Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00540

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00540

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * хороо *тойруу, * гудамж 8/1 дугаартай барилгын * тоот хаягт байрлах ГИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн * хороо * дүгээр байр * тоот хаягт оршин суух Д.Б /РД:ЙЮ**-д холбогдох,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн * хороо * дүгээр байр * тоот хаягт оршин суух Н.Б /РД:ОС*/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 530 867 242 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчБ.О,

Хариуцагч Д.Бийн төлөөлөгч Ж.Б,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

/Хариуцагч Н.Бийн төлөөлөгч Ц.Цд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. НэхэмжлэгчГИ ББСБ ХХК нь хариуцагч Д.Б, Н.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 530 867 242 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

  Д.Б, Н.Б нар нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-15/1/10 тоот зээлийн гэрээ, БГҮ-15/1/10 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 60 000 ам.долларын зээлийг 2 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэйгээрГИ ББСБ-с бэлнээр хүлээн авсан. Зээлдэгчийн гаргасан хүсэлтүүдийг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/15/1/10а тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 59 992 ам долларын үлдэгдэлтэй зээлийн гэрээний хугацааг 5 сараар сунгасан байна. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-15/1/10б тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 55 000 ам долларын үлдэгдэлтэй зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан байна. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-15/1/10в тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Д. Батбилэгийг чөлөөлж, зээлдэгчийг Н.Б болгон өөрчилсөн, мөн 55 000 ам.долларын үлдэгдэлтэй зээлийн гэрээний хугацааг 2017 оны * сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг сарын 3 хувь болгон бууруулсан. Зээлдэгч Д.Б, Н.Б нар нь зээл авсан эхний 4 сард л гэрээний үүргээ биелүүлж хугацаанд нь төлж, 5 дахь сараас эхлэн гэрээний үүргээ зөрчсөн хэдий ч зээлдүүлэгчийн шаардлагын дагуу хугацаа хэтрүүлэн 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл зээлийн хүүг төлж байсан ба энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүүнд 1 719 ам доллар зээлийн хүүнд 23 046 ам.доллар, үндсэн зээлийн төлбөрт 5 000 ам.доллар төлсөн. Дээрх хугацаанаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчин манай байгууллагад хүндрэл учруулж байсан тул зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан ч төлбөр гүйцэтгээгүй учир Н.Бтэй холбогдон 2019 болон 2020 онуудад сар бүр ажил дээр нь очиж уулзалт хийж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Н.Б нь авлага хүлээгдэж байгаа, авлага саатсан, авлага орж ирэнгүүт төлбөр тооцоогоо дуусгана, шүүхэд нэхэмжлэл гаргалгүй хүлээж байна уу зэрэг шалтгаан тоочиж, төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар өнөөг хүрч байна. ИймээсГИ ББСБ нь зээлдэгч Д.Б, Н.Б нараас үндсэн зээл 55 000 ам.доллар, зээлийн хүү 114 616 002 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 16 687 ам.доллар нийт 186 303 002 ам.доллар буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн монгол банкны ам.долларын албан ханш 2 849 048 төгрөгт хөрвүүлээд 530 867 242 төгрөгийг гаргуулж сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Д.Бийн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Н.Бтэй хамтран 2015.03.19-ний өдөрГИ ББСБ ХХК-тай ЗГ-15/1/10 тоот зээлийн гэрээ, БГҮ-15/1/10 тоот барьцааны гэрээ байгуулж 60 000 ам.долларыг зээлсэн. Хэдийгээр Д.Бийн хувь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Хан-Уул дүүрэг, * хороо,*хотхон 17041, Туул гол гудамж, 59 дүгээр байр, * тоот хаягт байрлах 126.23 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьж гарын үсэг зурсан байдаг боловч тухайн зээлсэн мөнгийг Н.Б өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулсан байдаг. Энэ талаар Н.Бийн 2020.07.27-ны өдөр, 2020.08.27-ны өдөр нэхэмжлэгч талд гаргаж өгсөн хүсэлтээс тодорхой харагдаж байна. Түүнчлэн хариуцагч нар хууль ёсны эхнэр, нөхөр боловч хамтран амьдралгүй олон жил болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Хариуцагч Н.Б болон түүний төлөөлөгч Ц.Ц нар хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч талаас 2015.03.19-ний өдрийн ЗГ-15/1/10 дугаар зээлийн гэрээ, 2015.03.19-ний өдрийн БГҮ-15/1/10 дугаар барьцааны гэрээ, 2015.05.20-ны өдрийн 151/10а өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2015.12.30-ны өдрийн ЗГ-15/1/10б дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2017.05.19-ний өдрийн нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2015.12.30-ны өдрийн Д.Бийн хүсэлт, 2017.05.19-ний өдрийн Н.Бийн хүсэлт, 2019.11.28-ны өдрийн зээлийн хүүний тооцоо, 2020.02.07-ны өдрийн зээлийн хүүний тооцоо, 2015.03.25-ны өдрийн кассын зарлагын ордер, 2015.03.18-ны өдрийн Д.Бийн хүсэлт, зээлдэгчийн анкет, Н.Бийн иргэний үнэмлэхний хуулбар, Д.Бийн өмчлөлийн орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.09.05-ны өдрийн 16/6* зээл төлөх мэдэгдэл, 2016.09.05-ны өдрийн зээлийн хүүний тооцоо, 2017.12.*-ны өдрийн 17/1* дугаар зээл төлөх мэдэгдэл, 2018.10.11-ний өдрийн 18/141 дүгээр зээл төлөх мэдэгдэл, 2020.08.27-ны өдрийн Н.Бийн хүсэлт, 2020.07.27-ны өдрийн Н.Бийн хүсэлт, 2021.10.20-ны өдрийг хүртэлх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоо, ханшийн лавлагаа, 2021.11.03-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Н.Бээс 530 867 242 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч Д.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Хан-Уул дүүрэг, * хороо,*хотхон 17041, Туул гол гудамж, 59 дүгээр байр, * тоот хаягт байрлах 126.23 мкв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулах шаардлагыг тус тус хангаж, хариуцагч Д.Бээс зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчин манай байгууллагад хүндрэл учруулж байсан тул зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан ч төлбөр гүйцэтгээгүй учир Н.Бтэй холбогдон 2019 болон 2020 онуудад сар бүр ажил дээр нь очиж уулзалт хийж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Н.Б нь авлага хүлээгдэж байгаа, авлага саатсан, авлага орж ирэнгүүт төлбөр тооцоогоо дуусгана, шүүхэд нэхэмжлэл гаргалгүй хүлээж байна уу зэрэг шалтгаан тоочиж, төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар өнөөг хүрч байна. гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч Д.Бийн төлөөлөгч Ж.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хэдийгээр Д.Бийн хувь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Хан-Уул дүүрэг, * хороо,*хотхон 17041, Туул гол гудамж, 59 дүгээр байр, * тоот хаягт байрлах 126.23 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьж гарын үсэг зурсан байдаг боловч тухайн зээлсэн мөнгийг Н.Б өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулсан байдаг. Энэ талаар Н.Бийн 2020.07.27-ны өдөр, 2020.08.27-ны өдөр нэхэмжлэгч талд гаргаж өгсөн хүсэлтээс тодорхой харагдаж байна. Өмнөх зээлийн гэрээг 2017.05.19-ний өдөр Н.Бтэй шилжүүлэн байгуулсан тул зээлийг хариуцах үндэслэлгүй. гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

НэхэмжлэгчГИ ББСБ ХХК болон хариуцагч Д.Б нарын хооронд 2015 оны 03 сарын 19-ний өдөр ЗГ-15/1/10 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 03 сарын 19-ний өдөр БГҮ-15/1/10 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээрГИ ББСБ ХХК нь 60 000 ам.долларыг, зээлийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, сарын 3.3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 5-7/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Д.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, * хороо,*хотхон 17041, Туул гол гудамж, 59 дүгээр байр, * тоот хаягт байрлах 126.23 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн 8-9/

Грийн инвестмент ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 60 000 ам.долларыг бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн болох нь кассын зарлагын ордер гэх баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 17/

Талуудын хооронд 2015.05.20-ны өдрийн 151/10а дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2015.03.19-ний өдрийн ЗГ-15/1/10 дугаар гэрээний хугацааг 2015 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл 5 сараар сунгаж, мөн 2015.12.30-ны өдөр ЗГ-15/1/10б дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2015.12.30-ны өдрийн 151/10а дугаар гэрээний хугацааг 2016.03.28-ны өдрийг хүртэл 3 сараар тус тус сунгажээ.

Харин 2017.05.19-ний өдрийн ЗГ-15/1/10в нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг нэхэмжлэгчГИ ББСБ ХХК нь хариуцагч Н.Бтэй байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д.Бтэй байгуулсан 2015 оны 03 сарын 19-ний өдрийн ЗГ-15/1/10 дугаартай зээлийн гэрээ болон нэмэлт гэрээнүүдийг дүгнэж, үндсэн зээлийн үлдэгдэл 55 000 ам.доллар, 2017.05.19-ний өдөр хүртэл хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 25 971 ам.доллар байгаа бөгөөд хүүгийн төлбөрийг 2017.06.25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, үндсэн зээлдэгч Д.Бийг чөлөөлж, зээлдэгч Н.Б гэж өөрчилсөн зээлийн гэрээг байгуулсан байна./хх-ийн 12/

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчГИ ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийг Н.Бт шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс тогтоогдож байх ба зээлийн гэрээний зээл төлөх үүргийг Н.Б нь шилжүүлэн авч, гэрээний үүргийг биелүүлэх талаар түүний 2017.05.19, 2020.08.27, 2020.07.27-ны өдрүүдэд бичгээр гаргасан тайлбарууд хэрэгт авагдсан байх тул хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй байна. /хх-ийн 14,27,28/

Нөгөөтэйгүүр, талууд зээлийг ам.доллараар байгуулсан асуудлаар маргаагүйн дээр төлбөрийг ам.доллараар төлж байсан болох нь тогтоогдож байх тул шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4. Хариуцагч Н.Б шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.заасантай нийцэж байна.

Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 29 765 ам.доллар төлсөн байх ба хариуцагч нь 2016 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. /хх-ийн 29/

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд зээл авсан асуудлаар маргаангүй байна.

 

Грийн инвестмент ББСБ ХХК нь 20*.09.30-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 9 сарын 17-ны өдрийн 307 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн ТЗ 101/400 дугаар гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 34-37/

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх зээлийн төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2 849.48 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хариуцагч Д.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, * хороо,*хотхон 17041, Туул гол гудамж, 59 дүгээр байр, * тоот хаягт байрлах 126.23 мкв талбайтай 4 өрөө орон сууцнаас хангуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1* зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11* зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бээс зээлийн гэрээний үүрэгт 530 867 242 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчГИ ББСБ ХХК-д олгож, хариуцагч Д.Бээс зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч Д.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, * хороо,*хотхон 17041, Туул гол гудамж, 59 дүгээр байр, * тоот хаягт байрлах 126.23 мкв талбайтай 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 882 486.21 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд 2 882 486.21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчГИ ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ