Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/47

 

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын       15-ны өдрийн 2020/ШЗ/561 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Т.Д, Б.Б, Д.Э, П.Б нарт холбогдох эрүүгийн 1826003790038 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 123 2, 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1231.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ХМШЗ/05 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй үлдсэн 394 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож 49 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Муу мянган овогт Т.Д

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1231.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/248 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Цамбынхан овогт Д.Э

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Харчу овогт Б.Б

Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хүрэмт овогт П.Б

 

Т.Д, Д.Э, Б.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан үзүүр гэх газраас хохирогч Б.Г-н эзэмшлийн 22 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж 12150000 /арван хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Д.Э нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн эрх үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасаны дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 03, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн,

 

П.Б нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн эрх үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасаны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Т.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Д, Д.Э, Б.Б, П.Б нарт холбогдох 1826003790038  дугаартай эрүүгийн  хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, шүүгдэгч нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ч.Энхжаргал давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан нотолбол зохих байдлыг буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй, шүүгдэгч Б.Б, Д.Э нар нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг бүрэн гүйцэт шалгаагүй, эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул шүүгдэгч Т.Д, Д.Э, Б.Б, П.Б нарт холбогдох 1826003790038 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

Шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Д, Д.Э, Б.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /бүлэглэн гүйцэтгэх/-ныг журамлан шүүхэд шилжүүлсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно, ...1.3-т гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэр гэж заасан бөгөөд шүүх хуралдаанаар тогтоогдох боломжтой нөхцөл байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

 

Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэх заалтын дагуу нотлох баримтыг шалгаж, үнэлэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хавтаст хэрэгт хууль зүйн дагуу авагдсан нотлох баримтыг үнэлэх замаар тогтоох учиртай.

 

Хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, тодорхой бус хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэж хуульд заасан заалтыг бичсэн нь ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа түүний үндэслэл агуулгыг шалгах боломжгүй байна.

 

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байхаас гадна прокуророос гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэрийг өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох үгүйсгэх эрх үүрэг нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал боловч нотлох баримтанд дүгнэлт хийлгүйгээр хэргийг тодорхой бус шалтгаанаар прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасныг зөрчжээ.

 

Шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэн прокурорт буцаасан нь үндэслэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон ба шүүх нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх заалтыг зөрчжээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/561 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Т.Д, Д.Э, Б.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 23-24-ний шилжих шөнө Б.Г-н 22 тооны адууг хулгайлсан хэрэгт холбогдож хэрэг шүүхэд шилжсэнийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэр буюу нотолбол зохих зүйлийг нотлоогүй шүүхэд ирүүлсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. ...Б.Б нь Т.Д, Д.Э нартай санаа зорилго нэгдэн бүлэглэн бусдын 22 тооны адууг хулгайлсан гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж үздэг. Б.Бгийн санаа зорилго нь машинаа зарах л зорилготой байсан. Т.Д-г өмнө нь огт танихгүй, тэр өдөр танилцаж машин худалдах талаар тохиролцсон. Д.Э нь Т.Д, Б.Б нар машины наймаа ярилцаад байсан гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах явцад болон шүүх хуралдаанд мэдүүлдэг. Үүнээс бусад мэдүүлгүүд нь тогтворгүй байдаг.

Т.Д, Д.Э нар нь энэ төрлийн хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан. Б.Б-г бусадтай үйлдлээрээ нэгдэж гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан атлаа санаа зорилго тэдний оролцооны байдлыг тодорхойлоогүй тогтоогоогүй байдаг. Хэргийг дахин шалгасан ч энэ байдал тогтоогдохгүй. Энэ байдал тогтоогдсон нөхцөлд Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд заасан шүүх ялыг ялгамжтай оногдуулах үндэслэл болдог.

Тухайлбал шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд гэм буруутай нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байхад прокурорт хэргийг буцааж нотлож тогтоолгох шаардлага, үндэслэл болохгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Бгийн үйлдэл холбогдлыг шийдвэрлэх боломжтой.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хянаж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдлыг хангалттай нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Прокурор Ч.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр буцаасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдсон учир хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүх хэргийг тал бүрээс нь хянаад гэм буруутай эсэхийг шалгахаар прокурорт буцаасан. Хавтаст хэргийн хүрээнд авч үзэхэд шүүгдэгч Б.Б нь үйлдлээрээ нэгдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой буюу гэм буруутай эсэх дээр хангалттай нотлох баримт байхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан цагаатгах үндэслэл тогтоогдсон гэж үзэж байна. Хамгийн гол үндэслэл нь гэрч С-н шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр Б.Б нь адууны зураг болон адуу зарсан хүний зургийг явуул гэхэд нь тэр зургийг явуулсан. Мөн хамтарч хулгай хийсэн бол хулгайлж байгаа зүйлийн зургийг явуулах боломжгүй. Т.Д өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан хүн бөгөөд тухайн хэргийг шалгаж эхлэхэд Б.Б-г надад 1000000 төгрөг өгчих чамайг энэ хэргээс мулталж чадна гэхэд нь Б.Б нь би мөнгө өгөхгүй гэсэн байдаг... Иймд Б.Б-г цагаатгах түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой, прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан нотолбол зохих байдлыг буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй, шүүгдэгч Б.Б, Д.Э нар нь мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг бүрэн гүйцэт шалгаагүй, эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд прокурорын захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/561 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Д, Б.Б, Д.Э, П.Б нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/561 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож Т.Д, Б.Б, Д.Э, П.Б нарт холбогдох эрүүгийн 1826003790038 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Д, Б.Б, Д.Э, П.Б нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.