| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2024/0915/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/935 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/935
2024 08 28 2024/ШЦТ/935
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ц.Чингүүн,
шүүгдэгч Л.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ут холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр ХХ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт ХХ дүүргийн 00 дугаар хороо, ХХ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Л.У /ХХ00000000/
Шүүгдэгч Л.У нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, "ХХ" гэх караокены гадна хохирогч П.Чыг "хамт явж байгаа эмэгтэйчүүдийг доромжиллоо" гэсэн шалтгаанаар хөлөөрөө хавсарч газар унагаан, эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.У мэдүүлэхдээ: “... Тэр өдөр би ажлынхаа газрын залуутай хамт явсан. Урьд нь таньдаг байсан хоёр хүнтэй хамт гадуур гарсан. ХХ гээд хамт ажилладаг ах хамт караокед оръё гэж хэлсэн. Би амжихгүй, хүнтэй уулзах ажилтай гэж хэлсэн. Гэтэл хамт явъя, сүртэй юм гээд байсан. Тэр ах намайг халагдах гэж байхад хоёр удаа аварсан байдаг. Тэгээд бид нар караокед орж ууж суусан. Эхлээд ах ирээд гоё дуулж байна гэж хэлсэн. Би баярлалаа гээд сууж байсан. Би нэг сэрсэн чинь М гээд эгчийн хөх, өгзгөнд нь хүрээд, найзынх нь өвөр дээр нь очоод бүжиглэчих гээд байсан. Би дахиад ширээгээ дэрлээд унтаж байгаад нэг сэрсэн чинь тэр ах гарахдаа “янхан минь, гичий минь хөөе, чам шиг янхан олон байгаа шүү” гэж хэлэхээр нь би уурлаад “яах гээд байгаа юм бэ та” гэж хэлсэн чинь гараад явсан. Тэгээд 10-20 минутын дараа тамхи татах гээд гадаа гартал намайг дуудсан. Би яваад очиход намайг мангастаад, хойшоо түлхээд, та нар яагаад байгаа юм, би орлоо. Ёстой уучлаарай ахыгаа гэж хэлэхэд нь би буцаад орсон. Тэгээд ороод 10-20 минут болоод буцаад гарсан чинь гадаа энэ ах явган хүний зам дээр хүлээж байсан. Тэгээд такси дуудах гэтэл таксины арын хаалганы дээгүүр цонхоор Мийг үсэдсэн. Тэгэхээр нь би уурлаад хавираад унагаасан. ...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч П.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед би өөрийн найз Пийн хамт ХХ нэртэй караокед уулзаж хамт цагийг өнгөрөөж согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид хоёр ХХ нэртэй караокеноос 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад гарцгаасан. Гадаа гарахад бид дөрвийн ойролцоо 4-5 эрэгтэйчүүд байсан. Тухайн үед тэр бүлэг эрэгтэйчүүд манай найз П руу дайраад байсан тул би тэр залуучуудад хөгжлийн бэрхшээлтэй манай хүн рүү битгий дайр цагдаа дуудлаа шүү гэсэн. Тэгтэл нөгөө хүмүүс над руу дайраад эхэлсэн. Над руу дайраад 2-3 залуучууд намайг цохиж эхэлсэн тул би өөрийгөө хамгаалах гээд толгойгоо гараараа хаасан. Хэн нь хэрхэн зодсон талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг хүн намайг газар унагасан ба дээрээс хэд хэдэн хүн нийлээд зодсон. Зодуулж байхад миний гар утас газар унаад эвдэрсэн байсан. Цагдаад дуудлаа гээд утсаа гаргахад нэг нь миний гар утсыг булаагаад авчихсан юм. Тэр хэсэг хүмүүс П бид хоёрыг зодож дуусаад хар өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад яваад өгсөн. Миний баруун хөлийн яс хугарсан байна. Зүүн гар өвдөж байна. Өөрөөр хэлэх зүйлгүй. ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч П.Чын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “... Ямар ч байсан гадаа гараад зогсож байсан чинь намайг хавирч унагаасан залуу над руу хэл амаар дайраад байхаар нь би тэр залууд хандаад "ахын дүү яахын бэ, ах нь одоо дүү нараа дуудаад харилаа" гэж хэлсэн чинь нөгөө намхан залуу "та байж байгаарай" гэж хэлээд буцаж ороод куртикээ өмсөөд гараад ирсэн. Тэгээд гарч ирээд намайг нүүр лүү цохиод хавирч унагаасан чинь би мөсөн дээр унаад газар байхад миний дээрээс хөлөөрөө дэвсээд намайг цохиод байсан, гэтэл миний хөл эвгүй дуугараад хойшоо эргэчих шиг болсон. Тэгэхээр нь миний дүү одоо болно ахынх нь хөл хугарчихлаа гэж хэлээд байхад үгэнд орохгүй улам нэмээд байсан. Намайг зодсон залуу Приус 30 маркийн хар өнгийн машин бариад цуг явж байсан хүмүүстэйгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би дүүгээ дуудаад Гэмтлийн эмнэлэгт очсон чинь баруун хөлийн шилбэ ташраараа 2 хугарсан байсан. Намхан биетэй шардуу царайтай бараан хувцастай залуу байсан. Тэр намхан залуу миний хөлийг ажлын болов уу гэмээр төмөртэй хатуу гутлаар цохисон байх гэж бодсон, гутал нь их хатуу байсан. Тухайн залуу барилгын ажлын хувцастай байсан. Би хөлийнхөө эмчилгээний зардлыг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хохирогч П.Чын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн "... Тухайн үед би цагдаа дуудлаа гээд гар утсаа гаргахад нэг нь миний гар утсыг болиулах гэж аваад буцаагаад тэр дор нь буцааж өгсөн. Тухайн гар утсыг надаас булааж аваагүй болиулах гэж авсан юм. Одоо миний гар утас надад байгаа, эвдрэл гэмтэл гэх зүйл байгаагүй. Анх өгсөн мэдүүлэгтээ би хөл гар өвдөөд сэтгэл зүйн хувьд тайван бус байсан учраас гар утас булааж аваад буцааж өгсөн талаар би мэдэхгүй байна. Гар утасны хувьд надад гомдол, санал байхгүй байна. Миний хөлийг гэмтээсэн залуу надтай ирж уулзаад 5,000,000 төгрөг өгнө гэж хэлээд явсан. Би дахиж ирэх жилийн 2 дугаар сард дахин хөлийн хагалгаанд орно, яагаад гэхээр миний хөлөнд төмөр тавьж хадсан байгаа гэсэн. Өмнөх хагалгаанд нэлээд мөнгө зарцуулагдсан, 5,000,000 төгрөгөөс илүү их зардал гарахаар байгаа, гэхдээ энэ залуу надаас уучлалт гуйсан залуу хүүхэд учраас би өөр зүйл нэхэхгүй, тохирсон 5,000,000 төгрөгөө өгчихвөл би хагалгаандаа зарцуулна, өөр надад гомдол, санал байхгүй. Тохирсон 5,000,000 төгрөгөө нэхэмжилнэ. Залуу хүүхэд учраас би энэ хүүхдийг бодож ийм шийдвэр гаргаж байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Маргааш нь ажил дээрээ очсон чинь Ч, Л.У хоёр надад хандаад "Л.У хүний хөл хуга цохичихсон, хавсраад унагаачихсан орой хүмүүстэй маргалдаад" гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунаас болоод маргалдсан юм бэ гэж асуусан чинь тухайн караокед байсан хоёр эрэгтэй хүн бид нартай цуг явж байсан хоёр эмэгтэйн хөх бөгсийг базаад тэр хоёр эмэгтэйг Л.У өмөөрөөд хоорондоо хэл амаар муудалцаж байгаад Л.У хөлөөрөө хавсраад унагаачихсан гэж ярьсан. .." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрч Ц.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... би эхнэртэйгээ утсаар ярьчхаад эргээд орж ирэх үед тухайн караокед байсан 50 орчим насны 2 эрэгтэй Мийн хөх бөгснөөс нь базсан гэх мэт маргаан гарсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуугаад хоорондоо ярилцаад бид нар учраа олсон байхад Л.У унтаж байгаад сэрэх үед М Л.Ут миний хөх бөгсийг базсан гэж хэлээд Л.У учрыг нь олоогүй байж Мийг өмөөрөөд нөгөө 50 орчим насны биерхүү биетэйг нь газарт түлхэж унагахаар нь би очиж салгаад нөгөө хоёр ахыг явуулаад Л.Уыг наанаа суу гэж хэлэхэд би суухгүй гарч машинаасаа куртик аваад ирье гэж хэлээд гадаа гараад эргэж орж ирэхгүй байхаар нь араас нь гарахад нөгөө хоёр 50 орчим насны хүнтэй маргалдаад барьцалдаад зогсож байхаар нь би Л.Уыг болиулах гээд голоор нь ороход Л.У нөгөө биерхүү ахын мөрөн дээрээс нь барьж байгаад хавсраад унагаасан, тэгээд нөгөө ах хөл эвгүй болчихлоо гэж хэлээд цагдаад дуудлага өгөөд Л.Уыг цагдаа нар аваад явсан. Л.У намайг харж байхад цохиж зодоогүй барьцалдаж байсан. Тэгж байгаад гүйж ирээд нөгөө ахыг хөлөөрөө хавсраад унагаасан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... манай хүү Т над руу залгаад "Аав хөлөө хугалчихлаа" гэж хэлээд би Гэмтлийн эмнэлэгт очсон. Тэгсэн чинь манай нөхөр хүүгийн хамт Гэмтлийн хүлээн авах дээр байсан. Тэгээд үзүүлэх үед гэмтлийн эмч үзээд 2 газар хугарсан байна, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Тэгээд 4 давхарт тасгийг нь би анзаараагүй хэвтэж байгаад тухайн оныхоо 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн үед хагалгаанд ороод үдээс хойш гарсан. Манай нөхөр П.Чын баруун хөлийн шилбэнд дээрээ болон доороо зөрсөн 2 хугаралтай байсан. Тухайн гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн ахлах шинжээч эмч Ч.Эын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2810 дугаартай "П.Чын биед баруун хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд өөр гэмтэл тогтоогдсонгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10-01/1809 дугаартай " Л.У нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор 5,000,000 төгрөгийн торгох ял шийтгүүлснээс төлөлт хийгдээгүй, 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна." гэх албан бичиг /хавтаст хэргийн 57 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 44 дэх тал
- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 43 дахь тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 56 дахь тал/
- Төрсний бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг зургаан жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Л.Ут холбогдох хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Л.У нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, "ХХ" гэх караокены гадна хохирогч П.Чыг "хамт явж байгаа эмэгтэйчүүдийг доромжиллоо" гэсэн шалтгаанаар хөлөөрөө хавсарч газар унагаан, эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас,
2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч П.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед би өөрийн найз Пийн хамт ХХ нэртэй караокед уулзаж хамт цагийг өнгөрөөж согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид хоёр ХХ нэртэй караокеноос 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад гарцгаасан. Гадаа гарахад бид дөрвийн ойролцоо 4-5 эрэгтэйчүүд байсан. Тухайн үед тэр бүлэг эрэгтэйчүүд манай найз П руу дайраад байсан тул би тэр залуучуудад хөгжлийн бэрхшээлтэй манай хүн рүү битгий дайр цагдаа дуудлаа шүү гэсэн. Тэгтэл нөгөө хүмүүс над руу дайраад эхэлсэн. Над руу дайраад 2-3 залуучууд намайг цохиж эхэлсэн тул би өөрийгөө хамгаалах гээд толгойгоо гараараа хаасан. Хэн нь хэрхэн зодсон талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг хүн намайг газар унагасан ба дээрээс хэд хэдэн хүн нийлээд зодсон. Зодуулж байхад миний гар утас газар унаад эвдэрсэн байсан. Цагдаад дуудлаа гээд утсаа гаргахад нэг нь миний гар утсыг булаагаад авчихсан юм. Тэр хэсэг хүмүүс П бид хоёрыг зодож дуусаад хар өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад яваад өгсөн. Миний баруун хөлийн яс хугарсан байна. Зүүн гар өвдөж байна. Өөрөөр гэмтэлгүй..." гэх мэдүүлэг,
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч П.Чын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “... Ямар ч байсан гадаа гараад зогсож байсан чинь намайг хавирч унагаасан залуу над руу хэл амаар дайраад байхаар нь би тэр залууд хандаад "ахын дүү яахын бэ, ах нь одоо дүү нараа дуудаад харилаа" гэж хэлсэн чинь нөгөө намхан залуу "та байж байгаарай" гэж хэлээд буцаж ороод куртикээ өмсөөд гараад ирсэн. Тэгээд гарч ирээд намайг нүүр лүү цохиод хавирч унагаасан чинь би мөсөн дээр унаад газар байхад миний дээрээс хөлөөрөө дэвсээд намайг цохиод байсан, гэтэл миний хөл эвгүй дуугараад хойшоо эргэчих шиг болсон. Тэгэхээр нь миний дүү одоо болно ахынх нь хөл хугарчихлаа гэж хэлээд байхад үгэнд орохгүй улам нэмээд байсан. Намайг зодсон залуу Приус 30 маркийн хар өнгийн машин бариад цуг явж байсан хүмүүстэйгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би дүүгээ дуудаад Гэмтлийн эмнэлэгт очсон чинь баруун хөлийн шилбэ ташраараа 2 хугарсан байсан. Намхан биетэй шардуу царайтай бараан хувцастай залуу байсан. Тэр намхан залуу миний хөлийг ажлын болов уу гэмээр төмөртэй хатуу гутлаар цохисон байх гэж бодсон, гутал нь их хатуу байсан. Тухайн залуу барилгын ажлын хувцастай байсан. Би хөлийнхөө эмчилгээний зардлыг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг,
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хохирогч П.Чын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн "... Тухайн үед би цагдаа дуудлаа гээд гар утсаа гаргахад нэг нь миний гар утсыг болиулах гэж аваад буцаагаад тэр дор нь буцааж өгсөн. Тухайн гар утсыг надаас булааж аваагүй болиулах гэж авсан юм. Одоо миний гар утас надад байгаа, эвдрэл гэмтэл гэх зүйл байгаагүй. Анх өгсөн мэдүүлэгтээ би хөл гар өвдөөд сэтгэл зүйн хувьд тайван бус байсан учраас гар утас булааж аваад буцааж өгсөн талаар би мэдэхгүй байна. Гар утасны хувьд надад гомдол, санал байхгүй байна. Миний хөлийг гэмтээсэн залуу надтай ирж уулзаад 5,000,000 төгрөг өгнө гэж хэлээд явсан. Би дахиж ирэх жилийн 2 дугаар сард дахин хөлийн хагалгаанд орно, яагаад гэхээр миний хөлөнд төмөр тавьж хадсан байгаа гэсэн. Өмнөх хагалгаанд нэлээд мөнгө зарцуулагдсан, 5,000,000 төгрөгөөс илүү их зардал гарахаар байгаа, гэхдээ энэ залуу надаас уучлалт гуйсан залуу хүүхэд учраас би өөр зүйл нэхэхгүй, тохирсон 5,000,000 төгрөгөө өгчихвөл би хагалгаандаа зарцуулна, өөр надад гомдол, санал байхгүй. Тохирсон 5,000,000 төгрөгөө нэхэмжилнэ. Залуу хүүхэд учраас би энэ хүүхдийг бодож ийм шийдвэр гаргаж байна..." гэх мэдүүлэг,
2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Маргааш нь ажил дээрээ очсон чинь Ч, Л.У хоёр надад хандаад "Л.У хүний хөл хуга цохичихсон, хавсраад унагаачихсан орой хүмүүстэй маргалдаад" гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунаас болоод маргалдсан юм бэ гэж асуусан чинь тухайн караокед байсан хоёр эрэгтэй хүн бид нартай цуг явж байсан хоёр эмэгтэйн хөх бөгсийг базаад тэр хоёр эмэгтэйг Л.У өмөөрөөд хоорондоо хэл амаар муудалцаж байгаад Л.У хөлөөрөө хавсраад унагаачихсан гэж ярьсан. .." гэх мэдүүлэг,
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрч Ц.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... би эхнэртэйгээ утсаар ярьчхаад эргээд орж ирэх үед тухайн караокед байсан 50 орчим насны 2 эрэгтэй Мийн хөх бөгснөөс нь базсан гэх мэт маргаан гарсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуугаад хоорондоо ярилцаад бид нар учраа олсон байхад Л.У унтаж байгаад сэрэх үед М Л.Ут миний хөх бөгсийг базсан гэж хэлээд Л.У учрыг нь олоогүй байж Мийг өмөөрөөд нөгөө 50 орчим насны биерхүү биетэйг нь газарт түлхэж унагахаар нь би очиж салгаад нөгөө хоёр ахыг явуулаад Л.Уыг наанаа суу гэж хэлэхэд би суухгүй гарч машинаасаа куртик аваад ирье гэж хэлээд гадаа гараад эргэж орж ирэхгүй байхаар нь араас нь гарахад нөгөө хоёр 50 орчим насны хүнтэй маргалдаад барьцалдаад зогсож байхаар нь би Л.Уыг болиулах гээд голоор нь ороход Л.У нөгөө биерхүү ахын мөрөн дээрээс нь барьж байгаад хавсраад унагаасан, тэгээд нөгөө ах хөл эвгүй болчихлоо гэж хэлээд цагдаад дуудлага өгөөд Л.Уыг цагдаа нар аваад явсан. Л.У намайг харж байхад цохиж зодоогүй барьцалдаж байсан. Тэгж байгаад гүйж ирээд нөгөө ахыг хөлөөрөө хавсраад унагаасан..." гэх мэдүүлэг,
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... манай хүү Т над руу залгаад "Аав хөлөө хугалчихлаа" гэж хэлээд би Гэмтлийн эмнэлэгт очсон. Тэгсэн чинь манай нөхөр хүүгийн хамт Гэмтлийн хүлээн авах дээр байсан. Тэгээд үзүүлэх үед гэмтлийн эмч үзээд 2 газар хугарсан байна, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Тэгээд 4 давхарт тасгийг нь би анзаараагүй хэвтэж байгаад тухайн оныхоо 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн үед хагалгаанд ороод үдээс хойш гарсан. Манай нөхөр П.Чын баруун хөлийн шилбэнд дээрээ болон доороо зөрсөн 2 хугаралтай байсан. Тухайн гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл байсан..." гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн ахлах шинжээч эмч Ч.Э 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2810 дугаартай "П.Чын биед баруун хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд өөр гэмтэл тогтоогдсонгүй." гэх дүгнэлт болон бусад хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.У нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч П.Чын мөрөн дээрээс нь барьж байгаад хавсраад унагааж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ярьж мэдүүлсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм бурууд маргаагүй болно.
Бусдыг зодох үйлдэл нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болдог.
Шүүгдэгч Л.У нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахаар зодсон үйлдэлдээ санаатай хандсан нь өөрийн үйлдэл нь хууль бус шинжтэй гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарч байна.
Шүүгдэгч Л.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын зүйлчлэл тохирсон бөгөөд шүүгдэгчийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч П.Чын эрүүл мэндэд учирсан хохирол нь Л.Уын гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд баримтаар эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул энэ шүүгдэгч Л.Уыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харин хохирогч П.Ч нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Л.Уаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.У нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Ут эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Л.У нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм бурууд маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Л.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Мөн шүүгдэгч Л.Уын өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр ял дээр 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэж 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван мянга/ төгрөгөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг үргэлжлүүлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Ут оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр ял дээр 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэж 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван мянга/ төгрөгөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг үргэлжлүүлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч П.Ч нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар шүүгдэгч Л.Уаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ