Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0678

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Л*******

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Маргааны төрөл: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Ц*****, Г.Б***** нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар акт хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Л******* түүний өмгөөлөгч П.С******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.У*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Н.Л*******-аас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс холбогдуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Ц*****, Г.Б***** нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Ц*****, Г.Б***** нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар актаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр тэтгэвэр олгосон гэх үндэслэлээр 39921064 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

3.Улмаар нэхэмжлэгчээс “зэвсэгт хүчний төв архивын 1337 дугаар лавлагааг ирүүлсэн, нотлох баримтын хуурамч эсэхийг нягтлах боломжгүй, маргаан бүхий захиргааны актыг танилцуулаагүй, мэдэгдээгүй, сонсох ажиллагааг огт хийгээгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хуульд заасан үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүй тэтгэвэр тогтоосон” гэж тус тус маргасан.

4.Нэхэмжлэгч Н.Л*******-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Миний бие Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн улсын байцаагчаар ажиллаж байгаад 2004 оны тэтгэвэртээ гарсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сард  намайг  гэнэт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дуудаж Баянгол дүүргийн прокурор нэхэмжлэл гаргасан гээд нэхэмжлэл гардуулж өгөхөд 2017 оны 05 дугаар сарын 29-ний 82 дугаар улсын байцаагчийн актаар надаас 39921064 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг мэдсэн.

2/Акт гаргасныг /75 настай/ надад хэн ч хэлээгүй. Ингээд би Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн Даатгалын ерөнхий газарт уг актыг  хүчингүй  болгуулахаар гомдол гаргасан  боловч 2022 оны 01 дүгээр сарын 25, 2022 оны 03 дугаар сарын 30-нд тус тус татгалзсан хариу өгсөн.

Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Ц*****, Г.Б***** нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2001 оны 11 дүгээр сард Ч.Н***** гэдэг хүний тэтгэврийг тогтоосон. Тус хүний тэтгэврийг тогтоохдоо Батлан хамгаалах яамны архив, бусад холбогдох байгууллагын бичиг баримтыг үндэслэж тэтгэврийг нь тогтоосон. Мөн Ч.Н*****-ын тэтгэврийг тогтооход хэлтсийн дарга, хяналтын байцаагч, тасгийн дарга зэрэг албан тушаалтнууд хянаж, гарын үсгээ зурж, тэтгэвэр авах эрхийг нь үүсгэн өгсөн. Би 2004 онд тэтгэвэрт гарсан, 2001 оны 11 дүгээр сард уг иргэний тэтгэврийг 23,600 төгрөгөөр тогтоосон. Гэтэл уг хүний тэтгэврийг 500,000 төгрөг болгон өөрчлөн тогтоосон байна. Ингэж өөрчлөн тогтооход хяналтын байцаагч нар шалгаж, маш олон хяналтаар орж өөрчилдөг. Энэ хугацаанд хэдэн байцаагч солигдсоныг би мэдэхгүй байна. Гэтэл 18 жилийн дараа гэнэт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг дуудсан. Ингээд шүүхэд очиход тэтгэвэр буруу тогтоосон үндэслэлээр улсын байцаагчийн акт тогтоосонтой танилцсан байсан. Үүний дараа Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхээс миний талд шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр гарсны дараа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан. Ингээд тус шүүхээс 5 сая торгуулийг надад ногдуулсан. Тус актыг ногдуулсан улсын байцаагч нар нь шүүх хуралдаанд оролцоогүй, мөн ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас хэрэгсэхгүй болгосон тухай захирамжид давж заалдах шатны журмаар гомдол гаргаж, нэхэмжлэгчид 4 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан. Ингэж шийдвэрлэхдээ иргэний хэргийн шүүхээс 2001 онд болсон үйл явдлыг акт тавьснаас хойш тооцож буюу хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож шийдвэрлэсэн. Үүний дараа нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан боловч зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандсан. Нэхэмжлэгч нь 2001 онд тэтгэврийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа цэргийн албан хаагчийн архивын лавлагааг үндэслэж тэтгэврийг тогтоосон ба тус лавлагаанд “...өөрийн хүсэлтийн дагуу..” гэснийг нэхэмжлэгч үндэслэж тус иргэний тэтгэврийг тогтоосон. Үүнээс хойш 16 жилийн дараа буюу 2017 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт явуулахад “...өөрийн хүсэлтийн дагуу...” гэсэн лавлагаа нь байхгүй болж “...ажилдаа тэнцэхгүй байгаа учир...” гэсэн лавлагааг үндэслэж тус иргэнийг ажлаас нь халсан тухай баримт гарч ирсэн. Үүнийг гаргахдаа архивын ажилтны алдаа гарсан байна гэж тайлбарласан. Улсын байцаагчийн акт ногдуулсан үндэслэл нь ажилдаа тэнцээгүй гэж чөлөөлсөн байхад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж тэтгэвэр тогтоосон учраас акт ногдуулсан гэж улсын байцаагч нар шүүхэд тайлбарласан. Тэгэхээр архивын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байдаг, үүнийг прокурорын байгууллагаас шалгах гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т зааснаар захиргааны актыг гаргахдаа хууран мэхэлсэн байна гэж үзэж байна. Иймд хууран мэхэлж захиргааны акт гаргасан учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Прокурорын байгууллагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн бичиг баримт хуурамчаар үйлдсэн үйлдлийг шалгах ёстой байсан. Тэгэхээр бичиг баримт хуурамчаар үйлдсэн хүнд биш бичиг баримтын дагуу тэтгэврийг нь тогтоосон нэхэмжлэгчид хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн анх 2001 онд Ч.Н***** гэдэг хүнд тэтгэвэр тогтоосноос тэтгэвэр нь нэмэгдэх болгонд Нийгмийн даатгалын ерөнхий газраас тус хүний бичиг баримтыг шалгах ёстой. Гэтэл 2017 он хүртэл эдгээр бүх шалгалтуудаас зөв байна гэж үзэн тэтгэврийг нь нэмээд байсан. Энэ хугацаанд яагаад тухайн зөрчлийг илрүүлээгүй байж анх тэтгэвэр тогтоосон нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй буюу энэ хугацаанд шалгалт хийсэн бүх хүнийг буруутгах ёстой. Иймд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагч бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Н.Л******* нэхэмжлэлдээ Нийгмийн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 182 дугаар актыг даатгалын хэлтсийн Улсын танилцуулаагүй гэснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШТ2022/00164 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт нийцээгүй гэж үзсэн.

2/Н.Л******* нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газарт дээрх Улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргасныг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/12 дугаар албан бичгээр Улсын байцаагчийн акт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж үзэж татгалзан шийдвэрлэсэн.

3./Улсын байцаагчийн дээрх актын дагуу тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/01583 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Л*******-аас3,992,106 (гурван сая есөн зуун ерэн хоёр мянга нэг зуун зургаа) төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Иймд Н.Л*******-аас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/319 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/11 дугаар тушаалын дагуу тэтгэвэр авагч иргэдийн хувийн хэргийн тэтгэвэр тогтоолтыг нэгдсэн баазтай тулгаж, шалгаад 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шалгалтаар 7061 дугаартай хувийн хэрэгтэй Ч.Н***** нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.2 дугаар заалтуудыг зөрчиж, үндэслэлгүй тэтгэвэр тогтоосон болох нь тогтоогдож, үүнд улсын байцаагч акт үйлдсэн. Улсын байцаагчийн акт нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг заасан аль ч үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах  эрх үүсээгүй гэсэн зөрчил илрээд,  2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр акт тавьсан. Энэ актыг нэхэмжлэгч Н.Л******* надад танилцуулаагүй, мэдэгдээгүй гэж иргэний хэргийн шүүхэд гомдол гаргадаг. Энэ гомдол нь хянан хэлэлцэгдээд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчөөгүй байна гэж үзэж, хэргийг үргэлжлүүлж шийдвэрлэсэн. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр маргаан бүхий акт хүчин төгөлдөр байна, Н.Л*******-ын үйлдэл хууль зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн хувиар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Тэгэхээр нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актыг хүчин төгөлдөр биш гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.Тухайн маргаан бүхий захиргааны акт нь хүчин төгөлдөр акт гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дүгээр “аян зохион байгуулах тухай” тушаалаар баталсан “тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулжээ.

2.Уг аяны хүрээнд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Ц*****, Г.Б***** нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар актаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр тэтгэвэр олгосон гэх үндэслэлээр 39921064 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчээс “зэвсэгт хүчний төв архивын 1337 дугаар лавлагааг ирүүлсэн, нотлох баримтын хуурамч эсэхийг нягтлах боломжгүй, маргаан бүхий захиргааны актыг танилцуулаагүй, мэдэгдээгүй, сонсох ажиллагааг огт хийгээгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хуульд заасан үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүй тэтгэвэр тогтоосон” гэж тус тус маргажээ.

4.Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурьдаж буй Ч.Н*****-д тэтгэвэр тогтоох үйл баримт нь 2001 онд болсон бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байгууллага, улсын байцаагчийн дүрэм”-ын 21 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ” гээд в-д “ажил олгогч, даатгуулагчдад нийгмийн даатгалын дэвтэр, гэрчилгээ олгох, олгосон шимтгэлийг дэвтэрт бичих, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж олгох, төлбөр өгөх ажлыг зохион байгуулж гүйцэтгэх”, г-д “Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоолт, олголтод баримтын шалгалт хийх” гэжээ.

          5.Дээрхээс дүгнэвэл улсын байцаагч нь баримт бичгийн үнэн зөвийг нягтлах үүрэгтэй хэдий ч түүний шийдвэрийг хяналтын улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга гэх мэт албан тушаалтнууд баталгаажуулдаг байхад гагцхүү нэхэмжлэгчид акт тогтоосон нь хуульд нийцэхгүй байна.

6.Өөрөөр хэлбэл тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний төв архивын 1337 дугаар лавлагаа нь бичгийн машинаар цохогдсон, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгийн дардастай, хуурамч эсэх нь нүдээр илэрхий мэдэгдэх боломжгүй, мөн тэтгэвэр тогтоох процесс нь нэхэмжлэгчээс гадна эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр давхар баталгааждаг байхад зөвхөн нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.     

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэжээ.

7.Гэтэл нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гэж үзэж акт тогтоосон нь мөн хуульд нийцэхгүй байна.

8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2004 онд өндөр насны тэтгэвэр гаргасан байхад түүнийг тухайн байгууллагын ажилтантай адилтгаж, тухайн үйл баримтаас 16, өндөр насны тэтгэвэрт гарснаас нь хойш 13 жил орчмын дараа акт ногтуулсан нь үндэслэлгүй байна.

9.Мөн маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, танилцуулаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж үзэхээр байна.

10.Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн үед нэхэмжлэгчтэй утсаар ярьсан, ирж уулзаагүй” гэж тайлбарлаж буй боловч хяналт шалгалтын материалд энэ талаар тэмдэглэл үйлдээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Ц*****, Г.Б***** нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Ц*****, Г.Б***** нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

11.Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1583 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акттай холбогдуулж 3992106 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, мөн хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр/анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараахь үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гээд хянах үндэслэлүүдийг тус тус хуульчилсан.

12.Тус шүүх дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гагцхүү дээд шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхийн магадлалаар эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах боломжтой болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан НН.Л*******-ыннэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Ц*****, Г.Б***** нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар актыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРД