Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 32

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Овоот овогт Цогтбаатарын Отгонбаатарт холбогдох 201717000061 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

                               Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд  боловсролтой, авто машины засварчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн  хамт Баруун-Урт сумын 1  дүгээр багт 180 айлын 1 дүгээр байрны 3 тоот   оршин суух, урьд 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлэн 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, /ЛЮ 87111570/ регистрийн дугаартай, Овоот овгийн Цогтбаатарын Отгонбаатар.

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтээр

   

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг цэргийн казармын нийтийн 180 айлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Тасхүүг  2017 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж, танхайрсаны улмаас түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ

         

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч  Ц.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 сарын 15-ны орой гэртээ нэг шил архи уугаад гэрээсээ бие засах гэж гарч яваад коридорт Тасхүүтэй таарсан. Тасхүүтэй юм ярьж зогсож байгаад юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Тасхүүгийн гарын хурууг арагш дарсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

 

 - Хохирогч Д.Тасхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны орой  22 цагийн орчимд эхнэр Болорчимэгийн хамт усанд орохоо явж ирээд гэррүүгээ орох гэтэл байрны үүдэнд Отгонбаатартай таарахад намайг оруулахгүй хашиж зогсоод чамайг зодно гээд байсан. Би гэрлүүгээ орох гэсэн чинь намайг оруулахгүй байхаар нь би хаалгаа нээж эхнэрээ оруулсан. Намайг зодох гээд байгаа байдал ажиглагдаж байсан, чи гомдолтой юу, гомдолгүй юу хэлчих гээд олон удаа хэлж байсан. Би гэрийнхээ хаалган дээр ирээд хаалгаа балбатал эхнэр хаалгаа нээхээр нь орох гэсэн чинь хаалгыг дараад хаачихсан. Чи гомдолтой юу, гэж асуухаар  нь гомдоод ч яах вэ дээ гэж хэлтэл намайг мөргөх гэхээр нь цааш түлхсэн чинь намайг үсдэж байгаад доош дараад толгой руу  гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Би гараараа толгойгоо хамгаалж доош хараад байсан учир сайн хараагүй. Энэ үед гэрийн хаалга нээгдэхээр нь зугтаж гэррүүгээ орсон чинь намайг зуураастай гэррүү дагаж орж ирээд зууралдаад  байсан. Би Отгонбаатарт хандаж одоо намайг цохих юм бол би биеэ хамгаална шүү гэтэл намайг цохих гэхээр нь гараараа хаасан чинь баруун гарын долоовор хуруунаас барьж аваад хойшоо дарчихаар нь зүүн гараараа Отгонбаатарын нүүр лүү нь нэг удаа цохьтол миний баруун гарын долоовор хуруунаас тавьчихсан. Одоо чамайг гүйцээж ална гээд надруу дайрахаар нь дахиад нүүр лүү нь цохьсон чинь хэсэг сууж байгаад гараад явсан. Миний гарын долоовор хуруу доошоо унжаад атгаж болохгүй болсон байсан. Үзүүлсэн чинь хуруу хугарч хүндэвтэр гэмтэл учирсан байна гэсэн. Миний хувьд Отгонбатаартай урьд маргаж муудсан зүйл байхгүй. Өр авлага, өс хонзонгийн зүйл огт байхгүй...” гэх  /хх-ийн 5 хуудас/,

 

- Гэрч С.Болорчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:...2017 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагт нөхөр Тасхүүгийн хамт гадуур усанд орчихоод гэртээ  ирэхэд манай байрны урд талын үүдэнд Отгонбаатар найзтайгаа хоорондоо маргалдаад хоёулаа согтуу байдалтай байрны үүдэнд  зогсож байснаа бид хоёрыг харчихаад гэрлүү оруулахгүй хоёр талаас шахаад байхаар нь манай нөхөр тэр хоёрыг “болилдоо наадах чинь эмэгтэй хүн ш дээ” гэж хэлсэн чинь  Отгонбаатарын найз нь цаашаа яваад өгсөн. Тэгээд удалгүй хаалга балбахаар нь хаалгаа нээсэн чинь Отгонбаатар нь манай нөхрийг үсдчихсэн орж ирэнгүүтээ Тасхүүгийн баруун гарыг хойш нь дарж ханаруу шахахад  Тасхүү Отгонбаатарыг цааш нь түлхэж байгаад гараа сугалаж авсан чинь долоовор хуруу нь эвгүй хугарчихсан юм шиг байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн ... гэх  /хх-ийн 8 хуудас/,

-Гэрч Т.Долгормаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Тасхүүгийн гар нь хугарчихсан байна хүрээд  ир гэхээр нь очтол баруун гарын долоовор хуруугаа маарлаар боогоод гараа барьчихсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад Отгонбаатар зодсон гэж байсан. Би Тасхүүг дагуулаад эмнэлэгээр явахад долоовор хуруу нь хугарсан байна гэсэн...” гэх /хх-ийн 6-р хуудас/

- Гэрч Б.Баяржаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 02 сарын 15-ны өдөр Ц.Отгонбаатарын гэрт 05 литрийн Ерөөл нэртэй архи задлаад ууж байтал Ц.Отгонбаатар бие заслаа гээд гэрээсээ гараад 5-6 минут орчим болоод орж ирсэн чинь уруулынх нь дотор талд бага зэрэг язарчихсан хүнтэй муудсан шинжтэй орж ирэхээр нь юу болсон юм гэхэд  хойд талын айлын залуутай муудаад гэж байсан. Отгонбаатар гэрээсээ гарааад явахаар нь араас нь дагаад явсан чинь биеийн тамирын багш Д.Тасхүүтэй маргаад зогсож байсан. Юу болсон юм гэхэд ээж нь бид нарыг загнасан. Тасхүү нь баруун гараа барьчихсан зогсож байсан. Гар нь эвгүй болчихсон байсан. Отгонбаатар ах миний хурууг хойш нь дарчихлаа гэж байсан...” гэх  /хх-ийн 7-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 63 дугаар шинжээчийн дүгнэлт 

-Д.Тасхүүгийн биед баруун сарвууны 2-р шивнүүр ясны 3 дугаар үенд 1/3-т хэлтэрхий бүхий хугарал 4-р шивнүүр ясны хугарал 3-р үе хэсгийн дунд 1/3-т зөрүүгүй хугарал, сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 

-Дээрх гэмтэл нь ШЭГЗЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

-Цаашид эрүүл мэнд эгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ.

-Яаралтай тусламжийн хуудас / хх-ийн 13 хуудас/

 -Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын  1 дүгээр багийн Засаг даргын Ц.Отгонбаатарын  оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 24/

Ц.Отгонбаатарын   ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 26/...зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг цэргийн казармын нийтийн 180 айлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн догшин авирлаж, танхайрсаны улмаас Д.Тасхүүгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Отгонбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд, хохирогч Д.Тасхүү, гэрч С.Болорчимэг, Т.Долгормаа, Б.Баяржаргал нарын мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

    Иймд шүүгдэгч Ц.Отгонбаатарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэл ногдуулахад Ц.Отгонбаатар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял  хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, хохирогч Д.Тасхүү нь гомдолгүй  гэсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан  шүүгдэгч Ц.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж шүүх үзэв.                                          

 

 Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Тасхүү гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

           

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  297, 298  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Овоот овгийн Цогтбаатарын Отгонбаатарыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаатарыг 3 / гурав/ жил  1 /нэг/ сарын  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Ц.Отгонбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.  Ялтан Ц.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1, 61.4-д зааснаар ялтан Ц.Отгонбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Отгонбаатарт авсан хувийн батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Отгонбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.