Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0675

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: "И***" ХХК /РД:000000/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б*** /ШТЭҮ:0000/

Хариуцагч: БОАЖЯ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн О.Б*** нарын хоорондын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч "И***" ХХК анх тус шүүхэд хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "И***" ХХК-ийн 0000000 тоот гэрчилгээний хавсралтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны Б/456 дугаар тушаалаар талбайн солбилцолд орсон өөрчлөлтийн бичилт, тэмдэглэлийг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын "И***" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн,

                 “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын "И***" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

  1. Нэхэмжлэгч "И***" ХХК анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-222 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан Уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд 1 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/110 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгогдон, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №2015/215 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан.

                 Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/411 дүгээр тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0386 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч "И***" ХХК-д анх олгосон 1 га газрын хэмжээг багасгаж 0,7 га болгон талбайн хэмжээг өөрчилсөн бөгөөд мөн сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаар Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XXI.1.57-д тусгагдсан “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбицлын нэгдсэн тогтолцоо      нд шилжүүлэх ажлын хүрээнд “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажил хэрэгжсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч "И***" ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/411 дүгээр тушаалд өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 7706 м.кв болгон өөрчилсөн буюу 706 м.кв талбайгаар нэмэгдүүлсэн өөрчлөлтийг оруулсан.

                 Улмаар, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч "И***" ХХК-ийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар олгосон 0,7 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

                 3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Байгаль орчин аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасныг хариуцагчаас 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/2992 дугаар албан бичгээр “...нэгэнт төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй” хэмээн татгалзсан хариуг өгсөн тул 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            "И***" нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан тус компанийн 0000000 тоот гэрчилгээний хавсралтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/456 дугаар тушаалаар талбайн солбицолд орсон өөрчлөлтийн бичилт, тэмдэглэлийг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын "И***" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/411 дүгээр тушаалаар "И***" ХХК-д 7000 м.кв газар ашиглах эрх олгосныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаар талбайн хэмжээг 7706 м.кв болгон нэмэгдүүлсэн.

            "И***" ХХК-ийн 0000000 тоот гэрчилгээний хавсралтад 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр талбайн солбицол болон эргэлтийн цэгт өөрчлөлт оруулсан бичилт тэмдэглэл хийгдсэн учир нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсан гэж үзэж байна.

            Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын "И***" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын "И***" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж байна.

            Учир нь "И***" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамнаас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд байрлах 1 га талбайд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай, 2015/110 дугаартай газар ашиглах гэрчилгээ авсан. Энэхүү талбайд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан. Гэтэл “Ю” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаартай тушаал, 2017 оны А/233 дугаартай тушаал нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү захиргааны хэрэгт "И***" ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон.

            “Ю” ХХК болон "И***" ХХК-ийн газар ашиглах эрх давхцалтай байсан бөгөөд энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдүүд харилцан тохиролцож, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхээс талуудын эвлэрлийг баталж, 128/ШШ2018/0386 дугаартай захирамж гарсан. Энэхүү эвлэрлийн гэрээгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “Ю” ХХК-д 0,9 га "И***" ХХК-д 0,7 га хэмжээгээр гэрээнд хавсаргасан кадастрын зургийн дагуу талуудад газар ашиглах эрх олгохоор харилцан тохиролцсон болно. Шүүхийн дээрх захирамж, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 301 тоот албан бичгээр ирүүлсэн санал, "И***" ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4-1 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/411 дүгээр “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “И ХХК-д 0,7 га газрыг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх А/411 дүгээр тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын 59 буюу "И***" ХХК-д холбогдох хэсэг, мөн сайдын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/233 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгосонд тооцсон.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "И***" ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт орших, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын ам нэртэй газарт 0,7 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах 0171290 дугаартай гэрчилгээг олгосон бөгөөд энэхүү газар эзэмших эрх өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байгаа.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай тушаалын 46 дахь хэсэгт мөн сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 тоот тушаалыг үндэслэн "И***" ХХК-д олгосон 1 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

            Гэтэл өмнө гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/411 дугаартай тушаалаар тус сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын 59 дэх "И***" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байтал 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар өмнө хүчингүй болсон газар ашиглах эрхийг дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын "И***" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ”... Өмнө нь хүчингүй болгосон харилцааг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс гаргах ёсгүй захиргааны акт гэж үзээд өнөөдрийн байдлаар А/50 тушаал нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа учраас хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүх хуралдаанд өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Шүүхийн шийдвэрээр шийдсэн асуудлыг дахин оруулж байгаа нь хууль бус гэдгийг нэмж хэлье” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч "И***" ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/155 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн аманд байршилтай 1 га талбайг Аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрөл олгож, 2015/110 дугаар Газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 2731 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг зөрчиж байсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11 и_3/5988 /558-д/ тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 /51-т/ тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8066 тоот албан бичгээр мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцлаа. Яамны зүгээс шүүхэд тайлбар, нотлох баримтыг хүргүүлж ажиллаж байна. Сайдын 2021 оны А/50 тушаал нь тус компанийн анхны эх авсан тушаалыг хүчингүй болгосон байна. "И***" ХХК-ийн хүсэлтийн дагуу 2022 оны 06  дугаар сарын 27-ны өдөр кадастрын солбилцолд өөрчлөлт оруулсныг хүргүүлэв. Тус компанийн газар ашиглах гэрчилгээний хавсралт кадастрын солбилцолын өөрчлөлт болох 8м2 талбайг нэмж бичилт хийсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар өмнө шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой тайлбарууд хүргүүлж байсан ба эдгээр тайлбараа дэмжиж байна. Мөн миний бие 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан учраас шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчгүйгээр явуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалын нэхэмжлэгч "И***" ХХК-д холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан хэмээн маргасан. Үүнд:

                 2.1. "И***" ХХК-д анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн аманд 1 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрлийг олгосныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/411 дүгээр тушаалаар хүчингүй болгон, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 0.7 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосон.

                 2.2. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсэг нь өмнө хүчингүй болсон шийдвэрийг дахин хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

                 2.3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

                 Нэхэмжлэгч "И***" ХХК-нд анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-222 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан Уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд 1 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгож, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/110 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгон, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №2015/215 дугаар Улсын тусгай хамгаалалттай

нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан.

                 Тухайн газарт өмнө нь Байгаль орчны сайдын 2008 оны А/283 дугаар тушаалаар “Ю” ХХК-нд газар ашиглах эрхийг олгосон байсан бөгөөд тухайн “компани нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй”, “газрын төлбөрөө цаг тухайд нь бүрэн төлөөгүй бөгөөд тухайн компанийн газар ашиглах эрхийг цуцлаагүй байх тул” гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/233 дугаар тушаалаар  “Ю” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

                 Үүнтэй холбогдуулан “Ю” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүхээс хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчид 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Эвлэрлийн гэрээг байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШШ2018/0386 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

            Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/411 дүгээр тушаалаар нэхэмжлэгч "И***" ХХК-нд Богдхан Уулын дархан цаазат газар, Арцатын амны хязгаарлалтын бүсэд 0.7 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгож Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалын 59 дэх "И***" ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаал, 2015 оны 2015/110 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2017 оны 2015/215 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0386 дугаар шүүгчийн захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/411 дүгээр тушаал болон холбогдох бусад баримтаар,

            Тус улсад “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажил хэрэгжсэнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаар "И***" ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/411 дүгээр тушаалд өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 7706 м.кв болгон өөрчилсөн буюу 706 м.кв талбайгаар нэмэгдүүлсэн өөрчлөлтийг оруулсан бөгөөд тухайн өөрчлөлттэй холбоотой кадастрын солбилцолын бичилтийг нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн 0000000 дугаартай гэрчилгээний хавсралтад 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/456 дугаар тушаал, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 0000000 тоот гэрчилгээний хавсралт болон холбогдох бусад баримтаар,

            Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар нэхэмжлэгч "И***" ХХК-ийг “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газаар 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан. Тухайн шийдвэрийг гаргах хүрээнд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас тодруулгыг гаргуулан авахад  Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр албан бичгээр "И***" ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заасан гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжийн жагсаалтад орж байгаа болохыг мэдэгдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаал, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2020 оны 2731 дүгээр албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

            2.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлана, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” хэмээн,

              Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргана...” хэмээн,

              Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 27 дугаар зүйлийн 1-т “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” хэмээн тус тус хуульчилсан.

            2.5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын нэхэмжлэгч "И***" ХХК-нд холбогдох хэсгийг гаргахдаа ямар учраас өөрийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/411 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-222 тушаалыг газар ашиглах эрх олгосон тушаал хэсэгт тэмдэглэсэн болох, Ингэснээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/411 дүгээр тушаал, тухайн тушаалаар олгогдсон газрын хэмжээг 706 м.кв талбайгаар нэмэгдүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалууд тус тус хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэх, ямар учраас нэхэмжлэгч "И***" ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны актыг гаргасны дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн 0000000 дугаартай гэрчилгээний хавсралтад кадастрын солбилцолын бичилтийг хийсэн болох,

Маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш хийгдэж буй дээрх захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн хэмээн үзэж  нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрт хэрхэн холбогдож байгаа болохыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан үүргийнхээ хүрээнд дүгнэн үзэх шаардлагатай бөгөөд хариуцагч бүрэн эрхэд хамаарах эл асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын нэхэмжлэгч "И***" ХХК-нд холбогдох хэсгийг хариуцагчаас тухайн асуудлаар дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын "И***" ХХК-нд холбогдох хэсгийг хариуцагчаас тухайн асуудлаар дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болсонд тооцсугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА