Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/01980

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Мх ХХК

 

Хариуцагч: Б.Б

 

9.324.247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, өмгөөлөгч Б.Д, хариуцагч Б.Б, өмгөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч Мх ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б нь Мх ХХК-нд олон жил ажилласан. Ажиллаж байхдаа компаниас зээлээр гурил худалдан авч Барс зах дээр гурилын цэг ажиллуулан борлуулдаг байсан бөгөөд 9.324.247 төгрөгийн өр төлбөр үүссэн. Тэрээр компанид 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөлдөө гурилын үнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулах хугацаа олгох тухай өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Шүүхэд гаргасан хариу тайлбартаа цалин хөлсний маргаантай байсан, өргөдлийг хүчээр бичүүлсэн гэж байгаа боловч цалин хөлсний маргаан байгаа бол тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж болно. Бид Мх ХХК-ийн санхүүгийн албанаас гаргаж өгсөн падаан баримт, Барс захын гурилын цэг дээр гурилын борлуулалт хийж байсан дүү н.Б, н.Д нартай нь тооцоо нийлсэн өр төлбөрийн дагуу нэхэмжлэл гаргасан. Өөрөө ч 8.176.247 төгрөгийн өр төлбөртэй гэдгээ зөвшөөрч байсан. Б.Б ажлаас гарсан ч гэсэн гурил авч цэг дээрээ борлуулж ирсэн. Иймд хариуцагч Б.Бээс гурилын үнэ 9.324.247 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Мх ХХК-ийг үүсгэн байгуулагдах үеэс нь хойш ажилласан. Тухайн үед Мх ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ч 2014-2015 оны хооронд ажиллаж байх хугацаандаа 14.500.000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. Үүнээс 5.000.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөрөөс болж их хэмжээний төлбөрт намайг оруулж байна. Энэ өрийг тухайн үед мэдээгүй. Ажлаас гарах үед тооцоо хийгээд их хэмжээний өрөнд оруулсан. Өр нь миний авах цалингийн хэмжээний зөрүүтэй тэнцээд байгаа. Тэгэхээр нь албаар ингэж байгаа юм гэж үзээд тухайн үед ийм өр төлбөртэй болно гэсэн бичиг бичиж өгсөн. Гурилын үйлдвэрт авсан гурилын тооцоог цаг тухай бүр нь хийгээд явж байсан. 12 дугаар сард нь тооцоо нийлсэн. Тэр үед ямар ч өр төлбөргүй байсан. Өргүй байсан учир надаас барьцаа хөрөнгө гэж аваагүй. Өөрсдөө сар болгон тооцоо нийлж байх ёстой гэж гэрээний 2.3-т заасан байна. Тооцоогоо нийлэхгүй явсаар намайг ажлаас гарах болонгуут ийм асуудал үүсгэсэн. Барс захын лангууг хувиараа ажиллуулж, гурилын цэгт манай эхнэрийн дүү н.Б сууж байгаад дараа нь н.Д, н.Ү нар суусан. 3 дүүгээ ээлжлэн суулгадаг байсан. Би нэг жил ажиллуулаад үргэлжлүүлээд дүү нар ажиллуулсан. Энэ хүмүүстэй эд нар өөрсдөө харьцаад явж байгаа. Барс зах дээр байсан лангууг чинь сайжруулаад одоо хүртэл Нарантуул зах дээр гурилын цэг ажиллаж байгаа. Намайг ажлаас гарах гэж байхад ерөнхий нягтлан дуудаад тооцоог үзүүлсэн. Тухайн үед би сэтгэл санааны хямралтай байсан. Үлдэгдэл өр гээд байгаа нь миний авах ёстой цалинтай дүйцэж байна. Үйлдвэрээс баяр ёслолын үеүдээр тодорхой цэгт биш автобусны буудлаар машинтай явж гурил зарах ажил зохион байгуулагдсан. Энэ ажлыг би зохион байгуулсан болохоос гурилын худалдаа хийгээгүй. 930.000 төгрөгийн өр төлбөрийг би мэдэхгүй, энэ талаар надад хэлж байгаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Мх ХХК нь хариуцагч Б.Бд холбогдох гурилын үнэ 9.324.247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Мх ХХК нь хариуцагч Б.Бээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.Б нь Мх ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж гурил үйлдвэрийн үнээр зарж борлуулахаар тохирч гэрээ байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар худалдагч барааг хүлээлгэн өгч, зарлагын баримт үйлдэж бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, худалдан авагч үнийг төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зарлагын баримт, талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч нь 14.500.000 төгрөгийн цалин авахаар тохирсон боловч өгөөгүй. Ажлаас гарах үеэр их хэмжээний төлбөрт оруулж өрийг цалингийн зөрүүтэй тэнцүүлсэн. Тухайн үед ийм өртэй гэсэн бичиг хийж өгсөн. Өөрсдөө гэрээний 2.3-т зааснаар сар болгон тооцоо нийлж байх ёстой, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргажээ.

 

Талууд гэрээгээр төлбөр төлөх нөхцөлийг тохирч, гэрээг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай байгуулж, гэрээний 6.4-т аль нэг талаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон цуцлах санал тавиагүй тохиолдолд гэрээ сунгагдсанд тооцохоор тохирсон, гэрээний талуудын хэн аль нь энэ хугацаанд 6.1-д зааснаар өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй тул зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ сунгагдсан байна.

 

Худалдагчаас гэрээний 3.1, 3.3-т зааснаар Б.Бийн Барс зах дээр ажиллуулж буй гурилын цэгт гурил нийлүүлж зарлагын баримтаар хүлээлцэж, Б.Б, н.Б нараас гурилын мөнгө шилжүүлж байсан болох үйл баримт 2014, 2015 оны зарлагын баримт, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтуудаар тогтоогджээ.

 

2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Барс зах борлуулагч н.Бконтейнерийн үлдэгдэл гэсэн баримтаар гурилын үлдэгдэл 11.294.247 төгрөгийн авлагыг Б.Б төлөхөөр үүсч үүнээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөгийг н.Баярмаа гурилын мөнгө гэж шилжүүлж Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтаар тайлант үе 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч Б.Бийн тооцооны үлдэгдэл 9.324.247 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байна.

 

Хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Мх ХХК-ийн санхүүгийн албанд гаргасан өргөдөлдөө гурилын цэг ажиллуулж 11.294.247 төгрөгийн тооцоо дутаж, 3.118.000 төгрөгийг энэ өдрөө тушааж, үлдэгдэл 8.176.247 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тушааж тооцоо дуусгах тухай өргөдөл гаргасан тул түүнээс гурилын үлдэгдэл үнэ 8.176.247 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зарсан явуулын худалдааны үлдэгдэл 930.000 төгрөг нэмж нэхэмжилсэн боловч энэ нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлсэн гурилын төлбөр болох нь тогтоогдоогүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болоогүй, өнөөдрийг хүртэл худалдагчаас гурил нийлүүлж гэрээ үргэлжилж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, цалингийн маргаантай байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Б.Бээс 8.176.247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мх ХХК-нд олгож, үлдэх 1.148.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Бээс 8.176.247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мх ХХК-нд олгож, үлдэх 1.148.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164.138 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 145.770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мх ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА