Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 35

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                                                                                                                                                                                                                     

Улсын яллагч С.Сугар 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар                                                                                                                                                             

Шүүгдэгч О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лүмбэ овогт Онгойн Арсланбаатар, Зундуй овогт Цэдэнбалын Энхбаатар нарт холбогдох 201617000314 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар

 

1989 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Онгон  сумын 3 дугаар  багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй /ЛЖ89082416/ регистрийн дугаартай, Лүмбэ овгийн Онгойн Арсланбаатар.    

 

1999 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн  хамт Онгон сумын 5 дугаар багт оршин суух,  ял шийтгэлгүй /ЛД 97070117/ регистрийн дугаартай, Зундуй овгийн Цэдэнбалын Энхбаатар.    

 

                                       Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ 

 

Шүүгдэгч О.Арсланбаатар нь  Ц.Энхбаатартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн А.Авирмэдийн мотоциклийг хулгайлан авч  бусдад 1.550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь О.Арсланбаатартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн А.Авирмэдийн мотоциклийг хулгайлан авч  бусдад 1.550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч О.Арсланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Онгон сумын хөдөө амьдардаг. Манай найз Энхбаатар намайг Дарьганга сум руу явах уу гээд ирэхээр нь хамт явсан. Тэгээд найзтайгаа ганц хоёр пиво уугаад явж байгаад айлын хашааны гадаа зогсоход байшингийн хажууд мотоцикль харагдахад Энхбаатар тэр мотоциклийг аваад ир гэхээр нь би мотоциклийг авч гарч ирсэн. Мотоциклийг асаагаад Онгон сум руугаа явсан. Суманд очоод 2 хоноод Энхбаатар гэр рүүгээ явсан. Би мотоциклийг сумын төвд хямдхан зарах гээд авах хүн хайж яваад нэг залууд 200000 төгрөгөөр өгсөн. Тэр залуу 200000 төгрөгийн 100000 төгрөгийг өгөөд сураггүй алга болсон гэв. 

 

Шүүгдэгч Ц.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Арсланбаатар бид хоёр Дарьганга суманд Алтан овоон дээр гарах гэж яваад миний цэрэгт хамт байсан найзыг хайж яваад олохгүй болохоор нь нэг хашааны гадаа очиж зогсоод энэ айл мөн үү биш үү хараадах гэж хэлсэн. Тухайн үед ганц хоёр пиво уусан байсан. Тэгээд мотоциклийг аваад сум руугаа яваад 2 хоногийн дараа гэртээ хариад 7 хоногийн дараа ирэхэд мотоцикль байхгүй байсан. Арсланбаатараас мотоцикль хаана байна вэ гэхэд Арсланбаатар дуугарахгүй байсан. Тэгээд 3 сард Арсланбаатартай уулзаж мотоциклийг яасан гэж асуухад Баяндэлгэр суманд 200.000 төгрөгөөр зарсан. Хар масктай залууд зарсан нэрийг нь санахгүй байна гэж хэлж байсан. Өөр ярих зүйл байхгүй гэв.

 

            Хохирогч А.Авирмэд мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:  “... Өглөө эхнэр Нансалмааг ажилд хүргэж өгөх гээд гартал мотоцикль байхгүй байхаар нь эхнэрээсээ асуутал Отгонбаярын байшингийн ард байгаа гэсэн очоод харсан чинь байхгүй байсан Мотоциклийг түрээд хашаанаас гарсан мөр байхаар нь баахан хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн болно. Би “Наранбумбан гэрэл” ХХК-аас 2016 оны 05 сарын эхээр 1.550.000 төгрөгөөр худалдан авч байсан. Онгон сумын харьяат О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нар нь миний мотоциклийг хулгайлж авсан байсан. Надад Ц.Энхбаатар, О.Арсланбаатар нар нь 1.550.000 төгрөгийг өгч намайг хохиролгүй болгосон. Одоо надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх  /хх-ийн 55 хуудас/,

 Гэрч Б.Нансалмаа мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:.. Манай нөхөр 2016 оны 09 сарын 28-ны орой 17 цагийн үед намайг ажлаасаа ирэхэд гэрт найз болох С.Ууганбаярын хамт 05 граммын Ерөөл архи уугаад сууж байхаар нь та нар архи уулаа гэж хэлэхэд манай нөхөр өөрийн эзэмшлийн Dayun маркийн мотоциклио унаад гарч яваад орой 21 цагийн үед ирсэн. ... Миний бие дүү Г.Барсболдыг гэрээс нь дуудаж ирээд хамт мотоциклийг нь  хажуу айл болох Отгонбаярын байшингийн ард нуусан. Тэгээд 2016 оны 09 сарын 29-ний өглөө 07 цагийн үед мотоциклио авах гэтэл байхгүй хулгайд алдагдсан байсан... гэх   /хх-ийн 20 хуудас/

 Гэрч С.Ууганбаяр мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: ... 2016 оны 09 сарын 29-ний өглөө А.Авирмэд над руу залгаад найз нь мотоцилио хаана орхисон бэ гэж асуухаар нь чи мотоциклио унаагүй шүү дээ гэрийн чинь гадаа байсан гэж хэлсэн. Тэгээд мотоцикль алга болсон талаар мэдсэн... гэх /хх-ийн 21 хуудас/

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15 хуудас/

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,  /хх-ийн 47-48, 52-53 хуудас/

    

-  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49,54 хуудас/

 

-Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 25, 94 хуудас/

 

        -Сүхбаатар аймгийн Онгон  сумын  3 дугаар  багийн Засаг даргын О.Арсланбаатарын оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 90 хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Онгон сумын  5 дугаар  багийн Засаг даргын Ц.Энхбаатарын  оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 84 хуудас/

 

-  О.Арсланбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 92 хуудас/, 

 

-Ц.Энхбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 86 хуудас зэрэг болно.

  Шүүгдэгч О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нар нь  бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.Авирмэдийн гэрийн гаднаас мотоциклийг нь хулгайлан авч 1 550 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нарын  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд, хохирогч А.Авирмэд, гэрч  Б.Нансалмаа нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд болон шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Шүүгдэгч О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нарт  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул   О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нарыг  бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.  

 

О.Арсланбаатар, Ц.Энхбаатар  нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. 

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахад О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн   55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нар нь 3 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  А.Авирмэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн  2017 оны 03-р  сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолоор  битүүмжлэгдсэн Ц.Энхбаатарын эзэмшлийн  1 500 000 төгрөгийн үнэ бүхий “Super Fengchi” маркийн улсын дугааргүй мотоцикль,  мөн 2017 оны 04-р сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн О.Арсланбаатарын эзэмшлийн 500 000 төгрөгийн үнэ бүхий 5  ханатай иж бүрэн гэр зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, энэ гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогч А.Авирмэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан  шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж шүүх үзэв.                                         

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  297, 298  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                    

                                                                                                                                                                            

                                                                                                                                                     

1. Шүүгдэгч Лүмбэ овгийн Онгойн Арсланбаатар, Зундуй овгийн Цэдэнбалын Энхбаатар нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Арсланбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жил 1 /нэг/ сарын  хорих ялаар,   Ц.Энхбаатарыг  эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жил 1 /нэг/ сарын  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нарт оногдуулсан 2 жил 1 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нар нь 3 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  ялтан Ц.Энхбаатарын эзэмшлийн  1 500 000 төгрөгийн үнэ бүхий “Super Fengchi” маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03-р  сарын 27-ны өдрийн тогтоол,  ялтан О.Арсланбаатарын эзэмшлийн 500 000 төгрөгийн үнэ бүхий 5  ханатай иж бүрэн гэрийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 04-р сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус   хүчингүй болгосугай.

 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан О.Арсланбаатар, Ц.Энхбаатар  нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/  жилийн  хугацаагаар хянан харгалзсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нарт хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газарт мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан О.Арсланбаатар, Ц.Энхбаатар  нарт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА