Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/00050

 

2021 12 24

101/ШШ2022/00050

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ТС ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТТ ХХК д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,036,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Товгор сайр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компанийн захирал Ч.Намсрай, Түшигтулга ХХК-ийн захирал Ц.Жаргалсайхан нар 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх тухай №201920 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Товгор сайр ХХК нь Түшигтулга ХХК-д нийт 27,131,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн бөгөөд хариу төлбөрт 21,107,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэх 6,024,000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Мөн гэрээний 3.2-т бетон зуурмаг нийлүүлснээс хойш 25 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэрэв бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хоногийн 0,3 хувийн алданги тооцохоор заасан.

Иймд гэрээгээр нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ 6,024,000 төгрөг, алданги 3,012,000 төгрөг, нийт 9,036,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Түшигтулга ХХК нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар шүүхэд гаргаагүй.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Товгор сайр ХХК нь хариуцагч Түшигтулга ХХК-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6,024,000 төгрөг, алданги 3,012,000 төгрөг, нийт 9,036,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ мөн өдөр танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж тус тус зохицуулсан.

Шүүх, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг товлож, хариуцагчийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлож, зохигч талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.

Гэвч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, шүүхэд хариу тайлбар гаргаагүй нь шүүх хуралдаан хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулах үндэслэл болохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 201920 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээ, Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 12,524,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйг тооцож гаргасан, Товгор сайр ХХК, Түшигтулга ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 12,524,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийг Түшигтулга ХХК-ийн захирал Ц.Жаргалсайханд хүлээлгэн өгсөн Нэхэмжлэх-ийн хувь, дээрх 12,524,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг харилцан баталснаас хойш төлбөр төлөгдсөөр 6,024,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон тухай Авлагын тайлан зэргээс үзэхэд, талуудын хооронд нийт 36,900,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг Товгор сайр ХХК-иас Түшигтулга ХХК-д нийлүүлж, худалдан авагч нь бетон зуурмаг хүлээн авснаас хойш 25 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хоногийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон, гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлэгдсээр, Түшигтулга ХХК 6,024,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа үйл баримт тогтоогдов.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн худалдан авагч хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул алданги гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 тус тус заасныг баримтлан, хариуцагч Т Т ХХК-иас 9,036,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т С ХХК-д олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,530 төгрөгийн 159,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж, хариуцагч Т т ХХК-иас 159,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т С ХХК-д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА