| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/04185/И |
| Дугаар | 101/ШШ2022/00090 |
| Огноо | 2021-12-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2022/00090
| 2021 12 27 | 101/ШШ2022/00090 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ШГТ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Т д холбогдох,
21,708,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.Алтансүх, Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шинэ гэр түншлэл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.Алтансүх, Г.Нацагдорж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1,950,000 төгрөгөөр 1 м.кв-ыг нь худалдаж байсан орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 1,345,000 төгрөгөөр худалдахаар П.Төмөрчөдөртэй тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17/10/130 тоот гэрээг байгуулсан.
Тэрээр төлбөрөө гүйцэд төлөөгүй ч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шинэ гэр хотхон, 61а-130 тоот орон сууцны өмчлөгч болсон.
Төлбөрийн нөхцөлд гэрээнд заасны дагуу өөрчлөлт оруулах байсан ч түүний хүсэлтийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 03-нд м.кв-ыг нь 1,650,000 төгрөг болгож, орон сууцны үнийг 55,308,000 төгрөг хэмээн тогтоож, сар бүр төлөх төлбөрийн хуваарийг тохиролцсон.
Гэвч тэрээр мөн л төлбөрөө гүйцээж төлөхгүй байх тул үлдэгдэл төлбөр 21,708,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Төмөрчөдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17/10/130 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 33,52 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Бидний байгуулсан гэрээний 3.2-т зааснаар тухайн үеийн ханшаар X-trail маркийн автомашиныг 17,000,000 төгрөгт тооцож өгөхөөр болсон. Миний энэ машин одоог хүртэл байгаа, би тухайн компанид өгөх ёстой гэсэн утгаар байлгасаар байгаа юм. Иймд миний бие тухайн гэрээнд зааснаар X-trail маркийн автомашиныг нэхэмжлэгч компанид өгөх, эсхүл тодорхой хугацаа тохирсон график гаргаад эвлэрэх санал гаргаж байна.
Миний хувьд хувиараа бизнес эхэлдэг бөгөөд ковидын улмаас бизнесийн орлого хаагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шинэ гэр түншлэл ХХК нь хариуцагч П.Төмөрчөдөрт холбогдуулан, орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөр 21,708,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч тодорхой мөнгөн дүнг илэрхийлээгүй, гэрээнд заасан автомашиныг нэхэмжлэгчид өгөх, эсхүл төлбөрийн хуваарь гарган эвлэрэх хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн.
Хэрэгт авагдсан, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17/10/130 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-с үзэхэд, П.Төмөрчөдөр нь Шинэ гэр түншлэл ХХК-ийн барьж буй Шинэ гэр орон сууцны хотхоны Б блок 14 давхар, 130 тоот, 33,52 м.кв талбайтай орон сууцыг м.кв тутмыг 1,345,000 төгрөгөөр буюу 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний 3.2-т зааснаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус төлөх төлбөрийн хуваарь гаргажээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн байна.
Гэрээний 3.2-т 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөгийн төлбөр төлөх хуваарьт X-trail маркийн автомашин оролцуулах хэмээн заасан байх боловч төлбөр төлөх хугацаандаа, гэрээнд заасан ёсоор төлбөр төлөгдөөгүй шалтгаан тодорхойгүйн дээр 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,107,333 төгрөгөөр нийт 25,288,000 төгрөгийг худалдагч тал Шинэ гэр түншлэл ХХК-д худалдан авагч П.Төмөрчөдөр төлөх тухай Гэрээний төлбөрийн үлдэгдэл төлөх хуваарь-ийг талууд үйлдсэн байх тул 17,000,000 төгрөгийн дүнд X-trail маркийн автомашиныг тооцуулах тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх 25,288,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх тухай тохиролцоог 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр талууд хийсэн байх бөгөөд уг 25,288,000 төгрөгийн мөнгөн дүнг талууд тооцоо нийлж гаргасан, гэрээнд заасан орон сууцны м.кв-ын үнийг 1,650,000 төгрөгөөр харилцан тохиролцсон болох нь Шинэ гэр түншлэл ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан П.Төмөрчөдөрийн хүсэлт, гэрээний төлбөрийн үлдэгдэл төлөх хуваарь зэргээр тогтоогдлоо.
Хариуцагч нь дээрх 25,288,000 төгрөг төлөх үүргээ хэрхэн биелүүлж байснаа нотлоогүй, нэхэмжлэгчийн шаардаж буй 21,708,000 төгрөгийн дүнг үгүйсгэж маргаагүй тул дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч П.Т өөс 21,708,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ШГТ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,000 төгрөгийн 266,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 510 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж, хариуцагч П.Т өөс 266,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ШГТ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА