Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 19

 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01214/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “З-” ХХК-д холбогдох

          “5.164.500 төгрөг гаргуулах ” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл, Х.Нарангэрэл, прокурор Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс:

“З-” ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөлгүй 2017 оны 9 дүгээр сараас эхлэн өр үүсч 2018 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 3.443.000 төгрөгийн шимтгэлийн өр үүссэн байна.

             Манай байгууллагын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх талаар шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлага барагдуулах талаар удаа дараа шаардсан буюу зөрчил барагдуулж шимтгэл төлүүлэх талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг барагдуулах талаар ажил олгогчтой уулзалт хийж хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ашигласан ч гэрээний үүрэг хангагдаагүй шимтгэлийн өрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй болно. Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу “З-” ХХК-иас төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 3.443.000 төгрөг хугацаа хэтрүүлсэн алданги нь 1.721.500 нийт 5.164.500 төгрөгийг “З-” ХХК-иас гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:   

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн албан шаардлагыг үндэслээд нэхэмжилж байна гэж үзэж байна.

Улсын байцаагчийн албан шаардлага нь захиргааны акт юм. Захиргааны актыг хэзээ хэрхэн гардуулсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаад түүний дагуу захиргааны актыг гаргаж гардуулах ажиллагааг мөн хуульд заасны дагуу явуулах үүрэгтэй байдаг. Захиргааны актыг хүлээн авсан гэх У- нь аль компанийн нягтлан бодогч нь тодорхойгүй. Мөн албан ёсоор гардаж авснаас хойш актад тавигдсан үнийн дүнгийн талаар “З-” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэх боломжтой байдаг. Хуульд заасны дагуу захиргааны актыг гардуулаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 335 дугаар шийдвэрээр:

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,  20 дугаар зүйлийн 20.1.2-т тус тус зааснаар “З-” ХХК-иас 5.164.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97.582 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “З-” ХХК-нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Алданги гэж нэхэмжилсэн 1.721.500 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа тул  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1.721.500 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаяр давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

“З-” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөлгүй даатгуулагчдын эрх ашгийг хохироосон тул манай байгууллагаас Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх нийт 5.164.500 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын тухай хуульд хариуцлагыг тодорхой заасан бөгөөд тус хуулийн 20.1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, түүнд ногдох 1.721.500 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлгүй болно.

Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагч “З-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гомдлыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч танилцлаа.

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “З-” ХХК-иас Нийгмийн даатгалын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл 3.443.000, алданги  1.721.500 нийт 5.164.500 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч “З-” ХХК-нд холбогдуулж нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3.443.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 1.721.500 төгрөг нийт 5.164.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөх талаарх албан шаардлага нь захиргааны акт бөгөөд энэхүү актыг манай байгууллагад албан ёсоор гардуулж өгөөгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхийг хязгаарласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3-т ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор тайлагнахаар хуульчилсан бөгөөд хариуцагч “З-” ХХК 2018 оны 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 3.443.000 төгрөг гэж тайлагнаж, тус компани захирал, нягтлан бодогч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Талууд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан, 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг 2018 оны эхний ургац хураалтаар төлж барагдуулах тухай албан бичгийг хариуцагч компаниас нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэст илгээж байжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Зөрчил барагдуулж, шимтгэл төлүүлэх тухай” Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан шаардлагыг гардаж аваагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд тэрхүү албан шаардлагыг хариуцагч “З-” ХХК-ийн захирал Д.Т-, нягтлан бодогч Г.Т- нар хүлээн авч гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсныг тэрхүү албан шаардлагыг өөрсдийн биеэр гардаж хүлээн авч зөвшөөрсөн гэж үзнэ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албан шаардлагыг гардаж авсан нягтлан бодогч Б.У- аль компани нягтлан бодогч гэдэг нь тодорхойгүй гэж маргадаг бөгөөд хэргийн 15 дугаар талд авагдсан хариуцагч “З-” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Б-ийн У-д өгсөн итгэмжлэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал няцаагдаж байгаа бөгөөд үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасныг үндэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алданги хасч тооцуулахаар гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “З-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “З-” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

     

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                             ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                  Л.АМАРСАНАА