Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1188

 

 

 

  2024            11             01                                      2024/ШЦТ/1188

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч А.Б, өмгөөлөгч Э.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн **************** дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаал: *** овогт ****** (регистрийн дугаар **********), **** оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Хэргийн товч агуулга: А.Б нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Толгойтын ** дүгээр гудамжны ** тоотод 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн ***ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б “нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- улсын яллагчаас “2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар яллах дүгнэлтэд тусгагдсан (хавтас хэргийн 12-18, 19-24, 32-34, 41-42, 56-58 дугаар хуудас)”,

- өмгөөлөгчөөс “хохирогч ***,  гэрч Б.***, Б.Дуламсүрэн, шинжээч Б.Баяртогтохын мэдүүлэг, А.Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ***-н эмнэлгийн тодорхойлолт, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт  (хавтас хэргийн 15-18, 26-28, 33-37, 39, 57-58, 68, 76 дугаар хуудас)”,

-  шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Толгойтын 79 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух иргэн Б.***ийн гэрт 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч ***ын нүүрэн тус газарт цохисны улмаас биед нь “уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд хохирогч ***ын “...2023 оны 09-р сарын 14-ний өдөр найз ***ийн хамт ***-ийн гэрт байж байхад гаднаас ***, ***, *** болон түүний эхнэр орж ирсэн. ****д бид архи уусан. ***ийнд очоод архи ууж байсан. Намайг ухаан ороход ***, ***, Мижигдомбо нар байсан. ***ийн тамбар хэсэгт *** миний зүүн хацар руу гараар 2 удаа алгадсан. Би тэр чигтээ зугтаад гэртээ ирж дүү ***д хэлсэн. Тэгээд дүүгийн хамт ***ийнд очсон. тэр гуравтай уулзсан. Цагдаад дуудлага өгөөд хүлээж байх хооронд тэр хэд зугтаад явсан байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирсэн боловч намайг эмнэлэг явуулсан. ***ийн гэр огцом уруу газар байдаг болохоор гүйж байх замдаа унаж өнхөрч чулуу дээр толгойн ар хэсгээ хагалсан. Түүнээс биш хэн нэгэнтэй маргалдсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 12-18 дугаар хуудас),

- гэрч Ө.Нийн “2023 оны 09-р сарын 14-ний өдрийн 18 цагийн үед гэртээ байж байтал ах *** амнаас нь цус гарчихсан зодуулсан гээд орж ирсэн. Би “хаана хэнд зодуулчих ваа” гэтэл “гэрийг нь мэднэ” гээд хамт зодсон гэх хүмүүсийн гэрт очсон. Үл таних 3 залуу гараад ирсэн. Тэр 3 залуугаас болсон асуудлыг асуух гэтэл маргалдах гээд байхаар нь ахыгаа аваад цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 21-22 дугаар хуудас),

- гэрч Б.***ийн “...тухайн өдөр ***, ***, ***, эхнэр Дуламсүрэн, өөрийн хүүхдээ дагуулан 16 цаг өнгөрч байхад Ганхуягийнхаас гарч манайх руу явахаар болсон. 17 цагийн үед гэрт ирж бид 5 согтууруулах зүйл хэрэглэсэн. Гэтэл *** “***о утсыг минь өг” гээд тэр хоёр маргаж эхэлсэн. Би тэр хоёрт гэрт маргахгүй шүү гэж хэлсэн. Манай хүүхэд уйлж эхэлсэн. ***, *** нар гэрээс гарсан. Удалгүй *** ганцаараа орж ирээд “2 алгадаж хэд цохилоо тэгсэн яваад өглөө” гэж хэлээд ширээний ард суугаад бид нар архиа хувааж уусан. 30 минутын дараа хар машин хашааны үүдэнд ирж зогссон...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 32-34 дугаар хуудас),

- гэрч *** “...***, *** ***, түүний эхнэр Туяагийн хамт ***ийн гэрт архи уусан. Бид хэн гал түлэх дээр хуруудсан. Тус тоглоомоос болж ***, *** хоёр маргалдаад байхаар нь айл гэрт муудалцаад яах вэ гээд больцгоосон. Тэгээд ***, *** нар ***ийн гэрээс гарч байшингийн үүдний хэсэгт түр тар гэх чимээ гараад байсан. *** буцаж орж ирэхдээ гар нь цус болчихсон байсан. Удалгүй *** үл таних залуугийн хамт гадаа ирсэн. *** гарч уулзсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 30-31 дүгээр хуудас),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн **** дүгээр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “***ын биед дагзны баруун талд шугаман хугарал, уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, чамархай, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ***ын биед эсэргүүцсэн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт (хавтас хэргийн 41-42 дугаар хуудас)

- шинжээч Б.Баяртогтохын “...хохирогчийн биед үүссэн гавал ясны шугаман хугарал гэмтэл нь дангаараа хүнд зэрэгт хамаарна. Унах үед үүсэх боломжтой юм. Бусад гэмтэл нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарах мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 39 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.Б нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

    1. Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт(хавтас хэргийн 68-70 дугаар хуудас)-аар  831.500 төгрөгийг нэхэмжилсэн, “…гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг(хавтас хэргийн 18 дугаар тал)-ийг өгсөн байна.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулж олгодог учир дээрх баримтыг хүрээнд хохирогчийн баримтаар нэхэмжилсэнийг шүүгдэгч А.Б нь 2024 оны 04-р сарын 02-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн баримт(хавтас хэргийн 76 дугаар тал)-ыг үйлдэн хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү“ гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтас хэргийн 59 дүгээр хуудас)-аас үзэхэд шүүгдэгч А.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал(согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадын эрх чөлөөнд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж(хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, тэрээр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн), шүүгдэгчийн хувийн байдал (**** онд төрсөн, ** настай, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломжид үнэлэлт өгч 90 хоногийн хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрвээ тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан. 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээ болон мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх юм.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн **************** дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол(хавтас хэргийн 50-53 дугаар хуудас)-ыг А.Б-ын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй маргаж ирсэн, 2024 оны 06-р сарын 24-ны өдөр яллах дүгнэлтийг гардан авсан даруйд мөрдөн шалган ажиллагаанаас оргон зайлж улмаар хэргийг 2024 оны 10-р сарын 14-ны өдөр прокуророос шилжүүлсэн(хавтас хэргийн 84-89 дүгээр хуудас) зэргээс үзэхэд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэж үзэх боломжгүй тул шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг(дээр дурдсан) болон гэм буруутай этгээдийн хувийн байдалд нь тохирсон шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго(ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой)-ыг хангана гэж дүгнэсэн тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн **************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт *** ***ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн **************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.БЯМБААБААТАР