түрээсийн төлбөр ашиглалтын зардлын төлбөр тооцоог дуусгасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч П.Г-той байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээнд хөлслүүлэгч талыг төлөөлж Д.Агарын үсэг зурж, баталгаажуулсан байх бөгөөд хамтран өмчлөгчид гэсэн хэсэгт охин А.Аръяасүрэн, эхнэр Г.Д гэсэн бичвэр тэмдэглэгджээ.
Ийнхүү орон сууц хөлслөх гэрээний зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 68 дугаар байрны 09 тоот хаягт байрлах, 94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч нь орон сууцыг хөлслүүлэгч этгээдтэй хамаарал бүхий охин А.А, эхнэр Г.Дгэх этгээдүүд байгаа нь орон сууцыг бусдад хөлсүүлснээс үүсэх үүргийг шууд нэхэмжлэх эрхийг үүсгэхгүй.
Учир нь хариуцагч П.Г нь орон сууц хөлслөх гэрээг Д.А-тай байгуулж, орон сууцыг хөлслөхөөр харилцан тохиролцсон тул уг хөлс болон орон сууцны ашиглалтын зардалтай холбоотой төлбөрийг хөлслүүлэгч тал болох Д.Ань өөрөө нэхэмжлэх эрхтэй.
Нэхэмжлэгч А.ань орон сууцыг бусдад хөлслүүлсэн Д.А-д өөрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг олгосны үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П.Ганзориг, Д.А-ын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний үүргийг нэхэмжлэгч А.анэхэмжлэх эрхгүй байна.
Түүнчлэн хариуцагч П.Г-оос төлсөн орон сууц хөлсөлсний төлбөрийг хөлслүүлэгч болох Д.Ань өөрийн Хаан банкны 000000 тоот дансаар хүлээн авч байжээ.
Нэхэмжлэгч А.ань орон сууц хөлслөх гэрээний оролцогч бус этгээд байх тул орон сууц хөлслөх гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг тухайлан дүгнэх шаардлагагүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч А.А, хариуцагч П.Гнарын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь П.Г-гоос орон сууц хөлслөх гэрээний үүргийг шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд харин хөлслүүлэгч Д.Ань орон сууц хөлслөх гэрээний хөлс болон ашиглалтын зардалтай холбоотой төлбөр тооцооны үүрэг дуусгавар болоогүй гэж үзсэн тохиолдолд хөлслөгч П.Г-т холбогдуулж нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь үйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П.Г-гоос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4468.170 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч А.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР