Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/02076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ГФ ББСБ ХХК

Хариуцагч: С.Н

Гэрээний үүргийн биелэлт 7.026.540 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ГФ ББСБ ХХК нь зээлдэгч С.Нтай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 214 тоот зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. Мөн өдөр зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгчийн Хаан банк дахь .. тоот дансанд мөнгийг шилжүүлж зээлдэгч зээлийг хүлээж авсан. Зээлийн гэрээний хавсралтад зээлийн эргэн төлөлтийн хуваариар эхний сард үндсэн төлбөрийг тэнцүү дүнгээр буюу 3.000.000 төгрөг, зээлийн хүүд 241.800 төгрөг, дараа сард үндсэн төлбөрт 3.000.000 төгрөг, зээлийн хүүд 117.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 214-01 тоот фидуцийн гэрээ байгуулж зээлдэгч С.Н нь иргэн Ж.Баас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн автомашин худалдан авах гэрээгээр худалдан авсан .. УНӨ улсын дугаартай хар ангийн суудлын автомашиныг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээ гарган, Авто тээврийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээ болон хавсралт эргэн төлөх хуваарийг зөрчин 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 2.205.480 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 452.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 42.120 төгрөг нийт 2.700.000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Гэвч зээлийн гэрээ дууссан 2017 оны 12 дугаар сараас зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэх хуудас удаа дараа хүргүүлж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. Зээлдэгчтэй байгуулсан фидуцийн гэрээнд дээрх автомашиныг С.Н унаж явах эрхтэйгээр зааж тэрбээр эзэмшиж ашиглаж байсан тул зээлийн гэрээ дууссан хугацаанаас ББСБ-ын өмчлөлд бодитойгоор гаргуулан авахаар зээлдэгчид хандсан боловч өнөөдрийг хүртэл бодитойгоор шилжүүлж өгөөгүй. Хариуцагч би зээлийг аваагүй н.Г төлнө гэж тайлбарлаж байгаа боловч н.Г ББСБ-тай зээлийн харилцаанд ороогүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, энэ хүний нэр дээр машин бүртгэлгүй, С.Нд зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн тул С.Наас нэхэмжилнэ. Иймд хариуцагч С.Наас үндсэн зээл 3.794.520 төгрөг, хүү 2.693.350 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 538.670 төгрөг нийт 7.026.540 төгрөгийг гаргуулж барьцаа хөрөнгө .. УНӨ улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Н миний бие ГФ ББСБ ХХК-наас нэг бус удаа зээл авч цаг хугацаанд нь төлж найдвартай харилцаж байсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз Ц.Эраар дамжуулж танилцсан н.Г гэгч утсаар яриад найз нь авлагатай юмаа нэг хүнээс очоод машин нэр дээрээ шилжүүлээд аваадхаач гэсэн. Би нарийн учрыг нь мэдэхгүй янз бүрийн юм бодолгүй Саруул зах дээр очоод Ж.Б гэх эмэгтэйгээс машиныг худалдаж авах гэрээ хийсэн. Гэрээний үнийн дүн, нотариатын зардлыг Ж.Б, н.Г хоёр хувааж төлсөн. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр н.Г над руу залгаад таньж мэддэг банк бус санхүү байна уу нөгөө машиныг барьцаанд тавьмаар байна мөнгө хэрэгтэй болоод гэхээр нь гэрийн хажууд банк бус санхүүгийн байгууллага байгаа өмнө нь би машин тавьж зээл авч байсан тэндээс асуугаад үзье гээд зээлийн эдийн засагчтай холбогдож машиныг үзүүлсэн. Ингээд машиныг барьцаалж 6.000.000 төгрөг зээлдэж, мөнгийг н.Г надаас авсан. Мөнгө авахдаа санаа зоволтгүй зээлээ цаг хугацаанд нь төлөөд явна гэж хэлээд бид хоёр салсан. Түүнээс хойш надад найз нь зээл хүүгээ төлөөд явж байгаа гэсэн. Гэтэл анхнаасаа зээлийн гэрээг зөрчиж явж байгаад нэг удаа 2.205.480 төгрөг төлсөн байсан. Зээлийн эдийн засагч нөгөө хүмүүс чинь зээлээ төлөөгүй гэдгийг утсаар надад хэлсэн. Би н.Гд итгэж тусалсныхаа төлөө хохирогч болчихоод явж байна. Зээлийн барьцаанд тавьсан автомашинаар хохиролыг барагдуулах хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанааар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК нь хариуцагч С.Нд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 7.026.540 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С.Н нь ГФ ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай жилийн 3.9%-ийн хүүтэйгээр зээлдэж, зээлийн барьцаанд .. УНӨ дугаартай landrover Rangrover маркийн автомашиныг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, фидиуцийн хөрөнгийн жагсаалт, зээл хүүний тооцооны хуудас, автомашины техникийн тодорхойлолт, автомашин худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээл болон фидуцийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Шүүх хуралдаанд хариуцагч зээлийн мөнгийг н.Г авсан, фидуцийн гэрээгээр барьцаалсан автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлан маргасан боловч тэрээр зээл болон фидуцийн гэрээг зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан, зээлдэгчээс мөнгийг шилжүүлэн авсан тул хууль буюу гэрээнд зааснаар мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр эсэх, үнийн дүнд маргаагүй болно.

Иймд хариуцагч С.Наас гэрээний үүргийн биелэлтэд 7.026.540 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө .. УНӨ дугаартай landrover Rangrover маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч С.Наас 7.026.540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК-нд олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Нын эзэмшлийн .. УНӨ дугаартай landrover Rangrover маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.574.64 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Наас 197.574.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК-нд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА