Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/46

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор А.Амарсанаа

                                                Шүүгдэгч О.А /цахимаар/

                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох

                                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор О.А-д холбогдох эрүүгийн 2026000000104 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/96 дугаартай захирамжаар 5 /тав/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоогдсон, Жижигийхэн овгийн О.А

 

О.А нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 26-02 тоотод байрлах иргэн Ч.А-н хувийн сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав 1 ширхэг, 20 литрийн багтаамжтай таггүй хөнгөн цагаан сав зэргийг хулгайлж 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 13-14 байрлах иргэн Д.Ц-н хашаанд байх эд хөрөнгө хадгалах зориулалттай агуулахад /амбаар/-ын цоожийг эвдэн, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж, 20 литрийн багтаамжтай хуванцар хуучин сав 1 ширхэг, 4 метрийн урт, 1.5 метр өргөн хэмжээтэй хуучин “Хангал” нэртэй хивс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж нийт 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч  Жижигийхэн овгийн О.А-г хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-гийн цагдан хоригдсон  71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц-д 260000 төгрөг төлсөн, хохирогч Ч.А нь эд зүйлээ буцаан авсан, хохирогч Д.Ц, Ч.А нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.А гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хохирогч Д.Ц, Ч.А нарт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан ба хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байтал надад хорих ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглээгүйд гомдолтой байна. ...Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Миний бие нь хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Мөн хохирлоо төлж барагдуулсан учир хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү.

Би ээжийнхээ хамт амьдардаг, 89 настай, хөл, гар муутай, астма, бронхит, даралт ихтэй байнгын асрамжинд байдаг. Иймд ээжийгээ асарч халамжилж, хамт амьдардаг байдлыг минь харгалзан үзнэ үү.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч урьд нь бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн ...түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзлээ гэжээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхдээ давтан болон 2 удаа ял шийтгүүлсэн бол хорих ялыг хөнгөрүүлэхгүй гэж заагаагүй учир дээрх дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: О.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч урьд нь бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийхгүй дахин хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж хуульчилсан бөгөөд үүнийг заавал хэрэглэхийг шүүхэд үүрэг болгоогүйг дурьдах нь зүйтэй.

Түүнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.А-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020
оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг
хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Прокурор А.Амарсанаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч өмнө нь бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2 удаа шийтгэгдэж ял эдэлж байсан. Өөртөө дүгнэлт хийхгүй дахин хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул түүний хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч О.А-д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч О.А-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч нь давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон.  Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Мөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Ээж нь 1931 онд төрсөн, одоо 90 нас хүрч байгаа, хүү О.А-н асрамжинд байдаг. Насны болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хүний асаргаа сувилгаанд байх шаардлагатай өндөр настай хүн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлүүд шүүгдэгчийн гомдолд дурдсан байгаа. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Жижигийнхэн овогт О.А нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 26-02 тоотод байрлах иргэн Ч.Алтанбаганын хувийн сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав 1 ширхэг, 20 литрийн багтаамжтай таггүй хөнгөн цагаан сав зэргийг хулгайлж 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд иргэн Д.Ц-н хашаанд байх эд хөрөнгө хадгалах зориулалттай агуулахад /амбаар/-ын цоожийг эвдэн, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж, 20 литрийн багтаамжтай хуванцар хуучин сав 1 ширхэг, 4 метрийн урт, 1.5 метр өргөн хэмжээтэй хуучин “Хангал” нэртэй хивс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж нийт 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.А, Д.Ц, гэрч М.Ө, Б.Н, Л.Ц нарын мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/12 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 07/16 дугаартай үнэлгээний тайлангууд, яллагдагч О.А-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн О.А-с 20, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан савыг түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.А, гэрч Л.Ц нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч Ч.А-д 20 болон 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан 2 ширхэг савыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч О.А-н яллагдагчаар болон  шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн О.А-г хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч О.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл шүүгдэгч О.А нь 46 хоног цагдан хоригдсон болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

а/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Жижигийхэн овгийн О. А-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

б/ 3 дахь заалтыг бүхэлд нь “2 жил 1 сарын” гэснийг “1 жил 1 сарын” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.А нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 46 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14  хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.